| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0213/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/212 |
| Огноо | 2023-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/212
2023 06 16 2023/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
шүүгдэгч А.М- нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325001970302 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Орхон аймаг Баян- Өндөр суманд төрсөн, 0 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “ххх”-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт А-ы М /регистрийн дугаар: хх00000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М- нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.О-тай найзын төрсөн өдөрт явуулсангүй гэсэн шалтгаанаар маргалдан, хохирогчийн нүүрэн тус газар алгадаж, өмсөж байсан малгай, барьж байсан гар утсаа шидэж хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд “нүүр, зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч А.М- мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 баг “х” хотхоны 0-0 тоотод хоёр хүүхдийн хамт гэртээ бид дөрөв байсан. Тэгсэн нөхөр тэр өдөр найзын төрсөн өдөр гарч орно гээд байхаар нь би дургүйцээд гаргахгүй гэсэн. Манай нөхөр намайг аргадаад гуйгаад байсан ч би зөвшөөрөөгүй. Тэрнээс болж бид хоёр маргалдаад би нөхрөө алгадаад авсан. Нөхөр урдаас намайг зөрүүлээд зүүн талын хацар луу алгадаад авсан. Дараа нь над руу гар утас шидээд миний хамрыг оносон. Би гомдсондоо уурандаа цагдаагийн байгууллагад хандсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн гэмтлийн хөнгөн зэрэг гарчихсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,
-Шүүгдэгч А.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн “0” хотхон 0-0 тоотод гэртээ гэр бүлийн хамт байж байсан. Тэгсэн орой би найз Билгүүний төрсөн өдөрт явах гэтэл эхнэр Б.О- нь дургүйцээд байсан. Зөндөө гуйгаад зөвшөөрөөгүй. Тэрнээс болж маргалдаад сүүлдээ хэрүүл болоод манай хүн хутга барьж нойл орох гээд намайг үхсэний дараа гараарай гэхээр нь хутгыг булааж авсан. Тэгсэн эхнэр намайг хоёр удаа алгадчихсан чинь би уурандаа гар утсаа шидэж эхнэр оногдоод хамар нь цохигдчихсон юм. Би эхнэрийнхээ гар хөлөөс татаж чангааж цохисны улмаас энэ гэмтэл бэртэл учирсан байсан. Би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дахин ийм үйлдэл хийхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 436 дугаартай:
“1. Б.О-ийн биед нүүр, зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3. Нүүр, зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуянд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27х/,
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 9-11х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.М- нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 баг 0 хотхоны 0-0 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.О-тай найзын төрсөн өдөрт явуулсангүй гэсэн шалтгаанаар маргалдан, хохирогчийн нүүрэн тус газар алгадаж, өмсөж байсан малгай, барьж байсан гар утсаа шидэж хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд “нүүр, зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч А.М- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 пдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ы М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ы М-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М- нь 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ