Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/204

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         06            06                                  2023/ШЦТ/204

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,  

улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран,

шүүгдэгч А.О-, Д.С- нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000282 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 0 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, “ххх” үсчний газар үсчин ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Д-ийн С, регистрийн дугаар /хх00000000/,

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг  0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, У овогт А-ийн О, регистрийн дугаар /хх00000000/,

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч А.О- нь согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоот гэртээ хохирогч Д.С-тай “урьд ярьсан зүйлээ дахин дахин ярилаа” гэж маргалдан харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд “зүүн шанаа, баруун хацар, эрүү, цээж, хоёр гарын бугалга, зүүн шуу, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Д.С- нь согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод хохирогч А.О-тай маргалдан түүний нүүр хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт дэвсэж эрүүл мэндэд “нүүр, хоёр, гарын бугалга, баруун гуянд цус хуралт, цээжний баруун талын хоёр дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч А.О- мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээж байна...гэсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Д.С- мэдүүлсэн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч А.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Хэсэг хугацааны дараа найз Б- би явахаар боллоо ажилтай болчихлоо гэж хэлээд найзыгаа дуудаад яваад өгсөн. Д.С- унтаж сэрээд халуун цай унд уугаад нөхрийгөө Түүеээ гэж дуудаад байсан. Нөхөр нь согтуу сэрэхгүй байсан. Түүний дараа дахин Солонгос улсад болсон хэрүүл маргааныг дахин яриад байхаар нь би дагуулан гадаа гартал дахин дахин яриад байсан. Буцаад гэрт ороод ширээн дээр суугаад архи дарс ууцгаасан. Тухайн үед манай нөхөр Б- цуйван хийсэн. Би нөхрийн хийсэн хоолыг таваглаад Д.С-д өгтөл хоолоо идэхгүй нөхрийгөө Түүеээ гэж дуудаад сонсохгүй байсан чинь нөхөр лүүгээ тавагтай хоолоо шидчихсэн. Нөхөр нь орон дээрээс босож ирээд эхнэр лүүгээ агсарч яаж байгаа юм бэ? гэж хэлээд л өрөөсөн гараараа нүүр лүү цохиод байсан. Мөн нөхөр лүүгээ ширээн дээрээс аяга таваг авч шидээд байсан. Тэр үед нөхөр бид хоёр салгасан. Би асгарсан хоол ундаа цэвэрлэсэн. Нөхөр гараад явсан. Нөхрийг гараад явсан хойно хэсэг хугацаанд тайвшраад юм яриад суусан. Д.С- ширээ дэрлэж унтаж байгаад дахин Солонгос улсад болсон зүйлийг яриад байсан. Би яах гээд тэр асуудлыг дахин дахин яриад байдаг юм бэ? гэж хэлтэл миний үснээс нэг гараараа зулгаагаад авсан. Миний толгой өвдөөд гарыг нь тавиулах санаатай гараас нь татаад, хоорондоо гар гараасаа таталцаад нэлээн хашхирч орилсон, үснээс тавиачээ, гараа аваачээ гэж хэлтэл үснээс гараа тавьсан. Тухайн үед би үснээсээ үсээ гараараа хойшлуулах гээд гараа өргөтөл намайг цохих гэж байна гэж бодоод намайг гараараа шанаа хэсэгт нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20х/,

 

- Хохирогч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр найз Х- гэх залуу Улаанбаатар хотоос ирсэн байсан. Манай найз Б- нь манай гэрийн гаднаас нөхөр бид хоёрыг гэр лүгээ авч явсан. Тухайн үед Б-ын гэрт нь очиход Х- ирчихсэн, Б-ын эхнэр О- хоёр байж байсан. Бид нар найз нөхдийн хүрээнд нэлээн ярьж хөөрч суугаад архи уусан. Би хэсэг хугацаанд унтаад босож ирсэн. О- Б- хоёр караокены төхөөрөмжийг ажиллуулж чадахгүй байна гэх шалтгаанаас болж маргалдаад байсан. Хоёр биенийгээ түлхэж унагаасан юм. Би тухайн үед Б-ыг загнаад О- наадахыг чинь янзалж чадна шүү гэж хэлсэн. Тухайн үед О- над руу дайраад бид хоёр маргалдаад хоёр биенийгээ цохиж авсан. Бид хоёр хэн хэн нь үснээсээ зулгаалцсан. Тухайн үед Б- бид хоёрыг салгасан. Нөхөр маань тас үсэрчихсэн унтаж байсан. О- бид хоёрыг хэрүүл маргаан хийхээс өмнө нь Х- яваад өгсөн юм. О- бид хоёр хэн хэндээ гэмтэл учруулсан нь үнэн. Надад хөнгөн гэмтэл учирсан тул хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгч, байна. О- намайг зодох гээд хөөгөөд байсан. Тухайн үед Б- надад хандаж та хоёр угаасаа гарч бай, наадах чинь дийлдэхгүй юм байна гэж байсан. Нөхөр бид хоёр гадаа нь гарсан. Б- гэрээ гаднаас нь түгжээд гарч ирээд манай хүүг дуудаад Б-ын машинаар бид гурвыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

 

- Гэрч Ж.Т- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 10 цаг өнгөрч байхад эхнэр ажлаасаа гэртээ ирсэн. Манай гэрийн гадаа найз Б- ирчихсэн байсан. Б- эхнэр бид хоёрыг аваад Дэнжид байдаг гэртээ очсон. Тухайн үед манай найз Б- Улаанбаатар хотоос ирчихсэн байсан. Б-ын эхнэр О- нь хоол цай хийсэн. Ширээн дээрээ нэг шил 0,75 граммтай архи тавьчихсан байсан. Бид нар бөөндөө хууч хөөрч архи дарсаа хувааж уугаад сууж байхад 15 цаг өнгөрч байсан. Түүний дараагаар Б-ын хашаан доторх хүлэмжид тарьсан ногоог үзэж сонирхсон. Дахиж гэрт нь ороод дахин архи хувааж ууцгаасан. Б- ирээд хамт нэг цаг гаран сууж байгаад Б-ийг аваад гарсан. Бид нар хамт гаргаж өгсөн. Бид хоёр Б-тай хамт машинд суугаад явдаг юм уу гэж бодоод машинд нь суух гэтэл О-, Буяаа хоёр манайд хоноод яв, хоноод яв гээд байсан. Тэгээд тэр хоёрын саналыг хүлээн аваад хоцорсон. Гэрт нь ороод дахин архи ууцгаасан. Би эхнэрийнхээ хажууд сууж байгаад сандал дээрээ унтаад өгсөн байсан. О-, Буяаа хоёрын чанга дуунаар сэрээд хартал Буяаа, О- хоёрын дунд манай эхнэр С- зогсож байсан. Манай эхнэрийг О- янхан банзал гэх мэтээр нь дуудаад байсан. Тэгтэл Б- хажуугаар орж ирээд л наад хүнийг чинь би дийлэхгүй юм байна, та хоёр яв гэж хэлээд би та хоёрыг гаргаад өгье гээд гэрээсээ гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

 

  • Гэрч К.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай найзууд болох Х-, Д.С-, Ж.Т- манай гэрт ирцгээсэн. Х- Улаанбаатар хотоос ирчихсэн байсан. Харин Д.С-, Ж.Т- нарыг 12 цаг өнгөрч байхад гэрээс нь очиж авсан. Манай гэрт найзууд хоол цай болоод бид нар 3 шил архи хувааж ууцгаасан. Х- явахаар болоод Д.С-, Ж.Т- хоёроос түрүүлээд яваад өгсөн юм. Х-г найз нь ирээд аваад явсан. Х-г явсан хойгуур би цуйван хийж өгсөн. Тухайн үед Д.С- нөхөрлүүгээ тавагтай хоолоо шидээд байсан. Би асгасан хоол ундаа цэвэрлэчихээд дэлгүүр орж пиво авахаар яваад хэсэг хугацааны дараа ирэхэд манай эхнэр О-, найз С- нар зууралдчихсан, эхнэрийн үснээс Д.С- үснээс зулгаачихсан байхаар нь салгасан, Д.С-гийн нөхөр Ж.Т- нь зуухны хажууд зогсчихсон байсан. Бид нар хэн хэн нь согтуу байсан гэхдээ ухаан санаа эрүүл байсан. Удаагүй Д.С-, Ж.Т- нарыг гэрээс авч гараад Ж.Т-ийн хүүхдийг нь дуудаад гэрт нь хамт хүргэсэн. Манай эхнэр А.О-, найз Д.С- нар сүртэй хэрүүл маргаан хийгээгүй. Миний санаж байгаагаар Д.С- эхнэрт хандаж хэрэгтэй хэрэггүй юмыг олон удаа давтаж яриад байх шиг байсан. Намайг гараад ирэх хооронд ямар хэрүүл маргаан болсон талаар мэдэхгүй. Би эхнэртээ гар хүрч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 372 дугаартай

1. А.О-гийн биед хамрын таславчийн муруйлт, нүүр, хоёр гарын бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хамрын таславчийн муруйлт, нүүр, хоёр, гарын бугалга, баруун гуянд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл, нүүр хоёр гарын бугалга, баруун гуянд цус хуралт нь тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай:

1. А.О-гийн биед нэмэлтээр цээжний баруун талын хоёр дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цээжний баруун талын хоёр дугаар хавирганы хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 49-50х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 376 дугаартай:

1. Д.С-гийн биед зүүн шанаа, баруун хацар, эрүү, цээж, хоёр гарын бугалга, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Зүүн шанаа, баруун хацар, эрүү, цээж, хоёр гарын бугалга, зүүн шуу, сарвуунд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь магадлуулагчийг ямар ч байрлалд байх үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 37-38х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.О-, Д.С- нар нь согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод “урьд ярьсан зүйлээ дахин дахин ярилаа” гэж маргалдан харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч А.О-, Д.С- нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч А.О-, Д.С- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хэн хэндээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тэдэнд оногдуулж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч А.О-, Д.С- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Д-ийн С-, У овогт А-ийн О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-, Д.С- нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-, Д.С- нарт тус бүр оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-, Д.С- нар нь шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.О-, Д.С- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-, Д.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ