Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0618

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч С.Г

          Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын Улсын ерөнхий байцаагч

          Нэхэмжлэлийн шаардлага: С.Г-аас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “...татварын Улсын байцаагчийн хууль бус шийдвэрийн талаар...” гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын Улсын ерөнхий байцаагч нь хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан журмын дагуу асуудлыг шийдвэрлэхийг Татварын ерөнхий газрын даргад бөгөөд татварын Улсын ерөнхий байцаагчид даалгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0337 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц

          Хэргийн индекс: 128/2025/0248/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч С.Г нь Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын Улсын ерөнхий байцаагчид холбогдуулан “С.Г-аас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “...татварын Улсын байцаагчийн хууль бус шийдвэрийн талаар...” гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын Улсын ерөнхий байцаагч нь хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан журмын дагуу асуудлыг шийдвэрлэхийг Татварын ерөнхий газрын даргад бөгөөд татварын Улсын ерөнхий байцаагчид даалгуулах”-аар маргасан.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр “Татварын ерөнхий хуулийн 77 дугаар  зүйлийн 77.7.7, 81 дүгээр зүйлийн 81.1.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.Г-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын Улсын ерөнхий байцаагчид холбогдох “Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын Улсын ерөнхий байцаагч нь нэхэмжлэгчээс гаргасан татварын Улсын байцаагчийн хууль бус шийдвэрийн талаар гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу асуудлыг шийдвэрлэхийг Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын Улсын ерөнхий байцаагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Монгол Улсын татварын Улсын ерөнхий байцаагч уг асуудлыг хянан үзэх хууль зүйн үүрэгтэй төдийгүй гомдол гаргасанд иргэнд бичгээр хариу өгөх учиртай. Тодруулбал, татварын Улсын ерөнхий байцаагч нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татварын алба, татварын Улсын байцаагчийн шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж, шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох, татварын албаны дотоод хяналтыг хэрэгжүүлэх зэрэг үүргийн хүрээнд татварын гэмт хэрэгтэй холбоотой татварын байцаагчид холбогдох аливаа гомдол мэдээллийг хянан үзэж хариу өгөх үүрэгтэй.

          3.2 Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ”, 10.6-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгжийн дарга нь салбарын улсын ерөнхий байцаагч байна”, 10.12-т “Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.12.4-д “ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хор хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх”, 10.12.6-д “улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх” гэж тус тус зааснаас үзэхэд шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн гомдол нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, татварын Улсын байцаагчдын хууль бус үйлдлийн талаарх байтал, иргэнээс гаргасан гомдлыг зөвхөн татварын акттай холбоотой мэтээр асуудлын хүрээг үндэслэлгүйгээр багасган тайлбарласан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй юм.

          3.3 Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Улсын байцаагч Ц.С, Н.Х нар 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн НА-************ дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар “Ө” ХХК-д 4,372,211,929.72 төгрөгийн нөхөн татвар, 1,313,331,396.88 төгрөгийн торгууль, 878,046,199.59 төгрөгийн алданги, нийт 6,563,589,526.19 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосныг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 22/** дүгээр албан бичгээр гомдол гаргасныг Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ** дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж, гомдлыг буцаасан байна.

          4. “Ө” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Г нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн НА-********** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг эс зөвшөөрч, татварын шалгалтаар жинхэнэ татвар төлөх орлого олсон этгээдийг орхигдуулсан, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй татварын Улсын байцаагчид болон Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн даргын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргажээ.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          5. Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7-д “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд ...дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 77.7.7-д “татварын алба, улсын байцаагчийн шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж, шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох” гэж заасан бүрэн эрх нь татварын улсын байцаагчийн үйлдсэн татварын актаас бусад шийдвэртэй холбогдсон гомдолд хамаарах бөгөөд харин нэхэмжлэгчийн “татварын хяналт шалгалтын явцад үйлдсэн татварын Улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч буй гомдол, мөн татварын Улсын байцаагчдын эрүүгийн гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдэл зэргийг шалгуулах” тухай гомдлыг Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын Улсын ерөнхий байцаагч хянан шийдвэрлэх үүрэггүй байна.

          6. Мөн хуулийн 81 дүгээр зүйл “Татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх”, 81.1-д “Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй”, 81.1.3-д “татварын улсын байцаагчийн үйлдсэн татварын акттай холбогдсон гомдлыг харьяаллын дагуу Маргаан таслах зөвлөлд” гэж заасан бөгөөд татвар төлөгч нь татварын Улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Нөхөн ногдуулалтын акт”-тай холбоотой гомдлоо татварын Маргаан таслах зөвлөлд гаргахаар хуулиар тусгайлан зохицуулсан байна. 

          7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

          8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Бүртгэл хяналтын картаар С.Г-аас Татварын ерөнхий газрын даргад гаргасан гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэж, “Байцаагчдын үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн гомдол байх тул чиг үүргийн дагуу шилжүүлж” С.Г-ын утас холбогдохгүй байсан тул “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А-той ярьж, мэйл хаягаар тайлбар хүргүүлсэн, мөн Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Л.Н 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03/*** дугаар албан бичгээр иргэн С.Г-д хариуг өгсөн байна.

          9. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариуцагч нь хуульд заасан хугацаанд иргэн С.Г-ын гаргасан гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын Улсын ерөнхий байцаагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй болно.

          10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                                    ШҮҮГЧ                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА