| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 125/2025/0042/З |
| Дугаар | 221/МА2025/0659 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0659
“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “З” ХХК
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/** дүгээр захирамжийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0051 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “З” ХХК-ийн захирал У.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 125/2025/0042/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “З” ХХК нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/** дүгээр захирамжийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/** дүгээр захирамжийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Нэхэмжлэгч “З” ХХК нь Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дүгээр захирамжаар Ховд аймгийн Ж сумын Б багийн шинэ суурьшлын бүсэд байрлах 1,2 га газрыг хаус хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Үүнийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/** дугаартай Ховд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу дээрх газрыг төсөл сонгон шалгаруулалтад материалаа бүрдүүлэн зохих журмын дагуу оролцож авсан.
3.2 Гэтэл Ховд аймгийн Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаар захирамжаар дээрх газрын гэрчилгээг хүчингүй болгосон тул манай компани Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар тогтоолоор хариуцагчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч байгууллагын хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр А/** дүгээр захирамжийг гаргасанд гомдолтой байна.
3.3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг нэхэмжлэгч “З” ХХК-д явуулаагүй. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар Засаг даргад тухайн захирамжийг хүчингүй болгох эрх нь байгаа ч гэсэн анхнаасаа хууль дүрмийн дагуу төсөл сонгон шалгаруулалтыг захиргааны байгууллага нь өөрсдөө зохион байгуулж явуулсан байдаг. Ингэхдээ тухайн компанийн эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөх талаар ярихгүйгээр нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн байдаг. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.4 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтын тухайд;
3. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 9/** дугаар тогтоолоор Аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, уг төлөвлөгөөнд Ж сумын Б багт хаус хорооллын (Залуус хотхон) зориулалтаар 2,3 га газрыг “төсөл сонгон шалгаруулалт”-ын зарчмаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
4. Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай” А/*** дүгээр захирамжаар “З” ХХК-д Б баг Шинэ суурьшлын бүсэд байрлах 0,6 га + 0,6 га газрыг тус тус хаус хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэн, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 67**, 67** дүгээр Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
5. Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68/А****** дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар “...мод үржүүлэг, фермер, ойжуулалт, хүлэмж, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоо зэрэг зориулалтаар хуулиар зөвшөөрсөн хэмжээнээс илүү болон шинээр газар олгохдоо дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр 211 нэгж талбар, 14053.1 га газар олгосон зөрчил илэрсэн тул Гарзын тухай хуулийн дагуу газар ашиглах гэрээг дүгнэж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч, биелэлтийг Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэх”-ээр Тэргүүлэх аудитор Х.Б гаргажээ.
6. Гэтэл аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/** дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсэгт заасныг зөрчиж “төсөл сонгон шалгаруулалт”-аар газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дүгээр, ... захирамжуудыг тус тус хүчингүй болгожээ.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
7. Тухайн үед мөрдөж байсан Газрын тухай хуулийн (2023, 2024 онуудын нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх зохицуулалтууд) 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж тус тус заасан.
8. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд, зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж газрыг дуудлага худалдааны зарчмаар олгохоор тусгайлан нөхцөл заасан зохицуулалттай байх бөгөөд энэ тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагад (өөрийн хөрөнгө оруулалт) төсөл сонгон шалгаруулалтын журмаар газар эзэмшүүлсэн нь дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.
9. Тодруулбал, аймгийн Засаг дарга 2020 оны А/*** дүгээр захирамжаар “З” ХХК-д 0,6+0,6 буюу нийт 1,2 га газрыг хаус хорооллын зориулалтаар “төсөл сонгон шалгаруулалт”-ын журмаар олгохоор шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасан тусгай нөхцөл, шаардлагыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.
10. Хэдийгээр Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “газрыг хаус хорооллын зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар” эзэмшүүлэхээр тусгасан байх боловч дээрх хуульд тусгай нөхцөлтэйгөөр буюу зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэхээр заасан байх тул нэхэмжлэгчид “хаус хорооллын зориулалт”-аар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5-д заасан зохицуулалтад хамаарахааргүй байна.
11. Анхан шатны шүүхийн “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх нөхцөлийг тусгайлан заасан, нэхэмжлэгчид эзэмшүүлэх газар нь хуульд заасан тусгайлсан нөхцөлд хамаарахгүй байх тул хуульд нийцээгүй гарсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгох ёстой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.
12. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно”, мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус зааснаар Ховд аймгийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан 2020 оны А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзнэ.
13. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.4-д “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.4.2-д “саналыг бичгээр авах” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/** дүгээр албан бичгээр “...А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай, захиргааны шийдвэр гаргахтай холбогдуулан тайлбар, саналаа бичгээр ирүүлэх” тухай хүргүүлснийг нэхэмжлэгч 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч улмаар 01 дүгээр сарын 09-ний өдрийн ***, *** дүгээр албан бичгээр хариу тайлбар хүргүүлсэн, мөн маргаан бүхий А/** дүгээр захирамжийг 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч гардаж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...сонсох ажиллагаа явуулаагүй, ...захиргааны байгууллага өөрсдөө сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулсан, хариуцагч нь эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөх талаар ярихгүйгээр нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн...” гэх давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
15. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА