Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0590

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0503 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц

Хэргийн индекс: 128/2025/0149/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0503 дугаар шийдвэрээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 14 дүгээр зүйлийн 14.8.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,376,036 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/4658 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,376,036 төгрөгийг нөхөн олгох шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн OP-04/0619 дугаартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.4.4 дэх заалт, 2.4.7 дахь заалтыг хооронд нь харьцуулж үнэлж үзээгүй, ямар нөхцөлд хэрэгжих заалт гэдгийг тодруулж шийдвэртээ тусгаагүй гэж үзэж байна.Тус гэрээний 2.4.4 дэх заалт нь тухайн оны сар бүрийн хөнгөлөлттэй олгосон эмийн үнийн нэхэмжлэлийг дараа сарын 05-ны өдрийн дотор цахимаар болон албан бичгээр хүргүүлэх тухай бөгөөд харин 2.4.7 дахь заалт нь тухайн оны 06, 12 дугаар саруудын нэхэмжлэхийг төсвийн цагалбар хугацаатай холбогдуулж дараа сарын нэхэмжлэлтэй хэрхэн хүргүүлж хянуулах тухай юм. Ингэхдээ 06, 12 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдрийн хоорондох болон дараа сарын нэхэмжлэлтэй хамт яг хэдний өдөр хүргүүлэхийг гэрээнд тухайлан тодорхой заагаагүй атал анхан шатны шүүх тухайн сарын 05-ны өдөр хүргүүлэх ёстой гэж шууд дүгнээд хугацаа хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.2. Хууль, гэрээгээр нарийн тодорхойлж заагаагүй тохиолдолд нэхэмжлэгч талын эрх ашгийг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Хэрэгт нэхэмжлэгч талын 2022 оны 12 дугаар сар, 01 дүгээр сарын хөнгөлөлттэй олгосон эмийн үнийг нэхэмжилсэн Орхон аймгийн Эрүүл мэндийн хэлтсийн ирсэн бичгийн бүртгэл, цахимаар илгээсэн баримтуудаас харахад хугацаа хоцроосон нөхцөл байдал тогтоогдоогүй атал анхан шатны шүүх 2.4.7 дахь заалтыг хэрэглээгүй, 2.4.4 дэх заалтыг хэрэглэж хугацаа хоцроосон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2.3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11.3 дахь хэсэг “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгох ...” гэж заасны дагуу иргэд, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнийн нэхэмжлэх нь гүйцэтгэлээр нэг бүрчлэн таарч баталгаажсан, иргэдэд хөнгөлөлттэй эм олгох үйлчилгээг бодитой үзүүлсэн, “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээний гэрээ”-ний 2.1.7.2 дахь хэсэгт зөвхөн гэрээний 2.4.4-т заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч хянахаас татгалзах зохицуулалттай тул манай төлбөрийн нэхэмжлэлийг гэрээний 2.4.7 дахь заалтад хамруулж бүрэн олгохоор шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

2.4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зорилт нь эрүүл мэндийн албан журмын даатгалын зарчим, хамрах хүрээг тогтоож, Монгол Улсын иргэн бүрд эрүүл мэндийн даатгалд хуулийн дагуу даатгуулж шимтгэл төлөх, даатгуулагчдад эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэгч байгууллага, төр, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага буюу нэхэмжлэгч мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй”, 13.1.1-д “даатгуулагчдад үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх”, эрхтэй, хариуцагч уг төлбөрийг төлөх үүрэгтэй, нөгөө талаас зөвхөн цахимаар нэхэмжлэлийг хоцроож ирүүлсэн гэх агуулгаар манай компанийн хуулиар олгосон эрхийг хязгаарлахгүй үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хууль буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д ХХК-аас “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,376,036 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 02/4658 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,376,036 төгрөгийг Д ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3. Анхан шатны шүүх “... шүүхээс нэхэмжлэгч Д ХХК-ийн [email protected] цахим хаягт үзлэг хийхэд тус компани 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тухай нэхэмжлэхийг 2023 оны 01 дүгээр сарын нэхэмжлэхийн хамт 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 24 минутад илгээсэн байх боловч энэхүү нэхэмжлэх, холбогдох материалыг эрх бүхий байгууллага хүлээн авсан талаарх баримтаар нотлогдоогүй. Нөгөөтээгүүр Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч Д ХХК-ийг дээрх гэрээгээр тогтоосон хугацаанд нэхэмжлэхээ хүргүүлсэн гэж тооцсон ч тус компанийн хувьд гэрээгээр тохиролцсон хугацааг хожимдуулан мэдээллээ хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/4658 албан бичгээр “...төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэх боломжгүй ... татгалзал үндэслэлтэй”” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч “Дүйчинравжаа ХХК нь давж заалдах гомдолдоо “... Хууль, гэрээгээр нарийн тодорхойлж заагаагүй тохиолдолд нэхэмжлэгч талын эрх ашгийг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Хэрэгт нэхэмжлэгч талын 2022 оны 12 дугаар сар, 01 дүгээр сарын хөнгөлөлттэй олгосон эмийн үнийг нэхэмжилсэн Орхон аймгийн Эрүүл мэндийн хэлтсийн ирсэн бичгийн бүртгэл, цахимаар илгээсэн баримтуудаас харахад хугацаа хоцроосон нөхцөл байдал тогтоогдоогүй атал анхан шатны шүүх 2.4.7 дахь заалтыг хэрэглээгүй, 2.4.4 дэх заалтыг хэрэглэж хугацаа хоцроосон гэж үзсэн нь үндэслэлгүй байна....” гэжээ.

5. Хэрэгт авагдсан Орхон аймгийн эрүүл мэндийн хэлтсээс ирүүлсэн ирсэн бичгийн дэвтэрт Д ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг бүртгэгдсэн, мөн цахимаар [email protected] мэйл хаягаас маргаж буй хугацааны тайлан, нэхэмжлэх зэрэг баримтуудыг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн байхад анхан шатны шүүх эрх бүхий байгууллага хүлээж авсан нь нотлогдоогүй, гэрээгээр тохиролцсон хугацааг хожимдуулан хүргүүлсэн” тул санхүүжүүлэхээс татгалзсан нь үндэслэлтэй” гэж хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийжээ.

5.1. Гэтэл гэрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэх илгээхээр заасан 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нь бүтэн сайн өдөр буюу амралтын өдөр таарсан байна.

5.2. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно”,

33.4-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж тус тус зааснаар 06-ны өдөр хүргүүлснийг хугацаанд нь хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй, анхан шатны шүүх энэхүү хугацаа тоолох журмыг зохицуулсан хуулийг хэрэглээгүй нь буруу болжээ.

5.3. Харин нэхэмжлэгчийн илгээсэн хаяг нь гэрээний хавсралтаар тохирсон хаягаас зөрүүтэй байгаа нь хүлээн авагчийн хаягийг зөв илгээсэн тохиолдолд захиргааны байгууллага тухайн мэйлийг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй бөгөөд хүлээн авч, зохих журмаар хариу өгөх үүрэгтэй.

6. Мөн хариуцагчийн “нэхэмжлэх илгээх хугацаа хоцроосон” байдал нь “санхүүжилтыг бүхэлд нь олгохоос татгалзах” үндэслэл болохооргүй байна.

6.1. Учир нь нэхэмжлэгч Д ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр /ОР-04/013/, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр /ОР-04/0619 тоот/  тус тус байгуулж, уг гэрээний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр суманд Органик эмийн сангаар маргаж буй 2022.12.11-с 2023.02.05-ны өдөр хүртэл хугацаанд даатгуулагчдад эмийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг бодитойгоор үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн тайланд үйлчилгээ авсан даатгуулагчдын нэрс, онош, жорын дугаар, үзүүлсэн хөнгөлөлт зэргийг тусгаснаас үзвэл хууль болон гэрээнд заасан үндсэн үүргээ биелүүлсэн байна, харин хариуцагч нь хүлээн авч чанарын хяналт хийгээгүй байна.

6.2. Уг гэрээний 2.4.4, 2.4.7-д заасан хугацаанд үзүүлсэн үйлчилгээнийхээ баримт болох нэхэмжлэхийг “... дараа сарын 05-ны дотор хүргүүлэх” гэж заасан хугацаанд ирүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагч Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23/07 тоот албан бичгээр нэхэмжлэгч Д ХХК-д олгох 7,376,036 төгрөгийн нэхэмжлэхийг хянаж, санхүүжүүлэхээс татгалзсан нь дараахб айдлаар хууль зөрчсөн байна.

6.3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.7-д “даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах,

 16 дугаар зүйлийн 16.1.5-д “даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, энэ хуулийн 14.8.7-д заасан журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох” гэж тус тус заасан.

6.3.1. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.1.6-д “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.8.7-д заасан холбогдох журмын шалгуурыг хангаагүй тусламж, үйлчилгээний тохиолдлын төлбөрийг санхүүжүүлэхгүй байх” гэж заасан боловч нэхэмжлэхийг хүлээн авч хяналт хэрэгжүүлээгүй тул хуулийн дээрх үндэслэлээр санхүүжилт олгоогүй гэж үзэхгүй.

6.4. Харин гэрээний 2.4.4-т “тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсхүл, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх” гэж, 2.4.7-д “төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглабартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хуанлийн 2 хоногт багтаан ирүүлж, 11-ний өдрөөс тухайн сар дуусталх хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган хүргүүлэх” гэж,

4.2-т “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч энэхүү гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутган, хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаар гэрээгээр зохицуулсан харилцааны тухайд маргаан үүссэн тул тухайн заалтын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай.

6.4.1. Энэхүү гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52.2.Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно: 52.2.1. төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд;” гэж заасны дагуу байгуулагдсан захиргааны гэрээ байна

6.4.2. Мөн хуулийн 58.1.Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ.” гэж заасан

Гэтэл уг гэрээнд талуудын Хариуцлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар Дөрөвдүгээр хэсэгт заахдаа Иргэний хуулийн суурь зохицуулалтыг хэрэглээгүй нь уг маргаан гарах шалтгаан болсон байх тул уг хуулийг хэрэглэж, гэрээнд зааснаар санхүүжилт олгохоос татгалзсан хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй, хэрэглэх хуулийг хэрэглээгүй байна.

6.4.3. Хариуцагч нь тус гэрээний 4.2-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутган, хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг хэрэглэхгүй, учир нь хариуцагчаас “нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаандаа нэхэмжлэлээ ирүүлээгүй” гэх тайлбар гаргадаг боловч гэрээний тухайн заалт нь Иргэний хуульд заасан “үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлэх”-тэй холбоотой суурь зохицуулалтын агуулгад нийцээгүй байна.

6.4.4. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж, 232 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг зохицуулсан бөгөөд “232.1.Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж тус тус заасан.

6.4.5. Үүнээс үзвэл “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэг бол тохиолдсон этгээдийн гэм буруугүйг илэрхийлэх, өөрөөс нь үл хамаарах, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал учирсан байдаг бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон бол анз төлүүлэхээр гэрээнд тохирох нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.

Харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ гүйцэтгээгүй, эсхүл хугацаа хэтрүүлсэн тохиолдолд анз төлөхөөр тохирч болохоор байна.

6.4.6. Энэхүү маргааны тохиолдолд гэрээнд заасан үндсэн үүргээ нэхэмжлэгч компани биелүүлж, даатгуулагчдад хөнгөлттэй эмээр үйлчилгээ үзүүлчихсэн /чанарын тухайд зохих журмаар хяналт хэрэгжүүлэх эрх нь хариуцагчид нээлттэй/ байхад үзүүлсэн үйлчилгээнийхээ нэхэмжлэхийг ирүүлэх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр санхүүжилтийг бүхэлд нь олгохоос татгалзсан нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгох бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрээний дагуу зардлын урьдчилгаа төлбөр олгож болно.” гэж заасныг зөрчсөн байна.

Үүний улмаас нэхэмжлэгч Д ХХК-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй: 13.1.1.даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх;” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. 

Харин мөн зүйлийн 13.1.2-д “эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах;” үүргийн тухайд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн нэхэмжлэхийг хүлээн авч, чанарын хяналтаа хэрэгжүүлж зохих журмаар санхүүжилт олгох эрх нь нээлттэй байна.

7. Дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, зохих журмаар нэхэмжлэгчид төлбөрийг олгохыг даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 124/ШШ2025/0503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.3, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 16 дугаар зүйлийн 16.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,376,036 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/4658 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, Д ХХК-ийн “даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,376,036 төгрөгийн нэхэмжлэх”-ийг хүлээн авч, зохих журмаар нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

 

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ