Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

 

2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр                   Дугаар 2023/ШЦТ/96                                        Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Хүрэлбаатар,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Э.Э, Б.Б,

Өмгөөлөгч: И.Оюунгэрэл, Н.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Э-ийн Э нарт холбогдох 2228000000108 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ яллагдагч Э-ийн Этой бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Зүүнсайхан гэр хорооллын 16-14 тоотод оршин суух иргэн Л.Мын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бага гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг хөөрөгний дайлан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4.520.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ яллагдагч Б-ын Бтэй бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Зүүнсайхан гэр хорооллын 16-14 тоотод оршин суух иргэн Л.Мын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бага гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг. дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг хөөрөгний дайлан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4.520.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Э.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 2 дугаар гудамжны 7 тоотод иргэн Ж.Э-ийн гэрт нэвтэрч иргэн Л.Мгийн эзэмшлийн 2 монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Э, Б.Б нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ бол миний хийсэн хэрэг, бүгд миний буруу. Буруу зүйл хийсэнд уучлаарай. Би ээжийгээ харж ээжтэйгээ хоёулхнаа гэртээ байдаг. Ээж маань хөгжлийн бэрхшээлтэй хүн. Хөдөө хэдэн малтай. Тэрийгээ хардаг. Ээжийгээ орхиод ийш тийш явах хэцүү.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манай 3 дүү болох төрсөн дүү М, төрсөн дүү М, үеэл дүү С нар Цогтцэций суманд хийж байсан барилгын ажлаа дуусгаад манайд ирсэн гэсэн. Тэгээд над руу шөнө 00 цагийн үед залгаад эгчээ гэр орон чинь юу болсон юм бэ гэсэн. Би яасан юм гэхэд авдрын цоожийг чинь эвдээд хамаг юмыг чинь тараагаад том өрөөний чинь цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би бага дүү болох Мтай дүрс бичлэгээр ярьж гэрт хулгай орсныг мэдэж цагдаад дуудлага өгсөн. ...Дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, Бага гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, хөөрөгний 2 ширхэг дайлан, эмэгтэй хүний дээл хийхэд бэлэн болсон хурганы 39 ширхэг арьс алдагдсан байсан. Хоёр хөөрөг мөнгөн нуухтай хос хөөрөг, эрэгтэй хөөрөг нь хөндий толгойтой, эмэгтэй хөөрөг нь мөрөн дээрээ хээтэй, улаан цэнхэр чулуутай хөндий толгойтой хөөрөгний дайлан цагаан, цэнхэр өнгийн зүү ороож оёсон хээтэй цагаан өнгийн хурганы арьснууд байсан. /хх-ийн 22-25 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Л.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байшингаас хулгайлсан хоёр ширхэг хөөргийг цагдаа нар олж хүлээлгэж өгсөн байгаа. ...2 хөөрөгнөөс өөр эд зүйл алдагдсан зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэгтээ хурганы арьс алдагдсан гэж мэдүүлсэн байгаа. Тухайн хурганы арьс нь унтлагын өрөөнд хийчихсэн байснаа олсон байгаа. ...Алдагдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 26-29 дэх тал/,

 

Хохирогч Л.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э нь 2021 оны 01 дүгээр сард манай байшинд засвар хийж байсан. 2 ширхэг монетон бөгж байсан ба нэг нь хурмын загвартай хатан сүйхтэй, нөгөөх нь товгор Х үсэг шиг хээтэй, хээ нь дээрээ жижиг шигтгээтэй бөгж. ...Манай нөхөр Энэбиш, хүү Отгонхүү нар баруун талын байшинд унтаж амрахаар гарсан. Би болохоор өөрийнхөө байшинд том хүүгийн хамт орон дээр унтсан. Тэгээд өглөө сэрэхэд гарт зүүлтэй байсан бөгж байхгүй болчихсон байсан. Байшингийн хаалга түгжээгүй онгорхой хоносон...” /хх-ийн 160-164 дэх тал/

 

Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед Цогтцэций суманд хийж байсан ажлаа дуусгаад төрсөн эгч Л.Мын гэрт амрахаар ирсэн. Тэгээд гэр рүү ороход том өрөөний хоёр авдар онгорхой дотор нь байсан. Бүх эд зүйлийг гаргаад хаясан байсан. Тэгээд би шууд эгч рүү залгаад танай гэрийн бүх зүйлийг бусниулаад хаячихсан байна гэхэд эгч хулгай орчихсон юм уу гээд би цагдаа дуудлаа гээд салгасан. ...Том зочны өрөөнд байдаг хоёр авдраас ихэнх эд зүйлийг гаргаад тавьчихсан. Зочны өрөөний баруун талын цонх онгорхой байсан...” /хх-ийн 37-38 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Цогтцэций сумаас ах М, үеэл Э.С нарын хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайханы 1б-14 тоот эгч Мын гэрт ирсэн. Бид нарыг ирээд гэрт ороход зурагт доор байрлах 2 авдар онгорхой, доторх эд зүйлийг гаргаад бусниулчихсан, 2 авдрын тагийг эвдсэн, зочны өрөөний баруун талын цонх онгорхой, онгорхой цонхны гадна талын тавцан дээр дарс гаргаад тавьчихсан, цонхоор гадагш харахад шуудайтай будааг нэлээн асгасан байдалтай, шуудай нь хашаа налуулаад тавьчихсан байсан. Тэгээд манай ах М эгч М руу холбогдоод гэрээ ийм байдалтай үлдээсэн юм уу гээд асуухад үгүй ээ гэсэн. Тэгээд хамгийн сүүлд хэн орж ирсэн гэхэд бага эгч М орж ирсэн гэсэн. Тэгээд М эгчээс асуухад тийм байгаагүй цэвэрхэн байсан, хаалга, цонхыг нь бүгдийг нь түгжээд гарсан гэсэн. Тэгээд том эгч Мтай ярихад цагдаа дуудъя гээд цагдаагийн байгууллагад хандсан...” /хх-ийн 35-36 дахь тал/,

 

Гэрч Я.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 03 цагийн үед Ногоочдын 3-10 тоотод такси авна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд очиход нэг согтуу залуу гарч ирээд эхлээд архи, пивоны юм байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь тэгвэл мөнгө зээлчих гээд 2 ширхэг том жижиг цагаан хөөрөг гаргаж ирж үзүүлээд энийг мөнгөөр авчихаач гэхээр нь би авахгүй гэсэн. Тэгсэн чинь маргааш орой Оюу толгойгоос мөнгө ороод ирнэ, тэгэхээр нь буцааж мөнгөө өгөөд хөөргөө авчихна гэсэн. Би тэгээд том хөөргийг нь 80.000 төгрөгөөр авсан. Тэгээд 08 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед хөөргөө авъя гээд ирэхээр нь мөнгөө өгөөд аваа гэсэн чинь ахад нь мөнгө олддоггүй ээ маргааш  мөнгийг нь өгье гэхээр нь би тэгвэл цагдаа дээр чинь аваад очъё гээд хэлсэн. Тэгээд орой 19 цаг орчим над руу цагдаагаас яриад намайг дуудсан. ...Надад зарахдаа би хөөрөг хийдэг хүн байгаа юмаа гэхээр нь би итгэсэн. Би хулгайн хөөрөг гэдгийг нь мэдээгүй...” /хх-ийн 39-40 дэх тал/,

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1-5 гэж дугаарласан гарын мөрүүдээс 2, 4 гэж дугаарласан гарын мөн шинжилгээнд тэнцэнэ. 1, 3, 5 гэж дугаарласан мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 2 гэж дугаарласан мөр Адис-папилон санд байх гарын хээний мөр, дардсуудтай тохирохгүй. 4 гэж дугаарласан гарын хээний мөр нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гарын хээний папилон санд “MN004420002084” дугаараар бүртгэгдсэн Баттулга овогтой Болд-Эрдэний зүүн гарын долоовор хурууны хээтэй тохирч байна. 4 гэж дугаарласан гарын мөр нь Баттулга овогтой Болд-Эрдэний зүүн гарын долоовор хурууны хээтэй гарын хээний зүүн гогцоо гэсэн ерөнхий шинж тэмдэг болон гарын хээний папилляр шугаман салаалалт, нийлэлт, төгсгөл гэх мэт 9 хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 59-62 дахь тал/

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 899 дугаартай дүгнэлт: “...цагаан шүрэн хөөрөг 2.000.000 төгрөг, цагаан шүрэн хөөрөг дунд гар 2.500.000 төгрөг, хурганы арьс 1.170.000 төгрөг, дайлан 20.000 нийт 5.690.000 төгрөг...” /хх-ийн 49-50 дахь тал/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 952 дугаартай дүгнэлтэд: “...монетон бөгж нийт 1.000.000 төгрөг...” /хх-ийн 191-192 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 сарын 01, 02-ны үеэр Этой хамт гэртээ байхдаа 2,4 литрийн Боргио нэртэй пиво, 0,75 литрийн Хараа архи уучихаад Ондоо гэдэг айлд очихоор хамт гарсан. Очиход эзгүй байсан. Тэгсэн Э нэг төмрөөр цохыг нь хөшиж онгойлгоод, намайг ор гэхээр нь би ороод байшингийн хойд хэсэгт авдрыг онгойлгоод дотроос нь цагаан чулуун хөөрөг 2 ширхэгийг аваад цонхоор гаргаж Эод өгөөд би өөрөө цонхоор гараад Этой хамт хүргэн Мөөгийгийнд очиход цалин нь буусан гээд Э бид хоёрт 0,5 литрийн Хараа авч өгсөн. Тухайн архинаас уучихаад би согтоод унтчихсан байсан. Тэгээд маргааш өдөр нь хүргэн Мөөгийгийнд унтаж байхад цагдаа нар ирж намайг авч явсан. Намайг сэрээд Э байхгүй байсан. Тухайн өдрөөс хойш Эыг хайсаар байгаад 3, 4 хоногийн дараа нь Эыг олоход нэг хөөргийг нь таксины жолоочид өгөөд нөгөө хөөрөг нь Эын халаасанд нь байсан. /хх-ийн 75-76 дахь тал/

 

Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б.Б төмөр авчраад байшингийн цонхыг нээх гээд чадахгүй болохоор нь би төмрийг нь аваад цонхыг хөшиж нээсэн. Л.Мгийн хоёр гарын ядам хуруунд нэг нэг монетон бөгж байсныг нь мулталж авсан. Эхлээд такси дуудаад дуудсан таксины жолоочид нэг бөгжийг нь 0.75 литрийн Хараан нэртэй архи, 2.4 литрийн Сэнгүр нэртэй нэг сав пиво зэргээр сольчихсон. Нөгөө бөгжийг нь Худалдааны төвийн замын урд талд байдаг алт мөнгөний дарханд 200.000 төгрөгөөр өгчихсөн. Тухайн үед Бтэй хамт явж байсан. Олсон мөнгөөрөө Б.Бтэй хамт архи, пиво авч уугаад дуусгасан. /хх-ийн 238 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 235, 238 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 232, 236 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Э, Б.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Зүүнсайхан гэр хорооллын 1б-14 тоотод оршин суух иргэн Л.Мын байшингийн цонхоор нэвтэрсэн,

 

Шүүгдэгч Э.Э нь дангаар үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 2 дугаар гудамжны 7 тоотод иргэн Ж.Э-ийн гэрт нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Э.Э, Б.Б нар нь хохирогч Л.Мын эзэмшлийн бага гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг хөөрөгний дайлан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Э.Э нь дангаар иргэн Ж.Э-ийн гэрт нэвтэрч хохирогч Л.Мгийн эзэмшлийн 2 монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Мын: ...Дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, Бага гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, хөөрөгний 2 ширхэг дайлан, эмэгтэй хүний дээл хийхэд бэлэн болсон хурганы 39 ширхэг арьс алдагдсан байсан. Хоёр хөөрөг мөнгөн нуухтай хос хөөрөг, эрэгтэй хөөрөг нь хөндий толгойтой, эмэгтэй хөөрөг нь мөрөн дээрээ хээтэй, улаан цэнхэр чулуутай хөндий толгойтой хөөрөгний дайлан цагаан, цэнхэр өнгийн зүү ороож оёсон хээтэй цагаан өнгийн хурганы арьснууд байсан. /хх-ийн 22-25 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Л.Мгийн: “...2 ширхэг монетон бөгж байсан ба нэг нь хуримын загвартай хатан сүйхтэй, нөгөөх нь товгор Х үсэг шиг хээтэй, хээ нь дээрээ жижиг шигтгээтэй бөгж. ...Манай нөхөр Энэбиш, хүү Отгонхүү нар баруун талын байшинд унтаж амрахаар гарсан. Би болохоор өөрийнхөө байшинд том хүүгийн хамт орон дээр унтсан. Тэгээд өглөө сэрэхэд гарт зүүлтэй байсан бөгж байхгүй болчихсон байсан. Байшингийн хаалга түгжээгүй онгорхой хоносон...” /хх-ийн 160-164 дэх тал/

 

Гэрч Л.Эийн: “2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед Цогтцэций суманд хийж байсан ажлаа дуусгаад төрсөн эгч Л.Мын гэрт амрахаар ирсэн. Тэгээд гэр рүү ороход том өрөөний хоёр авдар онгорхой дотор нь байсан. Бүх эд зүйлийг гаргаад хаясан байсан. Тэгээд би шууд эгч рүү залгаад танай гэрийн бүх зүйлийг бусниулаад хаячихсан байна гэхэд эгч хулгай орчихсон юм уу гээд би цагдаа дуудлаа гээд салгасан” /хх-ийн 37-38 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Л.Эын: “2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Цогтцэций сумаас ах М, үеэл Э.С нарын хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайханы 1б-14 тоот эгч Мын гэрт ирсэн. Бид нарыг ирээд гэрт ороход зурагт доор байрлах 2 авдар онгорхой, доторх эд зүйлийг гаргаад бусниулчихсан, 2 авдрын тагийг эвдсэн, зочны өрөөний баруун талын цонх онгорхой, онгорхой цонхны гадна талын тавцан дээр дарс гаргаад тавьчихсан, цонхоор гадагш харахад шуудайтай будааг нэлээн асгасан байдалтай, шуудай нь хашаа налуулаад тавьчихсан байсан. Тэгээд том эгч Мтай ярихад цагдаа дуудъя гээд цагдаагийн байгууллагад хандсан...” /хх-ийн 35-36 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Я.Тын: “2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 03 цагийн үед Ногоочдын 3-10 тоотод такси авна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд очиход нэг согтуу залуу гарч ирээд эхлээд архи, пивоны юм байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь тэгвэл мөнгө зээлчих гээд 2 ширхэг том жижиг цагаан хөөрөг гаргаж ирж үзүүлээд энийг мөнгөөр авчихаач гэхээр нь би авахгүй гэсэн. Тэгсэн чинь маргааш орой Оюу толгойгоос мөнгө ороод ирнэ, тэгэхээр нь буцааж мөнгөө өгөөд хөөргөө авчихна гэсэн. Би тэгээд том хөөргийг нь 80.000 төгрөгөөр авсан. Тэгээд 08 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед хөөргөө авъя гээд ирэхээр нь мөнгөө өгөөд аваа гэсэн чинь ахад нь мөнгө олддоггүй ээ маргааш  мөнгийг нь өгье гэхээр нь би тэгвэл цагдаа дээр чинь аваад очъё гээд хэлсэн. Тэгээд орой 19 цаг орчим над руу цагдаагаас яриад намайг дуудсан. ...Надад зарахдаа би хөөрөг хийдэг хүн байгаа юмаа гэхээр нь би итгэсэн. Би хулгайн хөөрөг гэдгийг нь мэдээгүй...” /хх-ийн 39-40 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Э, Б.Б нар нь бүлэглэн хохирогч Л.Мын байшинд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Э.Э, Б.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн болон дангаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Э, Б.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Мд 4.520.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 899 дугаартай дүгнэлтэд: “...цагаан шүрэн хөөрөг 2.000.000 төгрөг, цагаан шүрэн хөөрөг дунд гар 2.500.000 төгрөг, ...дайлан 20.000 нийт 4.520.000 төгрөг...” /хх-ийн 49-50 дахь тал/ гэснээр,

 

Шүүгдэгч Э.Эын гэм буруутай үйлдлийн улмаас Хохирогч Л.Мд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 952 дугаартай дүгнэлтэд: “...монетон бөгж нийт 1.000.000 төгрөг...” /хх-ийн 191-192 дахь тал/ гэснээр тус тус тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э, Б.Б нар нь бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Э нь дангаар үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Э.Э, Б.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.М, Л.М нарын эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан хохирлыг арилгахыг шүүгдэгч нараас шаардах эрхтэй байна.

 

Хохирогч Л.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Манай байшингаас хулгайлсан хоёр ширхэг хөөргийг цагдаа нар олж хүлээлгэж өгсөн байгаа. ...2 хөөрөгнөөс өөр эд зүйл алдагдсан зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэгтээ хурганы арьс алдагдсан гэж мэдүүлсэн байгаа. Тухайн хурганы арьс нь унтлагын өрөөнд хийчихсэн байснаа олсон байгаа. ...Алдагдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 26-29 дэх тал/ гэснээр шүүгдэгч Э.Э, Б.Б нарыг хохирогч Л.Мд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Л.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2 бөгжний хохирлоо барагдуулж авмаар байна” /хх-ийн 160-164 дэх тал/ гэх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч Э.Эоос 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Мд олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд түр завсарлага авч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болох нь хохирол төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Эыг хохирогч Л.Мд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд ...хохирогч Л.Мд учруулсан хохирлыг шүүгдэгч Э.Э, Б.Б нар хамтран хариуцах ёстой гэх дүгнэлт гаргасныг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Э.Э, Б.Б нарыг гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Э, Б.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Э.Эын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэгдээгүй /хх-ийн 238 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудаар, шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 235 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Э.Э, Б.Б нар нь шүүх хуралдаанд өөрсдийн сонгон авсан өмгөөлөгч нарын хамт оролцов.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өмнөговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан ялаас биелэгдээгүй үлдсэн 600.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийн торгох ялыг 1 хоногоор тооцож, одоо оногдуулж байгаа 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг тогтоож оногдуулах, шүүгдэгч Э.Эын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн 1 жил 40 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл ...шүүгдэгч Э.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэх дүгнэлт тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Эод 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Бд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулах дүгнэлт гаргаж байх боловч шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгч Э.Э үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Бд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Эын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Бийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Эын 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл баривчлагдсан 1 хоног, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 113 хоног, нийт 114 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч Б.Б нь 1 хоног саатуулагдсан болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно” гэж хуульчилсан ба шүүх шүүгдэгч нарт хорих ял шийтгэж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш овогт Э-ийн Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б-ын Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Эод 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Бд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Бийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эын баривчлагдсан 1 хоног, цагдан хоригдсон 113 /зуун арван гурав/ хоног, нийт 114 /зуун арван дөрөв/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Б 1 хоног саатуулагдсан болохыг дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эоос 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Мд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүгдэгч биелүүлсэн болохыг дурдсугай.
  7. Шүүгдэгч Э.Э 114 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Мд 2 хөөргийг биет байдлаар буцаан өгсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА