| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0071/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/63 |
| Огноо | 2023-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т овогт Т.М холбогдох эрүүгийн 2317000000072 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 08 дугаар сарын 19-нд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 1, Г аймгийн ................. гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т овогт Т.М/РД:КМ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Сүмбэр сумын .................. гэртээ иргэн А.М маргалдан “орон дээр гуталтай хэвтлээ” гэх шалтгаанаар түүнийг гэрээс авч гаран хавсарч унаган зүүн хацарт хазах, толгойн тус газар цохих, нуруу хэсгээр өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн зулай, зүүн чамархай хэсэгт зулгаралт, зүүн далны дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, ........ гэх газар байх гэртээ хохирогч А.М маргалдан “орон дээр гуталтай хэвтлээ” гэх шалтгаанаар түүнийг гэрээс авч гаран хавсарч унаган зүүн хацарт хазах, толгойн тус газар цохих, нуруу хэсгээр өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн зулай, зүүн чамархай хэсэгт зулгаралт, зүүн далны дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хохирогч А.М“...Н, С нар ирэхдээ 1 шил 0.75 граммын архи 2.5 литрийн 2 том пиво авчраад М, С бид нар архиа хувааж уугаад юм яриад сууж байгаад нилээн согтоцгоосон. Тэгээд би гэрийнх нь зүүн орон дээр хэвтсэн чинь М босож ирээд чи гутлаа тайл, наадхыг чинь манай эгч угаадаг юм гэж уурлаад миний хөл рүү өшиглөхөөр нь би босож ирээд Аын цээжинд нэг удаа цохиод бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь А намайг заамдаж чирээд гэрээс гаргасан. Тэгж гаргахдаа А гэрийнхээ зуухыг түлхээд унагаачихсан. Тэгээд гадаа ирээд А намайг хавирч унагаагаад зүүн хацар дээр хазаад толгой руу чулуугаар цохиод бас нуруу дал хэсэг рүү өшиглөчихөөд гүйгээд явчихсан. Тухайн үед шөнийн 4 цаг болж байсан. Гадаа харанхуй байсан болохоор би Аыг хаашаа явсан талаар мэдэхгүй. Тэгээд гэр лүү орсон чинь Н, С хоёр гэрт гэрийн зуух янзлаад байж байсан. Н, С бид гурав гэрээс гараад Аыг хайгаад олоогүй. Гэрт ирсэн чинь А гаднаас цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэгээд эрүүлжүүлэх байранд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
гэрч Т.Нын “...С бид хоёр дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи, 2.5 литрийн том пиво 2-г аваад төмөр замын гарам дээр такси бариад ирсэн. Цаанаас А мотоциклтой ирээд бид нар Аын гэрт очсон. Гэрт нь М байсан. Тэгээд А, М, С бид нар архи ууж дуусгаад Мзүү орон дээр нь гуталтайгаа гараад хэвтсэн чинь А уурлаад чи гуталтайгаа хэвтлээ, наадахыг чинь миний эгч угааж цэвэрлэдэг юм гэж уурлаад Мгийн хөл рүү өшиглөсөн чинь Муурлаад босож ирээд тэр хоёр заамдалцаад түлхэлцэж байхдаа А зуухаа унагаачихсан. Тэгээд гар гээд тэр 2-г гаргасан. С бид хоёр гэрт унагасан зуухыг янзлаад дуусаж байхад Морж ирээд А зугтаагаад явчихлаа гээд ороод ирсэн. Орж ирэхдээ А миний хацраас хазчихсан гээд хацраа бариад орж ирсэн. Тэгээд хацрыг нь харсан чинь зүүн хацар нь улайгаад хөхөрсөн байсан. МС бид 3 гэрээс гараад Аыг хайсан чинь гадаа харанхуй байсан тул хаашаа явсан нь мэдэгдэхгүй олдоогүй. Тэгээд бид 3 гэртээ байж байсан чинь А гаднаас цагдаа дагуулаад ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
гэрч Б.Сын “...Н бид хоёр дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи, 2.5 литрийн том пиво 2-г аваад төмөр замын гарам дээр такси бариад ирсэн. Цаанаас А мотоцикльтэй ирээд бид нар Аын гэрт очсон. Гэрт нь Мбайсан. Тэгээд А, М, Н бид нар архи ууж дуусгаад Мзүү орон дээр нь гуталтайгаа гараад хэвтсэн чинь А уурлаад чи гуталтайгаа хэвтлээ, наадахыг чинь миний эгч угааж цэвэрлэдэг юм гэж уурлаад Мгийн хөл рүү өшиглөсөн чинь М уурлаад зүгээр хэлчихээч гээд тэр 2 замдалцаад түлхэлцэж байхдаа А зуухаа унагаачихсан. Тэгээд гар гээд тэр 2-ыг гадаа гаргасан. Н бид 2 унагаасан зуухыг янзлаад байж байсан чинь гаднаас МА миний хацраас хазчихаад зугтаачихлаа гээд орж ирсэн. Тэгээд М, Н, бид 3 гэрээс гараад Аыг хайсан чинь гадаа харанхуй байсан тул хаашаа явсан нь мэдэгдэхгүй олдоогүй. Тухайн үед бараг шөнийн 3 цаг болж байсан.Тэгээд бид 3 гэрт хүлээгээд байж байсан чинь А гаднаас цагдаа дагуулаад ороод ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/
гэрч Т.Э-ын “...Манай дүү А нь Г аймгийн С орчмоор ганцаараа мал маллаж амьдардаг бөгөөд эхнэр хүүхэд байхгүй. Цэргийн алба хааж байсан. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар сургуулийг 2012 онд 9 дүгээр анги төгсөөд мал маллаж байгаа. Архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй. Хааяа нэг найз нөхөдтэйгөө нийлээд архи бол уугаад байдаг. Өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Даруу төлөв зантай. Хүнтэй эвтэй найртай хүнд их тусархуу зантай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 186 дугаартай дүгнэлтэд:
- А.Мбиед зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүү зулай, зүүн чамархай хэсэгт зулгаралт, зүүн далны дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.07.01-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 37 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/,
Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч А.М, гэрч Т.Н, Б.С нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 186 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.Мнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч А.Мнь эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Аын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Т-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.Мнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Мнь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ