Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 124/ШШ/2022/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Тоkyo tower,10 давхарт байрлах “Д Г” ХХК,

      Хариуцагч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

“Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Д Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа /цахимаар/, хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Төөрүүл, гэрч Г.Ариунболор, Х.Шагдаржав,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        1.Нэхэмжлэгч “Д Г” ХХК нь тус шүүхэд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй  Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

         2.Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргыг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг удаа дараа хүргүүлсэн боловч төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг албан бичгээр бус өгсөн,батлахгүй байгаа нь хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар дурджээ.

     3.Цагаанхайрхан сумын Засаг даргаас “Д Г” ХХК-ийн хүсэлтэд 2021 оны 05 сарын 03-ны өдрийн 88 дугаар, 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 155 дугаар албан бичгээр тус тус хариуг хүргүүлсэн гэж тайлбар ирүүлсэн ба уг албан бичгүүд нь “Д Г” ХХК-д хүргэгдээгүй байна.

      4. Нэхэмжлэгч тал Цагаанхайрхан сумын Засаг даргад сүүлд 2021 оны 09 сарын 01-ний өдөр 32 дугаар албан бичгээр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөх тухай хүсэлтийг хүргүүлжээ.Хүсэлтийн хариуг хариуцагч талаас өгөөгүй тул нэхэмжлэгчээс 2021 оны 10 сарын 14-ний өдөр нэхэмжлэл  ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

       5. Нэхэмжлэгч “Д Г” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхолбоо шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Д Г" ХХК нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын сумын нутагт орших Нарийн нэртэй 5095.91 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх ХУ-017799 дугаартай зөвшөөрлийг эзэмшдэг. "Д Г" ХХК нь дээрх ХУ-017799 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч эрх бүхий байгууллагын бүртгэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 -д заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулан харьяаллын дагуу Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 тоот. 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 08 тоот, 2021 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 15 болон 16 тоот, 2021 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн 32 тоотууд хүргүүлсэн боловч Засаг дарга удаа дараа Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг албан бичгээр бус өгснөөр XV- 017799 дугаар бүхий тусгай зөвшөөрөл 2021 оны 07 дугаар сарын 07- ний өдрийн 251 дугаар шийдвэрээр дуусгавар болж, улмаар цуцлагдах нөхцөл байдал үүсээд байна.

     “Д Г" ХХК-ийн зүгээс Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын энэ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэлүүд нь 1/ Өөрт ногдсон эрх мэдлээ хэтрүүлсэн, 2 Монгол улсад ашиг малтмалын хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх бүхий төрийн байгууллагын гаргасан зөвшөөрөл, шийдвэрт халдсан. 3 Лиценз эзэмшигчийн эрхийг зөрчсөн, 4 өмнөх Засаг даргын шийдвэр, зөвшөөрлийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн зэрэг эрх мэдлийн хууль бус ажиллагаа өгсөн гэж үзэж байна.

        1.         Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь ашигт малтмалын тухай хууль тогтоомж. түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах. зөрчил гаргавал таслан зогсоох. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих зэрэг чиг үүрэгтэй байна.

Иймд “Д Г” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн эрхийг хэрэгжүүлэх процессын ажиллагаанд хамаарал бүхий менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй болно.

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээнд нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр манай компанийн эрх, үүргийг үргэлжлүүлэхдээ өмнөх компанийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицон шийдвэрлэх бүрэн боломжтой.

2.         Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна" гэж заасны дагуу төлөвлөгөөг боловсруулж, “Д Г” ХХК нутгийн захиргааны байгууллагад хүргүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 7.3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх. ашиглахыг хориглоно" хэмээн заасныг зөрчиж. нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлох зэргээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүд байгааг үгүйсгэхгүй.

Нутгийн захиргааны байгууллага бол тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, тусгай зөвшөөрөл эзэмшигч буруутай үйл ажиллагаа явуулсан тохиолдолд түүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл бий болсон эсэх, тухайн орон нутагт хохирол учирсан эсэх талаарх нөхцөл байдал тодорхой тогтоогдсон тохиолдолд орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий этгээд юм. Гэтэл орон нутгийн иргэд эсэргүүцдэг гэх хууль зүйн үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа нь учир дутагдалтай төдийгүй хуульд заасан зохих журмын дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж буй хуулийн этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Үүнээс үүдэн гарах хохирлыг буруутай шийдвэр болон эс үйлдэл гаргасан албан тушаалтан. хуулийн этгээд хариуцдаг эрх зүйн зохицуулалттай болно. Тухайн асуудал хөндөгдөх үед эрх бүхий этгээдийн үйл ажиллагааг зогсоох болсон хууль зүйн үндэслэл нь асуудлын зөв буруу болохыг тогтоодог болохыг тэмдэглэж байна.

3.         Засаг даргын зүгээс Монгол улсын засаг захиргаа. нутаг дэвсгэрийн нэгж. түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1,6-ийн е-д заасныг зөрчсөн гэж хуулийн заалтын агуулгыг буруу тайлбарлажээ. Тухайн заалт нь харин эсрэгээрээ нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын үйл ажиллагааны талаар хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах үүргээ зөрчиж, Засаг дарга өөрөө энэ үүргээ эс биелүүлж. нутгийн иргэдэд буруу ташаа ойлголтыг төрүүлж байгаад харамсаж байна.

Нутгийн захиргааны байгууллага нь нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг. ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ. хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах үүрэгтэй. Гэтэл Засаг дарга тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг тодорхой бус үндэслэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан хууль бус үйлдэл гэж үзэж байна.

4.         Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүл” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тохиолдолд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахыг хуулиар шаардсан байдаг ба энэ тохиолдолд хайгуулын шинжилгээ хийх шаардлагагүй

 хуульд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж Засаг даргад хүргүүлснийг хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх эрх зүйн боломжгүй.Дээрх үндэслэлээр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул “Д Г” ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхолбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа.2022 оны 2 дугаар сард “Д Г” ХХК байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах зорилгоор Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга руу цахимаар бичиг баримтаа явуулсан. Дараа нь ковид-19 цар тахалтай холбогдуулан хөл хорио тавьсан байсан тул Увс аймагт амьдардаг хүнээр дамжуулан “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар холбогдох баримт бичгээ бүрдүүлэн явуулсан боловч байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөөгүй. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Төөрүүл нь уул уурхай ашигт малтмал, хайгуулын үйл ажиллагаа явуулахын эсрэг байр суурьтай байдаг учир танай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй гэсэн ойлголт өгсөн. “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөөгүйгээс болж манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн лиценз цуцлагдсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дуусах ёстой байсан тул Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаас өмнө буюу 30 хоногийн өмнө тухайн сумын Засаг даргад 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлэх ёстой байсан. Энэ үүргээ гүйцэтгэхээр “Д Г” ХХК нь 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлтийг цахимаар хүргүүлсэн. Тухайн үед ковид-19 цар тахалтай холбогдуулан хөл хорио тавьсан байсан тул Увс аймагт амьдардаг хүнээр дамжуулан “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар холбогдох баримт бичгээ бүрдүүлэн өгч явуулсан байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй. “Д Г” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зорилгоор Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох бүх материалаа бүрэн бүрдүүлж өгсөн боловч зөвхөн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүйгээс болж манай компани ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж чадаагүй ба ковидын нөхцөл байдлаар үүдэлтэйгээр хуулийн хугацаанд явуулсан “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байна гэсэн хүсэлтийг өгсний дагуу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хугацааг хойшлуулж 2021 оны 7 дугаар сар хүртэл хүлээсэн. Гэтэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Төөрүүл нь ямар нэгэн үндэслэлгүйгээр “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүйгээс гадна татгалзсан эсвэл зөвшөөрсөн хариуг өгөөгүй.

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргатай очиж уулзахаар “ашигт малтмал хайгуулын эсрэг байр суурьтай байгаа. Суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байлгахгүй, 2020 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хийлгэхдээ би тэгээд хэлчихсэн” гэх ерөнхий аман тайлбар хэлдэг. Сонгуульд сонгогдохын тулд сумын ард иргэдэд ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл хийлгэхгүй гэх амлалт өгчхөөд уг амлалтаа хэрэгжүүлэхийн тулд Д Г ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон холбогдох бичиг баримтуудаас үзвэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын зүгээс Д Г ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа үндэслэлээ хэд хэдэн зүйлээр тайлбарласан байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг хангаагүй байна гэж тайлбарласан байна.

Д Г ХХК нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргаар тусгай зөвшөөрлийг сунгуулах гэж байгаа юм биш. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сунгуулахтай холбоотой баримт материал бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт байгаа. Гэтэл хариуцагч талаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс шалган тогтоох ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийн сумын Засаг дарга шалгахгүй. Д Г ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг буруу ч юм уу эсвэл зохих хууль, журмын дагуу боловсруулаагүй байна гэх үндэслэл тавьсан бол Д Г ХХК-ийн зүгээс уг үндэслэлийг хүлээн авч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг засварлаж янзлаад явуулах боломжтой байсан. Гэтэл хуульд заасан ямар үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа талаар тайлбар хэлдэггүй. Харин Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын зүгээс Д Г ХХК-д тодорхой хэмжээний үндэслэлгүй хариуг өгч байгаа боловч манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 06 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтооно” гэж зааснаар үндэслэлгүйгээр татгалзаж байгаа үйлдлийг эс үйлдэхүй гэж ойлгоно. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх хууль зүйн үндэслэл байгаа боловч уг хууль зүйн үндэслэлийг хангаагүй юм.

“Д Г” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газрын веб сайтад байршуулаагүй гэж хариуцагч тайлбартаа дурдсан байсан. Ашигт малтмал газрын тосны газар нь төрийн захиргааны байгууллага учир веб сайтад ямар мэдээлэл байршуулах байршуулахгүй байхыг “Д Г” ХХК хянах чиг үүрэг, эрх мэдэл байхгүй.

Манай компанийн хувьд хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг даргын яагаад байгаа нь тодорхойгүй үйлдлээс болж хохирол амссан.Монгол улсын нутаг дэвсгэр бүхэлдээ ковид цар тахлын хөл хориотой байхад цахимаар явуулсан хүсэлтийг авахгүйгээр, захирлаа явуул гэсэн байгаа.Засаг дарга Төөрүүл нь хүнд суртал гаргаж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас үндэслэлгүйгээр татгалзсанаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдах боломжгүй болж цуцлагдсан.

 Иймд хариуцагчийн гаргасан тайлбар болон “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа үйлдэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.

8. Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Төөрүүл шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Д Г ХХК-ийн зүгээс Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад 4 удаа хандсан гэдэг тайлбар гаргаж байна. Эхний 2 удаа буюу Д Г ХХК 2021 оны 2 дугаар сарын 08, өдрийн 07 тоот, 2021 оны 3 дугаар сарын 11 өдрийн 08 тоот албан бичгүүд манай сумын Засаг даргын Тамгын газарт огт ирээгүй.Мөн Д Г ХХК-иас цахимаар ямар нэгэн албан бичиг ирээгүй. Хэрэв Д Г ХХК-иас албан бичиг ирсэн бол зохих хариуг албан бичгээр өгөх байсан. 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Дун оулд” ХХК-иас албан бичиг ирсэн учир хариуг албан бичгээр өгсөн байгаа.

Х.Шагдаржав гэх хүнээр “Д Г” ХХК-ийн захирлын нэр бичигдээгүй байгаль орчны менежментийн төлөвлөгөө авч ирж өгсөн учир би Шагдаржав гэх хүнд хандаж “та Д Г ХХК-д ямар хамааралтай эсэхийг асууж тодруулахад “би “Д Г” ХХК-тай ямар нэгэн хамааралгүй” гэж хэлсэн. Би “Д Г” ХХК-ийн төлөөлөл бүхий хүнтэй уулзмаар байна. Таны авч ирж өгсөн “Дунгоул” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь бичиг хэргийн стандарт хангахгүй байна” гэж хэлтэл авч ирсэн бичиг баримтуудаа аваад явсан.

Дараа нь удалгүй 2021 оны 03 сард  Ч гэх хүн ирж “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулна гэж уулзах үед Чимэдбаатар нь манайх Ц гэдэг захиралтай,энэ зөвшөөрлийг худалдаж авсан гэсэн. “Д Г” ХХК-ийг худалдан авсан гэх нотлох баримтаа гаргаж ирж үзүүлнэ үү, “Д Г” ХХК-ийн захирал гэдгийг нотлох баримт танд байна уу гэж асуутал яваад өгсөн.

2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Д Г” ХХК-иас албан ёсоор дугтуйтай бичиг баримт ирсэн. Задлаад үзтэл бичиг хэргийн стандарт хангаагүй байгууллагын нэр бичигдээгүй Цэдэнбал гэх хүнийг “Д Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, Чимэдбаатар гэх хүнийг “Д Г” ХХК-ийн менежерээр томилсон тушаал гэх албан бичиг ирсэн. “Д Г” ХХК-ийн захирал Ц гэх хүн байдаг эсэхийг мэдэхээр Ашиг малтмалын веб сайт руу орж хайлт хийж үзтэл “Д Г” ХХК-ийн захирал Б гэх хүний нэр гарч ирсэн. “Д Г” ХХК-ийн захирлаар Батбаяр гэх хүн бүртгэлтэй байж байхад Цэдэнбал гэх хүний хийсэн “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрэв “Д Г” ХХК-ийг Ц худалдан авсан бол Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлгээ хийгээгүй байсан юм уу болов уу гэж бодож байна. Ашигт малтмалын газарт “Д Г” ХХК-ийн захирал Батбаяр бүртгэлтэй байсан учир уг бүртгэлийг үндэслэн Ц гэх хүний байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж болохгүй юм байна гэж үзээд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй.

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Д Г” ХХК-ийн захирал Б гэсэн нэртэй “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө ирсэн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө ирсний дараа Ашигт малтмалын газраас Д Г ХХК-ийг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж үзтэл “Д Г” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлгүй байсан учир “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй.

“Д Г” ХХК 2015 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан гэдэг боловч өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан суманд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй. Увс аймгийн Цагаанхайрхан сумын удирдлагатай нэг ч удаа уулзаж санал авч байгаагүй ба газрын төлбөр тооцоо хийж байгаагүй. Мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлан мэдээг өгч байгаагүй. Аймгийн нөлөө бүхий ажилтан албан хаагчдын зүгээс намайг “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өг гэдэг байдлаар дарамталсан асуудал гарсан. “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах эсэх асуудал надаас шалтгаалаагүй. Өөрсдөө бичиг хэргийн стандартын дагуу бичигдэж ирүүлээгүй байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлснээс болж хугацаагаа дуусгасны дараа сүүлд нь над руу буруугаа чихэж болохгүй байхаа. Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-оос Ц гэж танай компанитай ямар хамааралтай хүн бэ гэж асуутал манай компанитай хамааралгүй хүн гэж хэлсэн. “Д Г” ХХК-тай ямар нэгэн хамааралгүй хүн “Д Г” ХХК-ийн захирал гэх тушаалтай надтай уулзаж, “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар явж байгааг ойлгохгүй байна.Анхнаасаа Батбаяр гэх хүний нэрээр төлөвлөгөө ирсэн бол өөрөөр шийдэгдэх байсан байхаа. Би ашигт малтмалын лицензгүй сум болсон гэж Шагдаржавт хэлээгүй.Компанийн төлөөлөл болох хүнтэй уулзана гэж хэлсэн..Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний нэг хувийг байгаль орчны хяналтын албанд хүргүүлээгүй.Өөрсдөө бичиг баримтын дутуугаас болж хугацаа хожимдуулсан.Ашигт малтмалын газрын лавлагаанд “Д Г” ХХК-ийн бүртгэл байхгүй байсан....” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

9. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэгч “Д Г” ХХК нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг Цагаанхайрхан сумын Засаг даргад даалгах”  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч оролцсон болно.

 

11. Нэхэмжлэгч талаас “ Цагаанхайрхан сумын Засаг даргад хүргүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сумын Засаг дарга батлах үүрэгтэй байтал батлахгүй байгаа” тухай нэхэмжлэл,тайлбар гарган маргаж байна.

 

12. Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргаас “”Д Г” ХХК-иас ирүүлсэн төлөвлөгөө, хүсэлт нь албан бичгийн стандарт хангаагүй, холбогдох баримтуудыг ирүүлээгүй,компанийн төлөөлөл болох хүмүүс уулзаагүй, сүүлд 2021 оны 9 сард захирал Д.Б-ын гарын үсэгтэй төлөвлөгөө ирсэн боловч тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул батлах боломжгүй байсан” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

13. Нэхэмжлэгч “Д Г” ХХК нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг,Нарийн нэртэй газарт XV-017799 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Чингис ворлд майнинг” хамтарсан хөрөнгө оруулалттай ХХК-иас Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 150 тоот шийдвэрээр шилжүүлэн эзэмших болсон нь тусгай зөвшөөрлийн 1-р хавсралтад тэмдэглэгджээ.

 

14. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021.03.11-ний өдөр дуусах болсонтой холбогдуулан “Д Г” ХХК Ашигт малтмал,газрын тосны газрын геологи,уул уурхайн кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 02 сарын 10-ны өдөр гаргасан байх бөгөөд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримтыг хавсаргаагүй байна.

 

15. “Д. Г” ХХК-тас Ашигт малтмал,газрын тосны газрын геологи,уул уурхайн кадастрын хэлтэст 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 12 дугаар, 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 14 дугаар албан бичгүүдээр тус тус өргөдлийг хянан хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг хүргүүлжээ.

16. Ашигт малтмал,газрын тосны газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 сарын 07-ны өдрийн 251 дугаар шийдвэрээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан баримт байхгүй тул “Д Г” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын XV-017799 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэснээр “Д Г” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа нь дууссан байна.

 

17. “Д Г” ХХК нь 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 07 дугаар, 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 08 дугаар,2021 оны 04 сарын 06-ны өдрийн 16 дугаар, 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 32 дугаар албан бичгүүдээр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад хандаж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөх тухай хүсэлтийг хүргүүлсэн талаар тайлбарласан.

 

2021 оны 02 сарын 08-ны өдрийн 07 дугаар албан бичигт Ковид-19 цар тахлын улмаас компаниас хүн очих боломжгүй байгаа тул Х.Шагдаржаваар төлөөлүүлэн хүсэлтийг хүргүүлж байгаа талаар дурдсан ба уг албан бичгийг Цагаанхайрхан сумын Засаг даргад Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Ариунболорын хувийн цахим мэйл хаягаар хүргүүлсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргажээ.

 

Хариуцагч сумын Засаг даргаас 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 07 дугаар албан бичгийг хүлээн аваагүй, Х.Шагдаржав гэдэг хүн ирж төлөвлөгөө батлуулна гэж ирэхэд  компанийн төлөөлөл болох хүнтэй уулзмаар байна гэж хэлсэн гэж тайлбар гаргасан.

 

Гэрч Г.А шүүх хуралдаанд өөрийн [email protected] цахим хаягийг шалгаж үзүүлэхэд “Д Г” ХХК-ийн 2021.02.08-ны өдрийн 07 дугаар албан бичиг түүний цахим шууданд 2021.02.08-ны өдөр ирсэн, уг цахим шууданг Г.А нээж хүлээн аваагүй байв. Сумын Засаг даргад уг албан бичиг танилцуулагдаагүй талаар Ариунболор гэрчийн мэдүүлэг өгсөн болно.

 

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэн Х.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Д Г” ХХК-ийн геологич М-ай найзууд бөгөөд уг компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүргэж өгөхөөр Цагаанхайрхан сумын Засаг даргатай 2021.02.03-ны өдөр уулзахад сумын Засаг дарга  Б.Т нь манай сум ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэггүй сум болно гэж хэлснийг найз М-даа дамжуулж төлөвлөгөөг нь буцаан хүргүүлсэн гэж мэдүүлсэн болно.

Сумын Засаг дарга Х.Ш-тай уулзсан өдрийн талаар маргаж тайлбар гаргаагүй боловч “ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэггүй сум гэж хэлээгүй, компанийн төлөөлөл болох хүнтэй уулзмаар байна гэж хэлсэн талаар тайлбар гаргав.

“Д Г” ХХК-ийн 2021 оны 03 сарын 11-ний өдрийн албан бичгийн хувьд Цагаанхайрхан сумын  Засаг даргад хүргүүлсэн талаарх баримтгүй, сумын Засаг даргын тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй ба харин 2021 оны 03 сарын 24-ний өдөр “Д Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Чимэдбаатар гэдэг хүн ирэхэд Цэдэнбал гэдэг захиралтай талаар ярьсан тул захирал гэдгийг батлах баримтыг шаардсан гэж хариуцагч сумын Засаг дарга тайлбар гаргасан  ба энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй болно.

“Д Г” ХХК-ийн 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 16 дугаар албан бичгийг хүлээн авсан, хариуг 2021 оны 05 сарын 03-ны өдрийн 88 дугаар албан бичгээр хүргүүлсэн гэж хариуцагч талаас тайлбарласан болно.

 

Цагаанхайрхан сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 03-ны өдрийн 88 дугаар албан бичигт төлөвлөгөөг батлах боломжгүй талаар дурдсан байх ба уг албан бичгийг “Д Г” ХХК-д хүргүүлсэн талаарх баримт хариуцагч талд байхгүй, мөн шуудангаар хүргүүлээгүй болох нь Увс аймгийн  Шуудангийн үйлчилгээний газрын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн А/01 дугаар албан бичгээр тогтоогджээ.

 

“Д Г” ХХК-ийн 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 32 дугаартай албан бичиг нь “Д Г” ХХК-ийн төлөөлөл удаа дараа Цагаанхайрхан суманд 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлуулахаар ажилласан боловч батлахаас татгалзсан байна.Компанийн хүсэлтэд ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Иймд 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгнө үү.Батлах боломжгүй тохиолдолд албан ёсны хариуг бидэнд ирүүлнэ үү гэсэн агуулга бүхий байх бөгөөд уг албан бичгийг хариуцагч сумын Засаг дарга хүлээн авсан, хариуг 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 155 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч хаяг дээрээ байхгүй гэсэн шалтгаанаар буцаж ирсэн талаар тайлбар гаргасан байна.

 

Цагаанхайрхан сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 155 дугаар албан бичигт “Нарийн нэртэй талбай нь ашигт малтмал газрын тосны сайтын тусгай зөвшөөрлийн хэсэгт бүртгэгдээгүй, мөн газрын байршил зэрэг зүйлүүд зөрчилтэй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” талаар дурдсан ба уг албан бичиг “Д Г” ХХК-д хүргэгдээгүй болох нь талуудын тайлбар, Увс аймгийн  Шуудангийн үйлчилгээний газрын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн А/01 дугаар “Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газраас “Д Г” ХХК-д хаягласан албан бичиг аймгийн шуудангийн үйлчилгээний газар 2021 оны 9 сарын 24-нд хүлээж аваад хаяг тодорхойгүй гэж 2021 оны 10 сарын 13-нд буцаж манай газарт ирээд 10 сарын 25-нд  сумын Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч Ариунболорт буцааж хүргэсэн байна” гэх лавлагаа зэргээр тогтоогджээ.

 

18. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “хайгуулын тухай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”,38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”,  38.2 -т “сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3-т “энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж тус тус зохицуулжээ.

 

19. Нэхэмжлэгч “Д Г” ХХК-ийн зүгээс хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2021 оны 2 сар, 3 сар, 4 саруудад удаа дараа хандсан боловч сумын Засаг даргын зүгээс төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйтэй маргах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн “сумын Засаг дарга удаа дараа төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй гаргасан,сумын Засаг дарга төлөвлөгөөг батлах үүргээ биелүүлээгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

20. Нэхэмжлэгч “Д Г” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гарсны дараа дахин Цагаанхайрхан сумын Засаг даргад 2021 оны 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 32 дугаартай албан бичгээр менежментийн төлөвлөгөөг батлах тухай хүсэлтийг хүргүүлж уг хүсэлтэд хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

21. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлэх ёстой бөгөөд XV-017799 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг эрх бүхий байгууллагаас сунгахаас татгалзаж, хугацаа дуусгавар болсон байхад хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг даргад  “Д Г” ХХК-ийн 2021 оны 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 32 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу менежментийн төлөвлөгөөг батлах үүрэг үүсэхгүй юм.

 

22. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

23. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д Г” ХХК-ийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.АЛТАНЦЭЦЭГ