Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0595

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.ББын нэхэмжлэлтэй захиргааны

                                                       хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0422 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэ-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч А.ББ

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч А.ББ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэ

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0422 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан А.ББын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1427, А/1437 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэ дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Үүнд:

2.1. Нэхэмжлэгч А.ББт Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/52 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 52 000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ногоон байгууламжийн зориулалтаар, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/953 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5200 м.кв газрыг 15 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар тус тус эзэмшүүлсэн.

2.2. Гэвч шүүхээс энэхүү өөр өөр зориулалттай газрыг нэгэн адил захирамж мэтээр ойлгон адилхан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт “Б” ХХК-тай Барилгын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ, “Г” ХХК-тай Гүнийн цооногийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, “Х” ХХК-тай тарьц суулгаж худалдах, худалдан авах гэрээ зэргийг байгуулсан нь 52000 м.кв ногоон байгууламжийн зориулалтаар олгосон газарт хийгдэх ажилд хамаарах бөгөөд эдгээр гэрээнүүд огт бодитой хэрэгжээгүй гэдгийг нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тодорхой хариулсан байдаг. Гэтэл бодитоор хэрэгжээгүй байхад шүүхээс газраа зориулалтын дагуу ашигласан мэтээр дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцээгүй байна.

2.3. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг тайлбарлахдаа зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс аж ахуйн зориулалтаар ашигласан зүйл огтоос байдаггүй.

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасныг ноцтой зөрчиж,баталгаат шуудангаар хүргүүлсэн хаягийн мэдээлэл болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуулийг зөрчсөн шийдвэр болсон.

Бодит нөхцөл байдал дээр маргаан бүхий газрыг хашаалсан 52000 м.кв газар дээр цөөн тооны мод тарьсан, 5200 м.кв аж ахуйн зориулалттай газарт огт үйл ажиллагаа явуулаагүй байдаг.

2.5. Мөн цөмийн энергийн газрын хамгаалалтын бүсэд давхцалтай гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн газрын хамгаалалтын бүсэд давхцалтай гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн газрын баримт бичгийг хураан авсан гэх нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үнэн мэтээр хүлээж авч шийдвэрлэсэн нь буруу болжээ. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад газрын бичиг баримтыг хурааж авсан гэх баримт байхгүй. Цөмийн энергийг газрын хамгаалалтын бүсэд ороогүй байна гэх Нийслэлийн газар зохион байгуулалтын албаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг огт үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хөндөж байна.

2.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0422 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

            2. Нэхэмжлэгч А.ББаас “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн” Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/1427, А/1437 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тус тус заасныг үндэслэн, нэхэмжлэгч А.ББыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзэж,

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1781101100 дугаар бүхий аж ахуйн зориулалтаар олгосон 5206 м.кв газар эзэмших эрхийг маргаан бүхий А/1437 дугаар захирамжаар,

нэгж талбарын 1781101094 дугаар бүхий ногоон байгууламжийн зориулалтаар олгосон 52000 м.кв газар эзэмших эрхийг маргаан бүхий А/1427 дугаар захирамжаар тус тус дуусгавар болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч А.ББ нэхэмжлэлийн үндэслэлээ “... 2019 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын бүсчлэл өөрчлөгдөж байгаа тул гэрчилгээг шинэчилнэ гэсний дагуу бичиг баримтаа 2019 оны 2 дугаар сард газрын албанд хүргүүлсэн. Ингээд миний газрыг Цөмийн энергийн газрын хамгаалалтын бүсэд ороод байна гэж буцаан өгөлгүй байсаар байгаад миний бие Улаанбаатар хотын Засаг дарга Д.С-т гомдол гаргаж байж 2022 онд бичиг баримтаа авсан. Гэтэл дахин Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас танай газар дээгүүр хурдны зам барихаар төлөвлөгөөнд тусгагдсан гээд 2021 онд батлагдсан архитектурын даалгавар надад өгсөн...” гэх зэргээр тайлбарлан маргажээ.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн энэхүү үндэслэлтэй холбоотой нэхэмжлэгчийн ямар бичиг баримтыг хэзээ, хэн, ямар хугацаагаар хураасан, тухайн газрыг цөмийн энергийн газрын хамгаалалтын бүсэд авсан эсэх, 2 нэгж талбар бүхий газрын аль хэсэг нь тухайн бүстэй давхцахаар байсан, нийслэлийн Засаг даргад хэзээ, ямар гомдол гаргасан, мөн маргаан бүхий газарт хурдны зам барихаар төлөвлөсөн эсэх, архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан эсэх зэрэг баримтыг бүрэн цуглуулаагүй, тухайн нөхцөл байдал нь 2 нэгж талбар газраа ашиглаж чадаагүй “... хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарах эсэхэд тодорхой дүгнэлт өгөөгүй байна.

6. Түүнчлэн анхан шатны шүүх “... нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэнээс хойш уг эрхээ хэрэгжүүлэхээр холбогдох гэрээ, хэлцлийг байгуулж, маргаан бүхий газрыг хашаалсан, түүнчлэн Монгол Улсад “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ... нөхцөлд нэхэмжлэгчийг зөвхөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны саналыг үндэслэн гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх хууль зүйн боломжгүй ...”  гэж 2 өөр зориулалтаар эзэмшиж байсан газрыг ашиглаагүй гэх маргааны үйл баримт тус бүрт нь дүгнээгүй, нэхэмжлэлд дурдаагүй “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлыг “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамааруулан дүгнэжээ.

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхээс өөр өөр зориулалттай газрыг нэгэн адил мэтээр ойлгон адилхан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. ... Бодит нөхцөл байдал дээр маргаан бүхий газрыг хашаалсан 52000 м.кв газар дээр цөөн тооны мод тарьсан, 5200 м.кв аж ахуйн зориулалттай газарт огт үйл ажиллагаа явуулаагүй байдаг ...” гэх гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

6.2. Анх нэхэмжлэгч А.ББт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52000 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн боловч нэхэмжлэгч Нийслэлийн өмчийн харилцааны газарт “... барилга барихад Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах шаардлагатай болсон тул шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаар хурлаар хэлэлцэн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний газар ашиглалтын бүсчлэлийн дагуу газрыг ногоон байгууламжийн зориулалтаар зөвшөөрсөн дүгнэлт гарсны дагуу Засаг даргын 2016 оны А/52 дугаар захирамжаар “ногоон байгууламж”-ийн зориулалтаар эзэмшиж эхэлжээ.

6.3. Харин Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1002 дугаар захирамжаар Ц.Б-т Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5206 м.кв, аж ахуйн зориулалтай эзэмшүүлсэн газрыг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/953 дугаар захирамжаар А.ББт шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

6.4. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.ББ нь ногоон байгууламжийн зориулалтаар олгосон 52000 м.кв газрыг 8 жил, аж ахуйн зориулалтаар олгосон 5206 м.кв газрыг 9 жил тус бүр эзэмшсэн байхад “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

7. Хэрэгт авагдсан 2018 онд “Б” ХХК-тай “Ногоон байгууламжийн байгуулалтын зураг төслийн ажил”-ийн гэрээ, 2019 онд “Г” ХХК-тай “Гүнийн цооногийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”, 2023 онд “х” ХХК-тай “Тарьц суулгаж худалдах, худалдан авах гэрээ” зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь тухайн газраа эзэмшихтэй холбоотой бэлтгэл ажлуудыг хийж байсныг нотлохоос бус “газрыг ашигласан” гэж шууд үзэх үндэслэл болохгүй.

7.1. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын агуулга нь газар эзэмшигч, ашиглагчийг ногоон байгууламж болон аж ахуйн зориулалтаар газрыг ашиглаж үйл ажиллагаа эрхлэхэд зайлшгүй шаардлагатай дээр дурдсан болон бусад баримтуудыг бүрдүүлэхэд шаардагдах тодорхой хугацаа буюу 2 жилийг олгоод, харин 2 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй бол эрхийг хүчингүй болгодог.

7.2. Иймээс дээрх байгуулсан гэрээг газар эзэмших эрх олгогдсоноос хойш хэрэгжүүлэх боломжгүй байсан шалтгаан, аль гэрээнүүд хэрхэн биелэгдсэн, биелэгдээгүй бол ямар шалтгаанаар биелэгдээгүй талаар тодруулж, 2 нэгж талбар бүхий газар тус бүрийн зориулалтад хамааруулан дүгнэлт хийх шаардлагатай байна.

8. Иймд анхан шатны шүүх дээрх эргэлзээтэй ойлгомжгүй нөхцөл байдлыг тодруулж, газрыг зориулалтын дагуу ашигласан эсэх, ашиглаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх үйл баримтыг зөв тогтоож, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0422 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН

 

   ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ

 

   ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ