Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч Ө.Б,

шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт П.Мхолбогдох эрүүгийн 2317000000065 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19.. оны 09 дүгээр сарын 09-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Г аймгийн С сумын ....... дугаар баг, Цагаан усны ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх Н овогт П.М/РД:ЗЮ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч П.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 21 цаг 30 минутын үед Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тумбааш дэлгүүрийн хойд талын засмал зам дээр иргэн Д.Өэзэмшлийн 17-44 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж, зорчигч Ө.Бийн эрүүл мэндэд зүүн хацарт урагдсан шарх, цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000065 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч П.Мт шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Энэ машиныг ирэхээс өмнө нэг машин миний хажуугаар сигналдаад гарсан. Тэгэхээр нь би даварчихсан юм бэ эд нар чинь зүгээр явж байхад гэсэн. Би явган хүний зам руу мөлхөж гараад тэргээ гаргаж суудаг. Мөлхөхөөсөө халшраад машин замаар явж байсан. Энэ намайг шахдаг ямар даварчихсан юм гээд газраас чулуу авсан. Хоёр охин зогсож байсан. Тэгээд энэ хоёр ирсэн би цохьчихсон. Би өөрөө согтуу байсан. Өөр зүйлгүй гэв.

2. Хохирогч Ө.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2023 оны 06 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед нөхөртэйгөө хамт тээш тосчихоод Тумбааш дэлгүүрийн хойд зам дээр явж байхад тэргэнцэртэй хүн явж байсан. Хүн явж байна гэхэд нөхөр тоормослоод яг ард нь зогссон. Энэ хүн эргэж харангуутаа л тас гээд буугаад явчихсан. Би тэр зуур чулуу шиднэ гэж бодоогүй. Тэгсэн цонх хагараад аймар том чулуу ороод ирсэн. Би нүүрээ дараад доошоо тонгойсон. Чулуу нь манай хүний суудал дээр унасан байсан. Хоёр охин хүүе ээ ямар аймар юм бэ гээд цагдаа сэргийлэх дуудсан. Цагдаа ч ирсэн. Цус их гарсан. 00-н цаас аваад дарж байсан. Хамраас гараад байгаа юм болов уу гэсэн чинь хамраас гараагүй хацарнаас гараад байсан байна лээ. Тэргэнцэртэй хүн байсан. Түргэний тэрэг ирээд намайг аваад явсан. Эмнэлэг дээр ирээд оёдол тавиулсан. Арьс нь цаашаа чихэгдсэн байна гээд чимхүүрээр татаж аваад оёдол тавиулсан. Тэр шөнөжингөө цагдаа дээр хохирогчоор байцаалт авсан гэв.

  1. Иргэний нэхэмжлэгч Д.Өшүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Цонхны шилийг солиход гарсан зардлыг хавтаст хэрэгт баримтаар тусгагдсан байгаа мөнгөн дүнгээр нэмэмжилж байна гэв.

4. Шүүгдэгч П.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан. Манай Т гээд найз ирээд хоол идээрэй гэж байсан. Би Т-ийнд очих санаатай явж байсан. Гэнэт араас машин сигнаалдаад би сандраад чулуу шидсэн. Согтуу байсан тул юу болсон талаар санахгүй байна. Би тэргэнцэртэй явдаг тул гудамжны нохойнууд над руу маш их дайрдаг түүнээс хамгаалах гээд тэргэнцэр дээрээ чулуу авч явдаг. Согтуу байсан учир тэр чулуунаасаа шидсэн байх. Явган хүний замаар тэргэнцэртэй явахад хэцүү байдаг учир би автомашины замаар явж байсан Араас тулаад сигнаалдаад цочоод би чулуу шидсэн. Согтуу байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

5. Хохирогч Ө.Б мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:

Би нөхөр Д.Өхамт 21 цаг 30 минутад Чойрт ирсэн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний тээшнээс бараагаа тосч аваад Найрамдал хотхоны 8 дугаар байрны арын дэлгүүртээ хүргэхээр Тумбааш дэлгүүрийн арын замд тэргэнцэртэй хүн явж байхыг хараад тоормослоод тулж зогссон. Тухайн тэргэнцэртэй хүн эргэж хараад машин руу чулуу шидсэн. Тухайн чулуу нь миний сууж явсан хаалганы цонхыг хагалж миний зүүн талын нүд, хацар хэсэгт оносон. Миний нүүрний нүд хацар хавиас цус гарч байсан. Нүдээ нээхэд нүд бүрэлзэж байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. Цагдаа болон эмнэлэг ирээд эмнэлэгийн машинаар намайг эмнэлэг рүү авч ирэн миний зүүн нүдний доод зовхи, хацар 2-н хооронд оёдол тавьсан. Хэдэн оёдол тавьсан талаар би мэдэхгүй байна. Би гоо сайхан, сэтгэл санаагаараа маш их хохирсон тул гомдолтой байна. Толгой тархи доргисон, нүд бүрэлзээд байгаа асуудлаа нарийн мэргэжлийн шинжилгээ өгч эмчид үзүүлнэ. Эмчилгээний төлбөр болон шинжилгээний зардал бусад зардлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 12, 19 дүгээр хуудас/,

6. Гэрч Д.Өмөрдөн  байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би эхнэр Ө.Бийн хамт 21 цаг 30 минутад Чойрт ирсэн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний тээшнээс бараагаа тосч аваад Найрамдал хотхоны 8 дугаар байрны арын дэлгүүртээ хүргэхээр Тумбааш дэлгүүрийн арын замд зам голлоод тэргэнцэртэй хүн явж байсан. Би тухайн хүний ард тулж очоод зогсоход эргэж хараад миний машин руу чулуу шидсэн. Тухайн чулуу нь урд талын зорчигчийн хаалганы цонхыг хагалж орж ирэн хамт явсан эхнэр болох Б-н шанаа хэсэгт онож гэмтээсэн. Би цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгч цагдаа, эмнэлэг ирсэн. Дуудлага өгч байх явцад эргүүлийн цагдаа нар ирсэн. Цагдаа ирэх болон ирээд явах хүртэл хугацаанд миний машин руу чулуу шидсэн тэргэнцэртэй хүн намайг хэл амаар доромжилж, би хөлтэй болж байгаад чамайг ална гээд заналхийлсэн миний өөдөөс салаавч гаргаж, миний шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаартай дүгнэлтэнд:

- Ө.Бийн биед зүүн хацарт урагдсан шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.06.10-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Зүүн хацрын шарх гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн хацрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

8. Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Автомашины техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлан /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

9. Шүүгдэгч П.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/,

- Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-45 дугаар хуудас/

10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6 дугаар хуудас/,

11. Хохирогч Ө.Бийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч П.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 21 цаг 30 минутын үед Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тумбааш дэлгүүрийн хойд талын засмал зам дээр иргэн Д.Өэзэмшлийн 17-44 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж, зорчигч Ө.Бийн эрүүл мэндэд зүүн хацарт урагдсан шарх, цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ө.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг гэм буруугийн шүүх хуралдаанд “хэргийн зүйлчлэлийн тухайд маргах зүйл байхгүй. Шүүгдэгч П.М нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч П.Мийн холбогдсон хэргийн гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч П.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 21 цаг 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тумбааш дэлгүүрийн хойд талын засмал зам дээр иргэн Д.Өэзэмшлийн 17-44 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж, зорчигч буюу хохирогч Ө.Бийн эрүүл мэндэд зүүн хацарт урагдсан шарх, цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч П.М нь хохирогч Ө.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн шүүгдэгч П.М нь хохирогч Ө.Бийн биед зүүн хацарт урагдсан шарх, цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ө.Б, гэрч Д.Өнарын мэдүүлэг, Говьсүмбэр аймаг Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч П.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч П.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч Ө.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хохирогч Ө.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.Маас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Түүнчлэн шүүгдэгч П.Мийн үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Д.ӨТоёота Виш маркийн 17-44 ГСА дугаартай тээврийн хэрэгсэлд 110000 /нэг зуун арван мянга/ төгрөгийн хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Маас 110 000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Өолгох нь зүйтэй байна.     

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч П.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ө.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч П.Мийн өмгөөлөгч Б.Батчимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч П.М нь мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм бурууг хүлээсэн. Мөн шүүгдэгч П.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч П.Мт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; ...” гэж заасан. Шүүгдэгч П.М нь хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч П.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгч П.Мийн өмгөөлөгч Б.Батчимэгээс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч П.М нь хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдож, нийгмийн халамжийн сангийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрт хамрагддаг ба сар бүр 288 000 төгрөг авдаг болохыг Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тодорхойлсон байх тул шүүгдэгч П.Мт торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, уг ялууд биелэгдэх боломжгүй байх тул улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:”, 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж тус тус заасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан бөгөөд уг заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан заалтнаас иш авсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...” гэх ойлголт нь тухайн хохиролыг нөхөн төлөхөө бодит байдлаар илэрхийлсэн байх ойлголт юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдсон хүн нь өөрийн гэсэн суурь хөрөнгөтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, халамж тэтгэвэрээс бусад тогтмол орлоготой байхыг ойлгоно.

Харин шүүгдэгч П.Мийн тухайд хохирогч Ө.Бийн цаашид гарах эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Д.Өучирсан хохиролыг нөхөн төлөхөө амаар илэрхийлж байх боловч халамжийн 288 000 төгрөгнөөс өөр орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэх өмч хөрөнгөгүй болох нь тогтоогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан заалт нь шүүхэд эрх болгосон заалт байх тул өмгөөлөгч Б.Батчимэгээс гаргасан “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч П.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч П.Мийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч П.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мийг 2 /хоёр/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

            Шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Н овогт Пү-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мийг 2 /хоёр/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Хохирогч Ө.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.Маас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Маас 110 000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Өолгосугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    

 

                                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ