Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/232

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         06            27                                  2023/ШЦТ/232

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,  

улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

шүүгдэгч П.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325001870312 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум О баг 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас Шударга журам медалиар шагнуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт П-ийн А /РД:хх00000000/

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч П.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 54 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын О багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “хх” хүнсний дэлгүүрийн хойд талын авто зогсоолд байрлуулсан хохирогч С.Н-ийн эзэмшлийн 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота Прадо 150 маркийн тээврийн хэрэгслийн урд нүүрний сеткийг гараараа цохиж хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч П.А- мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч С.Н- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед өөрийн 00-00 ХХХ улсын дугаартай, хар хөх өнгийн Тоёота Прадо-150 загварын тээврийн хэрэгслээ Орхон аймгийн Баян-Өндөр сум О баг-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хх” дэлгүүрийн гаднах авто зогсоол дээр байрлуулчихаад ажилдаа орсон. Тэгтэл 14 цаг 55 минутын үед над руу хамаатны эгч Э- утсаар залгаж “чиний машины хамрыг согтуу хүн цохиод зогсоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад машин дээрээ очтол нэг зүс үл таних согтуу залуу нь миний машиныг налчихсан зогсож байсан. Би түүнээс яагаад ингэж байгаа юм бэ гэтэл тэрээр машинаас холдож өгөхгүй, их согтуу байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгч тэр залууг бариулсан. Тухайн үед тэр залуу миний машины кобудны урд талын логотой сеткийг хага цохичихсон байсан. Одоо тухайн залуу нь миний машиныг янзалж, хохирлыг маань бүрэн барагдуулсан бөгөөд надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй. Миний хувьд тэр залууг танихгүй, өс хонзон, өр авлагын асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаартай:

“...нүүр сетка 500,000 төгрөг /солих/, эд анги солих 15,000 төгрөг /ажпын хөлс/....” гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 31-32х/,

 

-Шинжээч Ч.Жамъяан мөрдөн шалгах ажиллагаанд: "... Тухайн сеткийн үнэлгээг хийх явцад хамгийн доод үнэ 500,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд ажлын хөлс 15,000 төгрөг гэж тооцсон шууд хохирол нь 500,000 төгрөг болсон. Уг Тоуоtа Рrаdо 150 загварын тээврийн хэрэгслийн урд нүүр сеткийг шинээр солих шаардлагатай. Өөрөөр ямар ч засварлах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35х/,

 

-Иргэн С.Н-ийн гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07х/,

 

-Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганцоожийн 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч П.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 54 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын О баг-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хх” хүнсний дэлгүүрийн хойд талын авто зогсоолд байрлуулсан хохирогч С.Н-ийн эзэмшлийн 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота Прадо 150 маркийн тээврийн хэрэгслийн урд нүүрний сеткийг гараараа цохиж хагалсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч П.А- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч П.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 3 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч П.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.А-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт П-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-н А-г 3 /гурван/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч П.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч П.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайы хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ