Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 35

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Ц.Осоржамаа,

шүүгдэгч Г.Батхаан, Г.Батмөнх, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /ҮД:0-096/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаарр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Батхаан, Сартуул овогт Гочоодоржийн Батмөнх нарт холбогдох эрүүгийн 201626031379 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, “Бумбод” ХХК-д сантехникийн слесарь ажилтай, ам бүл 8, эцэг, эх, 2 дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух, 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэн 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Ганбаатарын Батхаан /РД:УШ91042494/

            2. Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 17-нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Бумбод” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 6 дугаар гудамжны 81а  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Сартуул овогт Гочоодоржийн Батмөнх /РД:НЙ87031713/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Батхаан, Г.Батмөнх нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэн шунахайн сэдэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 13:00-14:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Фамилипартнерс” ХХК-ийн барьж байгаа “Ирээдүй цогцолбор” хорооллын 2 дугаар ээлжийн байрнуудын бохир усны шугамын угсралтын ажил явагдаж байгаа барилгын талбайн худагт байсан “Ганбат Өргөө” ХХК-ийн эзэмшлийн худагны ус сорох зориулалт бүхий усны насосыг хулгайлан авч 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Батхаан, Г.Батмөнх нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэн шунахайн сэдэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 13:00-14:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Фамилипартнерс” ХХК-ийн барьж байгаа “Ирээдүй цогцолбор” хорооллын 2 дугаар ээлжийн байрнуудын бохир усны шугамын угсралтын ажил явагдаж байгаа барилгын талбайн худагт байсан “Ганбат Өргөө” ХХК-ийн эзэмшлийн худагны ус сорох зориулалт бүхий усны насосыг хулгайлан авч 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Г.Батхааны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Г.Батмөнх ахтай насосыг хулгай хийж авч ажилдаа ашигласан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  2. Шүүгдэгч Г.Батмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр цайны цагаар манай насос эвдэрчихсэн. Тэгээд манай нөгөө бригадын ажиллаж байгаа газар насос байсан гэж манай ажлын хүн хэлсэн. Тэгээд Батхаан бид хоёр ярилцаад цайны цагаар очиж авчираад ажилдаа ашигласан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             3. Хохирогч М.Батнямын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Манай Ганбат Өргөө ХХК-ийн захирал Ж.Ганбаатар нь өөрийн найз Фамилипартнерс ХХК-ийн захирал Г.Эрдэнэбатад компаний эзэмшлийн эд зүйл болох Tsurumi Pump гэсэн бичигтэй усны насосыг 2016 оны 8 дугаар сарын аман гэрээ байгуулан түрээслэсэн байсан. Нэг өдрийн 40.000 төгрөг буюу ажлаа хийж дуусаад төлбөр тооцоогоо хийхээр болсон байсан. Гэтэл Фамилипартнерс ХХК-ийн захирал Г.Эрдэнэбат түрээсээр ашиглаж байсан усны насосоо хулгайд алдсан талаар хэлсэн. Манайх 2013 онд уг насосыг Хонда дэлгүүрээс 500.000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо ханш нь хэвээрээ байх гэж бодож байна, алдагдсан эд зүйлээ 500.000 төгрөгөөр үнэлнэ. Манай компани өөрийн эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107-109/

             4. Гэрч Г.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…манай компани 2016 оны 8 дугаар сараас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ирээдүй цогцолбор хорооллын 2 дугаар ээлжийн бохир усны шугамын ажлыг хийж эхэлсэн. Газар шорооны ажил эхэлсний дараа би өөрийн найз Ганбат Өргөө ХХК-ийн захирал Ж.Ганбаатартай уулзаж ус сорох зориулалт бүхий усны насосыг өдрийн 40.000 төгрөгөөр түрээслэхээр аман гэрээ байгуулан ажлын талбай дээрээ авчирсан. Ойролцоогоор 20 орчим хоног ашиглаж байгаад хулгайд алдсан. Гэхдээ хулгайд алдсан зүйлээ олж авч Ганбат Өргөө ХХК-ийн захирал Ж.Ганбаатарт хүлээлгэж өгсөн. Нийт 2 сар тухайн насосны түрээсийн мөнгийг хий төлөхөөр болсон бөгөөд хулгайч нараас 1.500.000 төгрөг нэхэмжилж, нэхэмжилсэн мөнгөө авсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, Ганбаатартай найзууд учир түрээсийн гэрээ бичгээр байгуулаагүй. Манай бригадын дарга Ш.Гансүх болон манай кранист Т.Батбилэг нар усны насос байгаа эсэхийг шалгаж яваад алдсан талаар мэдээд надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112/

             5. Гэрч Ш.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Манай компаний ашиглаж байсан усны насос худаг дотор байрлуулсан байсан бөгөөд би 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр цайны цагийн үед /12:00-13:00/ усны насосыг байгаа эсэхийг шалгачихаад маргааш нь шалгаагүй. Харин нөгөөдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө компаний ажилтан Батбилэгийн хамт явж байгаад усны насос байгаа эсэхийг шалгахад усны насос алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-114/

            6. Гэрч С.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2010 оноос Бумбод ХХК-д сантехникчээр ажиллаж байгаа юм. Манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт 2013 оны намраас Ирээдүй хорооллын 1 дүгээр ээлжийн бохирын шугамын ажлыг эхэлж 2014 оны зун ажлаа хүлээлгэж өгсөн. Одоо бохирын шугамын ажлыг хүлээлгэж өгөх ажил хийж байна. Уг ажлыг 2016 оны 9 дүгээр сарын эхээр эхэлсэн юм. Харин манай хажууд үйл ажиллагаа явуулж байгаа /нэрийг нь сайн мэдэхгүй/ компаниас Ирээдүй хорооллын 2 дугаар ээлжийн сантехникын ажлыг хийж байгаа харагдсан. Би Завхан яваад 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө ажил дээрээ ирэхэд хажуу талд үйл ажиллагаа явуулж байсан худаг дотор байсан усны насос алга болсон байна гэж цагдаа ирээд байцаалт өгсөн. Би усны насос алдагдсаныг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө ажилдаа ирэхдээ мэдсэн. Манайхаас алдагдсан усны насос байсан газар хүртэл 30-40 метр зайтай байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/

            7. Гэрч Б.Өнөрбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2012 оноос Бумбод ХХК-д экскваторын жолоочоор ажиллаж байна. Манай компани Баянхошуунд нэг бригад нь үйл ажиллагаа явуулж байсан болохоор хоёр гурван газарт шороог нь ухаж өгч ажиллаж байсан. Манай хажуу талд нэрийг нь сайн мэдэхгүй байна, нэг компани бохирын шугамын ажил хийж байсан юм. Тэгээд би ажлаа хийж байх үедээ хажуу талын худаг дотор байсан усны насосыг хараад энэ усны насос манай компаний усны насос мөн үү биш үү, хэдэн хоног эзэнгүй байлаа гэж хэлэхэд манайх биш хажуу талын компаний усны насос байна гэж Батхаан, Батмөнх хоёрын хажууд байсан юм. Миний хэлснийг сонсоод Батхаан, Батмөнх 2 хажуу талын худаг дотор байсан усны насосыг хулгайлсан юм шиг байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/

            8. Гэрч Х.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би Бумбод ХХК-д 2010 оноос гагнуурчинаар ажиллаж байна. Намайг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байх үед хажуу талын компанид ажиллаж байсан 2 залуу ирээд хажуу талд худаг дотор байсан усны насос алга болсон байна та нар үзсэн үү гэж хэлэхээр нь би үзээгүй, хэзээ алга болсныг нь сайн мэдэхгүй байна гэж хэлээд явуулсан. Би Батхаан, Батмөнх хоёрыг усны насос хулгайлсан талаар сая л мэдэж байна, тэр хоёр надад хулгайлсан талаар хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/

            9. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл: “...цэнхэр өнгөтэй, 90 см өндөртэй, Tsurumi Pump гэсэн бичигтэй усны насос 1 ширхэгийг түр хураан авч тэмдэглэл үйлдэв...” /хх-ийн 61/

            10. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...цэнхэр өнгөтэй, 90 см өндөртэй, Tsurumi Pump гэсэн бичигтэй усны насос 1 ширхэгийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...хүлээн авсан Г.Эрдэнэбат...” /хх-ийн 62/

            11. Эд зүйлийн үнэлгээ: “...3.000.000 төгрөг...” /хх-ийн 40/

            12. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр бохирын шугамын өргөн насосны барилгаас ертөнцийн зүгээр баруун тийш 150 метр зайд хайрга шороотой, шороон замын хажууд доошоо газрыг ухаж суурилуулсан 150см х 270 см-н хэмжээтэй дугуй хэлбэртэй цементэн хоолой байна...захирал гэж танилцуулсан Г.Эрдэнэбат гэх хүн “Уг цементэн худаг дотор суурилуулсан байсан марк загварыг мэдэхгүй ус сорогч мотор алдагдсан байна” гэж заасныг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” /хх-ийн 6-9/

            13. Яллагдагч Г.Батхааны мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай компаний ажилчид Баянхошуунаас 21 дүгээр хорооллын чиглэлд бохирын шугам суурилуулах ажил хийж байсан. Тэгтэл тухайн үед манай ажиллаж байсан ус сорох насос эвдэрсэн. Тэгээд компаний удирдлагадаа мэдэгдэж, насос захихад оройдоо ирж магадгүй гэж хэлсэн. Гэтэл бид нарын хийж байсан газар их хэмжээний ус алдаад бид нарт насос яаралтай хэрэг болоод байсан. Тэр үед том машины жолооч Өнөрбаяр ах “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Ирээдүй цогцолборын хажуу талд худаг дотор насос байна лээ, манай насос биш юм уу, хэд хоног эзэнгүй харагдаж байсан” гэж хэлсэн. Тэгээд өдөр цайны цагаар Батмөнх ах бид хоёр тэр насосыг авч ажилдаа ашиглахаар болсон. Тэгээд өдөр цайны цагаар ажлаасаа гарч 21 дүгээр хорооллын ойролцоогоос замаар явж байсан портер машинд гар өргөж суугаад Ирээдүй цогцолбор хорооллын хажуу талаас ачаа аваад ирье, үнээ тохироод явчих уу гэж хэлээд 15.000 төгрөгөөр тохироод явсан. Тэгээд бид 2-ыг Ирээдүй цогцолбор хорооллын хажууд байх худаг дээр иртэл ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд 14 цагийн орчим худагны насосыг Батмөнх ахтай хамт өргөж машин дээр нь тавиад буцаад ажил дээрээ хүргүүлсэн. Тэгээд насосоо залгаж орой 22 цагийн үе хүртэл ашиглаж орой ажлынхаа багаж хадгалах байшинд хийж хадгалсан. Батмөнх ах бид хоёрыг насос авчирсан талаар манай ажлын хүмүүс мэдээгүй, яагаад гэхээр тухайн насосыг газарт суурилуулж байгаад ус шавхардаг учраас мэдээгүй байх, тэгээд ч бид 2-ыг хулгай хийгээд авчирсан гэж бодоогүй байх. Портерийн жолоочид хулгайн эд зүйл гэдгийг хэлээгүй...эхлээд бид 2-ыг бусдын эд зүйл хулгайлсан талаар хэнд ч хэлээгүй, харин дараа нь цагдаагаас манай ажил дээр ирээд бид 2-г шалгаж эхлэх үед л мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-81/

             14. Яллагдагч Г.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…худаг хийсэн бетонон цагиргийн өндөр нь 90 см байдаг бөгөөд хоёрыг давхарлаж тавьсан байсан. Нийт 180 см өндөртэй худаг байсан. Худаг дотор 90 см өндөртэй усны насосыг босоогоор нь байрлуулсан байсан. Батхаан бид хоёр худагны гадна талын шороон дээр өвдөглөж байгаад худаг руу тонгойгоод насосны дээр байр бариулнаас нь өргөж гаргасан. Бид насосыг ямар компаний эзэмшлийн эд зүйл болохыг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116-117/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Батмөнх нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/-аар

            Шүүгдэгч Г.Батхаан нь 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэн 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87, 124-125/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Батхааныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Батхаан, Г.Батмөнх бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгч, иргэний нэхэмжлэгчид 1.500.000 төгрөг төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, тэдгээрийн хувийн байдал /“Бумбод” ХХК-д сантехникийн слесарь, гагнуурчин ажилтай, Г.Батхаан 2 хүүхэдтэй, Г.Батмөнх 3 хүүхэдтэй/ зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож тэдгээрт хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Харин шүүгдэгч Г.Батхааныг тухайн төрлийн гэмт хэрэгт /хулгайлах/ өмнө ял шийтгүүлж байсан, засарч хүмүүжихгүй байгааг харгалзан тэнсэж хянан харгалзах хугацааг 3 жилээр тогтоож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “...Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй...ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж зааснаар шүүгдэгч нарын эдлэх 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Батхаан, Г.Батмөнх нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Батхаан, Сартуул овогт Гочоодоржийн Батмөнх нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Ганбаатарын Батхаан, Сартуул овогт Гочоодоржийн Батмөнх нарыг эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Батхаан, Г.Батмөнх нарын эдлэх 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Г.Батхаан, Г.Батмөнх нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Батхаан, Г.Батмөнх нарт эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, Г.Батхааны хянан харгалзах хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар, Г.Батмөнхийн хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, Г.Батхаанд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Г.Батмөнхөд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Батхаан, Г.Батмөнх нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                            ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР