| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0197/э |
| Дугаар | 2023/ШЦТ/195 |
| Огноо | 2023-06-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч Н.Ганбаатарын өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Ж.Гантулга, Т.Должмаа нарын өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч Н.Ганбаатар, Ж.Гантулга, Т.Должмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Насантогтохын Ганбаатар, Ухаанууд овогт Жигжиджавын Гантулга, Хатиган овогт Төмөрчулууны Должмаа нарт холбогдох эрүүгийн 2321001190190 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Хатагин овогт Насантогтохын Ганбаатар /РД: ЖГ 95022617/.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 27-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ухаанууд овогт Жигжиджавын Гантулга /РД: ЖГ 90091476/.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Ди эйч би” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 7-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Хатиган овогт Төмөрчулууны Должмаа /РД: ЖГ 81042576/.
Шүүгдэгч Насантогтохын Ганбаатар, Жигжиджавын Гантулга, Төмөрчулууны Должмаа нар нь бүлэглэн “Пробокс” маркийн 49-65 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Баавар өндөр” гэх газраас иргэн Н.Энхболдын 1 тооны үхрийг нядалж, хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Ж.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Т.Должмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Хатагин овогт Насантогтохын Ганбаатар, Ухаанууд овогт Жигжиджавын Гантулга, Хатиган овогт Төмөрчулууны Должмаа нар нь 2023 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Баавар өндөр” гэх газраас хохирогч Н.Энхболдын 1 тооны үхрийг 49-65 ДОА улсын дугаартай, Toyota Probox маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Н.Ганбаатарын “...Должмаа, Гантулга бид гурав 2023 оны 02 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд аймгийн төвөөс Булган сумын 4 дүгээр баг, “Баавар өндөр” гэх газар буюу манай төрсөн ах Энхболдын өвөлжөөн дээр очсон. Өвөлжөөн дээрээс бид 1 тооны ухаа зүсмийн нас бие гүйцсэн эр үхэр бариад Энхболд ахын өвөлжөөнөөс зүүн хойшоо гаргаж нядалсан. Үхрээ нядалж дуусаад махыг нь Должмаа ахын ажлынх нь газрын Пробокс маркийн цагаан өнгийн машинд ачиж аймгийн төв рүү шөнө 00 цагийн орчимд хөдлөөд 03 цагийн орчимд очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/,
шүүгдэгч Ж.Гантулгын “...Должмаа залгаад “Ганбаатар Булган сумын 4 дүгээр баг руу явж гэрээсээ нэг тооны үхэр хийж ирэх гэсэн юм, цуг яваад ирье” гэхээр нь би хамт явахаар болсон. Ингээд Ганбаатар, Должмаа нар нь цагаан өнгийн Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй ирэхээр нь би сууж бид гурав Булган сумын 4 дүгээр багт Ганбаатарын ах Энхболдын эзэмшлийн хашаанд ирсэн гэдгээ очоод мэдсэн. Бид 3 шөнийн 00 цагийн орчимд тухайн хашаанд очсон ба олон үхэр хэвтэж байсан. Ганбаатар нэг тооны ухаа зүсмийн үхэр рүү заахаар нь Должмаа ах бугуйлдаж бариад хашаанаас гаргаж зүүн зүгт 200 орчим метр газарт очиж би тухайн үхрийг цохиж унагаан бид гурав нийлж нядалж жижиглэсэн. Тухайн үхрийн махыг Должмаа ахын унаж явсан Пробокс маркийн машин дээр ачиж аймгийн төв рүү хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/,
шүүгдэгч Т.Должмаагийн “...Ганбаатар “манай ахын үхэр хөдөө хэвтэж байгаа, тэндээс нэг тооны үхэр нядалж аваад ирье, би өрөнд ороод мөнгө хэрэгтэй байна, та надад машинтайгаа цуг явж өгөөч” гэж гуйгаад байсан. Би түүнд зөвшөөрч орой 21 цагийн орчимд манай гэрээс Булган сумын 4 дүгээр баг, Ганбаатарын төрсөн ах Энхболдын үхэр хэвтэж байгаа хашаа руу нь явахаар болсон ба аймгийн төвөөс гарахдаа Гантулга руу залгаж “ханиндаа Булган сум руу яваад үхэр хийгээд ирье” гэж хэлээд Гантулгыг авч явахаар болсон. ...шөнө 00 цагийн орчимд Булган сумын 4 дүгээр баг, Энхболд гэх хүний эзэмшлийн үхэрнүүд хэвтэж байгаа хашаан дээр очиж нэг тооны ухаа зүсмийн үхэр авч хашаанаас зүүн хойшоо чигт хэсэг явж байгаад нядалж махыг нь миний унаж явсан Тоёота Пробокс маркийн 49-65 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж аймгийн төв руу хөдөлж шөнийн 03 цагийн орчимд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Н.Энхболдын “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед манай хадам Гантулга манай гэрийн утас руу залгаж “танайх саравчин /хашаа/ дээрээ үхэр махлаа юу” гэж асуухаар нь “үгүй” гэж хэлээд хашаан дээрээ очиж үзтэл малын хашаанаас зүүн тийш 200 метр орчим зайд махлаад гэдэс дотрыг нь орхиод явсан байсан. Ингээд үхрүүд дээрээ очиж бүртгэхэд мухар ухаа зүсмийн эр үхэр байхгүй байсан. ...Гантулга, Должмаа, Ганбаатар нар нь надаас үхэр гуйж огт ярьж байгаагүй. Миний хувьд дээрх хүмүүст өгөх өглөг огт байхгүй. ...Алдсан мухар ухаа зүсмийн нас бие гүйцсэн үхэр нь миний өөрийн үхэр байгаа юм. Манай үхрийг хулгайлсан хүмүүсээс хохирлоо бүрэн авсан, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-39/,
гэрч Ц.Дариймаагийн “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр намайг гэрт байхад манай хүү Должмаа орж ирээд “ээж виза картаа өгөөч, мөнгө хийлгээд авах гэсэн юм” гэхээр нь өөрийн тэтгэврийн ... тоот данстай картаа өгөөд явуулсан. Маргааш өдөр нь Должмаагийн гэрт очиход Должмаа “та картаа ав, Ганбаатар танаас зээлсэн 160,000 төгрөгөө 200,000 төгрөг болгож дансанд чинь үлдээсэн шүү” гэхээр нь би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 200,000 төгрөгөө авч хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
гэрч Т.Оюунчимэгийн “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр над руу нэг залуу утсаар залгаад “1 эр үхэр танай худалдагчид хиллээд үлдээчихлээ, малын бичиг аваад ирье” гэхээр нь “за тэг” гээд тасалсан. Над руу орой 17 цагийн үед “эгчээ маргааш бичиг авч өгнө, одоо мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь 2,000,000 төгрөгийг Ц.Дариймаа гэх хүний данс руу хийчихээд тухайн залуу руу “чи бичгээ өгөөд үлдэгдэл мөнгөө аваарай” гэж хэлээд тасалсан. Тухайн үхэр нь 265 кг жинтэй үхэр байсан. Тухайн үеийн үхрийн ханш 8500 төгрөгөөр авч байсан. Нийт 2,252,000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20/, прокурорын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/, Ц.Дариймаагийн ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 28-29/, хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ДЦ-23-135 тоот, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ДЦ-23-154 тоот дүгнэлт /хх-ийн 61-64, 71-75/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Н.Ганбаатар, Ж.Гантулга, Т.Должмаа нар нь хохирогч Н.Энхболдын эзэмшлийн 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлж, бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Н.Ганбаатар, Ж.Гантулга, Т.Должмаа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч Н.Ганбаатар, Ж.Гантулга, Т.Должмаа нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, тэдгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Энхболдод 1 тооны үхрийн үнэ буюу 1,800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Ганбаатар, Ж.Гантулга, Т.Должмаа нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Ганбаатар, Ж.Гантулга, Т.Должмаа нарт прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Н.Ганбаатар, Ж.Гантулга, Т.Должмаа нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 11,475,000 төгрөгийн үнэлгээтэй, 49-65 ДОА улсын дугаартай, Toyota Probox маркийн тээврийн хэрэгсэл Ч.Сүхээгийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Ганбаатар, Ж.Гантулга, Т.Должмаа нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 11,475,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 49-65 ДОА улсын дугаартай, Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Энхболд нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатагин овогт Насантогтохын Ганбаатар, Ухаанууд овогт Жигжиджавын Гантулга, Хатиган овогт Төмөрчулууны Должмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Насантогтохын Ганбаатар, Жигжиджавын Гантулга, Төмөрчулууны Должмаа нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганбаатар, Ж.Гантулга, Т.Должмаа нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 11,475,000 /арван нэгэн сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.Ганбаатар, Ж.Гантулга, Т.Должмаа нараас тус бүр 3,825,000 /гурван сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 49-65 ДОА улсын дугаартай, Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Энхболд нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ганбаатар, Ж.Гантулга, Т.Должмаа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА