Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,

улсын яллагч Э.Нэргүй,

өсвөр насны шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Д.Жаргал /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос О овогт М.А холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303003390264 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 2006 оны 04 дүгээр сарын 30-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Г аймаг, С сумын ........ дүгээр баг, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх О овогт М.А/РД:ЕЙ/                       

                                                                   Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны яллагдагч М.А нь 2023 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Чойр өртөөний пирон дээр иргэн М.М“миний найзыг зодсон” гэх шалтгаанаар, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас биед нь хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний гадна булан хамарт цус хуралт, амны зүүн булан, дээд уруулын дотор салстад шарх, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд үүдэн зүүн 2-р шүдний эмтрэл, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303003390264 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Өсвөр насны шүүгдэгч М.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирогч М.Мгэдэг хүнийг өмнө нь таньдаггүй байсан. Ямар нэгэн өс хонзон, ар авлагын асуудал байхгүй. Бор-Өндөрт харж байсан. Бор-Өндөрт энэ хүүхэдтэй олныг хамарсан тиймэрхүү зүйл болсон. Тэмцээнээс болж маргалдсан. Төмөр замын Өртөө найзыгаа суулгаж өгч байсан. Өмнө нь Бор-Өндөрт манай найзыг зодсон байсан тэгээд дуудаж уулзсан. Бор-Өндөрт зодуулж байсан болохоор М.Мзодсон. Газар унасан байхад нь нүүрэн дээр 4-5 удаа цохисон,  2-3 удаа  өшиглөсөн. Хохирогчийн хамраас нь цус их гарсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

2. Өсвөр насны шүүгдэгч М.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2023 оны 3 дугаар сарын орчим Борндөр сум руу найзуудын хамт сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнд явсан. Найзуудын хамт тэмцээнд очихоор явж байтал хойноос нилээн олон хүүхдүүд ирж бид нарыг зодсон. Тэр дунд М.О байсан. Миний бие 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр найз М Улаанбаатар хот руу галт тэргэнд суулгаж өгөхөөр Говьсүмбэр аймгийн Чойр өртөөн дээр очсон. Тэр үед өртөөний урд М.Отой таарсан. Тэгэхээр нь М.О дээр очоод чи намайг таньж байна уу гэж суухад М.О хэн билээ гэж хариулсан. Тэгэхээр нь би Ц хаана байгаа юм бэ гэж асуухад ямар Ц гэж хэлсэн. Та нар Борндөрт бид нарыг муухай зодсон шүү дээ гэж хэлсэн чинь хэзээ вэ гэж хариулахаар нь би М.Оыг баруун талын шанаа хэсэгт цохисон. Зүүн талын шанаа хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тэгээд цохичихоод цаашаа явж байтал араас М.О дуудахаар нь эргэж хараад М.О дээр очсон чинь миний шанаа хэсэгт нэг удаа гараараа цохихоор нь би М.Оыг доошоо дарж байгаад цээж хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид нар хоорондоо салаад 2 тийшээ явсан. Би гэр лүүгээ явсан. Харин найз М хот руу явах вагондоо суугаад яваад өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,

3. Насанд хүрээгүй хохирогч М.Ммөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  

Би 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 15 минутад Бор-Өндөр өртөөн дээрээс суудлын 609 дүгээр галт тэрэгний 34 дүгээр вагоны 44 дүгээр местэнд зорчин явсан суудлын 609 дүгээр галт тэрэг Чойр өртөөн дээр ирсэн. Тухайн галт тэргэн дотор олон хүнтэй бүгчим байсан болохоор Чойр өртөөн дээр бууж агаар амьсгалах гээд галт тэрэгнээс ганцаараа буусан. Буугаад байж байтал Чойр өртөөн дээр А гэдэг хүн ирээд намайг чи хаанахых юм гэж асуухаар нь би Борндөрийнх гэж хариулсан. Чи хэддүгээр анги юм бэ гэж асуухаар нь би дараа жил 12 дугаар ангид орох болохоор би 12 дугаар анги гэж хэлсэн. Тэгсэн чинь Ц таних уу гэж асуухаар нь би танина гэж хариулсан чинь та нар Ц бөөнөөрөө зодсон гэлүү гэхээр нь би зодоогүй ээ, манай дээд үеийнхэн зодсон сураг сонссон гэж хэлсэн. Тэгтэл битгий худлаа шаагаад бай гэж хэлээд миний шанаа руу цохиод авсан. Би тэр Ц чинь найз шүү дээ гэж хэлээд өөдөөс нь гарыг нь бариад авах гэтэл өөдөөс баахан цохиод байсан. Барьцалдаад байж байхад өөдөөс баахан цохиод байсан. Тэр үед би доошоо газар унасан ба газар унах үед намайг А дээрээс 2 удаа өшиглөсөн. Мөн 2-оос 3 удаа цохисон. Тэгээд би араас нь очоод барьж авах гэтэл эргэж хараад 1-ээс 2 удаа цохисон. Би хамрынхаа цусыг арчаад байж байтал өөдөөс ногоон хантаазтай хүн явж байхаар нь цагдаа байна гэж бодсон чинь төмөр замын ажилтан байсан. Тэгэхээр нь цагдаа хаана байгаа юм бол энэ хүүхэд намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд намайг вагоны цагдаа руу дагуулаад явсан. Ад гомдолтой байна. Эмнэлгийн байгууллагад үзүүлсэн зардал болон цаашид үзүүлэх зардлаа нэхэмжилж байна.

...Агийн ар гэрээс нь надад 3 сая 500 мянган төгрөг өгсөн. Манай ээж М-н Хаан банкны дансанд 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 3 сая 200 мянган төгрөгийг шилжүүлсэн. Харин 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 300 мянган төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгийг миний бие эмчилгээний зардал буюу хамар тэгшлүүлэх хагалгаанд зарцуулан Эм жи жи эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Атай учир зүйгээ олсон болохоор цаашид Ад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-15 дугаар хуудас/,

4. Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Борндөр сумын Борндөр өртөөнөөс 20 цаг 15 минутад Борндөр, Улаанбаатар чиглэлийн суудлын 285 дугаар галт тэрэгний 56 дугаар местэнд зорчин явсан. Тэгээд Говьсүмбэр аймгийн Чойр өртөөн дээр галт тэрэг зогсохоор нь найз Г-н хамт агаар амьсгалахаар галт тэрэгнээс буусан. Галт тэрэгнээс буугаад галт тэрэгний пирон дээр агаар амьсгалаад зогсож байсан чинь хэдэн хүүхдүүд нэг ахыг хаанаас ирж байгаа юм бэ гэж асуусан. Нөгөө ах нь Борндөрөөс ирж байна гэж хариулсан чинь тэр дундаа нэг ах ийшээ явъя, нэг тамхи өгчих гэж хэлээд тэр Борндөрөөс ирсэн ахыг нөгөө хүүхдүүд бөөнөөрөө дагуулаад явсан. Г бид 2-ыг тэр хүүхдүүд дагаад яв гэхээр нь хамт бүгдээрээ явсан. Нөгөө хүүхдүүд нь та нар хэддүгээр анги юм гэж бид 2-оос болон нөгөө ахаас асуусан. Нөгөө ах 12 дугаар анги гэж нөгөө хүүхдүүдэд хариулсан. Бид хоёр болохоор Борндөр сумын 1 дүгээр курсийн оюутан гэж хариулсан. Тэр ганцаараа явж байсан ахаас нэг хүний нэр тодруулж асуусан. Нөгөө ах би танина, манай найз байгаа юм гэж хариулсан чинь та нар дээр Борндөр дээр очиход бөөнөөрөө нийлж зодож байсан шүү дээ гэж хэлээд тэр ганцаараа явж байсан ахыг нүүр хэсэгт цохиж унагаагаад дээрээс нь хэд хэдэн удаа цохиж байгаад салсан. Тэгээд удалгүй вагон хөдлөх болоод бид нар салаад вагондоо суусан. Харин зодсон ах өртөөнөөс баруун эргээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

5. Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  

А спортын болон олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог. Үеийнхээ хүүхдүүд, багш нартаа нэр хүнд сайтай хүүхэд байгаа юм. Ер нь их даруухан үг дуу цөөтэй, тайван хүүхэд байгаа юм. Уг нь нэг их гэрээс гараад байдаггүй, ямар нэгэн байдлаар хэл аманд ороод явдаггүй. Тухайн өдөр яагаад гэрээсээ гараад явсныг мэдэхгүй байна. Гэртээ л байж байдаг хүүхэд. Тухайн өдөр хүүхэд гаргаж өгөх гээд гэрээс гарсан гэж дараа нь тайлбарласан. Гарч орох үедээ надаас болон ааваасаа зөвшөөрөл аваад гардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6961 дугаартай дүгнэлтэд:

- М.М.Оын биед хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний гадна булан хамарт цус хуралт, амны зүүн булан, дээд уруулын дотор салстад шарх, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд үүдэн зүүн 2-р шүдний эмтрэл, гэмтэл тогтоогдлоо.

- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Дээрх гэмтэл нь мохоо олон удаагийн зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч О.Нансалмаа гэжээ. /хх-ийн 56 дугаар хуудас/,

7. Өсвөр насны хохирогч М.М.Оын Төмөр замын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

8. Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

9. Хохиролын баримт /хх-ийн 20-24 дүгээр хуудас/,

10. Med trauma hospital эмнэлгийн дүрс оношлогооны шинжилгээний хариу /хх-ийн 57 дугаар хуудас/,

11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Өсвөр насны шүүгдэгч М.А нь 2023 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Чойр өртөөний пирон дэр иргэн М.М“миний найзыг зодсон” гэх шалтгаанаар, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас биед нь хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний гадна булан хамарт цус хуралт, амны зүүн булан, дээд уруулын дотор салстад шарх, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд үүдэн зүүн 2-р шүдний эмтрэл, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Өсвөр насны шүүгдэгч М.Агийн өмгөөлөгч Д.Жаргал гэм буруугийн шүүх хуралдаанд “өсвөр насны шүүгдэгч М.А нь насанд хүрээгүй хохирогч М.Мзодож түүний бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Өсвөр насны шүүгдэгч М.А нь 2023 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Чойр өртөөний пирон дэр иргэн М.М“миний найзыг зодсон” гэх шалтгаанаар, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас биед нь хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний гадна булан хамарт цус хуралт, амны зүүн булан, дээд уруулын дотор салстад шарх, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд үүдэн зүүн 2-р шүдний эмтрэл, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл өсвөр насны шүүгдэгч М.А нь насанд хүрээгүй хохирогч М.М.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч М.А нь насанд хүрээгүй хохирогч М.М.Оын нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас биед нь хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний гадна булан хамарт цус хуралт, амны зүүн булан, дээд уруулын дотор салстад шарх, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд үүдэн зүүн 2-р шүдний эмтрэл, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч М.М.О, насанд хүрээгүй гэрч Б.Д нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6961 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд өсвөр насны шүүгдэгч М.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч М.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Өсвөр насны шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Д.Жаргал нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд өсвөр насны шүүгдэгч М.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас өсвөр насны хохирогч М.М.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Өсвөр насны шүүгдэгч М.А нь мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны хохирогчийн нэхэмжилсэн 3 500 000 /гурван сая таван зуу/ мянга төгрөгийг төлж барагдуулсан, насанд хүрээгүй хохирогч М.Мнь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул өсвөр насны шүүгдэгч М.Аг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд “өсвөр насны шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Өсвөр насны шүүгдэгч М.Агийн өмгөөлөгч Д.Жаргал шүүх хуралдаанд “өсвөр насны шүүгдэгч М.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.Агийн өмгөөлөгч Д.Жаргалаас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл тэнсэж, хянан хүмүүжүүлэх доод хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоохоор хуульчилсан байх тул шүүхээс уг хугацаанаас доогуур хугацаагаар тогтоох боломжгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч М.Агийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин өсвөр насны шүүгдэгч М.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд өсвөр насны шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ад хянан хүмүүжих хугацаандаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ад хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Аг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч М.Агийн эх М.Мөнххүүд даалгав.

Өсвөр насны шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч О овогт М-н Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ад ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ад хянан хүмүүжих хугацаандаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ад хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Аг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч М.Агийн эх М.Мөнххүүд даалгасугай.

6. Өсвөр насны шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

   7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ