Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

 

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/92                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын Бд холбогдох 2228004050077 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Б нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Радио станцын гэр хорооллын Тугалын хонд гэх газарт иргэн Х.Чтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Х.Чын нүүр, нүд хэсэг рүү нь гараараа цохиж зодон тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б-г яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ч.тай хувийн үл ойлголцсон зүйлээс болж маргалдсан. Чи яагаад миний зэсийг авсан юм гэхээр нь би аваагүй гэж хэлсэн. Тэгээд машинаасаа бууж ирээд намайг цохиод авахаар нь би зөрүүлээд 2-3 удаа цохьсон.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр үед надад бага зэргийн зэс утас байсан. Түүнийг худалдан борлуулж түлш хийх гэсэн бодолтой автомашины кабин дотор хийж Цы гэрт ганцаараа очсон. Намайг Цы гэрт очиход гэрийн эзэн Ц түүний эхнэр Ц, Б болон Б-ийн хүргэн мөн Б-ийн дүү О нар байсан өөр хүн байгаагүй. Автомашины ачаа /тэвш/ хэсэгт хоёр тооны хонь ачиж автомашины кабин дотор Б Б-ийн хүргэн болон Б-ийн дүү О мөн Цы эхнэр Ц нар сууж Даланзадгад сумын төв рүү явсан. Морь барианы тэнд байдаг О, Н гэх мал, мах худалдан авдаг айлын хашаанд очиж хонийг буулгаж тэнд худалдсан. Чухам хэдэн төгрөгөөр яаж худалдан борлуулсан талаар мэдээгүй. Тэрний дараа Б, Б-ийн дүү О түүний нөхөр миний танихгүй эрэгтэй, Ц нар хүнсний дэлгүүр орж хоёр тор дүүрэн архи, пиво худалдаж аваад Дундсайхан гэр хороолол хэсэгт байрлах “Баясах” нэртэй хүнсний дэлгүүрийн тэнд бууж үлдсэн юм. Тэр үед Б миний автомашин дотор байсан зэс утсыг аваад буучихсан юм байна лээ. Түүнийг тухайн үед бол мэдээгүй. Харин төмөр, зэс худалдан авдаг газар очиж автомашины кабин дотор хийсэн зэс утсыг тушаах бодолтой үзтэл байгаагүй. Иймд өөрийнхөө гэрт очиж тухайн үед цуг амьдарч байсан Оюунсүрэнд болсон асуудлыг хэлж Оюунсүрэнгийн хамт Б-ийн гэр рүү явж байхад замд Ц, Б хоёр явган алхаж явсан. Би автомашинаас бууж Бд хандаж чи ямар учраас миний автомашины кабин дотор байсан зэс утсыг авсан талаар хэлэхэд би аваагүй гэж хэлээд миний нүүр болон зүүн нүд рүү гараараа цохисон. Тэрний улмаас миний нүд болон хөмсөг хэсгээс цус гарсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн. Улмаар 7 хоног эмчилгээ хийлгэсэн. ...Тухайн үед Б надад 100.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Би одоо Бэс 500.000 төгрөг нэхэмжлэх болно. Миний зүүн талын нүдний хараа муудсан. Цаашид эмчилгээнд гарах зардлыг болон өмнө нь Улаанбаатар хот руу явсан, мөн ажил хийгээгүй байсан үеийн зардлыг мөнгө болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. /хх-ийн 92, 137 дахь тал/

 

Гэрч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б нь 2022 оны 10 дугаар сард манай бага мал, сүрэг дунд өөрийн хонь, ямаа, ишиг нийлсэн 22 гаруй бага малыг түр харуулж байсан. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, өглөөний 11 цагийн үед ирсэн. Тэгээд бид хоёр ойр зуурын сонин сайхан ярьж байгаад Болд-Эрдэнийг ямар ажлаар хаашаа явж байгаа талаар асуухад манайд тавиулсан бага малаас 2 хонь авахаар ирлээ. Ачаад айлд хүргээд өгөх портер байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би хойд аав Быг гэртээ дуудсан. Удалгүй Б манайд ирээд Б бид хоёр хоёр хонио тэвшин дээр нь ачиж өгөөд манайхаас Б, Б, Ц, О нар явсан. Би хониныхоо бэлчээрт үлдсэн. Тэгээд байж байтал оройны 18 цагийн үед Б над руу залгаад машин дотор байсан зэс алга болчихсон байна. Чи харсан уу гэсэн. Би тэгээд хараагүй гэж хэлээд тэд нарыг хаана байгаа талаар асуухад Б-ийн гэрийн урдхан талд байна гэсэн. Тэгээд би Б-ийн гэр рүү алхаад очсон. Намайг Б-ийн гэр рүү очиж байхад зам дээр Б портертойгоо зогсчихсон хүмүүс бужигнаад байсан. Би сандраад гүйгээд очиход Б машиндаа суух гэж байхад нь Б араас нь толгой руу нь цохиж байсан. Тэгэхэд Б зөрүүлээд Б рүү хоёр гараа савчаад дайраад байсан. Гэхдээ Б Болд-Эрдэнийг цохиж оноогүй. Тэгээд би Болд-Эрдэнийг гараас нь татаж аваад хорьсон. Б машиндаа суусан. Би эхнэр Цг дагуулаад гэр рүүгээ явсан. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. /хх-ийн 96 дахь тал/

 

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд Б-ийн гэрийг О бид хоёр түгжээд гэрээс гарч иртэл Б ах ирчихсэн Б Б ахын нүүр хэсэг рүү цохиж байсан. /хх-ийн 98 дахь тал/

 

Өмнөговь аймгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 474 дугаартай дүгнэлтэд: “Х.Чын биед тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 40-41 дэх тал/

 

Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж
танилцсан, надад асууж тодруулах зүйл огт байхгүй. Би Бын ахыг зодсон нь
үнэн. Гэм буруугаа ойлгож байна. Би Б ахын автомашины суудлын ар хэсэгт байсан зэс утсыг хэлэхгүйгээр авч түүнийг худалдсан юм. Тэр өдрийн орой нь Б ах ирж надтай уулзсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Би согтуу архи ууж хэрэглэсэн байсан учир Б ахын нүүр хэсэг рүү хоёр удаа гараараа цохисон.
Тухайн үед Б ах намайг бас цохисон. /хх-ийн 102 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 114 дэх тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 905 дугаартай тодорхойлолт /хх-ийн 116 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Х.Ч, шүүгдэгч Б нар нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Радио станцын гэр хорооллын Тугалын хонд гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Б нь хохирогч Х.Чын нүүр, нүд хэсэгт гараараа цохьсон үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч Х.Чын: “..Би автомашинаас бууж Бд хандаж чи ямар учраас миний автомашины кабин дотор байсан зэс утсыг авсан талаар хэлэхэд би аваагүй гэж хэлээд миний нүүр болон зүүн нүд рүү гараараа цохисон. Тэрний улмаас миний нүд болон хөмсөг хэсгээс цус гарсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн. Улмаар 7 хоног эмчилгээ хийлгэсэн. /хх-ийн 92, 137 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Цы: “...Тэгээд би Б-ийн гэр рүү алхаад очсон. Намайг Б-ийн гэр рүү очиж байхад зам дээр Б портертойгоо зогсчихсон хүмүүс бужигнаад байсан. Би сандраад гүйгээд очиход Б машиндаа суух гэж байхад нь Б араас нь толгой руу нь цохиж байсан. /хх-ийн 96 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Цгийн: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд Б-ийн гэрийг О бид хоёр түгжээд гэрээс гарч иртэл Б ах ирчихсэн Б Б ахын нүүр хэсэг рүү цохиж байсан. /хх-ийн 98 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Чын эрүүл мэндэд тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 474 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 дэх тал/-ээр  тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Радио станцын гэр хорооллын Тугалын хонд гэх газарт иргэн Х.Чтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Х.Чын нүүр, нүд хэсэг рүү нь гараараа цохиж зодон тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч Х.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ: “...Тухайн үед Б надад 100.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Би одоо Бэс 500.000 төгрөг нэхэмжлэх болно. Миний зүүн талын нүдний хараа муудсан. Цаашид эмчилгээнд гарах зардлыг болон өмнө нь Улаанбаатар хот руу явсан, мөн ажил хийгээгүй байсан үеийн зардлыг мөнгө болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

 

Шүүгдэгч Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 100.000 төгрөгийг хохирогч Х.Чад төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хохирогч Х.Ч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба шүүгдэгч Б шүүх хуралдаанд “... эхлээд 500.000 төгрөг нэхэмжилж байсан. Тэгээд цагдаа дээр байхдаа ярихад 500.000 төгрөг яах юм бэ?, 300.000 төгрөг өгчих гэж хэлсэн. 300.000 төгрөг төлөхөөр тохирсон” гэх тайлбар гаргасан тул шүүх шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид төлсөн 100.000 төгрөгийг хасаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 200.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Чад олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Хохирогч Х.Ч гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал нь хор уршигт тооцогдох тул хохирогч Х.Чын эмчилгээтэй холбоотой зардалд 200.000 төгрөгийг шүүгдэгч Бэс гаргуулан олгож, хохирогчийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 117 дахь тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 905 дугаартай тодорхойлолтод: Б нь Даланзадгад сумын Баруунсайханы 1 дүгээр баг, Гурвансайханы 7-42 тоотод ам бүл 2 оршин суудаг нь үнэн болохыг үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн сангийн бүртгэлд үндэслэн тодорхойлов. /хх-ийн 116 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 114 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б нь өөрийгөө өмгөөлж ... Миний буруу. Торгуулийн арга хэмжээ авч өгнө үү гэх тайлбарыг гаргав.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, учруулсан хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Х.Чад 100.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Ч/-д олгож, хохирогч Х.Чын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Х.Чад 100.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА