Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

                                                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                       

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д овогт Д.Бхолбогдох эрүүгийн 2317000000059 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Өрмийн мастер мэргэжилтэй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Г аймгийн С сум, 4 дүгээр баг, З гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн, хянан харгалзсан,

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан гэх Д овогт Д.Б/РД:ЕЙ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Хувийн 10 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд Э.Эхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн хөмсөг хэсэгт чулуугаар цохиж, биед нь баруун хөмсөгний гадна буланд урагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Бнь 2023 оны 05 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Хувийн 10 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд Э.Эхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн хөмсөг хэсэгт чулуугаар цохиж, биед нь баруун хөмсөгний гадна буланд урагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Э“...2023 оны 05 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед би дэнжийн андууд дэлгүүр орох гээд иртэл Д.Б-тай дэлгүүрийн гадаа таарсан. Сайн байна уу ахаа хаа хүрж явна гэхэд ах нь 2-3 хоног уугаад явж байна гэсэн. Би тэгвэл ах ганц шил архи уух уу гэхэд тэгье гээд би дэлгүүр орж 0.75 литрийн Хараа нэртэй архи, 1 ундаа авч дэлгүүрээс гарч ирсэн. Тэгээд хаана уух уу ах гэж асуутал манай таньдаг дүүгийнд очиж ууя гээд хөлдүү 12 дугаар байр руу явсан. Тэгээд очтол тэр айлд хүн байхгүй байсан учир байрны хойд талд архиа хувааж уухаар суусан. Бид хоёр архиа уугаад сууж байтал Д.Бах над руу хандаж бацаанууд жижигдэнэ шүү гээд агсрахад нь би таны том гэж юу байдаг юм мэдэхгүй юм байна гэж хэлэхэд ахын дүү босоод ир гэсэн. Тэгээд боссон чинь Д.Бах гэнэт духны доод хэсэг рүү чулуу шиг зүйлээр цохисон. Би буцаагаад Б ахын нүүр хэсэгт нэг удаа цохиход Б ах ахуй үйлчилгээ чигтээ алхаад яваад өгсөн. Би цусаа тогтоох гэж гараараа дараад хэсэг суусан. Цус тогтохгүй болохоор нь эмнэлэг рүү алхаж очсон... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

гэрч Д.Хөгжилмаагийн “Быг хүнтэй муудалцаж байсан талаар мэдэхгүй байна. Дөлгөөн зантай, нөхөрсөг, хүмүүстэй эв зүйгээ амархан олдог хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

гэрч Л.О-ын “Быг хүнтэй муудалцаж байсан талаар мэдэхгүй байна. Дөлгөөн зантай, нөхөрсөг, хүмүүстэй эв зүйгээ амархан олдог зан ааш сайтай дүү байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 164 дугаартай дүгнэлтэд:

- Э.Эбиед баруун хөмсөгний гадна буланд урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

- “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 25 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2496 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн отвёрткан дээр цусны ул мөр илэрсэн. Уг цус нь хүний цус байна.

- Шинжилгээнд ирүүлсэн отвёртканы үзүүр хэсэгт илэрсэн цусны ул мөр нь бүлгийн харъяалал тогтоох болон бусад шилжилгээнд тэнцэхгүй байна.

Дүгнэлт гаргасан: Биологийн шинжилгээний лабораторийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн ахмад Ш.Пүрэвдулам гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 173 дугаартай дүгнэлтэд:

- Д.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 37 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дугаар хуудас/,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-71 дүгээр хуудас/

- Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-75 дугаар хуудас/,

Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Э.Э, гэрч Д.Х Л.О нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 164 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2496 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Э.Э нь эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Бын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Д овогт Д-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Бнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ