Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1041

 

 

 

 

 

 

 

 

 

С.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00824 дүгээр шийдвэртэй, С.Эийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4 854 500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчулуун, А.Цэндзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие вагоны техникч мэргэжилтэй, 1976 оноос хойш УБТЗ-д ажиллаж байна. 2017 оны 12 дугаар сарын 05-нд ажилдаа ирэхэд сургуулийн захирал Б.Ганчулуун дуудан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг танилцуулсан. Би тушаалтай танилцахад “Хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн багш С.Эийн гаргасан өргөдөл, хувийн хүсэлтийг харгалзан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэсэн байсан. Би ажил олгогчид хандан хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулахаар өргөдөл хүсэлт гаргаагүй. Харин захирал Б.Ганчулуун 2017 оны 11 дүгээр сарын 10-нд надад “Мэдэгдэх хуудас” өгсөн. Түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, Хүний нөөцийн албаны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18/474 тоот албан бичигт заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээ цуцлах болсныг мэдэгдсэн байсан. Энэ мэдэгдэл нь надад эрх зүйн хувьд ач холбогдолгүй бөгөөд би 2012 онд тэтгэврээ тогтоолгосон.

 Тус байгууллагад анх ажилд ороход энэ талаар мэдэгдэж байсан ба ахмад ажилтан миний ажлын туршлага, хүндэт төмөр замчин, багшийн алдар гавьяа шагнал зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан юм. Надад уг мэдэгдлийг өгч байгаа нь ажил олгогч санаачлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болохоор байна. Нөгөө талаар Монгол улсад өндөр насны тэтгэврээ тогтоолгосон иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг хориглосон хууль байхгүй, харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах нь зүйтэй гэж үздэг. Миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр тушаалд хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно”, 39 дүгээр зүйлийн 39.2 “Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно” гэж зохицуулсан байна. Гэтэл би хувийн өргөдөл, хүсэлт гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргасан нь хуулийн болоод бодит үндэслэлгүй болж миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироолоо.

Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 14-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэжээ. Хичээлийн жилийн дундуур намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан нь анги удирдаж байгаа багшийн хувьд болон суралцагч нарын сурлага, хүмүүжил, ирээдүйг бодолцож үзэлгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 854 500 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. С.Эийн өөрийн өргөдөл, хүсэлтийн дагуу УБТЗ-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 80 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. УБТЗ-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаар тушаалаар Хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн багш С.Эийн гаргасан өргөдөл, хувийн хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 43.1 дэх заалтыг үндэслэж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан. С.Э 2017 оны 12 дугаар сарын 04-нд ажил олгогчид гаргасан өргөдөлдөө өөрийн дааж авсан Вагон үзэгч, засварчны Б ангийг төгсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид цагийн багшаар ажиллуулж өгнө үү гэсэн байдаг. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 34 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр цагийн багшаар ажиллаж байгаа. Тэрээр 2015 онд 1 жилийн гэрээтэй вагон үзэгч багшаар ажилд орсон. Улаанбаатар төмөр замын хэмжээнд нийт хөдөлмөрийн гэрээг шинэчилж байсан учраас тус гэрээ шинэчлэгдэх шаардлагатай болсон. Бид тэтгэврийн насны хүмүүсийн гэрээ ямар байдлаар байх ёстойг тодруулсан бөгөөд хүний нөөцийн албанаас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манайд үүрэг өгсөн. Энэ мэдэгдэх хуудас зөвхөн мэдээлж байгаа зүйл бөгөөд Улаанбаатар төмөр замын хувьд хөдөлмөрийн гэрээг цуцлахад тогтсон нэг зүйл байдаг. Шуурхай хурал зарлаж байгаад гэрээ цуцалж байгаа талаар мэдэгддэг бөгөөд ийм хурал хийгдээгүй. Мэдэгдэх хуудас маань хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тушаал биш хүний нөөцийн албанаас ирсэн бичгийг мэдэгдэж байгаа бичиг юм. С.Э багшаас гадна тэтгэврийн насанд хүрсэн хүмүүст мэдэгдэх хуудас өгсөн. Сургуулийн захирлын тушаалаар ажилд авах, ажлаас чөлөөлөх шийдвэр гардаг, мэдэгдэх хуудсаар гаргадаггүй. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр С.Э багш өөрөө өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдөлд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэж бичсэн байгаа. Өргөдөл дээр ...Хөдөлмөрийн гэрээг цуцалж, цагийн багшаар ажиллах... талаар бичсэн байсан. Энэ өргөдлөө манай бичиг хэргээс ажиллахаа больсон гэдэг байдлаар буцааж авсан байсан. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр надтай уулзаад дахин өргөдөл гаргасан, яагаад ингэж байгааг асуухад нэг өгүүлбэр нэмэгдсэн байсан, энэ нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул гэж нэмж бичсэн байсан. Уг өргөдлөөс С.Э багш цагийн багшаар ажиллах хүсэлтэй, он дуустал ангиа хариуцаж ажиллах гэж байгаа юм байна гэж ойлгоод 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тушаал гарсан. Ямар нэгэн дарамт үзүүлээгүй бөгөөд багшийн өөрийнх нь хүсэл, сонирхлын дагуу гарсан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 854 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 92 622 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн мэтгэлцээний үеийн хэрэгт ач холбогдолтой мэдүүлэгт үндэслэлтэй дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан. С.Э нь 65 настайдаа Улаанбаатар төмөр замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 онд цагийн багшаар ажиллах өргөдөл гаргаж, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 80 тушаалаар вагоны мэргэжлийн багшаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно гэж заасан. Улаанбаатар төмөр зам ХНН нь Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нэгдэж “ахмад мэргэжилтнүүдийн үндэсний сүлжээг зохион байгуулж, байгууллагуудад зөвлөгөө өгөх, гэрээгээр, түр хугацаагаар ажиллуулах зэргээр мэдлэг, турлагыг нь өвлүүлэх” гэсний дагуу  тэдний мэдлэг туршлагыг хойч үедээ өвлүүлэхээр ажилладаг тул С.Эийг ажилд авсан юм.

С.Э Вагон үзэгч засварчны “Б” ангийг төгсгөж, цагийн багшаар ажиллах хүсэлтэй байгаа өргөдлөө 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн гараар бичиж, ажил олгогчид өгсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож, хувийн хүсэлтийг харгалзан хөдөлмөрийн гэрээ цуцалсан 94 дугаар тушаал гарсан. Тэрээр өргөдөлдөө “2017 оны 12 дугаар сарын 01-нээс мэргэжлийн багшаар ажиллах гэрэгэ цуцалсан тул” гэж бичсэн байсан. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг түүнийг өргөдлөө өгсний дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цуцалсан, цагийн багшаар ажиллах хүсэлтийг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил олгогчоос дарамт үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байхад өөрийн төсөөллөөр үг оруулж бичсэнийг шүүх шахалт шаардлага үзүүлсэн гэж ойлгосон нь учир дутагдалтай байна.

Ажил олгогч Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн албаны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18/474 тоот албан бичиг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасныг үндэслэл болгож С.Эт мэдэгдэх хуудас өгсөн боловч түүнд үндэслэн тушаал гаргаж халаагүй юм. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “ажилтанд хөдөлмөрийн гэрээ өргөдөл гаргасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ажилтанд шахалт шаардлага үзүүлж үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь мэдэгдэх хуудас өгснийг дарамт шахалт үзүүлсэн гэж мэдүүлсэн, энэ нь дарамт шахалт биш, огтхон ч дарамт шахалт үзүүлсэн үг үйлдэл гаргаагүй, харин ч хүсэлт, өргөдлийг нь хүндэтгэлтэйгээр авч үзсэн. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 ажил олгогч ахмад настны хүсэлтээр түүний ажлын өдрийн үргэлжлэлийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй ажилд шилжүүлж болно гэж заасан. Түүний 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн гараар бичиж, ажил олгогчид өгсөн өргөдлийн дагуу түүнтэй 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 34 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Одоо ч тэрээр ажлаа хийж байгаа ба өөрийн ажлын ачаалал, цагаа багасгаж хөнгөвчлөх зорилгоор ажил олгогчид хоёр удаа өргөдөл өгсөн гэж ойлгож байна. Ажлын байр дутагдалтай байгаа үед залуу боловсон хүчнийг ажлын байртай болгох, тэднийг дэмжих зорилгоор 68 настай нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийнх нь хүсэлтээр цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын гаргасан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 854 500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр авагч, ахмад ажилтан С.Эийг Улаанбаатар төмөр зам Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд “хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн багш”-аар ажиллуулахаар 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх 8,9,22-24/

 

Дээрх гэрээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлах тухай “Мэдэгдэх хуудас”-ыг ажил олгогч тал нэхэмжлэгч С.Эт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх7/ Уг мэдэгдэлтэй холбогдуулан нэхэмжлэгч нь цаашид цагийн багшаар ажиллах хүсэлтэй байгаа талаар тус төвийн захиргаанд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл гаргасан нь тухайн байгууллагын өргөдөл гомдол бүртгэх дэвтэрт бүртгэгджээ. /хх25,28,29/ Ажилтны гаргасан энэхүү өргөдөлд дурдсан хүсэлтийг үндэслэн Улаанбаатар төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажил хүлээлцэх хугацааг тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ. /хх21/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй буюу 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр С.Эрдэнбилэг өргөдөл гаргасан боловч үүгээр цагийн багшаар ажиллах хүсэлт илэрхийлээгүй, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өргөдөлд энэ талаар нэмж бичсэн, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргахаас өмнө ажилтанд мэдэгдэх хуудас өгч, үүнтэй холбоотойгоор тухайн ажилтан цаашид цагийн багшаар ажиллах өргөдөл гаргасанд үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь шахалт, шаардлага үзүүлж үндэслэлгүйгээр ажлаас нь халсан гэх агуулгаар хэргийн үйл баримтад оновчтой бус дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь ажил олгогчийн хувьд ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан үндэслэлээр мэдэгдэх хуудас гардуулсан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах зорилгоор дарамт, шахалт үзүүлсэн, ажилтан хүсэл зоригоо өөрийн эсрэг илэрхийлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон тухай мэдэгдэх хуудас хүлээн авсан ажилтны хувьд цаашид хөдөлмөрлөх эрхээ өөрт ашигтай байдлаар хэрэгжүүлэхийг ажил олгогч талд санал болгох боломжит хугацаа юм.

 

Дээрх мэдэгдэлд үндэслэн нэхэмжлэгч цагийн багшаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл бичгээр гаргаж, ажил олгогч тал С.Эийг ажлаас нь чөлөөлж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 тоот тушаал гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Түүнчлэн ажилтны хүсэлтээр түүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тухайн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулж байгаа нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүйг нотолж байна. /хх26,27/

 

Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 854 500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00824 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 854 500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 622 шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА