Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

 

2023 оны 06 сарын 14-ний өдөр                       Дугаар 2023/ШЦТ/73                                                  Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай Айн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Б-ийн Б.Эад холбогдох 2328000890116 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай Айн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Эыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ирсэн өдөр нь бид хоёр хамт хоолонд орчихоод манай гэрт очиж хоносон. Маргааш нь 03 дугаар сарын 07-ны өглөө 11 цагийн үед гэрт нь очиж уулзаад талийгаач, Ө хоёр хоорондоо ярилцаж тохиролцоод буцаад гэртээ ирсэн. Тэгээд 03 дугаар сарын сарын 07, 08-ны өдрүүдэд гэрээс огт гараагүй. 03 дугаар сарын 09-ний үдээс хойш Ө гэх залуугаас 3,500,000 төгрөг шилжүүлсний дараа дүү Өтай хамт явж Тэнгэрийн ертөнц гар утас худалдааны төвөөс iphone 12 загварын гар утас авчихсан ирсэн. Тэр орой нь 21 цагийн үед Хүрмэн сумын Тулга багаас талийгаачийн нөхөр Т ирж хоносон. 03 дугаар сарын 10-ны өдөр нөхөр нь гадуур гарчихаад дүүгийндээ байна ирж аваач гэхээр нь талийгаачтай хамт явж Т ахыг очиж авч ирсэн. Тэгээд талийгаач нөхөртэйгөө хамт зүүн гэрт буюу эгч Ө-ийн гэрт хоносон. 03 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед талийгаач бид хоёр хамт гадуур гарч талийгаач нөхөр Т хувцас аваад Т ахыг хөдөө явах гэж байхад нь Их уул хороололд очиж авсан хувцсаа өгчихөөд буцаад гэртээ харих замдаа Баянбогд дэлгүүрт орж хүнсний зүйл цуглуулчихаад гэртээ 16 цагийн үед очсон. Тэгээд манайд нэг орж ирээд, зүүн гэр рүү нэг ороод хоёр гэрийн хооронд л яваад байсан. Тэгж байгаад 21 цагийн үед зүүн гэрт орох гээд гэрээс гарахад талийгаач миний машинд сууж байхаар нь би очсон чинь “Домч бор” нэртэй архи дөнгөж задалчихсан сууж байсан. Тэгээд тухайн архинаасаа надад хийж өгөхөөр нь би амсчихаад буцааж өгсөн. Тэгэхэд талийгаач энэ архинаас уугаад толгойны өвчин намдаж байна гэхээр нь орж амраарай гэж хэлчихээд би гэртээ орсон. Намайг талийгаачтай уулзсаны дараа бас зүүн гэрт байсан Ө гэдэг дүү бас гарч ирээд талийгаачийг гэрт ор гэж хэлсэн гэсэн. /хх-ийн 22-23 дахь тал/

 

Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 03 сарын 06-ны орой би малын хотонд тэжээдэг малдаа тэжээлийг нь өгөөд байж байсан чинь манай гэрийн гадаа мотоциклтой хоёр хүн ирж байгаа харагдсан. Тэгээд би гэр рүү орсон байхгүй байхаар нь зүүн гэр рүү шагайж харсан чинь Б.Э нэг танихгүй залуутай ирчихсэн манай талийгаач охин Ө-ийн гурвуул дундаа нэг шил архи тавьчихсан сууж байсан. Тэгээд би буцаад малын хотондоо очсон. Удалгүй мотоцикл дуугараад хөдлөөд явсан. Тэгэхээр нь тэр ирсэн 2 хүнийг явчихлаа гэж бодсон. Малаа тэжээж дуусаад зүүн гэр рүү очсон чинь нөгөө хүн нь явчихсан Б.Э манай талийгаачтай сууж байсан. Тэр хоёрыг харчихаад гэр рүү ороод байж байсан чинь удалгүй Б.Э манай талийгаач охинтой хамт орж ирээд надаас архи нэхээд байсан. Тэгсэн чинь манай талийгаач охин уурлаад чи яах гээд настай хүмүүсээс архи нэхээд байгаа юм, байхгүй, байсан ч чамд өгөхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Э зөрүүлээд хамар руу нь нэг удаа цохиод хамрыг нь мурийлгаад хаячихсан. Тэр үед манай хүү Г.ХБ.Эыг барьж аваад гэрээс гаргасан. /хх-ийн 29 дэх тал/

 

Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 03 сарын 06-ны орой 18 цагийн үед би малдаа явчихаад гэртээ ирсэн. Тэгсэн гадна мотоциклтой хүн ирэхээр нь хүүхдүүдийг юм болов уу гэж бодсон чинь Б.Э нэг танихгүй залуутай орж ирсэн. Б.Э хамт явж байсан хүнийхээ өврөөс нэг шил архи нэхэж гаргуулаад уух гэж байсан чинь манай талийгаач охин Ө-ийн манай гэр рүү оръё гээд Б.Э танихгүй залуу хоёрыг дагуулаад гарсан. Тэгээд нэг их удалгүй мотоцикл дуугараад манай гаднаас хөдлөөд явахаар нь Б.Э нөгөө залуу хоёрыг явсан гэж бодсон. Тэгсэн чинь удалгүй Б.Э манай талийгаач охинтой хамт орж ирээд манай хөгшнөөс архи нэхээд байсан. Тэгсэн чинь манай талийгаач охин уурлаад чи яах гээд настай хүмүүсээс архи нэхээд байгаа юм, байхгүй, байсан ч чамд өгөхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Э зөрүүлээд хамар руу нь нэг удаа цохисон. Тэр үед манайд байсан Г.ХБ.Эыг барьж аваад гэрээс гаргасан. /хх-ийн 33 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний 37 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ө-ийн цогцост үзлэг шинжилгээгээр духны зулгаралт, хамрын уг, баруун нүдний дээд болон доод зовхи баруун хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Духны зулгаралт гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамрын уг, баруун нүдний дээд болон доод зовхи баруун хацрын цус хуралт гэмтэл нь нас барахаас 5-7 орчим хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь үхлийн шалтгаантай холбоогүй болно. Ө-ийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. Шүүх химийн шинжилгээгээр Ө-ийн цусанд 4.9 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгг хамаарна. Х.Ө-ийн нь спиртийн хордлогоор нас баржээ. /хх-ийн 50-52 дахь тал/

 

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Одоо өдрийг нь сайн санахгүй байна. 2023 оны 03 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Ханын хэц гэх газар руу тэмээ хайхаар авга ах Отгонбаатарын хамт явахдаа 0,75 литрийн хоёр шил, 0,5 литрийн нэг шил “Хараа” нэртэй архи авч явсан. Тэгээд замдаа зогсож 0,5 литрийн “Хараа” архиа гаргаж Отгонбаатар ахтай хамт уух гэж задлахад Отгонбаатар ах уухгүй гэсэн. Тэгэхээр нь тухайн архинаас би ганцаараа уучихаад цааш явсан. Нар шингэхийн үед Х гуайнд очиж золгоод талийгаач Ө-ийнгийн гэрт орж 0,75 литрийн хоёр шил архиа гаргаж Х, Амгалан, талийгаач Ө-ийн бид нар хамт хувааж уусан. Тэгэхэд Отгонбаатар ах намайг тухайн айлд үлдээчихээд мотоцикл унаад Билэгээ гэх айлд очиж хонохоор явчихсан. Тэгээд би талийгаач Ө-ийнтай юунаас болж маргалдаж муудалцсаныг сайн санахгүй байна. Хоорондоо маргалдаж байгаад талийгаач Ө-ийн эхлээд намайг нэг, хоёр удаа алгадчихаар нь би зөрүүлээд алгадахад Ө-ийнгийн хамраас цус гарчихсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг болиулахад би хэвтээд унтчихсан байсан. Шөнө нь сэрээд Отгонбаатарыг дуудаад хамт аймгийн төв рүү явсан. Харин маргааш нь Ө-ийн, Ө нар ирж надтай уулзаад цагдаад мэдэгдэхгүй, хоорондоо тохирох талаар ярилцаж би Ө-ийнгийн данс руу 3,500,000 төгрөг шилжүүлсэн. Харин дараа 1,500,000 төгрөг шилжүүлэхээр тохиролцсон байсан. /хх-ийн 66 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дэх тал/

Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн засаг даргын 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт /хх-ийн 72 дахь тал/

Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 88-91 дэх тал/

Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-102 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч Б.Э нь согтуугаар, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутагт иргэн Д.Цгийн гэрт настай хүмүүсээс архи нэхсэн гэх шалтгаанаар Х.Ө-ийнтай маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Б.Э нь хохирогч Ө-ийн нүүр хэсэг рүү гараараа цохьсон үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Гэрч Д.Цгийн: ...Тэгсэн чинь манай талийгаач охин уурлаад чи яах гээд настай хүмүүсээс архи нэхээд байгаа юм, байхгүй, байсан ч чамд өгөхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Э зөрүүлээд хамар руу нь нэг удаа цохиод хамрыг нь мурийлгаад хаячихсан. Тэр үед манай хүү Г.ХБ.Эыг барьж аваад гэрээс гаргасан. /хх-ийн 29 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Хгийн: ...Тэгсэн чинь удалгүй Б.Э манай талийгаач охинтой хамт орж ирээд манай хөгшнөөс архи нэхээд байсан. Тэгсэн чинь манай талийгаач охин уурлаад чи яах гээд настай хүмүүсээс архи нэхээд байгаа юм, байхгүй, байсан ч чамд өгөхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Э зөрүүлээд хамар руу нь нэг удаа цохисон. Тэр үед манайд байсан Г.ХБ.Эыг барьж аваад гэрээс гаргасан. /хх-ийн 33 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө-ийн биед духны зулгаралт, хамрын уг, баруун нүдний дээд болон доод зовхи баруун хацрын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний 37 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-52 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ... /хх-ийн 22-23 дахь тал/ гэснээр шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 86 дахь тал/, Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 88-91 дэх тал/, Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-102 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дахь тал/, Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн засаг даргын 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолтод: Б.Э нь ам бүл тус багийн иргэн мөн болохыг тодорхойлов /хх-ийн 72 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай Айн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүгдэгч Б.Э нь өөрөө өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбар гаргав.

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий Айн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч А овгийн Б-ийн Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай Айн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай Айн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий Айн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогчид 3.500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА