Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00026/и

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ........ аймгийн ........... сумын ......... баг, ........тоотод оршин суух Д овогт С-ын Ш /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... аймгийн .......... сумын ........... баг, ......... хэсэг, ........ гудамжны .... тоотод оршин суух Х овогт Р-ийн А /РД:.........../-д холбогдох,

 

"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, .......... аймгийн .......... сумын ........ баг, .......... хэсэг, ........ тоотод байрлах газар, хувийн сууцаас 2 хүүхэд болон өөрт ногдох хэсэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ш-, хариуцагч Р.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч С.Ш- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Р.С-тай 2007 онд танилцаад 2009 оны 11 сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2011 онд хүү А.А-, 2014 онд охин А.Ар- нар төрсөн. 2016 он хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд 5 удаа салж нийлсэн. Нөхөр маань архи их ууж, гэр бүлээс гадуур харилцаатай болсон. Архи уусан үедээ намайг зоддог. Нэг удаа архи ууж ирээд хүүгээ алгадаад авсан. Тэгэхээр нь айгаад хүүгээ хадам ээж, аавтай байлгадаг болсон. Энэ байдлыг өөрт нь хэлэхээр архи руу буруугаа чихдэг байсан. Охиноо 4 сартай байхаас гэр бүлээс гадуур харилцаатай болж, сүүлдээ тэр хүүхнээ гэртээ дагуулж ирээд хонож өнждөг болсон. Манайх 3 өрөө байшинд байсан бөгөөд нэг өрөөнд нь нөгөө хүүхнээ аваад хонодог байсан. Тэр байдлыг нь би хадам аав ээжид хэлдэггүй нуудаг байсан.

Тухайн үедээ би ажил эрхэлье гэж боддог байсан боловч Р.С- их хартай тул ажил хийлгэдэггүй байсан. Мөн хүүхэд бага байсан учир ажил хийх боломжгүй байсан. Сүүлдээ Р.С- нөгөө хүүхэнтэйгээ .......... тоотод байр түрээсэлж амьдардаг болсон. Би гэртээ хоёр хүүхдээ хараад ус түлээгээ зөөгөөд хэцүү байдаг байсан.

Намайг залгахаар нөгөө хүүхэн нь утсыг нь аваад есөн шидээр дуудахаар нь би бас эмэгтэй хүн юм болохоор чимээгүй байж чадахгүй нөгөө хүүхэнд нь хэдэн үг хэлэхээр А надад уурлаад намайг зодож нүдээд дэвсэж миний хавиргыг хугалж байсан. Энэ хугацаанд зодуулсан асуудлаараа цагдаад хандаж байгаагүй.

Би “ША” цэцэрлэгт цэцэрлэгийн туслах ажилтнаар ажиллаж байгаад саяхан ажлаасаа түр чөлөө аваад гарсан. Намайг мөнгө олсонгүй гэж дарамталж зоддог байсан. Ээж ах дүү нар маань эрүүл саруул амьд дээрээ миний охин сал гэж хэлж байсан учир би салаад явсан.

2016 оноос хойш бид тусдаа амьдарч байгаа. Би охин, хүүгээ авъя гэсэн боловч өгөөгүй. Салсан хугацаанд А- уулздаг байсан хүүхэнтэйгээ хамт явж байгаад танхайн асуудалд холбогдоод 1 жил гаруй хорих ял эдэлсэн.

Түүнийг хоригдох хугацаанд охиныг маань хамт амьдарч байсан хүүхэн нь харж байгаад охины бие нь муудаад эх нялхаст сэхээнд байхад нь би авч эмчлүүлсэн. Хүүгээ аваад явах юм бол голомтоор чинь самарна гэж дарамталж байсан учир би амьд үлдэхийн эрхэнд хүүгээ орхиод явсан. Гэтэл хүүгийн ангийн багш нь залгаад хүүгийн чинь сэтгэл санаа хэцүү байна. Хүү чинь” ...багшаа манай амьдрал яг кино шиг. Аав маань шинэ эхнэртэй болсон. Одоо энэ хүнийг ээжээ гэж дууд гэж хэлсэн. Би ээждээ очмоор байна...” гэж хэлсэн гэхээр нь би сургууль дээр нь очиж багш, захиралтай нь уулзаад хүүгээ аваад явсан. Тэгээд ална хядна гээд байхаар нь 2019 оны 12 сарын 23-ны өдөр цагдаад өргөдөл бичсэн. Түүнд зөрчлийн хэрэг үүсгэж шалгаад 7 хоног баривчлах шийтгэл ногдуулсан байсан.

Би салах болгондоо миний анхны хань бас ухаарах болов уу, засрах болов уу гэж уужуу бодож хэд хэдэн удаа нийлсэн боловч яг л бахь байдгаараа байсан. Одоо Р.С- өөр хүнтэй амьдраад нэг охинтой болсон. Цаашид амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2017 онд бидний амьдарч байсан .......... аймгийн .......... сумын .......... баг, ........... хэсэг, ...... тоотод байрлах хашаа байшингаа өөр хүнд зарсан байсан. Одоо миний бие эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Эд хөрөнгийн маргаангүй” гэв.

           

   Хариуцагч Р.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бид 2009 онд гэр бүл болсон. Тухайн үед амьдрал хэцүү байсан. Төрөөс шинэ гэр бүлд 500,000 төгрөгийн тэтгэлэг өгнө гэхээр нь гэр бүлийн баталгаа хийлгэж байсан. Гэхдээ мөнгөний төлөө гэрлээгүй. 2011 оны 08 сарын 08-ны өдөр албан ёсоор хурим найраа хийж өрх тусгаарлаж гэр бүл болсон. Хамт амьдарч байх хугацаанд сайхан байсан. Эхнэр маань халамжтай, мундаг хүн. 2011 оны 01 сарын 05-ны өдөр хүү А.А-, 2014 оны 05 сарын 11-ний өдөр охин А.Ар- нар төрсөн. Бид эхлээд аавындаа ......... сумын ...... баг, ......... хорооллын ....... тоотод амьдардаг байсан. 2010 оноос хойш аавындаа амьдарч байгаад 2011 оны 08 сарын 08-ны өдөр тусдаа гарсан. 2016 оны 01 сарын 05-ныг хүртэл хамт амьдарсан. 2017 оны 11 сард буцаж нийлж 18 хоног л амьдраад салсан. Сүүлд 2019 оны 08 сард эргэж нийлээд 10 сард салсан. Би архины хамааралтай болсон. Тэр сайхан амьдралаа өөрийн гараар үгүй хийсэн. Ажлын хамт олонтой гадуур дотуур их явдаг байсан. Ээж маань ч өвчтэй байхад би архи уудаг байсан. 2019 оны 04 сараас хойш архи уугаагүй. Түүнээс өмнө архины хамааралтай байсан. Архи уусан үед өөрийн гэсэн ухаангүй болж, хийсэн үйлдлээ мэддэггүй байсан. Янз бүрийн хэрэг төвөгт холбогдсон байдаг. Амьдрах гэж ядаж байж өчнөөн мөнгө төгрөгийн асуудалд ороод явдаг байсан. Тухайн үед миний буруу байсан, тэнэг явсны хар гайгаар ийм зүйл болсон.

Согтуугаар явж байгаад танихгүй хүнтэй маргаад хөнгөн гэмтэл учруулж 2016 оны 02 сарын 16-ны өдөр Согтуугаар танхайрсан хэргээр Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ял авч 445 дугаар хорих ангид ял эдэлж, 2017 оны 07 сарын 04-ний өдөр хугацаанаас өмнө суллагдсан.

Би одоо С- гэх хүнтэй хамтран амьдарч 2018 оны 03 сарын 24-ний өдөр охинтой болсон. Одоо тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авмаар байна. Яагаад гэвэл хүү маань 1 нас 8 сартайгаас хойш 2017 оны 05 сар хүртэл манай аав, ээж дээр өссөн. Ээж маань бурхан болсноос хойш С.Ш- хүүгээ аваад явсан. 2017 оны 10 сард эргэж нийлэхэд хүү, охин бид 4 хамт амьдарч байсан. Охин эхлээд надтай хамт байсан. Дараа нь охины нүдэн дээр хатиг гараад түүнийг хүндрүүлсэн. С- эмнэлэгт аваад хэвтэхэд нь С.Ш- ирээд охиноо өөрөө авсан юм байна лээ. Би шоронд байсан учир сайн мэдэхгүй байна. Хүүхдүүдийг аваад явснаас хойш надтай уулзуулж утсаар яриулдаггүй. Би буруу зүйл хийсэн, яахав гэхэд хөгшин өвөөтэй нь уулзуулчихдаггүй. Манай гэр бүл С- болон түүнээс гарсан хүүхдүүдийг зөвшөөрдөггүй. С-ийг гэр орондоо ч оруулдаггүй. Хүү маань нэгдүгээрт удам залгах ганц хүү маань. Мөн би одоо ажилтай, сургууль болон эдийн засгийн асуудал дээр хангалттай дэмжиж чадна. Архи уухаа болиод амьдралын төлөө зүтгэдэг болсон. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авбал ээжээс нь тэтгэмж авахгүй. Хашаа байшингийн хувьд 2017 онд бусдад зарсан” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Ш- нь хариуцагч Р.С-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө ......... аймгийн .......... сумын .......... баг, .......... хэсэг, ......... тоотод байрлах газар, хувийн сууцаас 2 хүүхэд болон өөрт ногдох хэсэг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус гаргажээ.

 

            Гэрлэгчид болох С.Ш-, Р.С- нар нь 2009 оны 11 сарын 20-ны  өдөр гэр бүл болсныг 2009 оны 11 сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2011 оны 01 сарын 05-ны өдөр хүү А.А-, 2014 оны 05 сарын 11-ний өдөр охин А.Ар- нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

            Гэрлэгчид нь 2016 оноос тусдаа амьдарч байгаа, хариуцагч Р.С- нь мөн оноос өөр бусадтай хамтын амьдралтай болж, тэдний дундаас хүүхэд төрсөн, цаашид хэн аль нь гэр бүлийн хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа зэрэг нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар гэрлэгчид маргаагүй байна.

 

            Мөн хариуцагч Р.С- нь нэхэмжлэгч С.Ш-тэй гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаандаа түүний биед удаа дараа халдаж, зодож байсан болох нь хариуцагч Р.С-гийн шүүх хуралдаанд гаргасан “...Би архи маш их уудаг, архины хамааралтай байсан. Согтуу үедээ ямар үйлдэл хийснээ мэддэггүй байсан бөгөөд С.Ш-ийг 6-7 удаа зодож байсан байх. Архи уусан үедээ араатан шиг болдог байсан нь үнэн. С.Ш-т гар хүрч, гэмтэл учруулж байсан...” гэсэн тайлбар, 2019 оны 12 сарын 23-ны өдрийн С.Ш-ийн цагдаад гаргасан өргөдлийн дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр 2020 оны 01 сарын 06-ны өдөр шүүхээс 7 хоног  баривчлах шийтгэл хүлээсэн болох нь Р.С-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

            Хэрэгт дээр дурдсан шийтгэл ногдуулсан шийдвэр нотлох баримтаар авагдаагүй боловч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар энэхүү үйл баримт тогтоогдож байна гэж үзсэн болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан бөгөөд дээрх нөхцөл байдал, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

            Хариуцагч Р.С- нь хүү А.А-, охин А.Ар- нарыг өөрийн асрамжиндаа авна гэж маргаж байгаа боловч хүү А.А-ын саналыг авсан тэмдэглэл, хүүхдүүдийн нас болон эцэг, эхийн халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан 2011 оны 01 сарын 05-ны өдөр төрсөн хүү А.А-, 2014 оны 05 сарын 11-ний өдөр төрсөн охин А.Ар- нарыг эх С.Ш-ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Р.С-гаас тэтгэлэг гаргуулж, хүү А.А-, А.Ар- нарт олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Ш- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ......... аймгийн .......... сумын ........ баг, ............. хэсэг, ........ тоотод байрлах газар, хувийн сууцаас 2 хүүхэд болон өөрт ногдох хэсэг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад энэхүү шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар эд хөрөнгийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч С.Ш-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Р.С-гаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагуудад ногдох тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу тооцон гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Д овогт С-ын Ш, Х овогт Р-ийн А- нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 01 сарын 05-ны өдөр төрсөн хүү А.А-, 2014 оны 05 сарын 11-ний өдөр төрсөн охин А.Ар- нарыг эх С.Ш-ийн асрамжид үлдээсүгэй.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2011 оны 01 сарын 05-ны өдөр төрсөн хүү А.А-, 2014 оны 05 сарын 11-ний өдөр төрсөн охин А.Ар- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эцэг Р.С-гаас тэтгэлэг гаргуулсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ш-ийн .......... аймгийн .......... сумын ........ баг, ......... хэсэг, ........ тоотод байрлах газар, хувийн сууцнаас 2 хүүхэд болон өөрт ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ш- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Р.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 133,185 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай

 

            6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

           

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.

 

            8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ