Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 124/ШШ/2022/0020

 

               

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух Х овгийн Н-ийн Г,

Хариуцагч: Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд холбогдуулан гаргасан,

“Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 93 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Г нь тус шүүхэд анх Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа Увс аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсныг үндэслэн, өндөр насны тэтгэвэр тогтоохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд холбогдуулан “Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 93 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж өөрчилжээ.

2. Хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 93 тоот тогтоолоор Н.Г-ийн Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд тракторчинаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан хугацаагаар буюу хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох тухай  хүсэлтийг хэлэлцээд 2002 оны 3 сарын 25-ны өдрийн Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 72 дугаартай шийдвэрт дурдсан хугацаагаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77-р тушаалын 4-р бүлгийн 15 дахь зүйлд хамааруулан хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Н.Г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд шууд хандан нэхэмжлэл гаргасан болно.

4. Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г миний бие нь тракторын жолооч мэргэжилтэй бөгөөд 1982-1991 он хүртэл Түргэн сумын Социализмын зам нэгдэлд тракторчинаар ажилласан. 1991 онд нэгдэл тарж хоёр компани болж хуваагдсан. Тэгээд би Ургац" ХХК-д 1991-1997 оны хооронд мөн тракторчинаар ажилласан. Би уг хугацаанд ажиллаж байснаа 2002 онд Увс аймаг дахь Сум дундын шүүхээр тогтоолгосон. Тэгээд би миний хийж байсан тракторчин гэдэг ажил нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын дагуу хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байх тул би хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалуудыг бүрдүүлж, Увс аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Ч.Туяад өгсөн боловч тогтоох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тэгээд би уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан гэтэл Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 93 дугаар тогтоолоор тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд танай шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Нийгмийн даатгалын хэлтэс татгалзсан үндэслэлээ Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 03 сарын 25-ны өдрийн 72 дугаар шийдвэрт тракторчин гэсэн үг байхгүй гэж тодорхойлсон. Би тухайн үед шүүхэд хандаж байхдаа тракторчинаар ажиллаж байсан бичиг баримтаа бүрдүүлж өгөөд ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Миний гүйцэтгэж байсан тракторчины ажил нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 4 дүгээр зүйлийн хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 15-р хэсэгт хамаарч байгаа юм.

Иймд хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа Увс аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсныг үндэслэн, өндөр насны тэтгэвэр тогтоохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч Н.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би тракторын жолооч мэргэжилтэй бөгөөд 1982-1991 он хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд тракторчинаар ажиллаж байсан. 2002 онд манай гэр шатсан. Би өмнө нь Увс аймаг дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилласан байдлаа тогтоолгосон боловч миний ажилласан тракторчины ажил шийдвэрт тавигдаагүй учир шүүхэд хандаж байна. Би ажиллаж байсан байдлаа тогтоолгохын тулд гэрчүүдийг шүүхэд авч ирж гэрчээр асуулгасан. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 93 дугаар тогтоолоор намайг тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Яагаад гэвэл тус шүүхийн шийдвэрт миний эрхэлж байсан ажлыг дурдаж өгөөгүйгээс болж нэр тодруулах шаардлагатай гэсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ.

6. Хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн дарга А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс аймгийн Түргэн иргэн Н овогтой Г нь Увс аймаг дахь иргэний хэргийн шүүхийн 2002 оны 03 сарын 25-ны өдрийн 72 дугаартай шийдвэрээр Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1982-1997 он хүртэл ажилласан байдлаа тогтоолгожээ.

Иргэн Н.Г нь тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2021 оны 10 сарын 25-ны өдөр дээрх хугацаанд хүнд нөхцөлөөр /тракторчинаар/ ажилласнаар тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаж ирүүлснийг зөвлөлийн хурлаар хэлэлцээд Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн хурлын 93-р тогтоолоор хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй хэмээн шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрээр иргэн Л.Г-ийн ямар ажил эрхэлж байсан тодорхойгүй, Нийгмийн даатгалын хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хугацаа буюу 1995 оноос хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтгүй, хөдөө аж ахуйн нэгдэл нь 1992 онд хувьчлагдаж тарсан байхад 1997 он хүртэл нэгдэлд ажилласан хэмээн шийдвэрлэсэн зэрэг шалтгаанаар хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Н.Г нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлд өндөр насны тэтгэврийн бичиг баримтыг Увс аймгийн Түргэн сумын Нийгмийн даатгалын байцаагч Ч.Туяа хүлээн аваагүйгээс болж өндөр настны тэтгэвэрт тогтоолгож чадахгүй байх тул өөрийн ажилласан хугацаагаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөл Н.Г-ийг хүсэлтийг хянан хэлэлцэхээр 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж 93 дугаар тогтоол гаргасан.  Увс аймгийн Түргэн сумын иргэн Нийн Гийн Социализмын зам нэгдэлд тракторчинаар ажиллаж байсан гэх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд 2004 оны Нийгэм хамгаалах, Хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалын 4 дүгээр зүйлийн 15-д “Хөдөө аж ахуйн нэгдлийн хөдөө аж ахуйн тракторчин” гэж зүйл заалт байгаа. Н.Г-ийн нэхэмжлэлтэй 2002 оны Увс аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэрт Н.Г-ийн ажилласан хугацааг тодорхой тооцоогүй байсан бөгөөд хаана ямар ажил хийж байсан нь тодорхойгүй, 1982-1997 онд 14 жил ажилласан гэх шүүхийн шийдвэр гарсан байсан. Уг 2002 оны Увс аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэрийг үндэслэн Н.Г хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр  тогтоолгох боломжгүй гэсэн зөвлөлийн хуралдааны тогтоол гарсан. Хөдөө аж ахуйн нэгдлүүд нь 1992 оны 3 дугаар тарсан байдаг гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

8. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч  Н.Г нь шүүх хуралдаанд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд холбогдуулан гаргасан “Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 93 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай өөрчилсөн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

10. Нэхэмжлэгч талаас “Миний гүйцэтгэж байсан тракторчины ажил нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 4 дүгээр зүйлийн хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 15-р хэсэгт хамаарч байгаа. Шүүхээр ажилласан жилээ тогтоолгох хүсэлт өгөхдөө тракторчинаар ажиллаж байсан бичиг баримтаа бүрдүүлж өгөөд ажиллаж байсан байдлаа тогтоолгосон” гэж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2002 оны 03 сарын 25-ны өдрийн 72 дугаартай шийдвэрээр Н.Г-ийн ажиллаж байсан байдлыг тогтоохдоо түүний улсад  1982-1997 он хүртэл нийт 14 жил ажилласныг  сэргээн тогтоосон байдаг. Хаана, ямар байгууллагад ажил эрхэлж байсан талаар тодорхойлсон зүйл байдаггүй. Энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэж хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж үзсэн” гэж тайлбар гарган шүүх хуралдаанд оролцсон.

12.  Увс аймгийн Түргэн сумын нийгмийн даатгалын байцаагч 2021 оны 08 дугаар сарын 13-ний өдөр Н.Г-ийн “өндөр насны тэтгэврээ тогтоолгох” тухай хүсэлтийг хүлээн авч хянаад “ таны өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл, холбогдох баримт бүрдлийг хянан нягтлаад хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйг үүгээр тодорхойлов” гэсэн хариу  өгснийг  эс зөвшөөрч тэрээр Увс аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд хандсан байна.   

13. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д зааснаар Нийгмийн даатгалын орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл ажилладаг бөгөөд  Увс аймгийн НДХ-ийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Увс аймгийн Түргэн сумын иргэн Нийн Гийн “хөдөлмөр хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох” тухай хүсэлтийг  хянан хэлэлцээд “шүүхийн шийдвэрт дурдсан хугацаагаар Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын  4-р бүлгийн 15 дахь зүйлд хамааруулан хүнд нөхцөлөөр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэн, түүний  хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

14. 2002 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын    шүүхийн 72 дугаартай шийдвэрт  “Нэхэмжлэгч Н.Г нь 1982-1997 он хүртэл улсад ажиллаж байсан болох нь Увс аймгийн архиваас ирүүлсэн 1982-1997 он хүртэлх түүний авч байсан цалингийн тодорхойлолтоор батлагдаж байх тул нэхэмжлэлийг хангах үндэстэй” гэж дүгнэж, Н.Г-ийн улсад ажилласан 14 жилийн хугацааг сэргээн тогтоожээ.

15. Хэрэгт авагдсан иргэний хэргийн материалаас үзэхэд уг шүүхийн шийдвэр нь  Увс аймгийн ЗДТГ-ын архивын тасгаас  ирүүлсэн  “Худалдаа бэлтгэлийн ангийн гурилын агентаар ажиллаж байсан” гэх Н овогтой Г-ийн  1983-1997 онуудад авч байсан  цалингийн тодорхойлолтыг үндэслэн гарсан байна.

16. Нэхэмжлэгч Н.Г нь  тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ЗДТГ-ын  архивын тасгаас гаргуулан авсан  Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд ажиллаж байсан Н овогтой Гийн 1982-1985,1988 онуудад авч байсан  цалингийн   тодорхойлолт, тус нэгдлийн үйлдвэр бригадын  цалингийн тооцооны хүснэгтийн хамт хавсарган ирүүлжээ.  

17. Мөн гэрч Б.Долгорсүрэн “Намайг тус нэгдэлд 1985 онд  очиход л Н.Г засварчин тракторчинаар ажиллаж байсан. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаад нэгдэл хуваагдахад газар тариалангийн “Ургац” компанид хуваарилагдаж тракторчинаар ажиллах болсон” гэж, гэрч Ц.Жаргал “Н.Г Социализмын зам нэгдэлд тракторчинаар ажиллаж байгаад мөн “Ургац” ХК-нд тракторчинаар орсон. Н.Гийн нэгдэлд орсон оныг сайн мэдэхгүй байна. 1985 онд орсон байхаа. Нэгдэлд хадлангийн салаа гээд  1976 онд 16 трактор шинээр ирж байсан. Нэгдэлд байхад хаварт техникээ засварлах, тариалалтын ажлын бэлтгэл хангахаас гадна  газраа хагална,  намарт хадлан авна, бусад үед нэгдлийн айл нүүлгэх, хужир ачих, төл малд явах, манай сум хөрөө рамтай байсан учраас банз мод ачих зэрэг нэгдлийн бүхий л ажилд явдаг байсан. Нэгдэлд ажиллаж байх хугацаанд бид нар бүгд ямар ч амрах завгүй ажилладаг байсан. “Ургац” ХК-д ч гэсэн ялгаагүй мөн адил ажил үүргийг гүйцэтгэдэг байсан. Намайг 1997 онд Ургац компаниас гарах үед Н.Г ажиллаад үлдсэн” гэж, гэрч Ц.Цэвээнравдан ”Намайг тус нэгдлийн даргаар очиход Н.Г Социализмын зам нэгдэлд беларусь тракторчин байсан. Тэр үед Н.Г, Сүрэнжав, Лхагва, Дүүрэн, Жаргал гээд 5, 6 тракторчин ажиллаж байсан. Тракторчины хийдэггүй ажил гэж байхгүй байсан. Гол ажил нь газар тариалангийн ажил байсан. Хадлан авна, өвс зөөнө, айл нүүлгэнэ тракторчины хийдэг ажил маш их байсан. 1992 онд миний бие  Хяргас сумын Булганхангай компанийн захирлаар ажиллахаар болж Социализмын зам нэгдлээс гарахад  Н.Г ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлжээ.

18. 2002 оны Увс аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон архивын тодорхойлолт хуурамч болох нь нэхэмжлэгчийн тайлбар,  гэрч Б.Долгорсүрэн, Ц.Жаргал, Ц.Цэвээнравдан  нарын мэдүүлэг, 2021 оны архивын тодорхойлолт, 1982-1985, 1988 онуудын Түргэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн үйлдвэр бригадын цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул энэхүү шинээр илэрсэн нөхцөл байдал болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2-д заасан үндэслэлээр хэргийг   дахин хянуулж,  ажилласан жилээ зөвтгөн тогтоолгосны дараа өндөр насны тэтгэврээ тогтоолгох нь зүйтэй.

19. Хариуцагч Увс аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл нь хууль тогтоомжоор олгосон чиг үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэгч Н.Г болон Түргэн сумын нийгмийн даатгалын байцаагч хоёрын дунд үүссэн маргаан, саналын зөрөөг холбогдох баримтад зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн  нь хуульд нийцсэн байна.

20. Иймээс маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Г-ийн “Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 93 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

21. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Г-ийн шүүхэд гаргасан “Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 93 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1 дэх, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ОЮУНГЭРЭЛ