Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 11

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал,  

Хохирогч М.Т,

Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Тгийн гомдлыг үндэслэн Ш.От холбогдох 1928000000164 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 1, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч Ш.О нь Өмнөговь аймаг, Булган сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хашаатын худаг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Т маргалдан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд цээжний зүүн тал руу нь өшиглөж, мөн оны 11-р сарын 08-ны өдрийн 11 цагийн орчимд нүүрэн тус газарт нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь шүүгдэгч Ш.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.         

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.О хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.От шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т 88.490 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Ш.От холбогдох 2019/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолтой танилцаад зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр шийтгэснийг уг хэргийг яллан шийтгэх Эрүүгийн хуулийн зүйлчлэл дутуу гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 бүлэг /Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг, 13.5 дугаар /Занал хийлгэх/ ялангуяа 13.5 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ял шийтгэхийг орхигдуулсан гэж үзэж байна. Учир нь:

шүүгдэгч Ш.О нь үзүүртэй төмөр түлхүүрээр / зэвсэг/ хэрэглэн миний нүдийг сохолно гэж 3 удаа нүүрэн тус газар урж шархлуулсан мөн машинд хүчээр суулган онхолдуулж ална гэж 2 удаа амь насанд ноцтойгоор заналхийлсэн нь энэ зүйл ангид шийтгэгдэх үндэслэл гэж үзэж байна. Шүүгдэгч Ш.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт худал хэлсэн зүйл олон байна. Иймд хэргийг дахин шалгаж шүүх өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь хохирогч М.Т давж заалдах гомдлыг үндэслэн Ш.От холбогдох 1928000000164 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хяналтын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хохирогч М.Т нь мөрдөн байцаалтын шатанд өөрийн өгсөн мэдүүлгийг буруу, дутуу бичсэн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл нотлох баримт болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Т хохирогчоор тогтоож нэг удаа мэдүүлэг авч, мэдүүлгийг 5 хуудсанд бичсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байх боловч сүүлийн хуудсанд мэдүүлэг өгсөн М.Т, мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтан нар гарын үсэг зурж, бусад хуудсанд  хохирогч, албан тушаалтан гарын үсгээ зураагүй нь тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Мөрдөгч мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг бэхжүүлэх үүргээ биелүүлээгүй хуульд заасан журам зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцох боломжгүй. Энэ нь мөрдөгч, прокурорыг хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, хохирогчийн мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.2, 1.7-д заасан нотлох баримтыг гаргаж өгч хэрэгт бэхжүүлэх, мэдүүлэг өгөх эрхийг хязгаарласан гэх үндэслэл болж байна. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн энэ зөрчлийг анхаараагүй, нотлох баримтыг цуглуулах талаар хуульд заасан журам зөрчигдсөн хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйл, 1.6 дугаар зүйлд зааснаар прокурор нь хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг чанд сахиж, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох нь үүргээ биелүүлээгүй гэж үзэн хохирогчоос хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авч, улмаар мотоциклийн эвдрэлд учирсан хохирлыг хэмжээг бүрэн тогтоох нь зүйтэй  гэж үзэв. Хохирогчийг 60 хуудас хавтаст хэргийн материалтай танилцуулсан гэх баримт авагдсан боловч уг баримт хэргийн 58 дугаар хуудсанд дугаарлагдсан, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хуульд заасан журмаар дуудсан баримт хэрэгт авагдаагүй зэрэг нөхцөл байдлаас түүний 60 хуудастай материалтай танилцаагүй гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Хэдийгээр хохирогч хууль мэдэхгүй нь түүнийг зөвтгөх үндэслэл болохгүй ч түүнд эрх, үүргийг тодорхой тайлбарлан ойлгуулах, анхааруулах нь шүүх, прокурор, мөрдөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулийн заалтыг чанд сахих зарчим хэрэгжих шаардлагад нийцнэ.

Иймд хохирогчийн хохирлын хэмжээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зөрчигдсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч Ш.О 2019 оны 11 дүгээр сарын 07, 08-ны өдрийн хоёр үйлдэлд нь Эрүүгийн хуулийн нэг зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн, шүүх уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр буюу хоёр өдрийн үйлдлээр хангасан  эсэхэд шүүх, прокуророос дүгнэлт хийгээгүй байгааг магадлалд тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/156 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ш.От холбогдох 1928000000164 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь  аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ш.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                         ШҮҮГЧИД                                     Х.ГЭРЭЛМАА

                                                                                              Т.БЯМБАЖАВ