| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2023/1010/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1021 |
| Огноо | 2023-07-25 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1021
2023 7 25 2023/ШЦТ/1021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч М.Очбадрах
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.Б-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 ........ ....... дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан механик мэргэжилтэй, ................ ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, .................. гэх тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Барга овогт Б.Б, регистрийн ................ дугаартай гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өгөөмөр" хотхоны тээврийн хэрэгсэл нэвтрэх хэсгийн хөлтэй хаалтыг хууль бусаар хугалж гэмтээн 312,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өгөөмөр" хотхоны тээврийн хэрэгсэл нэвтрэх хэсгийн хөлтэй хаалтыг хууль бусаар хугалж гэмтээн 312,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Г-ийн өгсөн: "...2023 оны 03 дугаар сарын 06-ны өглөөний 09 цаг 30 минутад өөрийн ажлын байр болох Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... хотхоны СӨХ-ны байранд ирэхэд харуул Н.Н надад хандан өглөө 04 цаг 54 минутад хотхоны гадна хөлтэй хаалтыг приус-20 маркийн машинтай согтуу хүмүүс гараараа эвдэж гарсан байна. Тэгэхээр нь камерын бичлэгийг шүүж үзэхэд 9155 УНҮ улсын дугаартай ногоон өнгөтэй приус- 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй 4 согтуу залуучууд бууж ирээд хаалтыг гараараа ташиж хугалаад эвдээд машинтайгаа гараад явсан. ...саарал олон хөлтэй тээврийн хэрэгслийн том хаалганы хаалга байгаа. СӨХ-өөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шинээр нь Халимон трейд ХХК-д 650,000 төгрөгөөр сольж хийж өгсөн." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Б-ийн өгсөн: “...Би тухайн шөнө өөрийнхөө машинтайгаа такси үйлчилгээнд явж байсан. 04 цаг өнгөрч байхад ........ урд талын туслах зам дээр танихгүй гурван эрэгтэй хүнийг суулгасан. Тухайн гурван эрэгтэй согтуу байсан. Тэр гурав ...... хотхон орно гэсэн. ...Намайг ороход хаалт байсан, би тухайн гурван залууд хандан би орохгүй, орвол буцаад гарахад чипгүй учраас нээгдэхгүй гэж хэлэхэд тухайн гурван залуу зүгээр ор гэж хэлсэн. Өгөөмөр хотхон руу орж зогсоол дээр зогсож байхад хариер машины жолооч эмэгтэйтэй тухайн гурван залуу уулзаж байгаад эмэгтэй нь гэр лүүгээ буюу ертөнцийн зүгээр зүүн талын байр луу орсон. Тэгээд тухайн хотхоноос гарах гэхэд хаалт нь нээгдэхгүй байсан. Тэгэхэд тэр гурван залуу өргөчихье гэж хэлээд буржгар үстэй өндөрдүү нуруутай миний ард сууж байсан залуу өргөөд хаалт нь салчихсан. Тэгээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Б-ийн өгсөн: "...04 цагийн орчимд гараад найз Б.Б, Б.Б бид гурав ангийн охин болох Н.Б-ыг хүргэж өгөх гээд хамт гарцгаасан. Бид хэд нилээн согтуу байсан. Б.Б, Б.Б буцаад явах юм чинь ........ захын хойхон талаас такси бариад Н.Б-ийн машиныг дагаад явсан. Н.Б-г гэрт нь оруулж өгчихөөд бид гурав тухайн таксигаараа хүргүүлээд харьцгаасан. Буцаад гарах гэхэд хаалт онгойгоогүй. Тэгээд хэсэг зогсож байгаад Б.Б машинаас гараад хаалтыг өргөж үзээд онгойхгүй байхаар нь буцаад машиндаа суусан. Тэгэхэд ардаас Б.Б гарч ирээд хаалгыг нь өргөөд хөшөөд хугалчихсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б-ийн өгсөн: "...бид хэд нилээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир ганц эмэгтэй болох Н.Б-г гэрт нь хүргэж өгөх гээд хамт явсан юм. ...Тухайн байрны гадна хаалт онгойхгүй байсан учир би эхлээд дээш нь нээх гэж үзэхэд онгойхгүй байсан. Тэгэхэд манай найз Б.Б машинаас гарч ирээд хаалтыг дээш өргөж гадагш чиглэлд түлхээд хугалчихсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
"Дамно" ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “...найзууд болох Б.Б гарч таксигаар мөн зуун чиглэлтэй гэр нь байдаг Б, Б нарын машины хойноос дагаж явахад Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ...... хотхон руу явж ороход нь дагаж орсон ба Б-г найз Б гэрт нь оруулж өгчихөөд буцаж гарч ирэхэд нь үүдний хаалтаар гарах гэхэд чипгүй учир онгойхгүй болохоор нь таксинаас бууж хаалтыг дээш нь ганцаараа сөхөхөд хугарч унасан... Миний хувьд өөрийн гэм буруутай байдлыг хүлээн зөвшөөрч байгаа." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-д ........ төгрөгийн /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/ хохирол учирсан байх ба шүүгдэгч Б.Б нь бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 65-66 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухай эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР