| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0849/Э |
| Дугаар | 2020/ДШМ/156 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Онон |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2020/ДШМ/156
Ш.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Онон,
шүүгдэгч Ш.А,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 883 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Агийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1909020910873 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Шын А, 1988 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Гахайн завод байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй;
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;
Ш.А нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Blue Sky”-ийн урд явган хүний зам дээр явж байхдаа иргэн З.Хгийн халааснаас “I Phone 10” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч хулгайлан, 1.765.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Шын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ад оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ш.А урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч З.Х гэмт хэргийн хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би энэ гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө ажил хөдөлмөр эрхлэн эхнэр, 5 хүүхдээ тэжээдэг байсан. Миний эхнэр Одгэрэл нь 6 сартай нялх хүүхэдтэй учир ажил хийх боломжгүй. Мөн энэ гэмт хэрэгтээ гэмшиж, утас авсан өдрөө цагдаагийн байгууллагад сайн дураараа аваачиж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж байгаа тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан хорихоос өөр хөнгөн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Ш.А нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Blue Sky”-ийн урд явган хүний зам дээр явж байхдаа иргэн З.Хгийн халааснаас “I Phone 10” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч хулгайлан, 1.765.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч З.Хгийн “...Би ... “Blue Ske”-ийн талбай руу харсан хаалгаар ороод ... хүнтэй утсаар яриад, ... хүлээж байсан хүмүүс бууж ирээд, ... зоогийн газарт ... ороод 2 минутын дараа гар утсаа алдсанаа мэдсэн. “Blue Sky” төвд ирээд угтагчид нь ... камераа шүүж байгаарай ... гэж хэлээд буцаад гараад явсан. ...”I Phone 10” загварын хар өнгийн 2 жилийн өмнө 2.800.000 төгрөгөөр худалдаж авсан хар өнгийн хавтсан гэртэй гар утас байгаа. /хх 9-12/,
шүүгдэгч Ш.Агийн яллагдагчаар өгсөн “…2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ... “Blue Sky”-ийн урд явж байх үед 2-3 хүн явж байсан. Хамгийн ард явж байсан эмэгтэй хар хөх өнгийн цувтай байсан ба баруун халаасанд нь хар өнгийн гэртэй гар утас байсан. Утасных нь тал нь ил гарсан байсан тул араас нь очоод авсан. …” /хх 27-28/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 16-17/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 6/ зэрэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ш.Агийн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ш.Агийн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Ш.Агийн “...Гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө ажил хөдөлмөр эрхлэн эхнэр, 5 хүүхдээ тэжээдэг байсан. ...Эхнэр нялх хүүхэдтэй учир ажил хийх боломжгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж байгаа тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан хорихоос өөр хөнгөн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Шүүгдэгч Ш.Агийн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заажээ.
Шүүгдэгч Ш.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирчээ.
Түүнчлэн, шүүгдэгч Ш.А нь урьд хулгайлах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэн ба өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 883 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 883 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Агийн гаргасан давж заалдах гомдлыг тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ