Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/233

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         06            27                                   2023/ШЦТ/233

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,  

улсын яллагч Ж.Батбаатар,

шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325002130323 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа оёдолчин хийдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 баг 0 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт О-ын Б /РД:хх00000000/

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б- нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багт байрлах авто замд 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ..12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтыг зөрчсөний улмаас тус авто замын эсрэг талд сууж байсан хохирогч С.Ц-ыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч С.Ц-ын эрүүл мэндэд “тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цээжний баруун талын долоо дугаар хавирганы хугарал, хоёр хөлийн шилбэ, зүүн хөлийн тавхайд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч О.Б- мэдүүлсэн: ...Сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу, хохирогчид эм тариаг нь авч өгч тусалж дэмжиж байгаа... гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Намайг мөргөсөн машины жолооч эмэгтэй болох О.Б- миний эмчилгээнд гарч буй зардлыг одоо хүртэл төлж барагдуулж байгаа тул нэхэмжлэх зүйлгүй. Би гомдолгүй байна, өөр санал хүсэлт байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 36х/,

 

- Шүүгдэгч О.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 30 минутын орчим өөрийн эзэмшлийн Тоёота Приүс маркийн 00-00 ХХХ тээврийн хэрэгслийг гэрийнхээ гаднаас эмнэлэг орж хүнд хоол цай аваачиж өгөх гээд гудамжнаасаа гараад төв зам руу нийлэх гээд явж байтал миний хажуугийн шалан дээр байсан хоол асгарахаар нь авах гээд доошоо тонгойгоод эргээд босоод хартал тормоз гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгэн авто замын баруун талд дугуйн дээр сууж байсан хүнийг очоод мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,

 

- Хохирогч С.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим Город орох гээд хашааныхаа үзүүрт байх газарт суулгасан машины дугуйн дээр автобус хүлээгээд сууж байтал гэв гэнэт нэг машин марк дугаарыг сайн мэдэхгүй ирээд л мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12х/,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 487 дугаартай:

1.С.Ц-ын биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цээжний баруун талын долоо дугаар хавирганы хугарал, хоёр хөлийн шилбэ, зүүн хөлийн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр, ослын улмаас үүссэн байхыг үгүйсгэхгүй.

3.Тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Цээжний баруун талын долоо дугаар хавирганы хугарал, хоёр хөлийн шилбэ, зүүн хөлийн тавхайд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-27х/,

 

- Орхон аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай:

1. Уг автотээврийн хэрэгсэл ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд стандарт шаардлага хангаж байна.

2. Уг тээврийн хэрэгсэлд эвдэрсэн эд анги байхгүй байна.

3. Уг тээврийн хэрэгслийг багаж, тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд тоормосны систем, шил арчигч, гэрэлтүүлэх систем хэвийн ажиллагаатай стандарт шаардлага хангаж байна.

4.Уг тээврийн хэрэгслийг дахин ашиглах бүрэн боломжтой.

5. Асуултад дурьдагдаагүй нөхцөл байдал илрээгүй...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 41-43х/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8х/,

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9-11х/,

 

- Хохирогч С.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудаас зөрчсөн заалт байхгүй болно...” гэсэн магадлагаа /хх-ийн 54-56х/,

 

- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа болон тээврийн хэрэгсэл эзэмшигчийн лавлагаа /хх-ийн 15, 94х/,

 

- Хохирлын баримтууд, С.Ц-ын эмчилгээнд зарцуулсан баримтын тооцоо /хх-ийн 75-87х/,

 

- Шүүгдэгч О.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.Б- нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багт байрлах авто замд 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ..12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтыг зөрчсөний улмаас тус авто замын эсрэг талд сууж байсан хохирогч С.Ц-ыг мөргөж, түүний биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цээжний баруун талын долоо дугаар хавирганы хугарал, хоёр хөлийн шилбэ, зүүн хөлийн тавхайд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч О.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч О.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоол хүчин төгөлдөр болмогц хүргүүлэхийг даалгаж, 

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б-ид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Мөн хохирогч С.Ц- нь бүрэн эдгэрээгүй эмчилгээтэй байгаа гэх тул түүнийг уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт О-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч О-ын Б-ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч О.Б-ийн 000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Хохирогч С.Ц- нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо шүүгдэгч О.Б-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ