Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 05

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Д.Ганчимэг /онлайнаар/

Шүүгдэгч Г.Б, Г.Б, Т.Х

Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Б, Г.Б, Т.Х нарт холбогдох 1929002300111 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Д.Ганчимэгийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, энэ хэрэгт холбогдох үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан, одоо “Монпорт” ХХК-нд хөтөч ажилтай, ам бүл 2 урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Монгол Улсын иргэн, 47 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, “Петровис" шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 5, ял шийтгэл эдэлж байгаагүй,

Монгол Улсын иргэн, 44 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамтурьд Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан

Шүүгдэгч Т.Х нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.Б, Г.Б нарын ашиг сонирхлын үүднээс 400000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Н.Б, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Т.Хад 400000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь шүүгдэгч Н.Б, Г.Б, Т.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Т.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, шүүгдэгч Т.Х хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, шүүгдэгч Н.Б, Г.Б нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2700000 төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.Б нарыг 2700 нэгж буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Т.Х, Н.Б, Г.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор  Д.Ганчимэг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “ яллагдагч Т.Х Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар буюу “нийтийн албан тушаалтан” -аар ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.Б, Г.Б нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 400000 төгрөгийн хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Н.Б, Г.Б нарыг бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Т.Х 400000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж, 134 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтуудыг дурдаад “...шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна" гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Т.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 22.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй” гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэргийн шинжийг 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл  бусдаар дамжуулан хахуул өгөхийг шаардсан, авсан бол гэж тодорхойлжээ.

Т.Х үйлдэлд дээрх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй ба түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан авсан гэх гэмт хэргийн шинжтэй байна.

Яллагдагч Т.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан” буюу нийтийн албан тушаалтан болох нь түүний ажил албан тушаалын байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-34, 56- 59х/-аар тогтоогддог.

Мөн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэнээс ирүүлсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч, хэрэг бүртгэлт явуулалгүй иргэн Н.Б, Г.Б нараас 400000 төгрөг авч тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно. Гэтэл шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ Т.Х ямар учраас нийтийн албан тушаалтан биш гэж үзсэн, мөн түүний үйлдэл /эс үйлдэхүй/-г албаны чиг үүргээ “хэрэгжүүлсэн” гэж үзсэн талаараа ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй, прокуророос зүйлчлэн ирүүлсэн яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, түүний үндэслэлийг огт дурдаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Ганчимэг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Т.Хад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг өөрчилж, сонсгож шүүхэд шилжүүлсэн. Авлигын эсрэг хуулийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн тусгай албан тушаалтан гэдэг нь тогтоогддог.  Аливаа гэмт хэрэг болон зөрчлийг цагдаагийн эрх бүхий албан тушаалтан хүлээж авсан даруйдаа мэдээлэх ёстой. Гэтэл цагдаагийн газарт зохицуулагчаар ажиллаж байхдаа Т.Х нь “архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байна” гэсэн мэдээллийг иргэнээс хүлээж аваад тухайн газар дээр очиж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахдаа бүртгэлээр оруулаагүй, согтуурлын зэргийг тогтоогоогүй Н.Б, Г.Б нараас 400.000 төгрөгийг авч гүйцэтгэх ёстой байсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн. Эсэргүүцлийн хүрээнд Н.Б, Г.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт санал байхгүй. Хуулийн хүрээнд ял оногдуулсан гэж үзэж байна. Т.Х холбогдох хэрэгт Т.Х нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаа, зохицуулагч албан тушаал нь нийтийн албан тушаалтан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5/13 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Прокуророос яллагдагч Т.Х үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Н.Б, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна /хх-112-115/.

Анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолыг /хх-138-140/ хянахад “шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна”, “шүүгдэгч Т.Х нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.Б, Г.Б нарын ашиг сонирхлын үүднээс 400000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч Н.Б, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Т.Хад 400000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын тайлбар, гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх7-9,10-11, 14-19, 66, 71, 76/, Хас банкны дансны хуулга /хх-12/, Т.Х ажил байдлыг тодорхойлсон баримтууд /хх-24-34, 56-59/, гэрч Ц.Дөлгөөн, Ц.Энэбиш, С.Төрмөнх нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Т.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 22.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй” гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ Т.Х ямар учраас нийтийн албан тушаалтан биш гэж үзэх болсон, прокуророос зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг няцаан үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлтийг нотлох баримтад үндэслэж хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Н.Б, Г.Б нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичсэн боловч тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “бүлэглэн үйлдсэн” талаар огт бичээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан хэсгийг хэрэглээгүй орхигдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг бичихдээ зөрчсөн байна.

Иймд “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаа “...22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хуульд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 болгон...” гэж, 2 дугаар заалтаа “... шүүгдэгч Н.Б, Г.Б нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн...” гэж утга найруулга муутай бичиж, мөн хуулийн зүйл, хэсэг, заалтыг хуульд заасны дагуу зөв бичээгүйг тус магадлалд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.Б, Г.Б, Т.Х нарт холбогдох 1929002300111 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                     Х.ГЭРЭЛМАА

                                                                                              Т.БЯМБАЖАВ