| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2024/0006/3 |
| Дугаар | 221/МА2025/0576 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2025/0576
“СӨ” ХХК, “ТБ” ХК нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “СӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бн, нэхэмжлэгч “ТБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ат,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “СӨ” ХХК
Нэхэмжлэгч: “ТБ” ХК
Хариуцагч: ОаЗд
Гуравдагч этгээд: Т.Ах
Нэхэмжлэлийн шаардлага: ““СӨ” ХХК /РД:615****/ нь “СӨ” ХХК /РД:284****/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоож, “СӨ” ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг ОаЗдд даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч “СӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ат, нэхэмжлэгч “ТБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бн, Н.Бг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дж, М.Бд, гуравдагч этгээд Т.Ах,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 119/2024/0006/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр:
Нэг дэх заалтаар Газрын тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч СӨ ХХК /РД:615****/-ийн ОаЗдд холбогдуулан гаргасан СӨ ХХК /615****/-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг ОаЗдд даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Хоёр дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “СӨ” ХХК /РД:615****/, “ТБ” ХК нарын ОаЗдд холбогдуулан гаргасан “СӨ” ХХК /РД:615****/ нь “СӨ” ХХК /РД:284****/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Гурав дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан ТБ ХК-ийн ОаЗдд холбогдуулан гаргасан СӨ ХХК /615****/-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг ОаЗдд даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга: “СӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ат шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 119/ШШ2025/0021 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч СӨ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ат эс зөвшөөрч, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйл, 121.3.5-д зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 121.3.4-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, мөн зүйлийн 121.3.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн биечлэн оролцох хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
2.1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0021 дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 23, 24, 2.5 дугааруудад СӨ ХХК /РД:615**** / нь СӨ ХХК /РД: 284**** / -ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох шаардлагыг иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан гэж татгалзсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авах 26.1. Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно. гэж эрх залгамжлагчаар тогтоолгох шаардлага гаргаж болохоор хуульчилсан байхад энэ хуулийг яагаад хэрэглээгүй болохоо тайлбарлаагүй үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйл, 32.3, 32.4-д зааснаар нийт 4 захиргааны байгууллагаас СӨ /284****/ нь 2019 он хүртэл хэрэг хянан шийдвэрлэх, ажиллагаанд татан буугдсанаа огт ойлголгүй хариуцагчаар оролцож байсныг нотлох, мөн СӨ /615****/ХХК нь газар эзэмших эрх сунгалт хийлгэх хүсэлт гаргаж байсан, мөн газрын хянан баталгаа хийлгэх хүсэлт гаргахад газар эзэмших эрхгүй гэгдэх СӨ /615****/ ХХК-д хянан баталгаа хийлгэх зөвшөөрөл өгсөн болохыг нотлох баримтуудыг гаргуулахыг хүсэхэд татгалзаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 34.3-д заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, 32.1-д зааснаар шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.
Гэтэл шүүхийн үзлэгээр Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн баримтад СӨ ХХК-ийн газрын төлбөрийг 2015-2018 онуудад авч байсан нотлох баримт ирүүлсэн, татан буугдсан гэх компаниас газрын төлбөр төлсөөр байхад авч байгаа нь СӨ ХХК татан буугдаагүйг нотолж байгааг анхаарч үзээгүй болно.
Мөн татан буугдсан гэх компаниас газрын төлбөр авч байсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, хэрхэн үгүйсгэсэн талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.
2.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтийг Хангалгүй хэрэг хянан шийдвэрлэсэн байна. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4-д / штрих 1/ 20.1.3-д заасны дагуу цахимаар хурал хойшлуулах хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өөрийн хүнд өвчтэй 97 настай төрсөн ээж Дийг асарч байгаа талаарх эмнэлгийн магадалгааг хавсарган явуулсан болно.
Анхан шатны шүүх миний хүсэлтийг хэлэлцээд татгалзахдаа цахимаар оролцох боломжтой байсан гэж үндэслэлээ тайлбарласан байна. Ухаангүй байгаа хүнд дусал хийлгээд гарыг нь хөдөлгөхгүй гэж барьж байгаа хүн цахимаар оролцох ямар ч боломжгүй юм. Анхан шатны шүүхийн хэргийн оролцогчийн хурал хойшлуулж хуралдаа биечлэн оролцох эрх хязгаарласнаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж, тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
2.4. “СӨ” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон амаар эсхүл бичгээр гаргасан захиргааны акт гаргахдаа ОаЗд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулсан эсэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдол бүхий нотлох ажиллагааг хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэсэн байна.
2.5.“СӨ” ХХК-д өгсөн хариундаа ОаЗд газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтээ 30 хоногийн дотор өгөөгүй гэж хариу өгсөн байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хариуцагч нарын татан буугдсан гэх шүүхэд өгсөн хариу тайлбараар нотлох баримт цуглуулан хэрэг хянан шийдвэрлэсэн нь шүүх хэргийг шударгаар шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, захиргааны байгууллага иргэн хуулийн этгээдийн эрх зөрчдөгийг өөгшүүлсэн захиргааны шүүхийн зорилгыг хэт умартсан явдал боллоо гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйл, 121.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү.” гэжээ.
3.“ТБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 119/ШШ2025/0021 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч ТБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бг, А.Бн нар эс зөвшөөрч, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйл, 121.3.5-д зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 121.3.7-д зааснаар шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
3.1.Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2 т шүүх нэхэмжлэгч СӨ ХХК-ийн гаргасан СӨ ХХК /615****/-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг ОаЗдд даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, СӨ ХХК/615****/ нь СӨ ХХК/284****/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч ТБ ХК-ийн гаргасан СӨ ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг ОаЗдд даалгах, СӨ ХХК/615****/ нь СӨ ХХК /284****/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа болно.
3.2.Учир нь Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйл. 13.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно. 13.2.-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно. 13.3- д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж зааснаар ТБны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас Орхон аймгийн засаг даргын хүсэлтэд нэхэмжлэл гаргасан болно.
3.3.ТБны зөрчигдсөн эрх, ашиг сонирхол:
СӨ ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “А” ХХК-ийн ТБтай байгуулсан 10**/**6 дугаар Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, СӨ ХХК-ийн эзэмшлийн маргаан бүхий Орхон аймаг, БӨ сум, О баг, 2А хороолол 10,202 м.кв орон сууцны зориулалттай газрыг барьцаалан барьцаалбар үйлдсэн бАг.
Барьцаалбар үйлдсэн ТБ ХК нь СӨ ХХК-ийг хариуцагчаар татан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд уг маргаан бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 247 дугаар шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус тус гаргуулсан бАг болно.
3.4.ТБ нь дээрх газрыг барьцаалах үедээ газрын гэрчилгээ, газар эзэмших гэрээ зэргийг бүгдийг эх хувиар нь авсан тул газрын төлбөр төлөхөөр 2023 оны 6 дугаар сард Орхон аймгийн газрын албад хандахад Газрын төлөв бАл, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт шаардлагатай гэж хариу өгсөн. Үүний дагуу 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Газрын төлөв бАл, чанарын улсын хянан баталгааны ажил хийлгэх мэдэгдэх хуудас тус захиргааны байгууллагаас ТБ ХК хүлээн авч 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дээрх дүгнэлтийг Орхон аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газар баталгаажуулсан.
ТБ ХК нь 2016 онд барьцаалбраа бүртгүүлэхдээ, мөн 2023 онд газрын төлбөр төлөхөөр хандахад, мөн 2024 онд ОаЗдд газар эзэмших эрх сунгуулах хүсэлт өгөхөд тухай бүр СӨ ХХК татан буугдсан гэж огт хэлэлгүй бүртгэж авсан бАг.
3.5.ОаЗд болон газрын алба нь 2024 оныг хүртэлх хугацаанд СӨ ХХК-ийг татан буугдсаныг мэдээгүй, СӨ ХХК-ийн өмнөөс барьцаалбар үйлдсэн ТБ ХК хандаж байхад хүлээж авч харьцаж байсан, газар эзэмших эрх сунгахгүй гэж ТБанд өгсөн хариу буюу захиргааны акт нь барьцаалбараа бүртгүүлсэн ТБны эрх, ашиг сонирхлыг хөндсөн байхад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байгаа болно.
3.6.Захиргааны хэргийн анхан шатны шүүх гуравдагч этгээдээр хэрэгт огт хамааралгүй Д.Ахийг татсан мөртлөө тус маргаан бүхий газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч А ХХК-ийн хэрэг гүйцэтгэгч МтТМЗ ХХК-ийн гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг татгалзсан.
3.7.Анхан шатны шүүхийн энэхүү үйлдлийг хэт нэг талыг барьсан гэж үзэхээс өөр аргагүй юм. Түүнчлэн Үндэслэх хэсэгт 4.13 дугаарт СӨ ХХК татан буугдсанаар газрын эрх дууссан. ТБ хариуцлагагүй хандсан гэж үзэж байна гэх дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болохыг дурдах нь зүйтэй гэснийг нэг талыг барьж шийдвэр гаргаснаа тодруулсан гэж үзэж байна.
3.8.Учир нь СӨ ХХК-ийн төлөөлөгч өмнөх хурлууд дээр УБЕГ-ын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1626 дугаар тушаал нь улсын байцаагчийн 2013 оны саналыг үндэслэсэн байна, энэ тайлан өгөөгүй нь компаниа шилжүүлсэн гуравдагч этгээд Д.Ахийн буруу мөн санал ирүүлснээс хойш 2 жилийн дараа уг саналыг үндэслэн татан буулгах шийдвэр гарсан байна. Т.Бб 2017 онд гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж авахаар очихдоо мэдсэн учраас 2016 онд гэрээ байгуулах үедээ мэдээгүй гэдэг нь тогтоогдож байна гэж удаа дараа хэлж байсан бөгөөд уг төлөөлөгчийг мэтгэлцэх боломжоор хангаж хуралд оролцуулсан бол ийм дүгнэлт гарахгүй байсан болно.
3.9.Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч энэхүү хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй нь анхан шатны шүүх процессын алдаа гаргасан. Нэхэмжлэгч СӨ ХХК-ийн өмгөөлөгчийн шүүх хурал хойшлуулах хүсэлтийг хуульд байхгүй үндэслэлээр татгалзсан зэрэг нь буруу болсон.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйл, 121.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “СӨ” ХХК, “ТБ” ХК-аас “СӨ” ХХК /РД:615****/ нь “СӨ” ХХК /РД:284****/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоож, “СӨ” ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг ОаЗдд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ОаЗдд холбогдуулан гаргасан.
2.Нэхэмжлэгч “СӨ” ХХК-ийн эрх зүйн байдлын тухайд:
2.1.“СӨ” ХХК-д анх Барилга угсралтын ажил, гадаад худалдаа, барилгын засвар засал чимэглэл, барилгын материалын бөөний худалдааны чиглэлээр улсын бүртгэлийн 9011055089 дугаарт 284**** регистрийн дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдөр олгожээ.
2.2.“СӨ” ХХК-ийн нийт хувьцаа эзэмшигч болох Л.Ц, Л.Б, Д.С, С.Д, Ц.Ц нараас Т.Ахт “СӨ” ХХК-ийн эзэмшлийн өөрт ноогдох хувийн хувьцааг шилжүүлэх гэрээ хэлцэл хийхэд төлөөлж гарын үсэг зурах, захиран зарцуулах, эрх шилжүүлэх эрхийн итгэмжлэл 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгож, улмаар “СӨ” ХХК-ийн 2014 оны 02 дугаар 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “...компанийн гишүүн болон компанид хувьцаа эзэмших эрхээс татгалзсан доорх нэр бүхий хүмүүсийн итгэмжлэлийг үндэслэн С.Д, Д.С, Ц.Ц, Л.Б, Л.Ц нарыг компанийн хувьцаа эзэмшигч, гишүүнээс хасаж, компанийн гүйцэтгэх захирлаар Тбын Ббыг томилсон” шийдвэр гаргажээ.
2.3.“СӨ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Т.Ах нь Т.Ббтай 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр /284**** РД/ бүхий “СӨ” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, “СӨ” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “...Хувьцаа эзэмшигчээс Т.Ахийг хасаж, хувьцаа эзэмшигч хувь нийлүүлсэн хөрөнгийг 100 хувь Т.Ббт шилжүүлж, мөн компанийн гүйцэтгэх захирлаас Т.Ахийг чөлөөлж, Т.Ббыг томилж, компанийн дүрмийг шинэчлэн батлах” шийдвэр гаргасан үйл баримтууд тогтоогдож байна.
2.4.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1626 тоот тушаалаар[1] “...Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06/3673 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу санхүүгийн тайланг 6 ба түүнээс дээш улирал гаргаагүй, харилцах санхүүгийн байгууллагад тушаагаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан” ба уг тушаалын хавсралтын 568 дугаарт 284**** регистрийн дугаартай “СӨ” ХХК бүртгэгдсэн байх ба улсын бүртгэлээс хассаныг 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 9/5139 тоот албан бичиг[2], 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2/6158 тоот албан бичиг[3] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2.5.Үүний дараа Т.Бб нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1 дүгээр “СӨ” нэртэй компанийг үүсгэн байгуулах шийдвэрээр нэг үүсгэн байгуулагчтайгаар СБД дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, Итг 21 байр 29 тоот хаягт байхаар тогтоож, мөн шийдвэрийн 1-р хавсралтаар “СӨ “ ХХК-ийн дүрмийг батлан “СӨ” ХХК үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдэж, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 615**** регистрийн дугаартай хувийн хэргийн 901165**** дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ[4] олгосон байна.
2.6.“СӨ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Бб нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “СӨ” ХХК-ийн хувийн хэргийн 901165**** дугаартай, 615**** регистрийн дугаартай гэрчилгээг гээгдүүлсэн тул шинээр дахин авах тухай өргөдөл гаргасан үйл баримтууд тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч “ТБ” ХК-ийн тухайд:
3.1.Анх “А” ХХК, иргэн Т.Бб, иргэн Б.Об нар нь ТБтай 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10**/** дугаар “Зээлийн гэрээ” байгуулж, 2,200,000,000 /хоёр тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн зээл авсан ба тус гэрээний барьцаанд мөн өдөр 10**/**-01 дугаар “Барьцааны гэрээ” давхар байгуулж, уг гэрээгээр[5] Орон сууцны зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй 3926,31 м.кв талбайтай 10 давхар барилга, Орон сууцны зориулалттай 992 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орон сууцны зориулалттай ААН байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /Орхон аймаг БӨ сум О баг 2А хороолол 10202 м.кв талбайтай нэгж талбарын 1843243335**** дугаар бүхий/ эд хөрөнгүүдийг барьцаалсан үйл баримт тогтоогдож байна.
4.Маргаан бүхий газрын тухайд:
4.1.Анх Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр захирамжаар[6] Засгийн газрын “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “СӨ” ХХК-д 2А хорооллын А, Б хэсэгт баригдах орон сууцны зориулалт бүхий 25 га газрыг барилга баригдаж дуусах хүртэл түр хугацаагаар ашиглуулах шийдвэр гарчээ.
4.2.Мөн аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 186 дугаар захирамжаар[7] “...6 сарын дотор барилга байгууламж бариагүй тул 2006 оны 388 дугаар захирамжаар “СӨ” ХХК-д олгосон 25 га газрыг” тус тус хүчингүй болгосон, мөн аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар захирамжаар[8] “...284**** регистрийн дугаартай “СӨ” ХХК-ийн “О баг 2-р хороолол” дахь 1.02 га газрыг “О баг 2А хороололд” газрын байршлыг шилжүүлсэн, мөн аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн А/396 дугаар захирамжаар[9] “...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг үндэслэн “СӨ” ХХК-ийн хүсэлтээр түүний эзэмшиж буй 2А хороололд байрлах орон сууцны зориулалттай 10202 м.кв газрын эзэмших эрхийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан байна.
4.3.Дээрх А/396 дугаар захирамжийг үндэслэн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэгж талбарын 1843243335**** дугаар бүхий 10,202 м.кв газрыг 3 жилийн хугацаатай Орхон аймаг аймаг БӨ сумын О баг, 2А хороололд орон сууцны зориулалтаар “СӨ” ХХК /РД284****/-д эзэмшүүлж, 297244 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ[10] олгон, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “СӨ” ХХК-ийн захирал Т.Ах нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай Газар эзэмшүүлэх гэрээ[11] байгуулсан үйл баримтууд тогтоогдож байна.
4.4.Үүнээс хойш “СӨ” ХХК, захирал Т.Бб нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ОаЗдд газар сунгуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтдээ[12] “...”СӨ" ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/396 дугаар тоот шийдвэрээр Орхон аймаг БӨ сумын нутаг дэвсгэрт 1843243335**** нэгж талбарын дугаартай 10,202 м.кв талбайтай, 000297244 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно. Тус газар дээр "А" ХХК нь 40 айлын 10 давхар орон сууц 2015 онд барьж, 2016 онд ТБнаас 2.2 тэрбум төгрөгийн зээл авч уг барилгыг ашиглалтад оруулсан бАг. Тухайн газрыг ТБны барьцаанд тавьсан болно. 2017 онд “А” ХХК нь ТБнаас авсан зээлээ төлж чадахгүй болж дампуурлаа зарласан бөгөөд шүүхийн шийдвэр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарсан байна. Мөн "СӨ" ХХК-ны захирал Т.Бб нь дампуурсан “А” ХХК-ны захирлаар давхар ажилладаг бөгөөд 2018 оноос хойш Монгол улсын хилээр гарч яваад одоог хүртэл орж ирээгүй болно. Ийм учир шалтгааны улмаас “СӨ” ХХК нь тухайн газрыг сунгуулах хүсэлтээ гаргаж чадаагүй тул газар эзэмших анхдагч гэрээг үндэслэж эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгнө үү.” гэжээ.
4.5.Дээрх хүсэлтэд ОаЗдас “...тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд танай компанийн зүгээс Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй тул газар эзэмших эрх дуусгавар болсон байна. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй” талаар хариу хүргүүлснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “СӨ” ХХК болон “ТБ” ХК нар нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
5.“СӨ” ХХК /РД:615****/ нь “СӨ” ХХК /РД:284****/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын “СӨ” ХХК /РД:615****/ нь “СӨ” ХХК /РД:284****/-ийн эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох” шаардлагыг “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
5.2.Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”.
5.3.Нэхэмжлэгч /615****/ регистрийн дугаар бүхий “СӨ” ХХК нь /284****/ регистрийн дугаар бүхий “СӨ” ХХК-ийн эрх залгамжлагчаар тогтоолгох нэхэмжлэл нь хувийн эрх зүйн маргаан бөгөөд захиргааны шүүхэд хуулиар харьяалуулсан маргаанд хамааралтай гэж үзэхээргүй байх тул анхан шатны шүүхийн “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй.
5.4.Иймд “СӨ” ХХК-ийн “...анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан эрх залгамжлан авах хуулийг хэрэглээгүй болохоо тайлбарлаагүй үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
6.“Газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг ОаЗдд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
6.1.Нэхэмжлэгч “ТБ” ХК-ийн зүгээс “СӨ” ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6.2.Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.7-д “"газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.
6.3.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “ТБ” ХК-д газар эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул “ТБ” ХК-ийн зүгээс “..газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг ОаЗдд даалгуулах” талаар шаардах эрхгүй байна.
6.4.Хэдийгээр “ТБ” ХК, “А” ХХК нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Орхон аймаг БӨ сум О баг 2А хороолол нэгж талбарын 1843243335**** дугаар бүхий 10202 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан байх хэдий ч уг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй этгээд гэж “ТБ” ХК-ийг үзэх үндэслэлгүй тул тухайн маргаан бүхий газартай холбоотойгоор газар эзэмших эрхийг сунгуулахаар шүүхэд маргах эрхтэй гэж үзэхээргүй байна.
6.5.Иймд “ТБ” ХК-ийн “...ОаЗд болон газрын алба нь 2024 оныг хүртэлх хугацаанд “СӨ” ХХК-ийг татан буугдсаныг мэдээгүй, “СӨ” ХХК-ийн өмнөөс барьцаалбар үйлдсэн “ТБ” ХК хандаж байхад хүлээж авч харьцаж байсан, газар эзэмших эрх сунгахгүй гэж ТБанд өгсөн хариу буюу захиргааны акт нь барьцаалбараа бүртгүүлсэн ТБны эрх, ашиг сонирхлыг хөндсөн байхад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байгаа болно.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
7. ““СӨ” ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг ОаЗдд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.1.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана:”, 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт”, 37.2-т Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна.” гэж заажээ.
7.2.Нэхэмжлэгч “СӨ” ХХК нь нийт “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 10,202 м.кв газарт 7 блок барилга барихаар төлөвлөөд одоогийн байдлаар 100 хувийн гүйцэтгэлтэй 10 давхар 1 орон сууц бүрэн баригдаж дууссан, 1 барилгын суурь тавигдаад 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд талуудын тайлбараар 10 давхар барилгын хувьд ашиглалтад ороод оршин суугчид нь бүрэн орж дууссан талаар тайлбарлаж байна.
7.3.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн бАл, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “"сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог” хэлэхээр, 18 дугаар зүйлийн 18.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй”: 18.1.4-д “холбоонд тухайн орон сууцны байшингийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн дэвсгэр болон орчны газрыг Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тодорхой болзолтойгоор гэрээний дагуу ашиглуулах”-аар зохицуулсан.
7.4.Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.9-д “Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ашиглах хугацаа 15 жил байна. Энэ хуулийн 441.6-д заасан гэрээг нийтийн зориулалттай тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд 15 жилээр хэдэн ч удаа сунгаж болно.” гэж тус тус заасан.
7.5.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нийтийн зориулалттай орон сууцны тухайд тухайн орон сууцны орчны газрыг Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах зохицуулалттай байх тул нэхэмжлэгч “СӨ” ХХК-ийн баригдаж дууссан, оршин суугчид нь бүрэн орсон 10 давхар орон сууцны тухайд нэхэмжлэгч компанийн хувьд тухайн нийтийн зориулалттай орон сууцны газрыг эзэмших, ашиглах, газрын хугацаа сунгах хүсэлтийг гаргах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй бөгөөд үүнтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхээс ханган шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.
7.6.Харин баригдаж дуусаагүй 30 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны тухайд газар эзэмших эрхийн гэрчилгээг Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар захирамжаар“СӨ” ХХК-д олгон, мөн аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн А/396 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан үйл баримт тогтоогдсон.
7.7.Гэтэл “СӨ” ХХК-ийг улсын бүртгэлээс хассан 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө түүний эзэмшил бүхий газар эзэмших эрхийг хариуцагчаас сунгасан болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд тухайн орон сууцны газар эзэмших эрхийг хариуцагчаас сунгахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн газрын дээр хөрөнгө оруулалт хийж барилгын тодорхой хэсэгт барилгын гүйцэтгэл хийсэн, газрыг зориулалтын дагуу эзэмшсэн тул нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан газар эзэмших эрх хамгаалагдах үндэслэлтэй байна.
7.8.Тодруулбал, маргааны тохиолдлын хувьд нэгэнт орон сууцны зориулалттайгаар газрыг эзэмшихээр 30 хувийн гүйцэтгэлтэй барилга баригдаж эхэлсэн бодит нөхцөл бАл тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно.” гэж заасан хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг хариуцагчаас үргэлжлүүлэн сунгах нь энэхүү хуулийн хэм хэмжээнд нийцнэ гэж үзэхээр байна.
7.9.Иймд “СӨ” ХХК-ийн 10,202 м.кв бүхий газар дээр баригдсан 992 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй барилгын доорх газрын газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг хариуцагч ОаЗд хуульд заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд судалж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг шүүхээс даалгасан агуулгаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.
7.10.Түүнчлэн маргаан бүхий газрын зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй байгаа бусад хэсгийг Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно.” гэж заасан хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг хариуцагчаас үргэлжлүүлэн сунгах үүрэгтэй гэж шүүхээс хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
7.11.Учир нь нэхэмжлэгч компанийн хувьд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар зориулалтын дагуу газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2 жил дараалан ашиглаагүй, өөрийн мэдэлд байлгаагүй зэргээр газар эзэмшигчийн хуульд заасан үүргээ нэхэмжлэгч компаниас хэрэгжүүлсэн нөхцөл бАл хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдохгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль бусаар сунгахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 30 дугаар зүйлийн 30.1-т заасныг тус тус үндэслэн “СӨ” ХХК-ийн 30 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгын доорх газрын газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгах асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч ОаЗдд даалгасугай.”, харин “СӨ” ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сунгахыг ОаЗдд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “СӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 2-р хавтас 99-101 дэх тал
[2] Хэргийн 2-р хавтас 98 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 135 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 124-132 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 33 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 56 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 57 дахь тал
[8] Хэргийн 1-р хавтас 58 дахь тал
[9] Хэргийн 1-р хавтас 80 дах тал
[10] Хэргийн 1-р хавтас 81 дэх тал
[11] Хэргийн 1-р хавтас 82-83 дахь тал
[12] Хэргийн 2-р хавтас 202 дахь тал