Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/227

 

 

 

 

 

 

 

 

 

   2023           06          26                                  2023/ШЦТ/227

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,  

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325001420339 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр Булган аймагт төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, , ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 баг 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт П-гийн Б- /рд: ФМ66110423/

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоот гэртээ 2023 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох С.М-тай маргалдаж, улмаар хутгаар цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд “цээжний баруун талын эгэмний дунд шугамаар 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч П.Б- мэдүүлсэн: ...Надад ярихад үнэхээр хүнд байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч С.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай дүү С.М нь 2023 оны 02 дугаар сарын 24-25-ны өдрийн хооронд БОЭТ-д эмчилгээ хийлгэж байгаад нас барсан тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон мэдүүлэг өгч байна. Би болсон хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой өгсөн. Нэмж яриад байх зүйл алга. Би дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би хэн нэгнийг шалгуулах асуудал байхгүй. Манай дүүг хутгалсан гэх эхнэр Б- нь хуулийн хариуцлага хүлээх байх. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ үү? өөр гомдол санал байхгүй. Надад санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80х/, 

 

-Гэрч О.Н- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Баруун талынхаа цээжин дээр хоёр ширхэг оёдол тавиулсан байсан. Манай нөхөр эмчтэй нь уулзахад баруун талын цээжинд үүссэн шарх дотогшоо нэвтрэлгүй байна. Өглөө болтол харья гэж байсан. Нөхөр юу болсон талаар талийгаачаас асуухад миний амьдрал танд хамаагүй гэж хэлээд онцын зүйл яриагүй... Талийгаач болон эхнэр хүүхдүүдэд нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс цагаан сар болтол эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгүүлэх талаар хэлсэн боловч огт эмнэлэгт хэвтээгүй. Би нөхрийнхөө хамтаар талийгаачийг дагуулан авч явж Зэст багийн 1-5 дугаар байранд байрлах эмнэлэгт очиж боолт хийлгүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85х/,

 

         - Гэрч М.Д- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай аав С-ийн М- нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрч байхад БОЭТ-ийн эрчимт эмчилгээний тасагт ирж хэвтэн эмчлүүлж байна. Өнөө өглөө ээж маань эмнэлэгт дуудлага өгч улмаар түргэний машин аавыг эмнэлэг рүү авчирсан. Эмнэлэгт хэвтэх болсон шалтгаан гэвэл 2023 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө би ганцаараа 3 лааз пиво уучихаад гэртээ 01 цаг өнгөрч байхад ирсэн. Намайг ирэхэд аав ээж хоёр архи уучихсан, хэрүүл маргаан хийсэн байдалтай байсан. Нэг нэг рүүгээ дайраад аав ширээгээ өшиглөөд байхаар нь дундуур нь орж салгаад ээжийг өрөө рүү нь оруулан ор луу нь түлхсэн. Буцаад том өрөөнд ортол аав буйдан дээр сууж байсан, тухайн үед аавын энгэр хэсгээс нь цус гарч буйдан руу урсаж байсан. Ээж тухайн үед аавыг чинь хутгалчихлаа гээд цагдаа дуудна гээд цагдаа дуудсан. Удаагүй эмнэлэг, цагдаа ирсэн. Түүнээс хойш аав эмнэлэгт боолт хийлгээд л яваад байсан. Хэнбээ эмч үзээд хэвтэх шаардлагагүй гэж хэлсэн. Би нэлээн халамцуу байсан, зарим зүйлээ сайн санахгүй байна. Аавын биед учирсан гэмтэл шархыг ээж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93х/,

 

           - Гэрч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С-ийн М- гэх хүнийг үзсэн. Тухайн хүнд учирсан гэмтлийн шархыг боолтон дээр шалгаж үзэхэд дотогш нэвтрээгүй 2 оёдолтой шарх байсан. Тэгээд харуулахад цээжний хөндийд нэвтэрсэн, цус алдсан ул мөр илрээгүй байсан. Өвчтөнд байнга боолт хийлгээрэй /өдөр бүр/ гэж хэлсэн. Өрөвслийн эсрэг эм тариа /Цефозалин 1 сая 8 цагаар/ метрагит 100 мл туслаар, ибумфорпийн 1x2 уухаар эм тариаг бичиж өгсөн. Эргэж үзүүлээрэй боолтоо хийлгээрэй гэж зөвлөгөө өгсөн боловч дахин ирж үзүүлээгүй. Сүүлд сонсоход эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан гэсэн. Би тухайн үед өвчтөний биеийн байдал хэвийн, хүндэрсэн байдал үүсээгүй байсан. Шууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх заалтгүй байсан. ...С.Мд учирсан гэмтлийг эдгэхэд миний бичиж өгсөн эм хэрэглээгүй тохиолдолд тухайн шарх нь үжил болох боломжгүй. Хэрэв эм тариаг хийлгэсэн бол эдгэрэх боломжтой байсан. Үжил гэдэг нь ямар ч төрлийн шарх нь буглан хялгасан судас болон цусаар дамжин үүсдэг юм. Шарх бохирлогдож цусаар үүсэн дамждаг. Тухайн шархыг авсан хүн эм тариаг хэрэглээгүй архи согтууруулах ундааны зүйлийг олон хоногоор хэрэглэсэн үед дархлаа нь унаж өвчин зовуурь нь мэдэгдэхгүй байж байгаад хүндэрдэг гэж ойлгож болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-97х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дугаартай:

1.Талийгаачийн биед цээжний баруун талын эгэмний дунд шугамаар 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтрээгүй шархнаас үүссэн үжил, үжлийн шок үүсжээ.

2.Талийгаачийн цээжний баруун талын эгэмний дунд шугамаар 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Цээжний баруун талын эгэмний дунд шугамаар, 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийг гэмтэл байсан ба уг шархнаас үүссэн үжил, үжлийн шок нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтэл байна.

4. Дээрх шарх нь талийгаачийг ямар ч байрлалд байхад үүсэх боломжтой.

5.7.Талийгаач нь цээжний баруун талын эгэмний дунд шугамаар 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтрээгүй шархнаас үүссэн үжил, үжлийн шокоор хүндэрч нас баржээ.

6. Талийгаачид ерөнхий  судас хатуурах өвчин зүрхний  томрол 505 гр, зүрхний  булчингийн зузаарал, элэгний  томрол, зэрэг архаг хууч өвчин тогтоогдлоо. Энэ нь үхэлд хүргээгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 106-111х/,

 

Орхон аймгийн Шүүх шинжилгээний  хэлтсийн шинжээч Ч.Буянзаяагийн: “... Цээжний баруун талын эгэмний дунд шугамаар 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтрээгүй шархаар эмзэглэл зовуурьтай бага зэрэг таталдах зэрэг зовуурь илэрч болох ба эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байнгын ариун боолт хийлгэж эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу ууж хэрэглэснээр богино хугацаанд эдгэрэх боломжтой. Ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийхэд саад учрахгүй. Архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн хүн мансуурлын байдалтай байх бөгөөд ямар нэгэн өвчин зовуурь, өвдөлтийг мэдрэх мэдрэмж нь буурна. Тухайн гэмтлийг авсан С.Мы хувьд олон хоног архи ундааны зүйл хэрэглэж мансуурлын байдалтай байсан нь уг шархаа хүндэрч үжлийн байдалд хүрч байгааг мэдэхгүй, анзаараагүй байсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126х/,

 

-Шүүгдэгч П.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч П.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоот гэртээ 2023 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө нөхөр болох С.Мтай маргалдаж, улмаар хутгаар цээжин тус газар нь хутгалж, цээжний баруун талын эгэмний дунд шугамаар 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч П.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч П.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Б-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт П-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч П.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ