| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0057/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч О.Одхүү /ҮД:0351/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Л.Цхолбогдох эрүүгийн 2317000150052 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усан хангамж, ариутгал, татуургын инженер мэргэжилтэй, “Ус био инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам 18-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх Б овогт Л.Ц/РД:ЦЖ64061771/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.Ц нь “Ус Био Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа 2021 онд үйл ажиллагаа явуулж 387.756.745 төгрөгийн татвар ногдох орлоготой байсан атал татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 115.000.000 төгрөгийн татвар ногдох орлоготой гэж худал тодорхойлж, 272.756.745 төгрөгийн борлуулалтын орлогыг тайланд тусгалгүй, татвар ногдуулан төсөвт төлөлгүй 27.275.674.50 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Ц нь Ус Био Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа 2021 онд үйл ажиллагаа явуулж 387.756.745 төгрөгийн татвар ногдох орлоготой байсан атал татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 115.000.000 төгрөгийн татвар ногдох орлоготой гэж худал тодорхойлж, 272.756.745 төгрөгийн борлуулалтын орлогыг тайланд тусгалгүй, татвар ногдуулан төсөвт төлөлгүй 27.275.674,50 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэг бүртгэлт нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1-4 дүгээр хуудас/,
Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-32220000004 дугаартай нөхөн ногдуулалтын акт /1 дүгээр хх-ийн 7-14 дүгээр хуудас/,
хохирогч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхмандахын “...Манай Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс явуулсан хяналт шалгалтын материалаас харахад тус байгууллага нь 2021 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа 272,756,745 төгрөгийг тусгалгүйгээр орхигдуулж татвар ногдуулан төлөөгүй нь тогтоогдсон байна. Тус байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тухайн онд 387,756,745 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнасан байж мөн оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа 115,000,000 төгрөгийн борлуулалтын орлоготой гэж тайлагнасан. Үүний зөрүү болох 272,756,745 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвартаа тайлагнаагүй нь тогтоогдсон. Тухайн байгууллагын улсад төлөх ёстой татварыг бүрэн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/,
гэрч Э.Ш-гийн “...Би Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт удирдлага арга зүйн даргын баталсан төлөвлөгөө, мөн хэлтсийн даргын баталсан 2022.06.24-ний өдрийн 3222601960 дугаар томилолтын дагуу 2022.06.24-нөөс 2022.06.30-ны өдрийн хооронд 5659167 регистрийн дугаартай Ус био инженеринг ХХК-н татварын тайлангийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Уг хяналт шалгалтаар “Ус Био Инженеринг” ХХК нь 2021 онд 272.756.745 төгрөгийн борлуулалтын орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа тусгалгүйгээр орхигдуулж татвар ногдуулсан төсөвт төлөөгүй. 2019 онд цалин хөлсний тайландаа 3 200 000 төгрөгийн цалинг татварт тайлагнаагүй. 2019 онд 6 876 272 төгрөг, 2020 онд 44 892 890 төгрөг, 2021 онд 28 152 277 төгрөгийг нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангаар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй хугацаа хоцроосон. Мөн 2020 онд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй 58 019 815.80 төгрөгийн шатахууны зардлын татвар ногдох орлогоос үндэслэлгүйгээр хасаж татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчлүүд илэрсэн. Эдгээр зөрчлүүдэд Татварын ерөнхий хуульд заасны дагуу 33 397 656 төгрөгийн нөхөн татвар, 10 019 296 төгрөгийн торгууль, 26 287 858 төгрөгийн алданги, нийт 70 104 810.08 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн... 2021 онд 272.756.745 төгрөгийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайландаа тайлагнаагүй асуудал нь тус татвар төлөгч нь тухайн онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа 387.756.745 төгрөгийн борлуулалтын орлогоор, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаа 115.000.000 төгрөгийн борлуулалтын орлоготойгоор тус тус зөрүүтэй тайлагнасан. Тус байгууллага нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг сар бүр татварын албанд илгээх үүрэгтэй. Үүний дагуу 2021 оны 03 дугаар сард 525.000 төгрөг, 6 дугаар сард 400.000 төгрөг, 08 дугаар сард 17.731.818 төгрөг, 9 сард 87.272.727 төгрөг, 10 сард 22.311.927 төгрөг, 11 сард 119.269.818 төгрөг, 12 сард 140.245.455 төгрөг, нийт 387.756.745 төгрөгийн борлуулалтын орлоготой тайланг ирүүлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нотлогдож байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нотлогдсон 387.756.745 төгрөг нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгагдаж холбогдох татварыг төсөвт төлөх үүрэгтэй. Үүний зөрүүгээр 272.756.745 төгрөгийн татвар ногдох орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварт тайлагнаагүй асуудал нь нотлогдсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 136-137 дугаар хуудас/,
гэрч Н.М-ын “...Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс тус компанид оруулсан хяналт шалгалтын материалаас харахад “Ус био инженеринг” ХХК нь 2020 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа 58 019 815 төгрөгийг үндэслэлгүйгээр хассан нь Татварын албаны И баримт систэмд бүртгэгдсэн мэдээллээр нотлогдож байна. Мөн 2021 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа 272 756 745 төгрөгийг тусгалгүйгээр орхигдуулж татвар ногдуулан төсөвт төлөөгүй гэдэг нь уг байгууллага нь 2021 онд Нэмэгдсэн өртөгийн албан татварын тайландаа 387 756 745 төгрөгийг борлуулалтын орлогыг тайлагнасан байж мөн оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайландаа 115 000 000 төгрөгийн борлуулалтын орлоготой гэж тайлагнасан. Үүний зөрүү болох 272 756 745 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татвартаа тайлагнаагүй гэдэг нь тогтоогдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 142-143 дугаар хуудас/
гэрч П.Ц-ийн “...Татвараас манай байгууллагын тайлагнасан тайлангаас 58 019 815.80 төгрөгийн зардлыг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын нэг хэсэг болох дэмжих баримтын бүрдэл хангалттай биш байна гэж үзээд дээрх дүнг нөхөн ногдуулалтын актад оруулсан. ...манай байгууллага 2021 оны нэмэгдсэн өртөгийн албан татварын тайландаа нийт орлогын дүнгээр буюу 426 532 420.00 төгрөгийг тусгасан. Мөн тухайн оны санхүүгийн тайландаа 303 966.6 төгрөгийн урьдчилж төлсөн зардлын тооцоо гэж оруулж бүртгэсэн байсан. Энэ нь манай тайлангуудаас харагдана, би Говьсүмбэр аймгийн татварын хэлтсээс гаргасан нөхөн ногдуулалтын акттай санал нийлэхгүй байна. Манай байгууллага 2021 оны аж ахуй нэгж орлогын албан татварын тайландаа 115.000.000 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнасан... 272,756,745 төгрөгийн орлогыг 2022 оны эхний хагас жилийн тайландаа тайлагнах гэж байсан. Гэвч татварын шалгалт ороод акт тавигдсаны улмаас тайлагнах боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 149-151, 153 дугаар хуудас/,
шинжээч Т.Б-ийн “...”Ус био инженеринг” ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2021 онд 115,000,000 төгрөгийн татвар ногдох борлуулалтын орлоготой гэж тайлагнасан нь 272,756,745 төгрөгийн борлуулалтын орлогыг тайланд тусгаагүй татвар ногдуулан төсөвт төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 164-166 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай дүгнэлтэд
Хариулт 1. Энэ хэрэгт Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс “Ус Био Инженеринг” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулж 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр НА-32220000004 дугаартай нөхөн ногдуулалтын акт гаргасан байна. Шинжилгээгээр Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс “Ус Био Инженеринг” ХХК-тай холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр НА-32220000004 дугаартай нөхөн ногдуулалтын актад дурдагдсан “Ус Био Инженеринг” ХХК нь 2021 онд 272.756.745 төгрөгийн борлуулалтын орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй орхигдуулж татвар ногдуулан төсөвт төлөөгүй гэх асуудлыг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь “Ус Био Инженеринг” ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2021 онд 115 000 000.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангаар 2021 онд 387 756 745.00 төгрөгийн татвар ногдох орлоготой тайлан гаргаж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулалтын орлогыг 272 756 745.00 төгрөгийн зөрүүтэй тайлагнасан байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “Ус Био Инженеринг” ХХК нь аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2021 онд 387 756 745.00 төгрөгийн татвар ногдох борлуулалтын орлогыг тайлагнахаас 115 000 000.00 төгрөгийн татвар ногдох борлуулалтын орлогтой гэж тайлагнасан нь 272 756 745.00 төгрөгийн борлуулалтын орлогыг тайланд тусгаагүй татвар ногдуулан төсөвт төлөөгүй байна. Тус 272 756 745.00 төгрөгийн борлуулалтын орлогыг тайланд тусгаагүй нь шилжилгээнд ирүүлсэн “Ус Био Инженеринг” ХХК-н 2021 оны 04 дүгээр улиралын орлогын дэлгэрэнгүй тайлан болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртөгийн албан татварын 2021 оны 1-12 дугаар сарын тайлан, “Ус Био Инженеринг” ХХК-н 2021 оны борлуулалтын орлогын дэлгэрэнгүй бүртгэл, “Ус Био Инженеринг” ХХК-н 2021 оны Голомт банкны 2405132673 дугаартай төгрөгийн дансны хуулгын баримтуудаар тогтоогдож байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс “Ус Био Инженеринг” ХХК-тай холбогдуулан 2022.06.30-ны өдөр гаргасан НА-32220000004 дугаартай нөхөн ногдуулалтын актад дурдсан “Ус Био Инженеринг” ХХК нь 2020 онд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, замын тооцооны хуудас зэрэг баримтаар нотлогдоогүй 58 019 815.80 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогоо бүрдүүлсэн гэх асуудлыг нь үндэслэлгүй гэж үзэхээргүй байна. Учир нь Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс “Ус Био Инженеринг” ХХК-тай холбогдуулан 2022 оны 06 сарын 30-ны өдөр гаргасан НА-32220000004 дугаартай нөхөн ногдуулалтын актад “Ус Био Инженеринг” ХХК 2020 онд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт замын тооцооны хуудас зэрэг баримт материалаар нотлогдоогүй 58 019 815.80 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хассан байна гэж үзжээ. Харин шинжилгээгээр ирүүлсэн баримтаар 2020 онд “Ус Био Инженеринг” ХХК Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, замын тооцооны хуудас зэрэг баримт материалаар нотлогдоогүй 33 184 854.55 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хассан байна. Үүнээс “Ус Био Инженеринг” ХХК нь 2020 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд шатахууны зардалд 6 137 254.55 төгрөг, сэлбэг засварын зардалд 2 547 600.00 төгрөг, бараа материал бусад зардал 24 500 000.00 төгрөгөөр тайлагнасан байгаа боловч зарцуулалтын баримт болох замын тооцооны хуудас болон бараа материал, сэлбэг хэрэгслийн зарлагын баримтуудыг шинжилгээнд ирүүлээгүй байна.
Хариулт 2. “Ус Био Инженеринг” ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 460 663 636.37 төгрөгийн татвар ногдох орлоготой 449 370 654.55 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай 11 292 981.82 төгрөгийн татвар ногдуулах орлоготой гэж тайлагнасан байна. Харин шинжилгээгээр 460 663 636.37 төгрөгийн татвар ногдох орлогтой 416 185 800.00 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай 44 477 836.64 төгрөгийн татвар ногдуулах орлоготой байна. Учир нь 2020 онд 460 663 636.37 төгрөгийн татвар ногдох орлогтой, 416 185 800.00 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай нь шинжилгээнд ирүүлсэн “Ус Био Инженеринг” ХХК-н орлогын дэлгэрэнгүй тайлан болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2020 оны 04 дүгээр улиралын тайлан болон шинжилгээнд ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.
Хариулт 3. Тус ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2021 онд 115 000 000.00 төгрөгийн татвар ногдох орлогтой, 112 242 522.73 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай. 2 757 477.27 төгрөгийн татвар ногдуулах орлоготой гэж тайлагнасан байна. Харин шинжилгээгээр 387 756 745.00 төгрөгийн татвар ногдох орлоготой 112 242 522.73 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай 275 514 222.27 төгрөгийн татвар ногдуулах орлоготой байна.
Хариулт 4. Асуулт 4-г хариулт 1,2,3-д дэлгэрэнгүй хариулсан болно. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж заасан байна. Эдийн засгийн шинжилгээгээр санхүүгийн баримтанд шинжилгээ хийж хохиролыг тогтоодог бөгөөд үйлдлийг тогтоох боломжгүй байна.
Хариулт 5. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй болно.
Дүгнэлт гаргасан: Санхүү бүртгэлийн мэргэшсэн шинжээчийн үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн дэслэгч Т.Буяндэлгэр гэжээ. /1 дүгээр хх-ийн 172-181 дүгээр хуудас/
Шүүгдэгч Л.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-32220000006 дугаартай нөхөн ногдуулалтын акт, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн хууль ёсны төлөөлөгч хохирогч Нын мэдүүлэг, гэрч Э.Ш, П.Ц, Т.Б нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай санхүүгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Л.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст 27 275 674.50 /хорин долоон сая хоёр зуун далан таван мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан ба шүүгдэгч Л.Ц нь хохирогчид учирсан хохиролыг сайн дурын үндсэн дээр төлж барагдуулахаа бодитоор илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цаас 27 275 674.50 /хорин долоон сая хоёр зуун далан таван мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж хохирогч буюу Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Л.Цын хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Лу-ийн Цо-хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цад оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цаас 27 275 674.50 /хорин долоон сая хоёр зуун далан таван мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ