Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 142/2020/01408/И |
Дугаар | 001/ХТ2022/00357 |
Огноо | 2022-03-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2022/00357
А.Жы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01374 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаар магадлалтай,
А.Жы нэхэмжлэлтэй
Л.Эд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Л.Эгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01374 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Эгаас 4 257 400 /дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 952 600 /нэг сая есөн зуун тавин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгч А.Жы урьдчилан төлсөн 114.310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эгаас 83 068 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгож шийдвэрлэжээ.
2. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01374 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Эгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Л.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13.484 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Л.Э хяналтын гомдолдоо: Миний бие А.Жы гаргаж буй 4,257,400 төгрөгний хүү болох 347,400, тэмдэгтийн хураамж 80,368 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 3,910,000 хүлээн зөвшөөрч, 427,786 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч А.Ж, хариуцагч Л.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,210,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч 4,000,000 төгрөгийг зөвшөөрч, 2,210,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
6. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Л.Эгаас 4,257,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,952,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангажээ.
7. Талууд аман хэлцэл хийж, хариуцагч нь 2019.01.17-ны өдөр 5,910,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан, 2,000,000 төгрөгийг буцааж төлсөн үйл баримтыг талууд маргаагүй, харин зээлийн хүү төлөх үндэслэлгүй гэж хариуцагч маргасан байна.
8. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Хариуцагч Л.Э мөнгө зээлж авсны дараа “...1,930,000 төгрөг зээлж авсан нийлж эргүүлээд 4 дүгээр сарын 16-нд төлнө, хүү нь 6.0%, 3 сарын хугацаатай” гэсэн агуулга бүхий баримтыг бичгээр үйлдэж өгсөн нь зээлийн хүүг бичгээр тохирсон байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх 1,930,000 төгрөгт сарын 6 хувиар, 3 сарын хугацаатай зээлийн хүү тооцож 347,400 төгрөгийг, харин хүүг бичгээр тохироогүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 3,910,000 төгрөг нийт 4,257,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д нийцжээ.
9. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан буюу зээлийн гэрээнд хүүг тогтоох хэлцлийн хэлбэрийг хуулиар тогтоосон. Хариуцагч нь 1,930,000 төгрөгийн хүү төлөх хүсэл зоригийг илэрхийлж бичгийн баримт үйлдсэн, нэхэмжлэгч хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан тул талуудын хооронд зээлийн хүү төлөх гэрээг байгуулагдсан гэж үзнэ. Иймд зээлийн хүү төлөхгүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01374 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 13,484 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ