| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0198/э |
| Дугаар | 2023/ШЦТ/199 |
| Огноо | 2023-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч О.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баруунхуасай овогт Отгонтуяагийн Бат-Оргилд холбогдох эрүүгийн 2321000000196 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Гарам” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баруунхуасай овогт Отгонтуяагийн Бат-Оргил /РД: ЖЛ 92111218/.
Шүүгдэгч Отгонтуяагийн Бат-Оргил нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, “Гарамын ухаа” гэх газарт орших өөрийн өвөлжөөн дээр бусадтай архидан согтуурах явцдаа иргэн Н.Анхбаярыг архи уугаад унтаж байхад нь нүүрэн тус газарт нь цохиж Н.Анхбаярын биед уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Бат-Оргил шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Н.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд манай сумын Эрхэмээ, Балдан гэх 2 хүнтэй би өөрийн гэртээ архи ууж эхэлсэн. Ингээд бид гурав нэг шил архи хувааж уусан бөгөөд түүнийгээ дуусгаж өдөр 13 цагийн орчимд манай гэрээс гарч малаа харах, услах зэрэг ажил хийж яваад сумынхаа нэг залуутай таарч түүнээс 2 шил архи мөнгөөр нь худалдаж авсан. Балдан, Эрхэмээ бид гурав явж байгаад 14 цагийн орчимд худаг дээр очиход Папино гэх хочтой Бат-Оргил гэх залуу дүү Улаанкаатайгаа байсан. Бид хэд нэг нутаг усны хүмүүс нэг нэгнээ таньж мэдэх учраас надад байсан 2 шил архийг Баянтүмэн сумын 3 дугаар баг, “Гарамын ухаа” гэх газарт байдаг худгийн зүүн талд Бат-Оргилын малын хашааных нь хажуухан талд хамтдаа ууж суусан. Миний хувьд хэсэг архинаас ууж байгаад унтаад өгсөн. Орой 19 цагийн орчимд нэг хүн намайг гараараа хүчтэй цохих шиг болохоор нь сэрээд харсан чинь Папино хочтой Бат-Оргил гэх залуу миний дээр гараад цохиж байсан. ...Миний зүүн нүдний дээд, доод зовхи хавдаж хөхөрсөн, зүүн хацар мөн адил хавдаж хөхөрсөн. Мөн доод уруул язарч хавдсан байдалтай байна. Толгой хөдөлсөн байна. Энэ гэмтлүүдийг Бат-Оргил гэх залуу миний биед халдаж учруулсан. Бат-Оргил миний нүүр хэсэгт хэд хэд цохиод авсан. Би тухайн үед бол унтаж байсан боловч түүнийг 2-3 удаа цохих үед нь шууд сэрсэн. ...Бат-Оргилд цохиулсан үйл явдалд гомдолтой байна. Мөн намайг малыг нь авсан гээд худал үгээр гүтгээд байгаа нэр төрд халдсан асуудалд гомдолтой, шалгуулах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 10-13/
Гэрч А.Ганбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Баянтүмэн суманд Н.Анхбаярын гэрт 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд Анхбаяр, Эрхэмээ нарын хамт нэг шил архи ууж эхэлсэн. Ингээд тэдний гэрт 2 шил архийг бид гурав хувааж уусан бөгөөд би архи хэтрүүлэн ууснаас болж ухаангүй болсон. Орой 19 цагийн орчимд Папино гэх хочтой Бат-Оргил гэх хүний гэрийнх нь баруун урд зүгт байрлах худаг дээр ухаан орсон. Намайг ухаан ороход хамт байсан Анхбаярын нүүрнээс цус гоожсон байдалтай байхаар нь би түүнээс юу болсон талаар асуухад “Папино хочтой Бат-Оргил миний нүүр хэсэгт өшиглөсөн, Бат-Оргил нь намайг бяруу авсан байна” гээд байсан. Тухайн үед би түүний нүүрийг харахад Анхбаярын доод талын уруул нь сэтэрсэн байдалтай байсан. Анхбаярын ярьж байгаагаар энэ гэмтлийг Папино хочтой Бат-Оргил гэх залуу учруулсан гээд байсан...” гэжээ. /хх-ийн 21-22/
Гэрч Н.Эрхэмбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд байх тэгж л санаж байна. Тухайн үед Анхбаярын гэрт нь нэг шил архийг Анхбаяр, Балдан гэж дууддаг Ганбат гэх залуу бид гурав хувааж уусан. Ингээд 14 цагийн орчимд Анхбаярын гэрээс нь бид гурав гарч Баянтүмэн сумын иргэн Бат-Оргил гэгчийн гэрийнх нь баруун талд байрлах малын саравчин дээр нь очиж дахин нэг шил архи уусан бөгөөд бид гуравтай хамт Бат-Оргил гэх залуу болон түүний дүү Улаанкаа гэх залуу нийлээд 5-уулаа ууж байсан бөгөөд би эхний нэг шил архийг дуусмагц л унтаад өгсөн. Орой харуй бүрий болж байхад сэрсэн бөгөөд манай хуурай дүү Анхбаяр нь бусдад зодуулсан байдалтай байж байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад “Бат-Оргил гэх залуу намайг зодсон” гэж байсан. Харин намайг сэрэхэд Бат-Оргил гэх залуу явсан байсан...” гэжээ. /хх-ийн 23-24/
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 289 тоот дүгнэлтэд:
1. Н.Анхбаярын биед уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн дээд доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-30/
О.Бат-Оргил мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Манай өвөлжөөн дээр Анхбаяр, Ганбат, Эрхэмээ бид дөрөв архи хувааж уусан. Манай дүү Ганболор цуг байсан, гэхдээ архи уугаагүй. Архи уугаад сууж байх явцад Анхбаяр намайг дэрлэж хэвтэж байгаад шүлсээ малгай руу хаячихсан. Үүнээс нь болж би Анхбаяртай хэл амаараа маргалдахад “Анхбаяр санаатай шүлсээ хаяагүй” гэх зэргээр хэлээд бид хоёр маргалдаж байгаад би түүний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон юм. ...тухайн өдөр Анхбаяртай уулзахад түүний доод уруул нь язарсан шархтай байгаагүй. Энэ гэмтлийг би түүний нүүр хэсэгт цохиж гэмтэл учруулсан гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 37-38/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/
О.Бат-Оргилын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40-41/
Хохирогч Н.Анхбаярын хүсэлт, хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримт /хх-ийн 45-46/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ болон шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрт 137,500 төгрөг хүлээн авсан тухай баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч О.Бат-Оргилд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Баруунхуасай овогт Отгонтуяагийн Бат-Оргил нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Гарамын ухаа” гэх газарт байх өвөлжөөн дээрээ бусадтай архидан согтуурах явцдаа хохирогч Н.Анхбаярын нүүрэн тус газарт нь цохиж, түүний уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч О.Бат-Оргилын “...би Анхбаяртай хэл амаараа маргалдахад “Анхбаяр санаатай шүлсээ хаяагүй” гэх зэргээр хэлээд бид хоёр маргалдаж байгаад би түүний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон юм. ...тухайн өдөр Анхбаяртай уулзахад түүний доод уруулд язарсан шарх байгаагүй. Энэ гэмтлийг би түүний нүүр хэсэгт цохиж учруулсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Н.Анхбаярын “...19 цагийн орчимд нэг хүн намайг гараараа хүчтэй цохих шиг болохоор нь сэрээд харсан чинь Папино хочтой Бат-Оргил гэх залуу миний дээр гараад цохиж байсан. ...Миний зүүн нүдний дээд, доод зовхи хавдаж хөхөрсөн, зүүн хацар мөн адил хавдаж хөхөрсөн. Мөн доод уруул язарч хавдсан, толгой хөдөлсөн байна. Энэ гэмтлүүдийг Бат-Оргил гэх залуу миний биед халдаж учруулсан. Бат-Оргил миний нүүр хэсэгт хэд хэд цохиод авсан. Би тухайн үед бол унтаж байсан боловч түүнийг 2-3 удаа цохих үед нь шууд сэрсэн...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч А.Ганбатын “...Намайг ухаан ороход хамт байсан Анхбаярын нүүрнээс цус гоожсон байдалтай байхаар нь би түүнээс юу болсон талаар асуухад “Папино хочтой Бат-Оргил миний нүүр хэсэгт өшиглөсөн, Бат-Оргил нь намайг бяруу авсан байна” гээд байсан...” гэх, гэрч Н.Эрхэмбаярын “...Орой харуй бүрий болж байхад сэрсэн бөгөөд манай хуурай дүү Анхбаяр нь бусдад зодуулсан байдалтай байж байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад “Бат-Оргил гэх залуу намайг зодсон” гэж байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 289 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Бат-Оргил нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч О.Бат-Оргил нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч О.Бат-Оргилын үйлдлийн улмаас хохирогч Н.Анхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 289 тоот “...Н.Анхбаярын биед уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн дээд доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч О.Бат-Оргилд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Бат-Оргилыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Бат-Оргил нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Бат-Оргил нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 137,500 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат-Оргилд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Бат-Оргилын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Анхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс 137,500 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч нь 137,500 төгрөгийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогчид төлж барагдуулсан байх тул шүүгдэгч О.Бат-Оргилыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч О.Бат-Оргил нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч О.Бат-Оргил нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баруунхуасай овогт Отгонтуяагийн Бат-Оргилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Отгонтуяагийн Бат-Оргилд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат-Оргил нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч О.Бат-Оргил нь цагдан хоригдоогүй, хохирогч Н.Анхбаярт гэм хорын хохиролд 137,500 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Бат-Оргилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА