Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 969

 

 

 

Ё.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Туулыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 103/ШШ2018/00072 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ё.Эгийн хариуцагч Б 131-ийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/84, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, бүлгийн багшаар эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц, хариуцагчийн төлөөлөгч Т.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ё.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр боловсролын байгууллагад тасралтгүй 25 жил ажилласан тэтгэмжээ авна гэж хүсэлт гаргасан ч тухайн үед хуульд өөрчлөлт орсныг мэдээгүй байсан. Нэг удаа тэтгэвэр тогтоолгоход олгогддог буцалтгүй мөнгөн тэтгэмж 2017 оны 5 дугаар сард 131 дүгээр цэцэрлэгийн дансанд шилжин ирж 12 дугаар сарын 15-ны өдөр мөнгийг авсан. Эрхлэгч н.С нь энэ мөнгөөр барьцаалж мөнгө дансанд орсон цагаас эхлэн мөнгөө авахгүй бол дахиад хэзээ ч олдохгүй, ажлаа өг, цаашид ажиллуулахгүй, ажилд авах хүн бэлэн байна гэх зэргээр сүрдүүлэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өрөөндөө дуудан өөртөө ашигтай байдлаар уш хүсэлтийг бичүүлж авсан. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/84 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, мөн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажиллуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 тоот тушаалыг гаргасан боловч тухайн үед гардуулж өгөөгүй 01 дүгээр сарын 23-ны өдөр гардуулсан. Хугацаагүй ажиллах хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг тул уг тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэтгэврийн эрх үүсээгүй, өөрөө хүсээгүй хөдөлмөрийн чадвараа алдаагүй байхад 60 нас хүрсэн тохиолдолд олгогддог 1 удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг авсан гэж ажлаас чөлөөлөх шийдвэр гарган, үндсэн цалинг ТҮБД 4-5 шатлалаар 608 457 төгрөгийн цалинтай, зэргийн нэмэгдэл 10 хувь 60 845 байхад нь ТҮБД 4-1 шатлалаар сарын цалинг бууруулан 535 286 төгрөгийн цалинтай болгон зэргийн нэмэгдлийн 10 хувийг 53 528 болгож өөрийн үзэмжээр албан тушаалаа хэтрүүлэн, цалинг бууруулж түр тушаал дээр ажиллуулж байгаа нь Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна. Эрхлэгч н.С нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг өгсөн. Тэтгэмжийн мөнгө дансанд орж ирснээс хойш ажлын байранд асар их дарамт шахалт үүсгэсэн, тэтгэврийн мөнгө авах хүсэлт гаргасан боловч тэтгэвэрээ тогтоолгоогүй, хөдөлмөрийн чадвараа алдаагүй, цаашид ажиллах хүсэлтэй байгаа тул цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/84, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, бүлгийн багшаар эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б 131-ийн эрхлэгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ё.Э нь Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт 25 жил ажиллаж байгаа тул 2017 онд тэтгэвэрт гаргаж өгнө үү гэсэн өргөдлийг анх 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бичиж өгсөн байсан. Энэ дагуу 2017 оны 5 дугаар сард манай байгууллагын дансанд тэтгэвэр тэтгэмжийн мөнгө орж ирсэн тул нэхэмжлэгчтэй ярилцаад эмэгтэй хүнийх нь хувьд 6 сар үргэлжлүүлэн ажиллуулахаар ярилцан тохиролцож, өөрийнх нь хүсэлтээр гаргасан өргөдлийнх нь дагуу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/84, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалуудыг гаргасан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Хорол овогт Ё.Эгийн нэхэмжлэлтэй, Б 131-т тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/84, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, бүлгийн багшаар эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Эрхлэгч н.Нийг ажиллаж байх үед өгсөн өргөдлийн дагуу 2017 оны 05 дугаар сард тэтгэмжийн мөнгө цэцэрлэгийн данс руу орж ирсэн. Энэ үеэс эхэлж хариуцагчийн төлөөлөгч дарамталж, түүний зааж өгч бичүүлснээр нь тэтгэмжийн мөнгөө авсан. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б/84, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 тоот тушаалуудыг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эрхлэгчээс гуйж авсан. Тушаалуудыг харуулаагүй, гардуулж өгөөгүй. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 тоот тушаалаар 6 сар түр ажиллуулсан. Дээрх 2 тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн. Ажлаас чөлөөлсөн тушаал нь 50 нас 7 сартай байхад гарсан. Нэхэмжлэгч тэтгэвэр тогтоолгоогүй, хөдөлмөрийн чадвараа алдаагүй. Тушаалуудаас харахад нэхэмжлэгчийн санаачилагаар бус ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь илт байна. Анхан шатны шүүхийн шүүгч н.Э нотлох баримттай танилцуулаагүй атлаа хэргийн 19 дүгээр талд уг баримт эх хувиараа авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн тушаал нь би өөрийн албан тушаал дээрээ түр ажиллаж байгаа тушаал байна. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ё.Э нь хариуцагч Б 131 дүгээр цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/84, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, бүлгийн багшаар эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1-2/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.23/

 

            Хариуцагчийн төлөөлөгч Т.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоол, Ё.Эгийн өндөр насны тэтгэвэрт гарах тухай өргөдөл зэргийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/84 дугаартай тушаалаар Ё.Эг бүлгийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар бүлгийн багшийн ажилд түр хугацаагаар буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл томилон ажиллуулж байгаа болох нь зохигчдын тайлбар, тушаал, бичмэл баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэжээ. /хх.5-6, 40-50, 34-38/

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Хэргийн 37-38 дугаар талд авагдсан “...2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлттэй тул тэтгэмжийн мөнгийг төрийн банкны дансанд оруулж өгнө үү”, “...өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгон гарах тул бүлгийн багшаар түр ажиллуулна уу” гэсэн агуулгатай өргөдлүүд нь бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй, хуулбар баримт байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Мөн хуулийн 44.4 дах хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах зохицуулалт нь мэтгэлцээнд оролцож буй хэргийн оролцогч талуудад хамаарахгүй, харин шүүхийн журмаар бүрдүүлэх нотлох баримтад хамаарах ойлголт болохыг шүүх анхаараагүй нь буруу юм.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар ажил албан тушаалын жагсаалт, бүтэц орон тоо батлах тухай тушаал, А/01 дугаарын хавсралт 1, хавсралт 2, 1990 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар 15 тоот ажилд түр авах ба ажлаас өөрчлөх тухай тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/07 тоот мэргэжлийн зэрэг олгох тухай баримтуудад хариуцагч тал өөрийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан байна. /хх.13-16,30-31/

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 103/ШШ2018/00072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                                  ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ