Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 138/ШШ2019/00749

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар багт байрлах, ******* регистрийн дугаартай, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******гийн 2-11 тоотод оршин суух, ЖЯ78061116 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******т холбогдох

16 464 903 төгрөг 62 мөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч Д.*******, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.******* нь ******* ХК-д ажиллаж байх хугацаандаа өөрийн хэрэгцээнд зориулж цалингийн болон орон сууцны урьдчилгаа, өвлийн бэлтгэл ажилд зарцуулахаар зээлийн хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Мөн сургалтын төлбөр төлүүлэхээр хүсэлт гаргахад *******ын хувийн өргөдлийг үндэслэн өөрт нь ашигтай байдлаар шийдвэрлэж байсан. Тухайлбал:

1. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Д.*******ын гаргасан Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулж хувийн хэрэгцээнд 5 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******ын Хаан банкны тоот дансанд 5 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд энэ зээлийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

2. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тухайн үеийн компанийн захирал т хандаж гаргасан Шинэ байрны урьдчилгаа төлбөрт мөнгө хөрөнгө дутагдалтай байгаа тул 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ үү гэсэн өргөдлийг үндэслэн 7 сая төгрөгийг *******т бэлэн мөнгөний зарлагын баримтаар бэлнээр 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосон боловч ******* нь өнөөдрийг хүртэл тухайн зээлийг төлөөгүй.

3. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* нь 500 000 төгрөгийн цалинг урьдчилан олгох өргөдөл гаргасныг үндэслэн *******т 500 000 төгрөгийн цалинг урьдчилан олгосон. Энэ мөнгийг ******* нь цалингаасаа төлөөгүй байна.

4. Д.*******ын , , дугаартай гар утасны төлбөр 1 132 903 төгрөг 62 мөнгийг компаниас төлж барагдуулсан ба уг төлбөрийг компанид буцааж төлөөгүй байна.

5. Д.******* нь Хос өргөө ХХК-иас 2018 оны 03 дугаар сард 580 000 төгрөгийн үнэ бүхий дугуйтай, эргэдэг сандлыг авсан боловч энэ сандал ******* ХК-д ирээгүй байгаа тул дугуйтай эргэдэг сандлын мөнгийг нэхэмжилнэ.

6. Моторола-А8 маркийн гар станц эзэмшдэг байсан бөгөөд одоог хүртэл дээрх гар станцыг компанид эргүүлэн өгөөгүй байна. Иймд тухайн гар станцийн мөнгийг *******аас нэхэмжилж байна.

7. Д.******* нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Отгонтэнгэр Их сургуульд хуулийн эчнээ ангид суралцах тухай өргөдөл бичсэний дагуу компаниас 1 900 000 төгрөгийн сургалтын зардлыг тус сургуулийн 5753885058 тоот дансанд шилжүүлсэн. Дээрх урьдчилан шилжүүлсэн сургалтын төлбөрийг ******* нь одоог хүртэл төлж барагдуулаагүй.

******* ХК-ийн зүгээс *******ын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, түүний ар гэрийн болон нийгмийн хэрэгцээ шаардлагыг дээшлүүлэх талаар хангалттай дэмжлэг үзүүлж байсан боловч ******* нь үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, өөрт давуу байдал гаргаж ээлжийн амралтын хоногийг өөртөө хэтрүүлэн олгосон зэрэг Хөдөлмөрийн хууль болон компанийн дотоод журмыг зөрчин ажлаас чөлөөлөгдсөн байсан. Мөн ******* нь компаниас зээлсэн дээрх зээлийг компанид эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд компанийн эд хөрөнгийг бүрэн бүтэн компанид хүлээлгэж өгөөгүй байна. Иймд Д.*******аас нийт 16 464 903 төгрөг 62 мөнгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр намайг хувийн хэрэгцээнд зориулж 5 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан боловч төлөөгүй гэсэн байна. Би зээлсэн мөнгөө буцааж кассанд төлсөн. Компанийн кассын баримтуудад энэ асуудалтай холбогдуулан үзлэг хийлгүүлсэн боловч миний мөнгө тушаасан кассын баримтууд олдоогүй. Миний ажлын өрөөнд мөнгө тушаасан баримт байсан. Намайг ажилд эгүүлэн тогтооход миний өрөөнд байсан зүйлсийг надад эргүүлж өгөөгүй. Өнөөдрийн байдлаар тухайн мөнгийг буцааж төлсөн нотлох баримтаа гаргаж өгч чадахгүй байгаа ч дараа энэ баримтууд гарч ирэх болно.

2. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шинэ байрны урьдчилгаа гэж 7 сая төгрөг зээлсэн гэж байна. Би хувийн орон сууцад 2003 оноос хойш амьдарч байна. Надад шинэ байр авах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Тухайн 7 сая төгрөгийг ямар шалтгаанаар авсныг тодруулахаар би Шатар захирлыг гэрчээр дуудсан байгаа. Энэ хүн тайлбарлаж өгнө гэж итгэж байна.

3. Намайг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 500000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан гэсэн. Манай компанийн хувьд цалингийн урьдчилгаа авахад дараа сарын цалингаас суутгуулдаг. Хавтас хэрэгт авагдсан ******* ХК-ийн 2018 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалингийн түүврээс харахад 2018 оны 04 дүгээр сард 4 хоног ажилласан цалин 142 857 төгрөг, удаан жилийн нэмэгдэл, ээлжийн амралтын мөнгө бодогдоод нийт 1 243 400 төгрөгийн цалин бодогдсон. Үүнээс 1 170 000 төгрөгийн урьдчилгаа суутгасан байсан. Энэ мөнгөнд 500 000 төгрөгийн урьдчилгаа цалин багтсан. Мөн утасны төлбөрт 195 968 төгрөг гэж бичигдсэн байсан. Нийт суутгал 1 618 840 төгрөг болж би компанид 375 436 төгрөгийн өртэй үлдсэн байдаг. 4 дүгээр сард цалин гэж аваагүй. Утасны төлбөр болон урьдчилан авсан цалинг бүгдийг нь суутгаж авчихаад одоо надаас дахин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Миний албан хэрэгцээнд ашиглаж байсан утасны төлбөрүүд цалингаас суутгагдаад явдаг байсан. Утасны төлбөр хэд гарч байгааг мэддэггүй байсан. 2018 оны 04 сард гэхэд л миний цалингаас утасны төлбөрийг суутгаж авсан. 4 сарын 12-нд намайг ажлаас халсан бөгөөд энэ хугацаанд утасны төлбөрүүд гарсаар байсан. 2018 оны 08 дугаар сард миний утасыг хаахад нь 108893 төгрөгийн төлбөрийг төлж утсаа нээлгэж байсан. ******* ХК нь утасны төлбөрийг төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл утасны төлбөрийг төлж ирсэн юм шигээр ярьж байна. Утасны төлбөрөөс болж ******* ХК-д хохирол учирсан зүйл байхгүй. Тэдгээр дугаарууд өнөөдрийн байдлаар хаагдчихсан байгаа. Хэрэв Мобиком корпорац ХХК нь утасны төлбөрөө нэхэмжлэхээр бол гэрээний дагуу ******* ХК-аас нэхэмжлэх ёстой тул хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна.

5. Хос өргөө компаниас 580000 төгрөгийн үнэ бүхий дугуйтай сандал авсан гэж байна. Тухайн сандлыг намайг өөртөө авсан мэтээр ярьж байна. Нотлох баримт гэх зарлагын падаан дээр ******* хүлээж авсан гэсэн баримт нотолгоо байдаггүй. Тухайн сандлыг худалдан авсан хугацаа нь намайг ажлаас халагдах үетэй давхцсан тул миний нэр дээр тухайн сандлыг бичсэн байна. Надад дугуйтай эргэдэг сандал хүлээлгэн өгсөн гэсэн бичиг үйлдэж, нягтлан бодогчийн гарын үсэг зурагдсан байдаг. Энэ нь намайг тухайн сандлыг авсан гэдгийг нотолж чадахгүй байна. Би ийм сандал аваагүй.

6. Намайг Моторола-А8 маркийн гар станц хэрэглэдэг байсан бөгөөд одоо хүртэл эргүүлж өгөөгүй гэж бичсэн байна. Тухайн үед миний ажлын хэрэгцээнд гар станц байсан. Ажил хүлээлцэхэд дүрэм журмын дагуу гар станц хүлээлгэн өгсөн, хүлээж авсан зүйл байхгүй. Хэрэв хууль журмын дагуу ажил хүлээлцсэн бол би хүлээж авсан эд зүйлээ хүлээлгэн өгөх байсан. Гэтэл намайг эзгүй хооронд ажлын өрөөний цоожийг сольж дотор нь байсан хувийн болон компанийн эд зүйлийг цоожилсон. Гэтэл надаас тэдгээр эд зүйлийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад гар станц хүлээлгэн өгсөн гэдгийг нотлох баримт байхгүй байна. Тухайн үед би ажлын шаардлагаар гар станц ашигладаг байсан.

7. Хуулийн сургуульд суралцсан төлбөрийг буцааж надаас нэхэмжилсэн. ******* ХК-ийн ажилчдаас олон хүн компанийн зардлаар суралцаж байгаагүй. Намайг хүний нөөцийн менежерээр ажилд орсноос хойш ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажлын шаардлагаар цөөн тооны хүмүүсийг компанийн зардлаар сургуульд суралцуулж байсан. Тухайн үед Шатар захирал бид хоёр ярилцаж тохиролцоод компанийн дотоод журамд заасан мэргэжилтэн, ажилтныг сургах ангилалд хамааруулж сургалтын төлбөрийг компаниас гаргаж, суралцах хугацаанд цалинтай чөлөө олгохыг хүссэн өргөдлийг надаар бичүүлж байсан. Ингээд ******* ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6-д компанийн зардлаар суралцах ажилтанд захирлын тушаалаар цалинтай чөлөө олгож болно гэж заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б/59 тоот захирлын тушаал гарсан байдаг. ******* ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6-д заасны дагуу ажилтнаа сургаж, цаашид компанид хэрэгтэй гэж үзсэн тул сургалтын төлбөрийг компаниас төлсөн гэж үзэж байна. Түүнээс биш зээл байдлаар компаниас сургалтын төлбөрийг урьдчилан төлсөн зүйл огт байхгүй. Намайг ажлаас хууль бусаар халж үргэлжлүүлэн суралцах боломжийг минь хаасан тул сургалтын төлбөрийг надаас нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Манай компани *******ын хүсэлтийн дагуу буцааж төлнө гэсэн болзолтойгоор мөнгө гаргаж өгсөн. Байрны урьдчилгаа төлбөр төлөхөд мөнгө хэрэгтэй байна гэж хүсэлт гаргасан тул би цохолт хийж 7 сая төгрөг компаниас гаргаж байсан. Авсан мөнгөө өгсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Санхүүгээс харагдах байх. ******* нь Отгонтэнгэр сургуулийн эчнээ ангид эрх зүйч мэргэжлээр суралцахаар болсон талаараа хэлсэн. Шалгалт болох өдөр хүртэл нь *******т цалинтай чөлөө олгосон. Тэгээд *******ын хүсэлтийн дагуу сургалтын төлбөрийг нь компанийн данснаас Отгонтэнгэр сургуулийн данс уруу шилжүүлсэн. ******* нь сургуульдаа хэрхэн суралцаж байгаа талаараа тайлангаа тавьж, үр дүнгээ харуулах ёстой. Үүний үндсэн дээр сургалтын төлбөрийг *******аар төлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэж болдог. Ер нь суралцагч өөрөө сургалтын төлбөрөө төлөх ёстой. Тухайн сургуулиа төгсөөгүй учраас л нэхэмжилсэн байх... гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******аас зээлийн гэрээний үүргийн биелэлт болон бусад төлбөрт 16 464 903 төгрөг 62 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал: 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлсэн 5 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлсэн 7 000 000 төгрөг, цалингийн урьдчилгаанд олгосон 500 000 төгрөг, гар утасны төлбөрт төлсөн 1 132 903 төгрөг 62 мөнгө, 580 000 төгрөгийн үнэ бүхий дугуйтай эргэдэг сандал, 320 000 төгрөгийн үнэ бүхий гар станц, сургалтын төлбөр 1 900 000 төгрөг, нийт 16 432 903 төгрөг 62 мөнгийг нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүнг зөрүүтэй бичснийг зөвтгөх нь зүйтэй байна.

Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Хариуцагч Д.******* нь ******* ХК-ий хүний нөөцийн менежерээр ажиллаж байхдаа тус компаниас хувийн хэрэгцээнд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7 000 000 төгрөг тус тус зээлж авсан болох нь хариуцагч Д.*******ын ******* ХК-ий захиргаанд гаргасан хүсэлт, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 612 дугаартай төлбөрийн даалгавар, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нийт 12 000 000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Харин Д.******* нь зээлж авсан 5 000 000 төгрөгийг байгууллагын кассанд бэлэн мөнгөөр төлсөн, 7 000 000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зээлж аваагүй, юунд зарцуулсныг тухайн үед захирлаар ажиллаж байсан гэрчилнэ, ...би төлөх үндэслэлгүй гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн үзвэл хариуцагч 5 000 000 төгрөгийг буцаан төлсөн гэх нотлох баримт байхгүй байх бөгөөд гэрч нь Д.*******ын гаргасан өргөдлийн дагуу хувийн хэрэгцээнд нь 7 000 000 төгрөгийг зээлдүүлсэн талаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 5 000 000 төгрөгийг төлсөн гэдгээ, мөн 7 000 000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулаагүй гэх нөхцөл байдлаа шүүхэд баримтаар нотолж чадаагүй болно.

Мөн хариуцагч нь ******* ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.4, 10.3.6-д заасны дагуу тухайн үеийн захирал тушаал гаргаж сургалтын төлбөрийг байгууллага хариуцан төлсөн тул буцаан төлөх үндэслэлгүй гэж маргадаг.

Д.*******ын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан өргөдлийг үндэслэн Дорнод аймгийн ******* ХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/59 дугаартай тушаалаар Д.*******т цалинтай чөлөө олгож, сургалтын төлбөрийг сургуулийн данс уруу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Тус компаний хөдөлмөрийн дотоод журмын 5.4-д Компаний захиргаа нь үйлдвэрт шаардлагатай мэргэжилтэй ажилтан мэргэжилтнийг сургах, давтан сургах, нөхөн хангах асуудлыг хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийн дагуу зохион байгуулах бөгөөд сургалтанд шаардагдах хөрөнгийг жил бүрийн уулын ажлын болон бизнес төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ, 10.3.6-д Компаний зардлаар сурах ажилтан их, дээд сургууль, коллеж, тусгай мэргэжлийн дунд сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэх, шалгалт өгөх ...тохиолдолд тухайн байгууллагын албан бичгийг үндэслэн захирлын тушаалаар цалинтай чөлөө, томилолт олгож болно гэж заажээ.

Хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтууд болон Дорнод аймгийн ******* ХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/59 дугаартай тушаал, гэрч ын мэдүүлгээс үзэхэд хариуцагч Д.*******ын сургалтын төлбөр болох 1 900 000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлгүйгээр компани хариуцан төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч Д.******* нь Моторола-А8 маркийн гар станцыг надад хүлээлгэн өгснөө нэхэмжлэгч тал нотолж чадаагүй учир уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Д.*******ын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан ...Моторола-А8 гар станц эзэмшдэг байсан, ажлаас халах тушаалыг 2 удаа гаргахдаа ажил хүлээлцүүлэх хугацааг заагаагүй, хэзээ ажлаа хүлээлгэж өгөх нь тодорхойгүй байсан, хүлээлцүүлсэн бол гар станцыг хүлээлгээд өгөх байсан, надад станц нь байгаа... гэх тайлбар, мөн шүүх хуралдаанд гаргасан ...тухайн үед би ажлын шаардлагаар гар станц ашигладаг байсан... гэх тайлбараас дүгнэхэд хариуцагч Моторола-А8 маркийн гар станцыг ажлын хэрэгцээнд ашиглаж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн надад гар станцыг хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй учир гар станцыг төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй юм. Талууд Моторола-А8 гар станцны үнийн талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 500 000 төгрөгийн урьдчилгаа цалинг нэхэмжилсэн.

Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 500 000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч 4 дүгээр сарын цалингаас дээрх урьдчилан авсан цалингаа суутгуулсан гэж мэтгэлцдэг.

Нэхэмжлэгч байгууллагын бичмэл нотлох баримтаар гаргаж өгсөн Д.*******ын 2018 оны цалингийн дэлгэрэнгүй дэвтрээс үзэхэд 2018 оны 4 дүгээр сард 4 хоног ажилласан цалин 142 857 төгрөг мөнгө, удаан жилийн нэмэгдэл 21428 төгрөг 57 мөнгө, амралтын мөнгө 1 079 119 төгрөг, нийт 1 243 404 төгрөг 71 мөнгө цалинд бодогдсоноос урьдчилгаа цалин 1 170 000 төгрөг суутгасан болох нь нотлогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Д.*******аас түүний албан хэрэгцээнд ашиглаж байсан гар утаснуудын төлбөр 1 132 903 төгрөг 62 мөнгийг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагчийн албан хэрэгцээнд ашиглаж байсан гэх утасны хэдэн төгрөгийн төлбөрийг Мобиком корпораци ХХК болон Юнитель групп-ын Дорнод салбарт хэзээ төлсөн нь тодорхойгүй байх бөгөөд төлбөр төлсөн баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн Д.******* нь ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргаж эгүүлэн ажилдаа томилогдсон байх тул үндэслэлгүйгээр халагдсан хугацааны утасны төлбөрийг хариуцагчаар төлүүлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 580 000 төгрөгийн үнэ бүхий сандал нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргадаг.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бичмэл нотлох баримтаар 580 000 төгрөгийн үнэ бүхий дугуйтай эргэдэг сандал байгууллага худалдан авч үндсэн хөрөнгөнд бүртгэсэн нь тогтоогдож байгаа боловч Д.*******т хүлээлгэн өгсөн нь баримтаар нотлогдохгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслээд хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч компаниас 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлсэн 5 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлсэн 7 000 000 төгрөг, 320 000 төгрөгийн үнэ бүхий Моторола-А8 гар станц, сургалтын төлбөр 1 900 000 төгрөг буюу нийт 14 220 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас урьдчилгаанд авсан цалин 500 000 төгрөг, утасны төлбөр 1 132 903 төгрөг 62 мөнгө, 580 000 төгрөгийн үнэ бүхий эргэдэг сандал, нэхэмжлэлийн үнийн дүнгийн зөрүү болох 32 000 төгрөг буюу нийт 2 244 903 төгрөг 62 мөнгийг хариуцагчаар төлүүлэх эрх зүйн үндэслэлгүй шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.*******аас 14 220 000 /арван дөрвөн сая хоёр зуун хорин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 244 903 төгрөг 62 мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240 275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 229050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ