| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 125/2025/0022/З |
| Дугаар | 221/МА2025/0593 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0593
“БК” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0052 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “БК” ХХК-ийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “БК” ХХК
Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “БК” ХХК-ийн захирал Б.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0052 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “БК” ХХК-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар захирамжийн “БК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Нэхэмжлэгч “БК” ХХК-ийн өмгөөлөгч Л.Эр дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Үүнд:
2.1.” “БК” ХХК нь Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаар Захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын 4-р баг шинэ суурьшлын бүсэд байрлах 0.6 га газрыг орон сууцны зориулалтаар эзэмшсэн. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/28 дугаартай төсөл сонгон шалгаруулалтад зохих журмын дагуу материалаа бүрдүүлэн “БК” ХХК тэнцэж шинэ суурьшлын бүсэд 0,6 га газрыг эзэмшсэн. Гэтэл үүний дараа Ховд аймгийн Засаг дарга Э.Б-гийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 тоот захирамжаар “БК” ХХК-ийн эзэмшлийн А/180 дугаартай газрын гэрчилгээг хүчингүй болгосон тул манай компани Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.
2.2. Монгол улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 125/ШШ2024/0018 дугаартай шийдвэрээр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА52024/0339 дугаартай магадлалыг 96 дугаартай тогтоолоор хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч байгууллагын хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр А/99 дугаартай захирамжийг гаргасан байдаг.
2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг нэхэмжлэгч компанид явуулаагүй. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар Засаг даргад тухайн захирамжийг хүчингүй болгох эрх нь байгаа ч гэсэн анхнаасаа хууль дүрмийн дагуу төсөл сонгон шалгаруулалтыг захиргааны байгууллага нь өөрсдөө зохион байгуулж явуулсан. Ингэхдээ тухайн компанийн эрх ашиг хэрхэн, яаж хөндөгдөх талаар ярихгүйгээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч “БК” ХХК-аас “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дүгээр захирамжийн “БК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3. Маргаан бүхий А/99 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “БК” ХХК-д Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5-д заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр “Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосон” байна.
4. Анхан шатны шүүх “... нэгэнт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх нөхцөлийг тусгайлан заасан, нэхэмжлэгчид эзэмшүүлэх газар нь хуульд заасан тусгайлсан нөхцөлд хамаарахгүй байх тул хуульд нийцээгүй гарсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгох ёстой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
5. Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга өөрийн гаргасан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгохдоо анхнаасаа газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг зөрчиж олгосон гэж үзээгүй, харин нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж газар эзэмших эрхийг цуцалсан боловч Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эрхийг сэргээхдээ газрыг зориулалтын дагуу буюу 234 айлын орон сууц барихаар тодорхой үйл ажиллагаа явуулж зардал гаргасан болохыг тогтоосон. Үүнээс үзвэл уг шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгч нь тухайн газар дээр орон сууц барих ажлаа үргэлжлүүлэх боломжтой болжээ.
6. Гэтэл хариуцагч Засаг дарга нь маргаан бүхий А/99 дүгээр захирамжийг гаргаж, дахин газар эзэмших эрх хэрэгжүүлэх боломжгүй болгосон байх бөгөөд уг шийдвэрийг гаргахдаа Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68/А2171067 дугаар албан шаардлагыг биелүүлсэн гэх боловч Газрын тухай хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн албан шаардлагын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх олгосон шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг хянаж, хууль дээдлэх зарчмын хүрээнд албан шаардлагыг хэрхэн биелүүлэхээ шийдвэрлэх үүрэгтэй.
6.1. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, … зөрчсөн бол … хүчингүй болгож” гэж заасан урьдчилсан нөхцөлийг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа өөрөө тогтоосон байх ёстой.
6.2. Уг албан шаардлагаар “... шинээр газар олгохдоо дуудлага худалдаа зохин байгуулалгүйгээр 211 нэгж талбар, 14053.1 га газар олгосон зөрчил илэрлээ. Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д нийцээгүй байна гэж үзээд Газрын тухай хуулийн дагуу газар ашиглах гэрээг дүгнэж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч, биелэлтийг ирүүлэх, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаж” шийдвэрлэсний дотор нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр хамрагджээ.
6.3. Гэвч уг албан шаардлагад дурдсан хуулийн зөрчил нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгох үед гараагүй болохыг хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа нягталж шалгаагүй байна.
7. Хэргийн үйл баримтын тухайд анх нэхэмжлэгчид Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаар захирамжаар шинэ суурьшлын бүсэд 0.6 га газрыг орон сууцны /5-8 давхар нийтийн орон сууц/ зориулалтаар 15 жилийн хугацаагаар олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, ЗЗ дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/05 дугаар тогтоол, мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 267 дугаар тогтоолыг үндэслэн олгожээ.
7.1. Хэрэгт авагдсан Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/05 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтад /хэргийн 92 дугаар тал/ Жаргалант сумын Бт багт Шинэ суурьшлын бүс /Шугам сүлжээ улсын төсвөөр хийгдэж байгаа/ гэж тусган, Орон сууц /Залуус хотхон/-ын зориулалтаар, Төсөл сонгон шалгаруулалтын хэлбэрээр 4,4 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
7.2. Үүнээс үзвэл шинэ суурьшлын бүс бий болгож “шугам сүлжээг улсын төсвийн хөрөнгөөр” хийж, орон сууцны зориулалтаар газрыг эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалтын хэлбэр сонгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ... төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж заасныг зөрчөөгүй байна.
7.3. Хэдийгээр орон сууц барих төсөл нь бүхэлдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхгүй боловч орон сууцны хамгийн гол дэд бүтэц болох инженерийн шугам сүлжээг /шинэ суурьшлын бүс/ улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн, мөн нийтийн зориулалттай орон сууцны барилга бариулах зориулалтаар олгосон газрыг тухайн газар эзэмшигч өөрийн эзэмшилд байнга байлгаж, ашиглаж эзэмших эрх хэрэгжүүлэхгүй, барилга болон холбогдох норм, журамд заасны дагуу орчны тохижилтын хамт барилгыг барьж ашиглалтад оруулсны дараа нийтийн эзэмшилд үлдээж, газрыг ашиглах эрхийг сууц өмчлөгч иргэд болон Сууц өмчлөгчдийн холбоо хэрэгжүүлдэг онцлогтой холбоотой нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засаг, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд /хямд/ орон сууцаар хангах газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан нь Хурлын бүрэн эрхийн хүрээнд, хууль зөрчөөгүй гэж үзэхээр байна. Энэ талаар анхан шатны шүүх анхаарч үзээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
7.4. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “ … Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан /2 дугаар хавсралт/ “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 2.1.3.төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын болон тусгай бүс, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эзэмшүүлэх, ашиглуулахаар заасан байх.” гэж зааснаар хариуцагч Засаг дарга нь төлөвлөгөөнд тусгасан аргаар газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй байхад өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон маргаан бүхий А/99 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасанд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн, үүний улмаас тодорхой зардал гаргаж газрыг эзэмших эрх хэрэгжүүлж байсан нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
8. Эдгээрээс дүгнэвэл анхан шатны шүүх дээрх газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүнийг баталсан Хурлын тогтоол зэргийг үнэлээгүйгээс хэргийн үйл баримтыг буруу тогтоож, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “БК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар захирамжийн “БК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “БК” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ