Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 09

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Г.Амарсайхан,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Баянжаргал, Т.Даваадорж,

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цахиурчулуу, Д.Намсрай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар Э.Цахиурчулуу, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар Д.Намсрай нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201617000307 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

  Нэг. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 харьяат, 1999 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 17 нас 01 сар 20 хоногтой, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 6 эцэг, эх, эх, ах дүү нарын хамт амьдрах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 5 дугаар баг Бага дөрвөлжийн 9-1 тоотод түр оршин суух хаягтай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангид сурдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.05.16-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Хэрээд овгийн Энхтөрийн Цахиурчулуу /РД:ЛБ99120516/.

 

  Хоёр. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 харьяат, 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 17 нас 08 сар 10 хоногтой, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 2, эцгийн хамт Баруун-Урт сум 7 дугаар багийн Далангийн 8-5 тоотод оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангид сурдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Хэрээд овгийн Даваадоржийн Намсрай /РД:ЛЮ99051413/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

           Насанд хүрээгүй яллагдагч Э.Цахиурчулуу нь Д.Намсрайтай бүлэглэн 2016 оны 10 сарын 07-ны орой 20 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Стар баарны баруун талын гудамжинд иргэн Г.Эрдэнэбулганыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, танхайрах явцдаа амь насанд аюултайгаар хүч хэрэглэн довтолж Самсунг галакси Нөт-2 маркийн гар утсыг дээрэмдэн авч 83000 төгрөгийн хохирол учруулсан,

           Насанд хүрээгүй яллагдагч Д.Намсрай нь Э.Цахиурчулуутай бүлэглэн 2016 оны 10 сарын 07-ны орой 20 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Стар баарны баруун талын гудамжинд иргэн Г.Эрдэнэбулганыг ямар ч шалтгаангүйгээр зодож бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цахиурчулуу шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр манай сургуулийн 12б ангийн тоглолт болоод манай ангийнхан ангиараа үзсэн. Тоглолт үзчихээд хойшоо Стар баарны хажууд явж байхад зүүн талаасаа нэг хүн дуу дуулаад гуйваад явж байхаар нь Намсрай тэвэрч авч унагаагаад би нэг өшиглөсөн. Тэр хүний халаасанд утас нь гэрэлтэж байхаар нь сандарсандаа утсыг нь аваад зугтаасан. Маргааш нь хичээл тараад Мөнхтэмүүжин, Намсрай бид гурав буруу зүйл хийсэн байна гээд утсыг нь буцааж өгөх гээд театр руу явж очоод Мөнхтэмүүжин эхэлж ороод утсыг нь өгөх гэтэл хажууд нь нэг хүн байхаар нь бид нар айгаад утсыг нь өгч чадаагүй, ажил тарахаар нь өгье гээд яваад өгөөгүй. Тэр хүнийг согтуу юм байна гэж бодоод айлгая гэж бодсон. Би нэг удаа өшиглөсөн. Хохирогч айгаад толгойгоо гараараа хаагаад хэвтээд байсан. Түүнд хөнгөн гэмтэл учирсан. Тухайн үед утсыг нь хаагаад цүнхэндээ хийсэн. Тэгээд маргааш нь утсыг нээгээд үзэхэд дуучин Амархүүтэй авахуулсан зураг байсан. Тэгээд театрт ажилладаг юм байна гэж ойлгоод театраас очиж асуухад театрт ажилладаг гэж байсан. Бид нар хохирогчид 497.000 төгрөг өгсөн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэв. 

 

- Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Намсрай шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 12б ангийн тоглолтыг үзчихээд явж байгаад баруун талаас нэг ах ирж байхаар нь айлгаж цочооё гэж яриад би тэр ахыг хашгираад тэвэрч авсан. Тэгэхэд тэр ах миний цээж рүү цохихоор нь Цахиур нэг өшиглөсөн. Би бас нэг өшиглөсөн. Цахиур зугтаарай гэхээр нь зугтсан. Нэг дэх өдөр сургууль дээр ирэхэд Цахиур би тэр хүний утсыг авсан гэж хэлээд утсыг нь гаргаж ирсэн. Утсыг нь өгөх гэж театр дээр очоод цагдаагаас айгаад утсыг нь өгч чадаагүй. Тэр хүнийг дуу дуулаад гуйваад байхаар нь согтуу байна гэж бодсон. Тэгээд айлгах гэж хашгираад тэвэрч аваад би хоёр удаа өшиглөсөн. Би архи уугаагүй эрүүл байсан. Бид хоёр 497000 төгрөгийг хувааж төлсөн. Харин Мөнхтэмүүжин ямар ч үйлдэл хийгээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

- Хохирогч Г.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 10 дугаар сарын 07-ны орой 19 цагийн ажлаасаа тараад ажлынхаа Цагаанаа эгчийг нэгдсэн эмнэлгийн хойд тал руу гэрт нь дөхүүлж өгсөн юм. ...Стар баарны хойд талын цементэн хашааг дагаад зүүнээс баруун тийшээгээ явахдаа гар утасныхаа хөгжмийг чихэвчээр сонсоод алхаж явж байгаад Стар баар руу явдаг нарийн гудамжны үзүүрт ирэхэд гэнэт л тэр гудамжнаас хэн нэг нь миний толгойноос татаж унагаад өшиглөж зодохдоо хэн нэг нь утсыг нь ав гээд хэлэхэд нэг нь миний куртикны зүүн талын халаасанд байсан утсыг аваад дахиж хэд хэдэн удаа өшиглөөд бүгдээрээ зугтаасан. Тэр үед намайг харахад хоёр хүүхэд нь ямар ч гэсэн нарийн гудамжаар зугтаасан. Харин нэг нь хөл бөмбөгийн талбайн урдуур зүүн тийшээ зугтаасан. Тэр үед би зүүн тийшээ зугтаасан хүний араас гүйгээд гүйцэж чадалгүй алдсан болохоор гэр рүүгээ гүйж очоод ээждээ болсон явдлыг хэлсэн. Тухайн үед 3-4 хүн намайг дээрэмдсэн. Тухайн дээрэмдүүлсэн газар гэрэлгүй харанхуй гудамж байсан учраас намайг дээрэмдсэн хүмүүсийг сайн харж чадаагүй. Ямар ч байсан миний араас хөөсөн хүн ар талдаа цүнх үүрсэн байсан. Тухайн үед тэр хүмүүс хүүхэд том хүн нь мэдэгдэхгүй байсан. Цүнх үүрсэн болохоор хүүхэд гэж бодсон. ...толгой руу өшиглөөд байсан яг хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. ...би өөрийн Мобикомын 95988784 дугаартай Самсунг Галакси Нөт-2 маркийн хар өнгийн корпустай зүүн дээд өнцөг нь бага зэрэг хагарч цуурсан 2016 оны 03 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотоос 350000 төгрөгөөр шинээр худалдаж авсан гар утсаа дээрэмдүүлсэн, ...чихэвч нь цагаан өнгийн Самсунг нэртэй хоёр спикертэй чихэвч байсан. Чихэвчийг нь хэргийн газар дээр хаяад явсан байсан. Миний эмчилгээний зардал болон утасны үнэ нийтдээ 497.930 төгрөгийг Цахиурчулуу, Намсрай, Мөнхтэмүүжин нар нь бэлнээр төлж барагдуулсан болохоор одоо гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийн материалтай танилцана шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-14-18 /  

 

- Гэрч О.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би эдгээр хүүхдүүдийн багш юм. Д.Намсрай нь хагас өнчин аавтайгаа хоёулаа амьдардаг. Зан чанарын хувьд нийтэч үг дуу цөөтэй сурагч юм. Сагсан бөмбөгийн дугуйланд явдаг. Улсын аврага шалгаруулах тэмцээнд орж тусгай байранд орж байсан. Э.Цахиурчулуугийн аав ээж нь Баяндэлгэр суманд мал малладаг, хөдөө голдуу байдаг. Цахиурчулуу нь аймгийн төвд ахтайгаа хамт амьдардаг. Цовоо сэргэлэн хамт олонтойгоо нийтэч эвсэг зан чанартай, 2 жилийн өмнө хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан сурагч юм. Энэ гурав дээрмийн гэмт хэрэг үйлдсэн талаараа юу ч яриагүй. Үүнийг би цагдаагийн байгууллагаас сонссон гэх мэдүүлэг /хх-19/ 

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 429 тоот дүгнэлтэнд:1.Г.Эрдэнэбулгын биед тархи баруун тал бөмбөлөг хажуу ховдлын урд эврийн түвшинд, зүүн хажуу ховдлын их биеийн түвшинд цусан хураа, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх /хх-29-31/  

 

- Насанд хүрээгүй сэжигтэн Г.Мөнхтэмүүжингийн мөрдөн байцаалтанд өгсөн:Би 2016 оны 10 дугаар сарын 07-ны орой “Жаахан шарга” театр дээр тоглолт үзчихээд ангийнхаа Цахиурчулуу, Намсрай гэдэг 2 хүүхэдтэй хамт гурвуулаа гэртээ харихаар явсан юм. Тэгээд Стар баарны баруун талын гудамжаар хойшоо явж байтал зүүн гар талаас нэг хүн чангаар дуу дуулаад гуйваад яваа харагдахаар нь бид гурав энэ хүнийг айлгая гээд гудамжны үзүүрт хүлээсэн юм. Тэгээд хүрээд ирэхэд нь Намсрай тэвэрч авч унагаасан. Тэр үед Цахиурчулуу нь тэр хүний толгой руу нэг хоёр удаа өшиглөсөн. Тэгэхэд Намсрай бас биерүү нь өшиглөж харагдсан. Тэгэхэд би яах учраа олохгүй зогсож байтал Цахиурчулуу зугтаарай гэж хэлээд зугтахад нь баруун тийшээ зугтаагаад гэртээ ирсэн. Тэр өдөр бид 3 дахиж уулзаагүй. Хоёр хоногийн дараа намайг гудамжинд явж байхад Цахиурчулуу Намсрай хоёр явж байгаад таарсан. Тэгэхэд Цахиурчулуу Нөт-2 маркийн хар өнгийн гар утас гаргаж ирээд нөгөө бид гуравын гудамжинд айлгадаг хүнээс авсан гээд хэлж байсан. Цахиурчулуу, Намсрай бид гурав тэр хүний утсыг аваачиж өгье гээд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Театр дээр очиход тэр ах тенн янзлаад байж байсан. Тэгэхэд нь Цахиурчулуу бид 2 тэр ахтай мэндэлчихээд гар утсыг нь өгөх гээд өгч чадахгүй дэргэд нь нэг ах тенн янзлахыг нь зааж байхаар нь хэлэх гээд хэлж чадахгүй орой ажил тарах үеэр ирж уулзая гээд явцгаасан юм гэх мэдүүлэг / хх-67-68 /

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Фото зургууд /хх-3-5 /

 

-  Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг 2016.10.11 /хх-08-11/  

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг 2016.10.12/хх-12-13/

 

-Эд зүйлийн үнэлгээ 2016 оны 10 сарын байдлаар Баруун-Урт /хх-69/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р бүрэн дунд сургуулийн тодорхойлолт /хх-77/

- Э.Цахиурчулуугийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-80/

 

- Д.Намсрайн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-82/

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-85-86, 89-90/

 

- Хохирогчид хохирол төлсөн тухай баримт /хх-91/ 

 

- Насанд хүрээгүй сэжигтэний насыг тоолсон тухай тэмдэглэл/хх-92-93/

 

- Э.Цахиурчулуугийн төрсний гэрчилгээний хуулбар/хх-95/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн засаг даргын 2016.11.17-ны өдрийн 5/380 дугаартай тодорхойлолт /хх-96/

 

- Э.Цахиурчулуугийн сурагчийн хувийн хэрэг /хх-97-108/

 

- Э.Цахиурчулуугийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-109/

 

-Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.05.26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоол /хх-112-118/ 

 

-Цагдаагийн ерөнхий газрын 2016.12.06-ны өдрийн 10б/226 дугаартай албан бичиг/хх-120/

 

- Д.Намсрайн төрсний гэрчилгээний хуулбар/хх-121/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багийн засаг даргын 2016.10.12-ны өдрийн 7/378 дугаартай тодорхойлолт /хх-122/

 

- Д.Намсрайн сурагчийн хувийн хэрэг /хх-123-129/

 

- Д.Намсрайн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-130/

 

-Эрүүгийн 201617000307 тоот хэргийн хохирлын тооцоо/хх-153/

 

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг 2016.11.17/хх-166-168/

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг 2016.12.01/хх-170-172/

 

-Битүүмжилсэн эд зүйлийн үнэлгээ /хх-169,173/

 

-Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2016.12.19-ний өдрийн 5/49 дугаартай прокурорын тогтоол /хх-180/

 

-Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2017.01.18-ны өдрийн 09 дугаартай албан бичиг

 

-Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын 2017.01.24-ний өдрийн 47-4/127 дугаартай албан бичиг зэрэг болно. 

 

 

           Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цахиурчулуу нь Д.Намсрайтай бүлэглэн 2016 оны 10 сарын 07-ны орой 20 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Стар баарны баруун талын гудамжинд иргэн Г.Эрдэнэбулганыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, танхайрах явцдаа амь насанд аюултайгаар хүч хэрэглэн довтолж Самсунг Галакси Нөт-2 маркийн гар утсыг дээрэмдэн авч 83.000 төгрөгийн хохирол учруулсан,

насанд хүрээгүй яллагдагч Д.Намсрай нь Э.Цахиурчулуутай бүлэглэн 2016 оны 10 сарын 07-ны орой 20 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Стар баарны баруун талын гудамжинд иргэн Г.Эрдэнэбулганыг ямар ч шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цахиурчулуу, Д.Намсрай нарын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Эрдэнэбулган, яллагдагч Г.Мөнхтэмүүжин, гэрч О.Батцэцэг нарын мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх- 3-6 тал/, Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл. 2011.10.11, Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл 2016.10.12, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.10.13-ны өдрийн 429 дугаартай шүүх эмнэлгийн үзлэн хийсэн акт, Эд зүйлийн үнэлгээ. 2016.10.08, Э.Цахиурчулуугийн 38/001580 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Намсрайн 38/001578 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 012 дугаартай Э.Цахиурчулуугийн төрсний гэрчилгээ, 0138689/147 дугаартай Д.Намсрайн Төрсний гэрчилгээ, Г.Эрдэнэбулганы Амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

          Хэргийн байдлыг тодруулбал, Д.Намсрай, Э.Цахиурчулуу нар ямар ч шалтгаангүйгээр гудамжаар явж байсан иргэн Г.Эрдэнэбулганыг тэврэн унагаж, толгой руу нь ээлжлэн өшиглөн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, улмаар Э.Цахиурчулуу нь Г.Эрдэнэбулганы халааснаас гар утсыг дээрэмдэн авч зугтаасан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч Г.Эрдэнэбулганы “...Стар баарны хойд талын цементэн хашааг дагаад зүүнээс баруун тийшээгээ явахдаа гар утасныхаа хөгжмийг чихэвчээр сонсоод алхаж явж байгаад Стар баар руу явдаг нарийн гудамжны үзүүрт ирэхэд гэнэт л тэр гудамжнаас хэн нэг нь миний толгойноос татаж унагаад өшиглөж зодохдоо хэн нэг нь утсыг нь ав гээд хэлэхэд нэг нь миний гар утсыг куртикны зүүн талын халаасанд байсан утсыг аваад дахиж хэд хэдэн удаа өшиглөөд бүгдээрээ зугтаасан. Тэр үед намайг харахад хоёр хүүхэд нь ямар ч гэсэн нарийн гудамжаар зугтаасан. Тухайн үед 3-4 хүн намайг дээрэмдсэн. Тухайн дээрэмдүүлсэн газар гэрэлгүй харанхуй гудамж байсан учраас намайг дээрэмдсэн хүмүүсийг сайн харж чадаагүй. Ямар ч байсан миний араас хөөсөн хүн ар талдаа цүнх үүрсэн байсан. Тухайн үед тэр хүмүүс хүүхэд том хүн нь мэдэгдэхгүй байсан. Цүнх үүрсэн болохоор хүүхэд гэж бодсон. ...толгой руу өшиглөөд байсан яг хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна ”, Д.Намсрайн ” 12б ангийн тоглолтыг үзчихээд явж байгаад баруун талаас нэг ах ирж байхаар нь айлгаж цочооё гэж яриад би тэр ахыг хашгираад тэвэрч авсан. Тэгэхэд тэр ах миний цээж рүү цохихоор нь Цахиур нэг өшиглөсөн. Би бас нэг өшиглөсөн. Цахиур зугтаарай гэхээр нь зугтсан. Тэгээд айлгах гэж хашгираад тэвэрч аваад би хоёр удаа өшиглөсөн” гэх, Мөнхтэмүүжингийн “ Би 2016 оны 10 дугаар сарын 07-ны орой “Жаахан шарга” театр дээр тоглолт үзчихээд ангийнхаа Цахиурчулуу, Намсрай гэдэг 2 хүүхэдтэй хамт гурвуулаа гэртээ харихаар явсан юм. Тэгээд Стар баарны баруун талын гудамжаар хойшоо явж байтал зүүн гар талаас нэг хүн чангаар дуу дуулаад гуйваад яваа харагдахаар нь бид гурав энэ хүнийг айлгая гээд гудамжны үзүүрт хүлээсэн юм. Тэгээд хүрээд ирэхэд нь Намсрай тэвэрч авч унагаасан. Тэр үед Цахиурчулуу нь тэр хүний толгой руу нэг хоёр удаа өшиглөсөн. Тэгэхэд Намсрай бас биерүү нь өшиглөж харагдсан” гэх, Э.Цахиурчулуугийн “ Тухайн өдөр манай ангийнхан тоглолт үзчихээд хойшоо Стар баарны хажууд явж байхад зүүн талаасаа нэг хүн дуу дуулаад гуйваад явж байхаар нь Намсрай тэвэрч авч унагаагаад би нэг өшиглөсөн. Тэр хүний халаасанд утас нь гэрэлтэж байхаар нь сандарсандаа утсыг нь аваад зугтаасан “ гэх мэдүүлгүүдээр тогтоогджээ.

           

Иймд шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цахиурчулуу, Д.Намсрай нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,  шүүгдэгч Э.Цахиурчулууг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг үйлдэхэд оролцсон шүүгдэгч нарын оролцоо, хувийн байдал зэргийг үндэслэн шүүгдэгч Э.Цахиурчулууд хорих ял шийтгэл оногдуулах, харин хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцдаг, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Д.Намсрайд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын  арга хэмжээ оногдуулах нь зохистой гэж шүүх үзлээ.

 

           Э.Цахиурчулуу, Д.Намсрай нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна. 

                   

           Шүүгдэгч Э.Цахиурчулуу хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан боловч хохирогч эдгэрсэн, бусдад бага бус хэмжээний хохирол учирч нөхөн төлөгдсөн, тэрээр нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцдаг зэрэг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн түүнийг нийгмээс тусгарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэн хорих ял оногдуулах шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулахаар тогтоолоо.

 

            Э.Цахиурчулуу, Д.Намсрай нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэдгээр нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.Эрдэнэбулганд учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.  

 

Гэмт хэргийг улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгч Э.Цахиурчулуугийн Нокиа 2050 маркийн, хар өнгийн, товчлууртай гар утсыг биүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх, шүүгдэгч   Д.Намсрайн Самсунг Галакси S 5 маркийн /3525806483347/01/ гар утасыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битмүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгоно. 

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Хэрээд овгийн Энхтөрийн Цахиурчулуу,  Хэрээд овгийн Даваадоржийн Намсрай нарыг бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журам ноцтой зөрчин танхайрах, Э.Цахиурчулууг танхайрах явцдаа бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж эд зүйл дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цахиурчулууг 3 /гурван/ жил 1 / нэг / сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 /гурван/ жил 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасныг журамлан насанд хүрээгүй шүүгдэгч Д.Намсрайг эцэг Т.Даваадоржийн хяналтанд өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан ялтан Э.Цахиурчулууд 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд багтаан, биечлэн эдлэх ялыг 3 / гурван/ 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай. 

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар ялтан Э.Цахиурчулууд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг журамлан насанд хүрээгүй ялтан Э.Цахиурчулууд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг / жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд Э.Цахиурчулуу нь шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялын биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүүгэй.

 

           8. Насанд хүрээгүй ялтан Э.Цахиурчулуу, Д.Намсрай нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэдгээр нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.Эрдэнэбулганд учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 138 дугаар зүйлийн 138.10-т заасныг баримтлан насанд хүрээгүй ялтан Э.Цахиурчулуугийн Нокиа 2050 маркийн, хар өнгийн, товчлууртай гар утасыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө битмүүмжлэх, ялтан шүүгдэгч Д.Намсрайн Самсунг Галакси S 5 маркийн /3525806483347/01/ гар утасыг биүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай. 

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй ялтан Э.Цахиурчулуу, Д.Намсрай нарт урьд авсан Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН