Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

 

2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/71                                          Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А-ын Тд холбогдох 2328000950118 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч А.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Т-ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж алдаа гаргаснаа хүлээж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Т малаа тэжээчихээд ороод ирсэн. Би галаа асаах гээд галын цогон дээр хоргол хийгээд орхисон. Тэгээд уугиж байгаад асах байх гэсэн чинь Т гэрт хүйт орчихож гээд галаа асаах гээд гаднаас мод авчирч хийсэн. Тэгээд гал асахгүй нь бүр унтарчихсан байна гээд гаднаас жижиг сэнжтэй аяганд бензин хийж орж ирээд зуухны дээд талын том тагаа аваад дээрээс нь уг бензинээ хийтэл өөдөөс нь пүр гээд пургиад нөгөө гал нь ассан. Тэгсэн Т сандарсандаа барьж байсан аягаа үүд рүү шидэх үед нь манай охин А гэрийн босго даваад гарч байх нь таарсан. Тэгээд Т-ын шидсэн бензинтэй аяга охин Агийн нуруун дээр оноод гал авалцсан охин чигээрээ гараад гүйсэн би араас нь гартал охин гүйж байсан. Би араас нь гүйцэж очоод галыг нь унтраатал манай нөхөр Т ирээд хувцсыг нь тайлсан. Тэгээд бид хоёр шууд түргэн дуудаад ирэхгүй байхаар нь өөрсдөө хүүхдээ аваад эмнэлэг дээр ирсэн. Гомдол санал байхгүй. /хх-ийн 11-12 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Агийн биед баруун зүүн дал, нуруу, баруун гуя, шилбэнд 3б зэргийн түлэгдэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Агийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Агийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 18-19 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн Х сумын Ж багийн, нутагт байрлах Их цагаан гэх газарт өөрийн гэртээ гал түлэхдээ гал дэмжих зорилгоор бензин ашиглах явцдаа гал алдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар насанд хүрээгүй хохирогч Б.Агийн 7 настай охин Б.Агийн биед нуруу, баруун гуя, шилбэнд 3б зэргийн түлэгдэл бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Бын: 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Т малаа тэжээчихээд ороод ирсэн. Би галаа асаах гээд галын цогон дээр хоргол хийгээд орхисон. Тэгээд уугиж байгаад асах байх гэсэн чинь Т гэрт хүйт орчихож гээд галаа асаах гээд гаднаас мод авчирч хийсэн. Тэгээд гал асахгүй нь бүр унтарчихсан байна гээд гаднаас жижиг сэнжтэй аяганд бензин хийж орж ирээд зуухны дээд талын том тагаа аваад дээрээс нь уг бензинээ хийтэл өөдөөс нь пүр гээд пургиад нөгөө гал нь ассан. Тэгсэн Т сандарсандаа барьж байсан аягаа үүд рүү шидэх үед нь манай охин А гэрийн босго даваад гарч байх нь таарсан. Тэгээд Т-ын шидсэн бензинтэй аяга охин Агийн нуруун дээр оноод гал авалцсан охин чигээрээ гараад гүйсэн би араас нь гартал охин гүйж байсан. Би араас нь гүйцэж очоод галыг нь унтраатал манай нөхөр Т ирээд хувцсыг нь тайлсан. /хх-ийн 11-12 дахь тал/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Т-ын: ...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ гал түлэхдээ бензин ашиглаж асаах гэж байгаад гал алдаад 7 настай охин Агийн нуруу, өгзөг, зүүн хөлийн булчин зэргийг түлж гэмтэл учруулсан. /хх-ийн 69 дэх тал/ гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Агийн биед баруун зүүн дал, нуруу, баруун гуя, шилбэнд 3б зэргийн түлэгдэл бүхий хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Б.Т нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ болон бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т-ын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 70 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг бичгээр гаргаж өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбар гаргав.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөргүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь  тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Б овгийн А-ын Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Т нь тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА