Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 08

 

 

 

           

 

           

 

 

 

 

П.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дүгээр шийдвэртэй,

Увс аймаг, Малчин сумын 1 дүгээр багт оршин суух, Яргай овогт П.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч Увс аймаг, Малчин сумын 1 дүгээр багт оршин суух, Яргай овогт Бямбын Отгонбаярт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 1.500.000 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “ 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.О бэлчээр лүү нь манай адуу орлоо хэмээн автомашинаар хөөсний улмаас 2 адуу үхсэн билээ.

Тухайн үед Б.О адууны хохиролд мөнгө өгнө гэж байсан боловч тохиролцоогүй учир цагдаад хандсан. Улмаар цагдаагийн газраас зөрчлийн хэрэг биш гэж хэргийг хаасан.

Иймд Б.Оаас 2 адууны үнэ болох 1.200.000 төгрөг, мөн адууг үхэхээс өмнө очиж үзэхээр машин хөлсөлсөн унааны зардал болон өнчирч үлдсэн унага тэжээх тэжээлийн үнэд 300.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбын сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие 20 гаргуй тооны адуунаас 2 /хоёр/ тооны адуу иргэн Б.Оын буруутай үйлдлийн улмаас үхсэн талаарх гомдлыг 2017 оны 12 дугаар сард Цагдаагийн газарт хандаж шалгуулах явцад Б.О нь цагдаагийн байгууллагад дуудагдаж ирсэн.

Улмаар цагдаагийн газарт хандаж шалгуулж шалтгааныг тогтоосны дараа Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.От холбогдуулан нэхэмжлэл өгснөөр шүүх хуулийн дагуу дуудсан гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна." гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: " Б.О бол миний төрсөн хүү юм. Б.О нь өвөлжөөнийхөө хажууд 30-40 орчим адуу байсныг prius маркийн машинаараа 2 киллометр орчим газар тууж өөрийн эзэмшлийн сав газраасаа холдуулан гаргасан.

Б.О нь уг адууг хөөгөөгүй, зүгээр л туусан. Энэ хугацаанд муудаж үхсэн адуу байхгүй. Уг адууг холдуулж орхисон газраас морьтой хүн аваад явсан.

Үхсэн адуунууд, хоосдож, баас алдаж үхсэн байсан. Энэ адууг Б.Оын адуу хөөсөн газар машинаар ачиж хаячихаад адууны үнийг нэхэх зохиомол хэрэг үүсгэхээр ярьж байсан гэдэг. Эдгээр үхсэн 2 адууг Б.О төлөх ямар ч учир байхгүй.

П.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин энэ асуудлаас болж цагдаа, шүүхэд дуудахад Land-80 маркийн машинаар 300 киллометр явж 70 литр бензин зарцуулсан. Дараа нь шүүхэд дуудагдан ирж 300 киллометр явж Land-80 маркийн машиндаа 70 литр бензин зарцуулсан.

Иймд бүгд 140 литр бензиний үнэ 246.400 төгрөг, 3 литр масолны үнэ 30.000 төгрөг, цагдаа, шүүхэд дуудагдаж ирж, буцсаны зардал нийт 246.400 төгрөгийг нэхэмжлэгч П.Боос гаргуулж өгнө үү.” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.Оаас 1.200.000 / нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300.000 / гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбын 276.400 / хоёр зуун далан зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оаас 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Бид олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.000 /долоон мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оаас 1.942 / нэг мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн санд 150000941 тоот дансанд олгуулж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

... Айлуудын өвөлжөө дамжин хөөгдөж байсан адууг Чулуухай гэгч хүн гаргаж ирснийг 2 киллометр газар тууж өвөлжөөнөөс холдуулж,

орхисон газраас морьтой хүн ирж туугаад явсан. Тэр хүн адуугаа туусаар 6 км яваад Эрхээ гэдэг айлд очоод, унаа морьдоо сольж аваад тэр айлаасаа мотоциклоор адуугаа 8 км газар хөөж Мэндээ гэгч айлд очсон байдаг. Энэ айлд Эрдээ, Болд, Мэндээ нарын 10-аад хүн байсан. Айлын гадна нэг гүү муудсан. Муудсан гүүгээ хатгаж эмчилсэн гэсэн.

 Хэсэг хугацааны дараа гүү үхсэн. Ижил болох адууг нь Мангаа гэх хүн тууж явсан. Цааш 13 км  газар яваад Гулзат гэдэг газар 2 дахь гүү нь муудаад үхсэн байдаг.

Б.Оыг тууж явахад ямар ч адуу муудаж доройтоогүй, үхээгүй юм. П.Б өөрөө морь, мотоциклоор 21 км хөөж явахад 2 /хоёр/ адуу үхсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд Д.Б би өөрөө биеэр оролцох болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Бийн  адууг Б.О Приус-10 маркийн авто машинаар хөөснөөс хээлтэй байсан 2 тооны гүү үхсэн гэх гомдлын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох шалгалт явуулахад зөрчлийн шинжгүй тул хүлээн авахаас Цагдаагийн байгуулагын эрх бүхий албан тушаалтан  татгалзан шийдвэрлэжээ.

Хөөж тууснаас үхсэн гэх 2 /хоёр/ тооны гүү П.Бийн өмчлөлийн мөн болохыг  тогтоосон тухайн оны мал тооллогын А маягт хэрэгт авагдаагүй ба хужир идсэн болон хөөгдсөнөөс уг гүүнүүд үхсэний аль нь болохыг шинжээч томилж дүгнэлт гараагүй зэрэг хангалттай нотлох баримт бүрдээгүй, хариуцагч Б.Оын буруутай үйлдлийн улмаас 2 /хоёр/ тооны гүү үхсэн гэдгийг хангалттай нотлох баримтаар тогтоогоогүй гэж үзлээ. 

Нөгөө талаар эсрэг сонирхолтой нэхэмжлэгч П.Б, хариуцагч Б.О  нарын мэдүүлгийг үнэлж нотлох баримтаар тооцож болохгүй бөгөөд 2 /хоёр/ тооны гүүний үхэлд хариуцагч Б.О буруутай болох шалтгаант холбоо тогтоогдоогүй байна.. 

Иймд Тогтоох хэсэгт заасан “хариуцагч Б.Оаас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэснийг “нэхэмжлэгч П.Бийн хариуцагч Б.От холбогдуулан гаргасан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”, “хариуцагч П.Отгонбаяраас 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Бид олгож” гэснийг хасах өөрчлөлтүүдийг оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бд олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч Б.О-аас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,” гэснийг “ нэхэмжлэгч П.Б-ийн хариуцагч Б.О-т холбогдуулан гаргасан 1.500.000 /нэг сая төвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,” гэж, 2 дахь заалтын “хариуцагч Б.О-аас 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож,” гэснийг хасаж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                       

Д.ЖАМБАЛСҮРЭН