| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2023/1011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1032 |
| Огноо | 2023-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1032
2023 07 26 2023/ШЦТ/1032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал /томилолт/,
Шүүгдэгч Б.Т... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Т-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 02289 2032 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...." ХХК-д ээлжийн ажилтай ам бул 3, эхнэр, хүүхдийн хамтаар ............ гэх тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ..... овогт Б.Т, регистрийн ...........дугаартай гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт .......... В1 давхарт хохирогч А.Б-ын толгой тус газарт архины шилээр цохих зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь хүзүү, зүүн нүдний доод зовхи, мөрөнд цус хуралт, дух зулай, баруун хөхлөг сэртэн, зүүн дээд зовхи, зүүн шуунд зулгаралт, зүүн шуу, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цагийн орчимд ........... В1 давхарт хохирогч А. Б-ын толгой тус газарт архины шилээр цохих зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь хүзүү, зүүн нүдний доод зовхи, мөрөнд цус хуралт, дух зулай, баруун хөхлөг сэртэн, зүүн дээд зовхи, зүүн шуунд зулгаралт, зүүн шуу, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Б-ийн : ..........В1 давхарт орон сууц хариуцсан үйл ажиллагаа явуулдаг "........" ХХК-ийн сантехникийн ээлжийн ажил эрхэлдэг бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 07-ны 03 цагийн орчимд бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажлын газарт очиж хамт ажилладаг Т цахилгаанчин Чука нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба хувиараа шивээс хийж олсон мөнгөөрөө худалдаж авсан Соёрхол нэртэй 0,75 литрийн архи хувааж уух гэхэд Төрөө ах чи Соёрхол нэртэй архи авч ирчихээд хүндлэл үзүүлж байна гэж бодоо юу гэж хэлээд Соёрхол нэртэй архины шилээр толгой хэсэг руу 2 удаа цохиж авахад нь би толгойны хагалгаатай хүн шүү дээ гэж хэлэхэд тэр чинь хамаагүй гэж хэлээд над руу дайрахад нь хаалгаар гарч граж дотор хяналтын камертай хэсэгт суухад Т ах наашаа ороод ир наана чинь камертай энд учраа олъё гэхэд нь явж очилгүй сууж байгаад өөрийнхөө 8990..... дугаарын утаснаас эхнэр П.Н-ийн ........ дугаарын утас руу залгаж дуудахад удалгүй ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.... Төрөө ахын хувьд миний толгой хэсэг рүү 2 удаа архины шилээр цохиж авсан, өөрөөр бол биед халдаж зодсон зүйл байхгүй. Төрөө ахын миний толгой хэсэг рүү архины шилээр 2 удаа цохиж авсан газарт хяналтын камер байхгүй ба хажууд өөр хүн байгаагүй... Миний толгойн хагалгаанд орж ясыг авахуулж хуванцар тор тавиулсан ба тухайн хэсэг рүү 2 удаа цохиж авсан болохоор толгой нилэнхүйдээ хавдсан хөндүүр өвчтэй байгаа." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Б-ын дахин өгсөн: “...толгойн зүүн хэсэг руу архины шилээр байсан болохоор гараар хамгаалахад шуунд гэмтэл үүссэн. Т ахын хувьд намайг архины шилээр нүүр хэсгийг хавсарч 2 удаа, зүүн гараар хамгаалах үед шуу хэсэг 2 удаа цохиж авсан Т ахыг миний биед халдаж архины шилээр 4 удаа цохиж гэмтлүүд учирсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4754 дугаартай вон А.Б-н биед хүзүү, зүүн нүдний доод зовхи, мөрөнд цус хуралт, дух зулай, баруун хөхлөг сэртэн, зүүн дээд зовхи, зүүн шуунд зулгаралт, зүүн шуу, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтонги эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 15, 16 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Т-ын яллагдагчаар өгсөн: “... Б-ын биед халдаж гэмтэл учруулсан асуудалдаа гэмшиж, харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 30-45 дугаар хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд хохирол учирсан боловч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/ гэсэн тул шүүгдэгч Б.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухай эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Е овогт Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР