Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа
Улсын яллагч Т.Эрдэнэбат
Шүүгдэгч Г.Цогдогийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Хохирогч Г.Ариунтуяа, Д.Түмэннасан, Т.Даваасүрэн, Р.Эрдэнэбаатар, Д.Дашдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Цогдогт холбогдох 201607000087 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харъят,  1985 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, одоо 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Төгрөг сум дахь Сум дундын нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Мааньт, 3 дугаар багт оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ДЙ85021015 регистрийн дугаартай, Урианхай овогт Гомбожавын Цогдог гэв.
Яллагдагч Г.Цогдог нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сум дахь Сум дундын нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа давтан үйлдлээр сум дундын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудын амралт, илүү цагийн хөлснөөс суутган 1.826.819 төгрөг, 2014 он, 2015 он, 2016 оны 01 дүгээр улирлын цалингийн зардлаас ажиллаагүй хүний нэр дээр болон цалингийн цэсний хөлийн дүн дээр нэмж 17.986.962 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн татвараас 1.997.560 төгрөг, эмнэлгийн шатахууны зардлаас 650.000 төгрөг, нийт 19.986.522 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүгдэгч Г.Цогдог нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлөгдсөн. 2014 оноос эхлэн сум дундын эрүүл мэндийн төвийн ажилчдын цалин болон хөлийн дүн дээр нь мөнгө нэмж авч байсан. Энэ үнэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Учруулсан хохирлоо Улаанбаатар хотын шүүхийн шинжилгээний газраас ирүүлсэн дүгнэлтэнд заасан хэмжээгээр төлж барагдуулсан гэв.  
Хохирогч Г.Ариунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ажилд орсон. Цалингийн зардал, бензиний зардал, үйлдвэрчний эвлэлийн зардал  зэргээс нийт 19 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан байсан. Сум дундын эмнэлэгт учруулсан нийт хохирлоо шүүгдэгч Г.Цогдог төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн 
санал гомдол байхгүй гэв.
Хохирогч Д.Түмэннасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Надад учирсан 80.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Гомдол санал байхгүй гэв. 
Хохирогч Т.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирлоо барагдуулж авсан учраас гомдол санал байхгүй гэв.
Хохирогч Р.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тус байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Үүнийг нь дотоод аудит болон аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчийн дэмжлэгтэйгээр илрүүлж, шалгаж тогтоосон. Үүний дагуу шүүгдэгчийг тухайн мөнгийг төлүүлэх арга хэмжээ авч өнөөдрийн байдлаар 19 сая төгрөгийг бүрэн төлж байгууллага болон хувь хүмүүсийг хохиролгүй болгосон. Одоо бид нарын дунд хохиролтой холбоотой санал гомдол байхгүй. Надад 100.000 төгрөгийн хохирол учирсан байсан, бүрэн төлөгдсөн гэв.

Хохирогч Д.Дашдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний данс руу мөнгө хийгээд аваад өг гэдэг байсан. Юунд зарцуулах гэж байгааг нь асуулгүй авч өгдөг байсан. Эрүүл мэндийн газраас Цогзолмаа ирээд шалгалт хийхэд миний нэрээр мөнгө гарч ирсэн. Тэгээд юун учиртай мөнгө вэ? гэж асуухад байгууллагад хэрэглэх мөнгийг данс руу чинь хийгээд авчихсан байна гэж хэлсэн. Тэгээд таны нэрээр мөнгө гарсан юм чинь та хий гээд надаар данс руу хийлгэсэн. Миний хохирол бүрэн төлөгдсөн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хэрэгт хохирогчоор тогтоогдсон нийт 27 хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Дашдаваагийн мэдүүлэг /1-р хх43/, гэрч Д.Тайванхүүгийн мэдүүлэг /1-р хх44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрий 220 дугаартай шинжээчийн дүгнэлт /2р хх141-145/, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр:  Хохирол төлсөн баримтууд /1-р хх97-98, 113-114/, ял шалгах хуудас /1-р хх76/, Төгрөг сумын багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх78/, шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж үзлэг хийв.   
Шүүгдэгч Г.Цогдог нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сум дахь Сум дундын нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа давтан үйлдлээр сум дундын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудын амралт, илүү цагийн хөлснөөс суутган 1.826.819 төгрөг, 2014 он, 2015 он, 2016 оны 01 дүгээр улирлын цалингийн зардлаас ажиллаагүй хүний нэр дээр болон цалингийн цэсний хөлийн дүн дээр нэмж 17.986.962 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн татвараас 1.997.560 төгрөг, эмнэлгийн шатахууны зардлаас 650.000 төгрөг, нийт 19.986.522 төгрөгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч, хохирогч нарын  мэдүүлгүүд, яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Цогдогийг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр завшиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар тодорхой үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хасахгүйгээр хорих ял ногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. 
Бусдад учруулсан хохирлын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгийг тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон болно. 
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. 
Шүүгдэгч Г.Цогдогт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Цогдог нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдсан шүүгдэгч Г.Цогдогийн ДЙ85021015 регистрийн дугаартай цахим иргэний үнэмлэх, Ховд их сургуулийн D200717654 дугаартай баклаврын диплом зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх ба нэг нь нөгөөгөө баталсан хоорондоо зөрүүгүй, гэрч хохирогч нарын мэдүүлгүүд нь бие биенээ нотолсон байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай овогт Гомбожавын Цогдогийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цогдогийг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Цогдогт оногдуулсан 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Цогдогт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ялтнаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Г.Цогдогийн ДЙ85021015 регистрийн дугаартай цахим иргэний үнэмлэх, Ховд их сургуулийн D200717654 дугаартай баклаврын диплом зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Цогдогт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.МӨНХТУЛГА