Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/шцт/231

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         06            27                                  2023/ШЦТ/231

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,  

улсын яллагч Ц.Лхамсүрэн,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000340 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, “хх”-т механикч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Б-ын Э- /РД:хх0000000/.

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 2 давхрын коридорт хохирогч Д.Дыг “эхнэр Т.Э-гаар өөрийнхөө ажлаа хийлгэлээ” гэх шалтгаанаар хохирогчийн толгой руу хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд “хуйханд шарх, зүүн нүдний зовхи, баруун гарын шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Б.Э мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйсан...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

         - Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад Д.Д гэх эрэгтэйд цохиж зодуулсан зүйл байхгүй. Миний цээж руу гараа сарвайж цохихоор нь би арагшаа ухраад бултчихсан юм. Би Д.Дын гарт нь оногдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/,

 

- Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Өдөр 14-15 цагийн хооронд манай өрөөнд багш Э-гийн нөхөр Э- орж ирээд надтай гар барьсан. Үүний дараа би сургуулийн 2 давхарт явж байтал араас Э- хүрч ирээд “дахиад гар баръя” гэж хэлсэн тэгэхээр нь би баруун гараа өгтөл гараас татаж өөр рүүгээ ойртуулаад газар хавсарч унагаасан. Намайг газар унасан байхад миний толгой руу нэг удаа өшиглөж, зүүн шанаа хэсэгт нэг удаа дэвссэн. Би газраас босож ирээд Э-ы гэдэс рүү 2 удаа цохитол Э- арагшаа алхаад би цохиж чадаагүй. Яг энэ үед 2 давхрын коридорт явж байсан Т.М-, М.Э, Э, Э нар хүрч ирээд Э-ыг надаас холдуулсан. Намайг газар унаад Э-д зодуулж байхад дэргэд хүн байгаагүй. Ямар ч байсан сүүлд дээр дурдсан 4 багш хүрч ирээд Э-ыг надаас салгасан. Газар унасан байхад Э- миний толгой руу нэг удаа өшиглөж улмаар хуйханд шарх үүсэж 1 оёо тавьсан. Мөн зүүн нүдний зовхи хэсэгт дээрээс дэвссэн. Одоо биеийн байдал хэвийн байгаа. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сургууль дээр анх удаа таарч багш Т.Э-гийн нөхөр гэдгийг мэдсэн. Сүүлийн хэд хоногт ажил ихтэй байсан мөн Э-ыг гаднаас миний өрөөнд орж ирэх үед би багш Э-г өөрийнхөө сандал дээр суулгаад компьютерын программ дээр улсын шалгалтын дүнг системд оруулж байсан...гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10х/,

 

-Гэрч Т.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 14-15 цагийн хооронд сургалтын менежер Д.Дын 301 тоот өрөөнд улсын шалгалтын дүнг цахим системд шивж оруулж байтал гаднаас нөхөр Э- ганцаараа орж ирсэн. 301 тоот өрөөнд би сургалтын менежер Д, М, Н, Н нарын хамт байсан. Нөхөр гаднаас орж ирэх үед сургалтын менежер Д.Д дүнгийн хавтгай дээр гарын үсэг зурчихаад зөрж гарч таарсан. Энэ үед манай нөхөр надад “гараад ир завтай байна уу” гэхээр нь би “за түр хүлээж байгаарай” гэж хариулсан. Тэгтэл нөхөр өрөөнөөс гарч явсан. Үүнээс хойш 5-10 минутын дараа Мөнхзаяа багш гаднаас орж ирээд “багшаа гараад ир танай нөхөр Д.Д багшийг зодчихлоо” гэж хэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн сурагчдын дунд төгсөх ангийн шалгалт эхэлсэн. Миний бие 16 дугаар сургуулийн шалгалтын комисст багтсан учраас ажил орой тарж ажил ачаалал ихтэй болсон. Үүнтэй холбоотойгоор манай нөхөр “намайг бие муутай байж уртасгасан цагаар ажиллаж байна” мөн “Д- менежерийг өөрийнхөө ажлыг давхар хийлгэж байна” гэж үзээд уурласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12х/,

 

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 514 дугаартай

1. Д.Д-ын биед хуйханд шарх, зүүн нүдний зовхи, баруун гарын шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.4.5.Хуйханд шарх нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй, зүүн нүдний зовхи, баруун гарын шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, тус бүр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

6. Хуйханд шарх, зүүн нүдний зовхи, баруун гарын шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

7. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-19х/,

 

-Шүүгдэгч Б.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 2 давхрын коридорт хохирогч Д.Д-ыг “эхнэр Т.Э-гаар өөрийнхөө ажлаа хийлгэлээ” гэх шалтгаанаар зодож хуйханд шарх, зүүн нүдний зовхи, баруун гарын шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт  бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Э-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ