Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 138/ШШ2020/00157

 

 

           

 

 

 

  2020          01           31                                                      138/ШШ2020/00157

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, оршин суух, Гын Гын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр багт оршин суух, Бын Уад холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Утай 2006 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд 2006 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын тамгын газарт гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү У.Д төрсөн. Бид таарч тохирохгүй болж 2011 оноос тусдаа амьдрах болсон. Одоо бид аль аль нь гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Би хүү У.Дийг өөрийн асрамжид авна. Би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Гтай 2006 онд танилцаж, 2006 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү У.Д төрсөн. Бид хоёр тусдаа амьдраад 8 жил болж байна. Энэ хугацаанд бид тус тусдаа гэр бүлтэй болсон тул цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй юм. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү У.Дийг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Би хойшид хүүхдэдээ тус дэм болж явах болно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Уад холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Г.Г, Б.У нар нь гэрлэлтээ 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 42 дугаарт бүртгүүлж, 2006 оноос 2011 он хүртэлх хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү У.Дийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0156457 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 0000981 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Г нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2011 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь бусадтай гэр бүлийн харилцаа тогтоосон байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Г.Г нь 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү У.Дийг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч Б.У хүлээн зөвшөөрч байх тул хүү У.Дийг эх Г.Гын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Галзууд овогт Гын Г, Бодонгууд овогт Бын У нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү У.Дийг эх Г.Гын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Г.Г нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Уаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ