Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67

 

 

2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/67                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

Улсын яллагч: Г.Ганбаяр,

Шүүгдэгч: Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Ц-ийн Н-д холбогдох 2328000000103 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.Н нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ерөөл” төвд иргэн Г.Мтэй маргалдаж улмаар хохирогчийн хүзүүнд байсан монетон гинжийг тасалж, “Samsung S22 ultra” маркийн гар утасны дэлгэцийг нь хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Г.Мийн бие махбодид нь халдан зодож, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Ныг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Н шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр 15 цагийн үед ажил дээрээ “Ерөөл” төвд очиход хамт лангуу ажиллуулдаг Галя, Нямжаргал, Сарнай, бас нэг танихгүй эгч дөрвүүлээ сууж байсан. Тэгээд намайг ширээнд суу гэхээр нь би очиж ширээнд суусан чинь Ц.Н нь танилцъя гэхээр нь танилцчихаад сууж байсан чинь Ц.Н чи чинь хөгшин хүүхэн юм билээ шүү дээ гээд 2, 3 удаа хэлсэн. Тухайн үед нь би чимээгүй суугаад байсан чинь дахиад хөгшин хүүхэн гэхээр нь би зөрүүлээд хувьтай нь хөгширдөг цаг болсон шүү дээ гэхэд Ц.Н миний зүүн гар талд сууж байснаа гэнэт л намайг боож арагш нь дараад миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод, дээрээс нулимаад, үснээс зулгааж чирээд, вино шил бариад зүүн мөр хэсэгт цохисон. Тэгэхэд Галя эгч араас нь ирээд дундуур орж салгахаар нь би ажлаас гарч явсан. Ц.Нд цохиулж зодуулснаас болж хүзүү хөдөлж болохгүй хөндүүртэй, толгой өвдөж, зүүн гарын бугалаганы дээд хэсэг, баруун нүдний доод зовхи хөхөрсөн. Мөн Samsung S22 ultra загварын гар утасны дэлгэцийг хагалж, монетон гинжийг тасалж ихэнх хэсэг нь алга болсон байсан. Би шинжээчийн дүгнэлт, үнэлгээний дүгнэлт, зөрчлийн хэргийн материалтай танилцсан байгаа болохоор надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Ц.Н надад учруулсан хохирол болох гар утасны дэлгэц солиулах 1,250,000 төгрөг, монетон гинж авах 760,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 10,000 төгрөг нийт 2,070,000 төгрөгийн хохирол төлөх байснаас 2,080,000 төгрөг төлж 10,000 төгрөг илүү хийсэн байсан. Тухайн үед Samsung S22 ultra загварын гар утасны дэлгэцийг хагалж, монетон гинжний үнэлгээгээр гарсан хохирлыг барагдуулсан. Тэрнээс хойш Улаанбаатар хот руу явж “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад гарсан зардал болон ирж очиход зарцуулсан шатахууны зардал зэрэг нийт 639,934 төгрөгийг нэхэмжилнэ. /хх-ийн 10-11 дэх тал/

 

Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Г.Мийг бас наашаа суу гэж суулгахад вино дуусаж байсан болохоор дахиад 0,5 литрийн архи гаргаж ууцгаасан. Тухайн задалсан архи дуусах дөхчихсөн байх үед Ц.Н нь Г.Мийг чи хөгшин хүүхэн гэсэн шүү дээ, чи хөгшин хүүхэн гээд байсан. Харин М.Г хариуд нь аа тийм үү гээд инээгээд суугаад байсан. Тэгсэн чинь Нямжаргал гэнэт л муухай хашхираад босоод М.Гийн хүзүүнээс зулгаагаад хажуу тийш нь дарчихсан байхаар нь би босож очоод боль боль яаж байгаа юм гэхэд Нямжаргал М.Гийг тавиад өөрийнхөө лангууны хажууд суучихаад муухай орилоод, үсээ сэгсчээд байсан. Тэгж байснаа гэнэт босоод асгасан усаа арчиж цэвэрлэчихээд яваад өгсөн. Тухайн үед би лангууныхаа хажууд хүнд юм авч өгөөд зогсож байсан. М.Гийн биед гэмтэл учирсан зүйл ажиглагдаагүй. Харин ширээн дээр байсан М.Гийн гар утас болон ундаа зэрэг шалан дээр унаад М.Гийн гар утас нь шалан дээр унаад ийм царайтай болчихсон байна гээд маргааш нь надад харуулахад М.Гийн утасны дэлгэц хагарчихсан. Мөн монетон гинжний тал энэ байна гээд тал гинж үзүүлээд тал байхгүй байна гээд хайгаад байсан. /хх-ийн 13-14 дэх тал/

 

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Мийн биед тархины доргилт, баруун нүдний доод зовхи, хүзүүний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 18-19 дэх тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 1264 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Монетон гинж 760.000 төгрөг, S22 ultra  1.250.000 төгрөг нийт үнэ 2.010.000 төгрөг /хх-ийн 25 дахь тал/

 

Шүүгдэгч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 03 сарын 07-ны өдөр 15 цаг өнгөрч байхад хүүхдүүдээ хүргэж өгчихөөд ирэхэд хамт лангуу түрээсэлдэг Галя, Сарнай, Тунгалаг нар Сарнайн лангууны хажууд сууцгаачихсан баяр болох гэж байгаа гээд манай ажлынхан вино задлаад ууцгаасан. Би гурван хундага вино цагаан архи 5 хундагыг уугаад эхний вино дуусч байхад М.Г хүрч ирээд цуг суугаад вино ууцгааж би М.Гтэй танилцсан. М.Г манай ээжийн дүү Отгонбаярын Баатархүүтэй гэр бүл болсон юм билээ. Тэгээд хоорондоо ярьж байгаад М.Г нь би хадам аав ээжийгээ таньдаггүй шүү дээ гэхээр нь яахаараа танихгүй байдаг юм гээд маргаан эхэлж би М.Гийн цамцнаас заамдаж зуурахад М.Г миний үснээс зулгаагаад босохоор нь би зөрүүлж үснээс нь зулгаагаад, зууралдаж байгаад хойшоо унахдаа хажууд байсан ширээг татаж унагасан. Тэгээд бид хоёрыг газар зууралдаад байж байхад Галя эгч бид хоёрыг салгаж босгохоор нь би босож яваад өөрийнхөө лангуу руу очоод лангууныхаа хажууд байсан аяны хүүхдийн сандал байсныг аваад савах үед Галя эгч өмнүүр ороод яаж байгаа юм, лангуугаа хагаллаа боль гэж дундуур орж ирээд нуруу хэсэгтээ цохиулчихсан гэж сүүлд нь ярьж байсан. Тэр үед л Галя эгчийн хармайнаас утас нь унаад дэлгэц нь бага зэрэг хагарчихсан юм билээ. Тэгж байхад М.Гийн нөхөр ирээд авч явсан байсан. Ер нь бид хоёрын маргах болсон шалтгаан нь М.Г хадам ээж, аав хоёрыгоо танихгүй, ямар хүмүүс байдгийг мэдэхгүй гэж хэлснээс болж л хоорондоо маргаж улмаар би М.Гийн цамцнаас заамдаж хоорондоо үсдэлцэж, зууралдаж байгаад хойшоо уначихсан. Би М.Гийн биед зүүн гарын булчин хэсэгт нь хөхрүүлсэн, гар утсыг нь унагаж эвдэлсэн. Гар утасны дэлгэц солиход 1250000 төгрөг, монетон гинжийг нь тасалсан гээд 760,000 төгрөгөөр үнэлэгдэж үнэлгээ хийсэн 60,000 төгрөг нийт 2,070,000 төгрөгийн хохирол учруулсан байснаа хохирогч М.Гт төлж барагдуулсан байгаа. /хх-ийн 30-31 дэх тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 57 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 38 дахь тал/

Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 40-43 дахь тал/

Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 44 дэх тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 48-50 дахь тал/

Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 70 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Г.М, шүүгдэгч Ц.Н нар нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ерөөл” төвд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Ц.Н нь хохирогч Г.Мийн бие махбодид нь халдан зодож хүзүүнд байсан монетон гинжийг тасалж, “Samsung S22 ultra” маркийн гар утасны дэлгэцийг нь хагалсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Мийн: ...Тухайн үед нь би чимээгүй суугаад байсан чинь дахиад хөгшин хүүхэн гэхээр нь би зөрүүлээд хувьтай нь хөгширдөг цаг болсон шүү дээ гэхэд Ц.Н миний зүүн гар талд сууж байснаа гэнэт л намайг боож арагш нь дараад миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод, дээрээс нулимаад, үснээс зулгааж чирээд, вино шил бариад зүүн мөр хэсэгт цохисон. Тэгэхэд Галя эгч араас нь ирээд дундуур орж салгахаар нь би ажлаас гарч явсан. Ц.Нд цохиулж зодуулснаас болж хүзүү хөдөлж болохгүй хөндүүртэй, толгой өвдөж, зүүн гарын бугалаганы дээд хэсэг, баруун нүдний доод зовхи хөхөрсөн. Мөн Samsung S22 ultra загварын гар утасны дэлгэцийг хагалж, монетон гинжийг тасалж ихэнх хэсэг нь алга болсон байсан. /хх-ийн 10-11 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Ггийн: ...Тэгсэн чинь Нямжаргал гэнэт л муухай хашхираад босоод М.Гийн хүзүүнээс зулгаагаад хажуу тийш нь дарчихсан байхаар нь би босож очоод боль боль яаж байгаа юм гэхэд Нямжаргал М.Гийг тавиад өөрийнхөө лангууны хажууд суучихаад муухай орилоод, үсээ сэгсчээд байсан. ...Харин ширээн дээр байсан М.Гийн гар утас болон ундаа зэрэг шалан дээр унаад М.Гийн гар утас нь шалан дээр унаад ийм царайтай болчихсон байна гээд маргааш нь надад харуулахад М.Гийн утасны дэлгэц хагарчихсан. Мөн монетон гинжний тал энэ байна гээд тал гинж үзүүлээд тал байхгүй байна гээд хайгаад байсан. /хх-ийн 13-14 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Мийн эрүүл мэндэд биед тархины доргилт, баруун нүдний доод зовхи, хүзүүний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дэх тал/-ээр  тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Ц.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Мийн эд хөрөнгөд 2.010.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 1264 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Н нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ерөөл” төвд иргэн Г.Мтэй маргалдаж улмаар хохирогчийн хүзүүнд байсан монетон гинжийг тасалж, “Samsung S22 ultra” маркийн гар утасны дэлгэцийг нь хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Г.Мийн бие махбодид нь халдан зодож, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч Г.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Ц.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд 2.010.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Н нь хохирогч Г.Мийн монетон гинж, гар утас зэрэг эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний төлбөрт 2.010.000 төгрөг, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсны төлбөрт 630.000 төгрөг нийт 2.640.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Ц.Нын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Ц.Нын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Нын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй...” /хх-ийн 34 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 38 дахь тал/, дээд боловсролтой болох нь: Сэрүүлэг дээд сургуулийн D201517318 дугаартай дипломны хуулбар /хх-ийн 40 дэх тал/-аар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ц.Н нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Ц.Н нь өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбарыг гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч Ц.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 1.000.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 2.640.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Ж овгийн Ц-ийн Нямжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ц.Н нь шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Г.Мт 2.640.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА