Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 12

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр

Яллагдагч М.Н

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Энхтөр, З.Хүрэлсүх

Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/267 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор В.Төгсбаярын эсэргүүцлээр М.Нд холбогдох 1929000000104 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ял шийтгэлгүй,

Яллагдагч М.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар байрлах иргэн М.Ч гэрт төрсөн дүү М.Н хувийн таарамжгүй харьцаанаас буюу “ээжийн гэрийг нүүлгэлцэж өгсөнгүй” гэх асуудлаас маргалдаж улмаар зодож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч М.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.                        

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигон овогт М.Н холбогдох 1 хавтаст эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагас түрийтэй 1 хос гутал, цаасны хутгыг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ”Шүүгчийн захирамжид: “...яллагдагч М.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй байна." гэжээ.

Хэрэгт цугларсан гэрч М.Ч, Ч.Т, Г.О нарын мэдүүлгээр яллагдагч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа амиа хорлох зорилгоор хоолойгоо цаасны хутгаар хэрчсэний улмаас цус ихээр алдсан тул яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж дусал хийсэн.

Дээрх яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээний дараа түүний цуснаас авсан дээжээс этилийн спирт илрээгүй боловч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар буюу хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлгээр яллагдагчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул эргэлзэх зүйлгүй бөгөөд уг асуудал нь , эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон хэргийн зүйлчлэл, гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд хамаарахгүй юм. Мөн түүнчлэн хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэнээр яллагдагч М.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох асуудал биш байна.

Мөн захирамжид: шинжээчийн дүгнэлтээр талийгаач М.Нямлхагвад хэд хэдэн гэмтэл тогтоогдсон байх ба талийгаач М.Н их болон бага тархины аалзан хальс доорх цус харвалт, хажуугийн ба 1Ү ховдол доторх цус харвалтын улмаас нас барсан гэх боловч бусад гэмтлүүд нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах нь тодорхойгүй байна " гэжээ.

Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх явцад прокурорын зүгээс гэрч             М.Ч, хэрэгт дүгнэлт гаргасан Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Шүрцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралд оролцуулах санал гаргасан бөгөөд шинжээчээс дүгнэлттэй нь холбогдуулан тодорхойгүй. ойлгомжгүй байгаа зүйлийг тодруулж асуун мэдүүлэг авах боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах эрх нь шүүхэд хуулиар  олгогдсон байхад “...шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй... " гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан буруу байна.

Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн нас барсан шалтгаан болон биед учирсан гэмтлийн зэрэг тодорхой тусгагдсан бөгөөд хэргийн бодит байдал болон гэмт хэргийн сэдэлт, зорилго. гэм буруугийн хэлбэрийг тогтооход эргэлзээтэй ойлгомжгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр зүйл огт байхгүй гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаачийн зүгээс шүүгдэгч М.Н хүчээр дарласан, хүндээр доромжилсон, эсхүл хууль бус бусад үйлдэл хийсэн зэргийг улмаас М.Н буюу ойр дотынх нь хүмүүст хор уршиг учирсан эсхүл учирч болох байсан эсэх асуудлыг шалгах шаардлагатай бүх ажиллагааг хийж гүйцэтгэсэн  болно. Уг хэрэг нь зөвхөн шүүгдэгч М.Н болон түүний төрсөн дүү талийгаач М.Н нарын хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт хэн хэнийх нь гэр бүлээс хол болсон бөгөөд М.Н буюу ойр дотынх нь хүмүүст хор уршиг учраагүй байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ээжийн гэрийг нүүлгэлцэж өгсөнгүй" гэх ахуйн шинжтэй, хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй маргааны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг юм.

Уг хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд. шаардлагатай гэж үзвэл гэрч М Чулуунбаатар, шинжээч Д.Шүрцэцэг нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах, дахин шинжээч томилох зэргээр шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг хийж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүх үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байна.

Иймд Өмнөговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож  хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Прокурорын зүгээс яллагдагч М.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн дүү М.Нг зодож, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Хавтаст хэргийн хүрээнд М.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг шалгаж тогтоосон зүйл байдаггүй. Харин ч түүний биеэс 5 мл цус авч шинжилгээ хийлгэхэд этилийн спирт илрээгүй гэсэн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан байдаг. Тэгэхээр М.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хэрэгт цугларсан гэрч М.Ч, Ч.Т, Г.О нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж прокурорын эсэргүүцэлдээ бичсэн нь үндэслэлгүй юм.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хамаарахгүй юм гэсэн нь огт үндэслэлгүй байна. Харин ч бүр их хамааралтай асуудал юм. Яагаад гэвэл прокурорын зүгээс М.Ням-Эрдэнийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас тухайн үеийн болсон явдлыг санахгүй байгаа, талийгаачийн хаана, хэд өшиглөснөө санадаггүй гэж үздэг. Энэ ч үүднээс хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлтийг дээрх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй буюу түүний биеэс этилийн спирт илрээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог учраас яллагдагч М.Н талийгаач дүүгийнхээ хаана нь, хэд өшиглөснөө санахгүй байгаа нь согтууруулах ундааны зүйлтэй хамааралгүй болох нь тогтоогдож байгаа юм. Тэгэхээр М.Н тухайн хэрэг болох үед зарим зүйлийг санахгүй байгаа нь юунаас болсон, талийгаач М.Н өөрт нь хүч хэрэглэсэн үйлдэл, ээжийг нь элдвээр хэлж доромжилсон зүй бус үйлдэл зэрэг нь М.Н сэтгэл санааны гэнэтийн цочролд оруулах, сэтгэцийн хэвийн байдал алдагдах эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ба энэ нь хэргийн бодит байдал болон гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг эргэлзээгүй нотлоход чухал ач холбогдолтой гэж үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй байна Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/267 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь прокурор В.Төгсбаярын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/01 тоот эсэргүүцлийг үндэслэн М.Н холбогдох 1929000000104 дугаартай, нэг хавтас эрүүгийн хэргийг хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос яллагдагч М.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн боловч уг шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнгүй болсон тул дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр  Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нь яллагдагчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, гэрч М.Ч, Ц.Т, Г.Э, нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр яллагдагч М.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй, шинжээчийн цогцост хийсэн 120 дугаар дүгнэлтээр талийгаач М.Н цус харвалтын улмаас нас барсан гэх боловч бусад гэмтлүүд нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах нь тодорхойгүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед талийгаач М.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба яллагдагч М.Н нь талийгаачийн амь насыг хохироох үедээ сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан эсэхийг тогтоох нь хэргийн бодит байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг эргэлзээгүй нотлоход ач холбогдолтой,  энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг шүүхэд гаргана”, 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шинжээч томилно” гэж хуульчилсан байх тул шүүх нь шүүгдэгч М.Н сэтгэцийн байдлыг тогтоолгохоор шүүх нь шинжээч томилох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдалд заавал шинжилгээ хийлгэхээр заасан. Яллагдагч М.Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бүх насаар хорих ял оногдуулах ялын төрлийг заагаагүй байна.

Харин шүүхээс М.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзэхдээ түүнийг сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэлт гаргасан. Өмнөговь аймгийн Бүсийн эмчилгээ оношилгооны төвийн эмч нарын дүгнэлтийн талаар дүгнээгүй байна. Энэ дүгнэлтийг хэрхэн үнэлж, дүгнэснээс нэмэлт ба дахин шинжилгээ хийх эсэх  эрх зүйн өөр өөр үр дагавар бүхий ажиллагаа явуулах нөхцөл байдал бий болно.

Иймд анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчид нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу шаардлагатай гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулж тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлтийг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар тэдгээрийн агуулгыг хооронд нь харьцуулан үнэлэн дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Н гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэл үндэслэлтэй.

Гэвч мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ үйлдэгдсэнг нотолж чадаагүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30-д зааснаар “шөнийн цаг” гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг ойлгоно. Хэрэгт авагдсан мөрдөгч, прокурорын гаргасан бүх шийдвэрт гэмт хэрэг гарсан хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гэж бичсэн байх боловч  мөрдөгч Б.Пүрэвсүрэн, Б.Диваажигмэд  нар нь гэмт хэрэг гарсан гэх газар байсан, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байсан хүмүүсээс 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 13 минутаас 22 цаг 23 минут хүртэл хугацаанд тухайлбал, Ц.Т өдрийн 11 цаг 54 минутад, Г.Э 14 цаг 13 минутад, Б.Б 20 цаг 24 минутад,  Д.А 20 цаг 58 минутад тус тус гэрчийн мэдүүлэг авсан нь мэдүүлгийн тэмдэглэлүүдэд тусгагджээ. Мөрдөгч, прокурорын шийдвэрт бичигдсэнээр 9 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагаас 9 дүгээр сарын 23-ны өглөөний 06 цаг хүртэл хугацаанд буюу шөнө гэмт хэрэг гарсан гэж үзвэл гэмт хэрэг гараагүй байхад эдгээр гэрч нараас мэдүүлэг авсан байна гэж үзнэ. Иймд 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрчийн мэдүүлэг авч үйлдсэн тэдгээр тэмдэглэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримт гэх боломжгүй байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А, гэрч М.Ч нараас мэдүүлэг авсан тэмдэглэлийн хугацааг 9 сарын 22 гэж засаж бичсэнээс гадна дээр дурдсан гэрчүүдээс дахиж авсан мэдүүлэг аваагүй байна. Дээрх мэдүүлгүүдийг үндэслэхгүйгээр бусад нотлох баримтуудаар М.Н гэм буруутай  эсэхийг тогтоох боломжтой ч гэмт хэрэг гарсан гэх газарт тэдгээр гэрч гэх хүмүүсээс өөр хүн байгаагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй  байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг гэдэг нь мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 2-5 дахь хэсэгт заасны дагуу бичигдсэн яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн үйл баримт, түүнд үндэслэн зүйлчлэгдсэн Эрүүгийн хуулийн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг ойлгох тул М.Н үйлдсэн гэх эрүүгийн хэргийн хүрээ нь яллах дүгнэлтийн агуулгаар хязгаарлагдана. Хэдийгээр прокурорын эсэргүүцлийн үндэслэл үндэслэлтэй боловч гэмт хэрэг гарсан хугацааг зөв тогтоогоогүй, ач холбогдол бүхий гэрчээс мэдүүлэг аваагүй зэрэг нь шүүхийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байх тул давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд М.Н холбогдох хэргийг прокурорт буцаасан, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/267 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Энэ магадлал нь мөрдөн байцаалтын ажиллагаа дахин хийгдэх явцад хэргийн оролцогч нарын гомдолд заасан болон бусад үндэслэлээр дахин хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/267 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хэргийг прокурорт очтол М.Н урьд авсан цагдан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.аар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

        ШҮҮГЧИД                                     Х.ГЭРЭЛМАА

                                                              Т.БЯМБАЖАВ