Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 124/ШШ/2022/0019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10-р багт оршин суух, иргэн Ц.П,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

        Хамтран хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

            Гуравдагч этгээдээр: Ц.Г,

           Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 05/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/54 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгон,ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц:П, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Нансалжав, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Нэхэмжлэгч Ц:П нь тус шүүхэд Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 05/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/54 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

      2. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 05/02 дугаар тогтоолоор Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц:П-ыг огцруулан, дээд шатны Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн байна.

        3. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/54 дугаар захирамжаар Улаангом сумын Засаг дарга Ц:П-ыг огцруулахаар шийдвэрлэжээ.

          4. Нэхэмжлэгч Ц.П Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу шүүхэд Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэлийг 2021 оны 10 сарын 14-ний өдөр, Увс аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2021 оны 12 сарын 03-ны өдөр тус тус хуульд заасан хугацааны дотор гаргасан байна.

        5. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.П миний бие Улаангом сумын Засаг даргаар 2016 оноос хойш Улаангом сумын ИТХ-аас нэр дэвшигдэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтын дагуу томилогдон алдаа дутагдал гаргахгүйгээр тасралтгүй 5 дахь жилдээ ажиллаж байна. Улаангом сумын Засаг даргаар томилогдох хугацаандаа Аймгийн Засаг даргатай 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар хамтран ажиллах гэрээг байгуулан гэрээний үүргийн биелэлтийн бүтэн жилийн тайланг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор гарган дүгнүүлэхээр баталсан. Сумын Засаг дарга ажлаа тухайн Хуралд, жил бүр тайлагнана хэмээн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.9-д зааснаар гэрээнд тусгагдсан ажил үүргээ гүйцэтгэж байсан.

       Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаангом сумын Ардчилсан намын бүлгийн дарга Б.Б-ын санал оруулснаар Улаангом сумын ИТХ хуралдахаар болж 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хуралдаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчин хуралдаанаар хэлэлцэх асуудлын шаардлагыг хангаагүй асуудлаар хэлэлцэн Улаангом сумын Засаг даргыг огцруулах тогтоол үйлдэж, үргэлжлүүлэн дараачийн Засаг даргаар нэр дэвшигчийг сонгон санал хүргүүлсэн байна.

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй хэмээн заасан байдаг, 32 дугаар зүйлийн 32.2.3асаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ гэж заасан байдаг.

          Гэвч намайг хууль тогтоомж зөрчсөн буюу хууль тогтоомж зөрчин чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэл бүхий нотлох баримт байхгүй мөн Улаангом сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргаж ирүүлсэн мэдэгдэл нь 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахаас 1 хоногийн өмнө ирүүлж Хурлын Төлөөлөгчдөд тараагдаагүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дэх заалтыг зөрчсөн.

         Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас намайг огцруулах үндэслэл нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хуулийн заалтыг хангаагүй, мөн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 05/02 тоот тогтоолоор сумын Засаг даргаас шууд огцруулсан шийдвэр гаргаж, шийдвэрээ Аймгийн Засаг даргад уламжилсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1.1. г заалтыг зөрчсөн.

        Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 сарын 17-ны хуралдаанаар миний хийсэн ажлыг хангалттай гэж дүгнэсэн байсан.

        Мөн дараагийн томилогдсон сумын Засаг дарга хуульд заасан төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байхад олонхоороо нэр дэвшүүлсэн байдаг.Аймгийн Засаг дарга хууль бус хуралдааны тогтоолыг үндэслэн намайг албан үүргээс огцруулсан нь үндэслэлгүй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар гаргасан нэхэмжлэлээ Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 05/02 тоот тогтоолыг хүчингүй болгох, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/54 тоот захирамжийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж,ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Эдгээр шаардлага хэвээрээ тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэж тайлбар гарган нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

        6. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг төлөөлөн хурлын дарга Н.Ганцогтоос шүүхэд ирүүлсэн тайлбарт:...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоотоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж сумын засаг дарга Ц:П-ыг огцруулах асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын нэр дээр ирүүлснийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн хурлаар хэлэлцэж, А/49 тоот тогтоолоор ээлжит бус тавдугаар хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөр товлон, сумын Засаг дарга Ц:П-ыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр хуралдааныг зарлан хуралдуулсан.

       Тухайн хуралдаан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 1/3 нь гарын үсэг зурсан асуудлыг хэлэлцсэн тул Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг бүрэн хангасан хууль эрх зүйн үндэслэлтэй хуралдаан болсон гэж үзэж байна. 

           уралдааныг эхлүүлэх явцад хэлэлцэх асуудлын төлөвлөгөөтэй уялдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгчид болон миний бие Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 24.3 дахь заалт буюу хэлэлцэх асуудлын тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй гэсэн заалтын дагуу сумын Засаг дарга Ц:П-ыг огцруулах талаар бид бүхний гар дээр ямар нэгэн үндэслэл тооцоо судалгаа мэдээлэл, байхгүй байгаа нь хуулийн дээрх заалтыг хангахгүй байгааг анхааруулахад Ардчилсан намын бүлгийн дарга Б.Буянтогтохоос сумын Засаг дарга Ц:П-ыг огцруулах асуудлаар холбогдох тооцоо судалгаа, лавлагааг урд нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд оролцохдоо 11-ний өдрийн ээлжит бус хуралдаан дээр танилцуулна гэдгээ хэлж, Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлд тусгуулсан байгаа, одоо хуралдаан дээр өөрийн биеэр үндэслэлээ танилцуулна гээд хуралдааныг үргэлжлүүлэхийг олонхоороо шаардсан юм.

      Түүнчлэн сумын Засаг даргыг огцруулснаар дараагийн Засаг даргыг нэр дэвшүүлэх боломж, эрх нь бидэнд бас байгаа гэж Ардчилсан намын бүлгийн зарим төлөөлөгчид хуралдаанд саналаа гаргасан болно.

       Дээрх саналтай холбогдуулан Монгол ардын намын бүлгийн зарим гишүүд, төлөөлөгчдөөс хуралдааны хэлэлцэх асуудал нь нэгжийн хуулийн 24.3 дахь заалт /тодорхой үндэслэл тооцоолол/-ыг хангахгүй байгаа, түүнчлэн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг дээд шатны засаг дарга шийдээгүй нөхцөлд дараагийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал нь хууль зөрчсөн үйлдэл болох тул Монгол ардын намын бүлгийн 11 төлөөлөгч хуралдаанд оролцох боломжгүй гэж мэдэгдээд тус хуралдааныг орхин гарсан болно.

     Тухайн үед Ардчилсан намын бүлгийн 13 төлөөлөгч болон МАН бүлгийн төлөөлөгчдөөс Ц.Г, Л.Д, З.Б, М.Б, Н.Х нар хуралдаанд оролцсоноор олонх болж хуралдаан цааш нь үргэлжилсэн юм. Улмаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд сумын Засаг даргыг огцруулсан нөхцөлд шинээр томилогдох сумын Засаг даргын нэрийг дээд шатны засаг даргад уламжлан нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн горимын саналыг хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулах нь зүйтэй гэдэг саналыг Ардчилсан намын бүлгийн зарим төлөөлөгчдөөс гаргаж, төлөөлөгчдөөр санал хураалгахыг шаардсан болно.

       Энэ үед хурлын дарга миний бие болон ажлын албанаас Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 32.6 дахь заалтын дагуу сумын Засаг даргыг энэ удаагийн хуралдаанаас огцруулсан нөхцөлд эцсийн шийдвэрийг дээд шатны Засаг дарга гаргах тул, одоо шинээр томилогдох Засаг даргыг нэр дэвшүүлэх боломжгүй талаар удаа дараа тайлбарыг 5-6 удаа хэлсэн ч хуралдаанд оролцсон төлөөлөгчид тухайн саналыг хүлээн авахгүйгээр олонхоороо хүч түрэн дээрх саналыг хураалгаснаар Улаангом сумын Засаг даргад шинээр нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулахаар болж, санал хураалтад нийт 19 төлөөлөгчөөс дээрх саналыг дэмжсэн 18, татгалзсан 1 саналаар ээлжит бус тавдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно.Үүнд:

     1. Улаангом сумын Засаг дарга Ц-ыг огцруулах эсэх тухай

      2. Улаангом сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг болно.

        Хэлэлцэх асуудлын дарааллаар сумын Засаг дарга Ц:П-ыг огцруулах үндэслэлээ АН-ын бүлгийн дарга Б.Б хуралдаанд товч мэдээлэл хийж сумын ИТХ-ын ээлжит бус 5-р хуралдаанаас Улаангом сумын Засаг дарга Ц.П-ыг огцруулах тухай 3 заалт бүхий 05/02 тоот, Улаангом сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 3 заалт бүхий 05/03 тоот тогтоолуудыг батлан гаргасан болно.

        Улмаар Ардчилсан намын бүлгээс 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 03 тоотоор ирүүлсэн шаардлагын дагуу урд гаргасан тогтоолын 2 дахь заалтыг нь хасах шаардлагатай гэж үзсэн.Бидний зүгээс сум орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл хангах, Ковид-19 цар тахлын нөхцөлд сумын удирдлагагүй байх боломжгүйг харгалзан үзэж Засаг даргын эзгүйд түүний орлогчид нь ажлыг түр хариуцуулна гүйцэтгүүлэхээр заалт болгон оруулсан байсан болно.Ардчилсан намын шаардлагыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж төлөөлөгчдөөр батлуулсан анхны төслөөр өөрчлөн албажуулж,эрх бүхий албан тушаалтанд тогтоолыг хүргүүлсэн болно гэжээ.

      7. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ардчилсан намын бүлгийн зүгээс сумын Засаг дарга Ц:П-ыг огцруулах тухай хүсэлт ирүүлсэн. Тухайн асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцсэн. Миний зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс гарах шийдвэрийн төслийг боловсруулсан байгаа тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлд тусгасан байсан.

       Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж үзэж байна. Засаг дарга С.Пүрэвжавыг огцруулсны дараа дээд шатны Засаг дарга шийдвэрлэх ёстой. Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дараагийн хуралдаанаар шийдвэрлэх ёстой гэдгийг би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны үеэр хэлж байсан болох нь уг хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа.2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас сумын Засаг даргыг огцруулах шийдвэр гарсан. Энэ тохиолдолд сумын Засаг даргын Тамгын газрын ажлыг хэвийн, тасралтгүй явуулах зорилгоор сумын Засаг даргын түр орлон гүйцэтгэгчийг томилох заалт бүхий тогтоолыг хуралдааны материалд хавсаргасан.Гэтэл тухайн хуралдаанаар сумын Засаг даргын түр орлон гүйцэтгэгчийг томилох асуудал хэлэлцэгдээгүй. Би хуулийн холбогдох заалтыг судалж байгаад сумын Засаг даргын түр орлон гүйцэтгэгч байх ёстой гэж үзэж тогтоолын төслийг гаргаж, батлуулаад хэрэгт хавсаргасан. Гэтэл энэ асуудлаар Ардчилсан намын бүлгийн зүгээс ИТХ-ын төлөөлөгч нарын бүрэн эрхэд халдсан гэдэг үндэслэлээр маргаан гаргасан учир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид уг тогтоолыг эргэн харж, анх хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлыг баримтлан сумын Засаг даргыг үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай заалтыг хасаад аймгийн Засаг даргын тамгын газарт дахин хүргүүлсэн болно гэв.

       8. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Нэхэмжлэгч аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/54 дугаар захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгох тухайгаа тодорхойлоогүй ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан огцруулах тухай тогтоол нь улс төрийн шийдвэр бөгөөд түүнийг бүрэн эрхийнхээ хүрээнд хүлээн авч хянаад татгалзах ямар нэгэн үндэслэл байгаагүй учраас Ц:П-ыг огцруулах тухай захирамж гаргаж ажлыг нь хүлээлцүүлсэн.Иймд Ц:П-ын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        9. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г-д Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжилна гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална гэж заасан.Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал яригдаж байгаа.

       Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3/1 хувийн ирцтэйгээр хуралдсан саналыг хүлээн авч хурал товлон зарлаж, зохион байгуулж шийдвэр гарсан байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарсны дараа дээд шатны Засаг дарга болох аймгийн Засаг даргад хүргүүлсэн. 2021 оны 10 сарын 11-ний өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5/02 дугаар тогтоол 3 заалттай ирсэн. Дараа нь 2 дахь заалт буюу сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэхийг сумын Засаг даргын орлогчид даалгасныг хасаж ирүүлэхдээ тогтоох хэсэгт баримталсан заалтыг арилгагчаар арилгасан байсан.Бичиг хэргийн стандарт хангахгүй байсан тул буцаасныг дахин засварлаж ирүүлсэн болно. Энэ 3 удаагийн тогтоол хэрэгт хавсаргагдсан.

       Увс Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд сумын Засаг даргыг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн огцруулахаар шийдвэрлэсэн 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 5/02 дугаар тогтоолыг ирүүлсэн тул Увс аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хянан үзэж 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/54 дугаар захирамжаараа Улаангом сумын Засаг даргыг огцруулж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

        10. Гуравдагч этгээд Ц.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Улаангом сумын Засаг дарга Ц.П-ыг өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга дүгнэж холбогдох хариуцлага тооцох бичгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн ажлын алба,даргад хүргүүлсэн. Мөн Улаангом сумын ИТХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг үндэслэн Засаг даргыг огцруулах асуудлыг өргөн барьсан.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2021 оны 10 сарын 11-ний өдөр зарлаж хуралдуулсан.Хуралд оролцвол зохих 31 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч оролцож 18 төлөөлөгч буюу 60 хувийн саналаар Ц.П-ыг огцруулсан. Хэлэлцэх асуудлаар батлагдсан 1-д сумын Засаг даргыг огцруулах, 2-д шинэ Засаг даргыг томилох тухай асуудал байсан. Төлөөлөгч Батцэнгэл хоёр намын бүлэг Засаг даргад нэр дэвшүүлээгүй тул Ц.Г миний нэрийг дэвшүүлж төлөөлөгчдийн олонх буюу 60 хувь нь дэмжиж Засаг даргаар томилох саналын тогтоол гарсан. Хурлын Хуралдаан хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

           11. Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Ц.Г болон хариуцагч Увс аймгийн Улаангом сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нараас өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлтийг тус тус ирүүлсэн болно.

     Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        12. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           13. Нэхэмжлэгч Ц.П нь анх шүүхэд Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 05/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Увс аймгийн Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/54 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгон,ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж оролцсон болно.

         14. Нэхэмжлэгчээс Намайг огцруулах үндэслэл байгаагүй, 2021 он дуусаагүй, ажлаа дүгнүүлээгүй байхад огцруулсан, сумын хурал 12 сарын 17-ны өдөр миний ажлыг хангалттай гэж дүгнэсэн байгаа, сумын хурлын төлөөлөгчдөд 1 хоногийн өмнө гарах шийдвэрийн төсөл, тооцоо судалгааг танилцуулах ёстой байсан, аймгийн Засаг дарга огцруулах эсэх шийдвэрээ гаргаагүй байхад дараагийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нь алдаатай болсон,томилогдсон Засаг дарга нь хуулийн шаардлагыг хангахгүй байгаа, хууль бус тогтоол үндэслэж намайг аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлсөн тухай тайлбар гарган маргаж байна.

       15. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Сумын Засаг даргыг огцруулах тухай төлөөлөгчдийн гуравны нэг нь гарын үсэг зурж хуралдаанаар хэлэлцүүлсэн тул хууль, эрх зүйн үндэслэлтэй хуралдаан болсон.Бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг олонхоор хэлэлцэн шийдвэрээ гаргасан... гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

     16. Увс аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд сумын Засаг даргыг огцруулах тухай саналыг ирүүлсэн тул аймгийн Засаг дарга хуулийн хүрээнд сумын Засаг дарга Ц.П-ыг үүрэгт ажлаас нь огцруулж шийдвэрлэсэн... гэх тайлбар гарган нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

       17. Гуравдагч этгээд Ц.Г шүүхэд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөх тухай тайлбар ирүүлсэн болно.

        18. Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 05/02 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Улаангом сумын Засаг дарга Ц:П-ыг сумын Засаг даргаас огцруулахаар, 2 дахь заалтаар хуралдаанаас гарсан шийдвэрийг дээд шатны Засаг даргад уламжлахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад даалгажээ.

      19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 05/02 дугаар тогтоол 3 өөрөөр гарсан болох талаар тайлбарласан болно.Эхний удаад тогтоолоор Сумын Засаг даргыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч түр орлон гүйцэтгүүлэхээр заасан байсныг хуралдаанд танилцуулсан төслөөс өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр уг заалтыг хасаж дахин аймгийн Засаг даргад ирүүлсэн, уг ирүүлсэн тогтоолын хууль баримталсан хэсэгт арилгагч хэрэглэсэн бичиг хэргийн стандарт хангахгүй байсан.Иймд тогтоолыг дахин шинээр хэвлэж ирүүлсэн гэсэн тайлбарыг хариуцагч тал гаргасан энэ талаар маргаангүй байна.Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт болох Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 05/02 дугаар тогтоол нь 2 заалт бүхий, 1 дэх заалтаар сумын Засаг даргыг огцруулахаар, 2 дахь заалтаар хуралдаанаас гарсан шийдвэрийг дээд шатны Засаг даргад уламжлахыг даалгажээ.

         20. Увс аймгийн Засаг даргын Увс аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар Улаангом сумын Засаг дарга Ц:П-ыг огцруулж, Б/55 дугаар захирамжаар Ц.Г-ийг Улаангом сумын Засаг даргаар томилсон байна.

        21. 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 01 дугаартай Увс аймгийн Улаангом сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн албан хүсэлтэд нийт 13 төлөөлөгч Улаангом сумын Засаг даргыг огцруулах санал гарган гарын үсгээ зурж хурлын даргад хүргүүлсэн байх бөгөөд Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 сарын 29-ний өдрийн А/49 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус тавдугаар хуралдааныг 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 09 цагт хуралдуулан, сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товыг тогтоожээ.

          22. 2021 оны 10 сарын 11-ний өдрийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны товын урилга, мөн Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн албан тоот зэргийг 2021 оны 10 сарын 08-ны өдөр нийт төлөөлөгчдөд тарааж, гарын үсгийг зуруулсан байна.

          23. Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 сарын 11-ний өдрийн хуралдаанд нийт 31 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч ирсэн ирцтэйгээр эхэлсэн байх боловч хуралдааны явцад МАН-ын 11 төлөөлөгч хуралдааныг үргэлжлүүлээгүй байх ба нийт 19 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдаан үргэлжилж сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцжээ.Хуралдаанаар 19 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч сумын Засаг даргыг огцруулахыг дэмжиж, 1 төлөөлөгч татгалзсан санал өгсөн байх ба хурлын ирцэд бүртгэлтэй МАН-ын бүлгийн 11 төлөөлөгч хурлыг орхин явсан тул эсрэг санал өгсөнд тооцож сумын Засаг даргыг огцруулах саналыг дэмжсэн 18, дэмжээгүй 12 төлөөлөгчийн саналтай гэж тооцож сумын Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогджээ.

          24. Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 02 дугаар мэдэгдлээрээ сумын Засаг даргыг огцруулах дараах үндэслэлүүдийг танилцуулж хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.Үүнд:1.Увс аймгийн Засаг даргаас 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 1/1098 тоот албан бичгээр Улаангом сумын Засаг дарга Ц:П-т ажил эрчимжүүлэх чиглэл хүргүүлсэн.Улаангом сумын Засаг даргаас 582 дугаартай албан бичгээр биелэлтийн тайланг хүргүүлсэн,Аймгийн ЗДТГ-ын хяналт,шинжилгээ үнэлгээ,дотоод аудитын хэлтсээс хэрэгжилтийг хангалтгүй гэж тогтоосон.

        2. Сум хөгжүүлэх сангийн зээл олголт,эргэн төлөлт, зээлийн хяналт, тайлагналт ил тод биш

        3. Улаангом сумын Засаг дарга нь олон нийтийн сүлжээгээр огцруулах гарын үсэг зурсан АН-ын 13 төлөөлөгчийн нэр хүндэд халдан ташаа мэдээлэл тарааж ёс зүйн алдаа гаргасан гэжээ.

         25. Сумын Засаг даргыг албан үүргээс нь огцруулах үндэслэлийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ, мөн зүйлийн 32.6-д Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

       Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж заасан ба 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г-д Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах асуудлыг хэлэлцэх тухай багтжээ.

           26. Сумын Засаг даргыг огцруулахаар Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй буюу 13 төлөөлөгч гарын үсэг зурж, санал гаргасан, саналыг 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцсэн, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар Улаангом сумын засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6-д заасан хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

         27. Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1.г-д зааснаар сумын Засаг даргыг огцруулах санал гаргах эрх нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өөрийн онцгой бүрэн эрхэд хамаарагдаж байгаа тул сумын Засаг даргыг хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэснийг шүүхээс буруутгах үндэслэлгүй.

         Өөрөөр хэлбэл, улс төрийн албан тушаалтныг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэсэн хурлын хуралдааны үйл ажиллагаа зохих ёсоор явагдсан эсэх, хуралдааныг хүчингүйд тооцох үндэслэл үүссэн эсэхэд шүүхээс дүгнэлт хийх ба тухайн огцруулах үндэслэл зөв, буруу талаарх дүгнэлтийг хийхгүй болно.

       Иймд нэхэмжлэгчийн гаргасан Намайг огцруулах үндэслэл байгаагүй,2021 он дуусаагүй,ажлаа дүгнүүлээгүй байхад огцруулсан,сумын хурал 12 сарын 17-ны өдөр миний ажлыг хангалттай гэж дүгнэсэн байгаа гэх тайлбар,нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

            28. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан байна.

           Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 5-р хуралдааныг хийхдээ дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу 3 хоногийн өмнө 2021 оны 10 сарын 08-ны өдөр хурлын төлөөлөгчдөд хэлэлцэх асуудлыг бичсэн урилгыг сумын Засаг даргыг огцруулах тухай Ардчилсан намын бүлгийн албан бичгийн хамт төлөөлөгчдөд тараасан, хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг хэлэлцээгүй, гагцхүү улс төрийн албан тушаалтныг буюу Сумын Засаг даргыг огцруулах, нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн тул заавал тооцоо судалгаа хийгдсэн байхыг шаардахгүй, сумын Засаг дарга Ц.П-аас хуралдаанд оролцохгүй гэсэн байр суурийг илэрхийлж хуралдаанд оролцоогүй талаар тэмдэглэлд тусгагдсан байна.

        Иймд 2021 оны 10 сарын 11-ний өдрийн хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

           29. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хурлын төлөөлөгч асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй байх бөгөөд энэхүү эрхийн хүрээнд 2021 оны 10 сарын 11-ний өдрийн хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр санал гаргасныг төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр хэлэлцэх асуудалд оруулсан нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс гаргасан сумын Засаг даргыг огцруулах асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлээгүй байхад дараагийн Засаг даргыг нэр дэвшүүлсэн гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

           30. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасан зохицуулалтын хүрээнд Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 сарын 11-ний өдрийн хуралдааны 5/03 дугаар тогтоолоор Улаангом сумын Засаг даргад Ц.Г-ийн нэрийг дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн байна.

        31. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/55 дугаар захирамжаар Ц.Г-ийг Улаангом сумын Засаг даргаар томилжээ.

        Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдийн нэгийг дараагийн томилогдсон сумын Засаг дарга Ц.Г нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж тодорхойлон тайлбар гаргасан бөгөөд шүүхээс маргаан бүхий акт болох Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 5/02 дугаар сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоолын үндэслэлд дүгнэлт хийх тул уг тайлбар нь маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

         32. Иймд нэхэмжлэгч Ц.П-ын шүүхэд гаргасан Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 05/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

          33. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар сумын Засаг даргыг огцруулах саналыг ирүүлсэн тохиолдолд саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэхийг шийдвэрлэх үүргийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заажээ.

           Шүүхээс Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 5/02 дугаар тогтоолыг хууль бус гэж үзээгүй, мөн Увс аймгийн Засаг даргын хувьд Улаангом сумын Засаг даргыг огцруулах тухай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг дэмжиж 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/54 дугаар захирамжаараа Ц.П-ыг Улаангом сумын Засаг даргын албан тушаалын үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн тул Увс аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/54 дугаар Засаг дарга Ц:П-ыг огцруулах тухай захирамж хууль зөрчөөгүй байна.

        Иймд нэхэмжлэгч Ц.П-ын шүүхэд гаргасан Увс аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/54 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгон,ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

          34. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1.Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн/2006 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.П-ын Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 05/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/54 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.П-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.АЛТАНЦЭЦЭГ