Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч В.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт В.Гхолбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000068 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19 оны 01 дүгээр сарын 23-нд Говьсүмбэр аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “-т ачигч ажилтай, ам бүл 2, охины хамт ............. суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт В.Г/РД: ЕЙ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч В.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 01-ний шөнийн 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дугаар баг, Тээвэрчдийн байр 25 тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч Д.Гхүүхэд авах гэлээ, охиноо чамд өгөхгүй гэх шалтгаанаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар түүний үснээс зулгаах, хамар, нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, гараараа алгадах, ор мөргүүлэх зэргээр зодож, биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун шанаа, эрүүгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Гөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000068 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч В.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2023 оны 05 дугаар сарын 31-ний орой Г сааданд архи ууж байна, очиж болох уу гэсэн. Би хүрээд ир гэсэн. Тэгээд хамт нэг хүнтэй ирсэн. Хамт архи уугаад ийм юм болсон гэв.

2. Шүүгдэгч В.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг өнгөрөөгөөд хамт ажилладаг дүү болох Бтой хамт гэртээ ирсэн. Орой 11 цагийн орчимд Г над руу гар утсаар залгаад А бид хоёр хамт явж байна. Сая дэлгүүрээс 1 шил архи авсан, танайд ороод ууя гэхэд би за хүрээд ирээ гэсэн. Тэгээд 20 орчим минутын дараа Г А нар Хараа нэртэй 0,5 литрийн савлагаатай архитай орж иртэл хажуу гэрээс дүү яагаад хүмүүс цуглуулаад архи уугаад байгаа юм гээд Г, А нарыг хөөгөөд гаргасан. Тэгээд дүү гараад явахаар нь би А руу залгаад буцаад ороод ирээ би хаалга нээчихлээ гээд дуудсан. Удалгүй Г, А нар орж ирээд Г, А, Б бид дөрөв архиа хувааж ууцгаасан. Уугаад дуустал А гэртээ харьлаа гээд яваад өгсөн. Г над руу хандаж би хүүхдээ авна гээд байсан. Би чамд хүүхдээ өгөхгүй, чи дандаа архи уудаг, би хүүхдээ архигүй орчинд өсгөнө гээд би уурласан. Би уурандаа Гыг зодсон. Би архи уусан, хэтэрхий уурласан байсан учир юу болсон талаар сайн санахгүй байна..., Би үснээс нь зулгаан гараараа нүүрэн хэсэгт нь 1 удаа цохиж, нүүрний хамар хэсэгт 1 удаа өшиглөж, ор руу түлхсэн. Унахдаа орны толгой мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

3. Хохирогч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дэнжийн “Андууд” дэлгүүрийн ойролцоо явж байгаад найз болох Бтааралдаад надаас мөнгө байна уу? Архи авч уух уу гэсэн. Надад 15,000 төгрөг байсан учир би тэгье гээд би 2 Одноогийн дэлгүүр орж Хараа нэртэй 0,5 литрийн архи аваад Гарден-2 гэх тоглоомын талбайн саравчинд уухаар ирсэн. Ирээд сууж байгаад би охинтойгоо уулзах гээд Б-н утсаар Г рүү залгаад охинтойгоо уулзмаар байна гэхэд манайд хүрээд ирээ гэсэн. Тэгээд Б бид 2 Гийнд иртэл дүү нь ирээд Б бид хоёрыг хөөгөөд гаргасан. Тэгээд гараад алхаж явтал Г Б рүү залгаад буцаад ирээ дүү гараад явчихлаа гэсэн. Тэгээд Б бид 2 буцаж Гийнд иртэл Г охинтойгоо, Гтэй ажилладаг дүү гэх нэг залуу 3 байсан. Г, Б, Гийн дүү залуу бид 4 авчирсан архиа хувааж уусан. Архиа уугаад дуустал Б гэртээ харилаа гээд яваад өгсөн. Тэгээд би гэрийн зүүн талын орон дээр охиноо тэврээд сууж байтал Г надаас охиныг аваад баруун талын орон дээр тавиад над руу хандаж чи хүүхэд авах гэлээ би чамд охиноо өгөхгүй гээд үснээс зулгаагаад доошоо дараад миний хамар хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, тэгээд би Гөд чи хамар өшиглөчихлөө цус гарч байна гэж хэлэхэд дахиад миний толгойтой үснээс зулгаагаад ор мөргүүлсэн би явъя гэхэд гэрийнхээ үүдэнд суучихаад намайг гаргахгүй байсан учир би зүүн талын орон дээр унтаад өгсөн. Өглөө 07 цагийн үед сэрэхэд Г, дүү гэх залуутайгаа хамт ажилдаа явна гээд байж байсан. Би явлаа гэрээс нь гараад алхаж байхад араас мотоциклтой ирээд миний нуруу хэсэгт гараараа 1 удаа цохиод чи намайг цагдаад өгч миний мууг үзэх юм бол танайхныг бүгдийг нь ална шүү гэж байсан. Тэгээд би юм хэлэлгүй чигээрээ алхаад Б ирээд 2 хоноод ээжийндээ иртэл ээж болох Н намайг дагуулаад эмнэлэгт ирсэн. Би эмнэлэгт ирээд үзүүлэхэд эмч шууд хэвт гэсэн. Тухайн асуудал болсоны маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 01-ний өглөө миний 2 нүд хавдаж хөхөрсөн, хамраас цус гарч хавдсан байсан. Би 4 хоногийн дараа буюу 06 дугаар сарын 04-ний өдөр буюу бүтэн сайн өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд шууд хэвтэж эмчлүүл гээд хэвтсэн. Эмнэлэгт хэвтээд 1 хонож байхад эмч үзээд хот руу явж нарийн мэгэжлийн эмчид үзүүл гээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд 11 хоног явж байгаад ирсэн. Одоо миний хамрын дээд хэсгээс идээ гараад зовиуртай байгаа. Би хамтран амьдрагч болох Гөд гомдолтой, эмчилгээний зардал болон замын зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

4. Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Д.Г нь аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаториор үзүүлсэн. Хэвтэн эмчлүүлж мэс засал хийлгэсэн болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд амбулаториор үзүүлж шинжилгээ хийлгэсэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдрийн хооронд 1 222 900 төгрөг нийгмийн даатгалаас гарсан ба нийт гарсан 1 222 900 төгрөгийн зардлыг нэхэмжилнэ. Эрүүл мэндийн ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансаар эргүүлэн авна... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

5. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед гэртээ харих гээд явж байтал Чандмань дэлгүүрийн хажууд Гтай таарсан Г надад хандаж 13000 төгрөг байна, архи авч уух уу гэхэд би тэгье гээд бид хоёр Одноогийн дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 литрийн савлагаатай Хараа архи авч гарден 2 тоглоомын талбайн сааданд уух гээд байж байтал Г, Г рүү залгаад утсаар яриад байсан. Ярьж дуусаад Г надад хандаж Гийнд очиж архиа ууя хүрээд ир гэж байна гээд бид хоёр Гийнд очих явсан. Гийнд иртэл дүү гэх эмэгтэй орж ирээд Г бид 2-ыг хөөгөөд гаргасан. Тэгээд Г бид 2 манайд очиж архиа ууя гээд явж байтал Г над руу залгаад дүү гэртээ ороод унтчихлаа буцаад хүрээд ир гэсэн. Буцаад Гийн гэрт иртэл Г дүү гээд нэг залуутай хамт байсан. Г, Г, дүү гэх залуу бид дөрөв нийлээд 0.5 литрийн савлагаатай Хараад нэртэй архи хувааж уусан. Тэгээд юм ярьж сууж байгаад би 2 цагийн үед гэр лүүгээ явсан Г тэнд хүүхэдтэйгээ тоглоод үлдсэн. Маргааш өглөө нь 10 цагийн үед Г манайд ирсэн. Ирэхдээ 2 нүд нь хөхрөөд хавдчихсан, хамар нь бага зэргийн хавдартай болсон байсан. Би Гд хандаад наад нүүр амаа яасан юм бэ гэхэд Г намайг зодчихлоо гэсэн. Тэгээд манайд нэг хоноод явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

6. Гэрч У.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед Г ахтай хамт ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгээд хоол хийж идээд 11 цагийн үед гаднаас Г ахын эхнэр болох Г найз гэх нэг залуугийн хамт орж ирсэн. Орж ирээд сууж байхад хажуу гэрээс Г ахын дүү орж ирээд Гыг найзын хамт хөөж гаргасан. Удалгүй 15 минутын дараа Г ах утсаар залгаад тэр 2-ыг дуудаад байсан. Удалгүй Г найз гэх залуугийн хамт 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи авч орж ирээд бид дөрөв хувааж уусан. Ууж дуусаад найз гэх залуу нь 1 цагийн үед гараад явсан. Тэгээд удалгүй Г эгч явах гээд гэрээс гарах гэтэл Г ах Г руу хандаж хэрүүл хийгээд хардаад явуулаагүй. Г эгч гэрийн зүүн талын орон дээр сууж байхад Г ах Гын нүүр хэсэгт алгадсан. Г Г ахад хандаж битгий намайг зодооч дээ, би унтмаар байна гээд гуйгаад байсан. Би Г ахад хандаад битгий зодоод бай гээд  Г ахыг хорих гэтэл над руу хандаад ална шүү, холд миний амьдрал чамд хамаагүй, цаашаа бай гээд орилоод байсан. Тэр хоёрын нялх 2 настай хүүхэд сэрээд уйлаад байхаар нь би тэврээд сууж байтал Г эгчийн хамраас цус гараад Г ах нойлын цаас авч өгсөн. Г эгч цусаа арчаад тонгойгоод сууж байтал Г ах нүүр рүү нь өшиглөөд үснээс нь зулгаагаад 2 удаа нүүр хэсэгт нь алгадсан. Хүүхэд нь миний өвөр дээр байсан болохоор би босож салгаж амжаагүй. Г эгч битгий намайг зодооч гээд гуйгаад байсан. Г ахын уур нь гарсан бололтой надаас хүүхдээ аваад унтуулсан. Тэгээд бүгд унтацгаасан. Маргааш өглөө нь босоод Г ах Г эгчийг хэнд зодуулсан юм бэ гээд байсан. Өөрөө зодчихоод худлаа тэгж асуугаад байсан. Г эгч нүүр гараа угаагаад гараад явчихсан. Г ах надад хэрвээ цагдаа дуудаад асуувал орж ирэхдээ ийм байсан, Г ах архи уугаагүй зодоогүй гэж хэлээрэй гээд гуйгаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

7. Гэрч В.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай ах Г нь ээж, ах дүү нартайгаа эелдэг найрсаг хандаж харилцдаг. Муудалцаад уурлаад байдаггүй. Хааяа нэг архи уудаг, гэхдээ агсам согтуу тавиад орилж хашхираад байдаггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

8. Гэрч Ч.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г нь миний мэдэх хугацаанд хүнтэй маргалдаж муудалцаж байсан зүйл байхгүй. Хүнтэй эвтэй найрсаг харилцаатай байдаг залуу юм. Яагаад ийм асуудал болсон талаар би гайхаж бна... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

9. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

- Д.Гын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун шанаа, эрүүгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.06.01-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Тархи доргилт гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл нь хамтдаа үүсэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Баруун хацар, баруун шанаа, эрүүгээр зөөлөн эдийн гэмтэл нь хамтдаа үүсэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

10. Хохирогч Д.Гын Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/,

11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

12. Хохирогч Д.Гын өвчний түүх /хх-ийн 92-106 дугаар хуудас/,

13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-55 дугаар хуудас/,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-59 дүгээр хуудас/

Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-74 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч В.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 01-ний шөнийн 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дугаар баг, Тээвэрчдийн байр 25 тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч Д.Гхүүхэд авах гэлээ, охиноо чамд өгөхгүй гэх шалтгаанаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар түүний үснээс зулгаах, хамар, нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, гараараа алгадах, ор мөргүүлэх зэргээр зодож, биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун шанаа, эрүүгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч В.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч В.Гийн холбогдсон гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Харин Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 222 900 төгрөгийг шүүгдэгч В.Гөөс нэхэмжилсэн. Учир нь энэ 1222900 төгрөг нь эргэлзээтэй байна. Хохирогч Д.Гын өвчний түүх дээр мэс засал хийсэн эмчилгээ бичигдээгүй байхад мэс заслын төлбөр гэж нэхэмжилсэн. Энэ талаар ганцхан интернет сайтаас авч нэхэмжилж байгаа тул уг нэхэмжлэлийг иргэний журмаар жич нэхэмжлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч В.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 01-ний шөнийн 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дугаар баг, Тээвэрчдийн байр 25 тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч буюу хохирогч Д.Гхүүхэд авах гэлээ, охиноо чамд өгөхгүй гэх шалтгаанаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар түүний үснээс зулгаах, хамар, нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, гараараа алгадах, ор мөргүүлэх зэргээр зодож, биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун шанаа, эрүүгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч В.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Д.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж заасан байна.

Түүнчлэн шүүгдэгч В.Г нь хохирогч Д.Гын үснээс зулгаах, хамар, нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, гараараа алгадах, ор мөргүүлэх зэргээр зодож, биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун шанаа, эрүүгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Г, гэрч У.Б нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч В.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч В.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч В.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч В.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Д.Г нь эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул эмчилгээ хийлгэсэн зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч В.Гөөс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс хохирогч Д.Гд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн зардал болох 1 222 900 /нэг сая хоёр зуун хорин хоёр мянга есөн зуу/ төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Учир нь Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс хохирогч Д.Гд мэс заслын эмчилгээний төлбөрт 1 150 900 төгрөгийн зардал гарсан гэж байгаа боловч Д.Гын өвчний түүхэнд мэс засал хийсэн гэх эмчилгээ тэмдэглэгдээгүй байна. Иймд Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь шүүгдэгч В.Гөөс нэхэмжилсэн 1 222 900 /нэг сая хоёр зуун хорин хоёр мянга есөн зуу/ төгрөгийг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх нь зүйтэй байна.                

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч В.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч В.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн охинтойгоо хоёулаа амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын хамгийн доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч В.Гөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч В.Гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч В.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гөд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч В.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

            Шүүгдэгч В.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.                   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт В Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч В.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гөд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч В.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч В.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс нэхэмжилсэн 1 222 900 /нэг сая хоёр зуун хорин хоёр мянга есөн зуу/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хохирогч Д.Гд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн зардлаа, хохирогч Д.Г нь эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлж шүүгдэгч В.Гөөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Гөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ