Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00093

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга С.Гончигбал,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч Д.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Дагвадоржийн Бямбасүрэнд холбогдох эрүүгийн 201606000230 дугаартай, 132/2016/0089/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Д хэсгийн 3-5 тоотод оршин суух, Булган аймгийн Оюуны өмчийн, улсын бүртгэлийн хэлтэст иргэний бүртгэлийн улсын бүртгэгч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чавдартай Баатад овогт Дагвадоржийн Бямбасүрэн /РД:ГЮ89040809/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Бямбасүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6Д-3-5 тоотод Г.Батцэцэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

201606000230 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Г.Батцэцэгийн өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 28-н өдөр манай дүү утсаар яриад өвс ачих Портер машин хөлслөөд хүрээд ир гэж ах, эгч 2 хэлүүллээ гэхээр нь захаас Портер машин хөлслөөд өвсөнд явсан. Бид нарыг өвсөнд явахад Д.Бямбасүрэнгийн нөхөр Гантулга хамт явсан. Тэгээд өвсөө ачиж дуусаад 21 цагийн үед өвсөө хожуу ухааралд ахын хашаанд өвсөө буулгаад би гэртээ харьсан. Харин Гантулга усанд орно гээд замдаа буусан. Би хариад хуйхлуулах толгой, шийрээ аваад эмнэлэг орж эгчтэй уулзаад, эгчийг хүлээж байгаад 22 цагийн үед Гантулгынд очсон юм. Уг нь өглөө өвсөнд явна гэхээр нь толгой, шийрээ муудахаас нь өмнө хуйхална гэхэд дүү би хуйхлаад өгнө гэж байсан. Гантулгаар хуйхлуулах гэж ярьсан байсан юм байна билээ. Тэгээд л би толгой, шийрээ хуйхлуулах гээд Гантулгынд очсон. Би тэр залууг танихгүй. Өмнө Капитал банкинд ажиллаж байсан гэж байсан. Харин Төрийн банкинд ажилладаг хүн гэж бол мэднэ. Гантулга орой болчихлоо би хөргөгчинд хийж хоноод өглөө толгой, шийрийг чинь хуйхлаад өгье гэхээр нь тэг, тэг би хэлсэн. Тэгээд намайг орж цай уугаач гэхээр нь гэрт нь орсон. Гэрт нь ороод байж байхад гадаа машин ирж зогсоход бүх гэрлээ унтраасан. Учир нь архи уух гээд хүмүүс ирж байна гэж бодсон юм шиг байна лээ. Тэгсэн нөгөө хүмүүс нь ирээд Тулгаа гээд дуудсан чинь чимээгүй байгаарай манай баз хүргэн ирж байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд намайг дээшээ гарч бай гэхээр нь дээшээ гараад байж байтал гаднаас баахан хүмүүс орж ирээд эхнэр нь буюу Бямбасүрэн дээшээ орж ирээд намайг барьж аваад зодоод эхэлсэн. Намайг зайл муу янхан минь гээд байхаар нь учрыг нь тайлбарлаж хэлэх гэсэн үг авахгүй зайл гээд байхаар нь гараад явсан. Тэгээд араас хөөе юм асууя гээд дуудаад байхаар нь учрыг тайлбарлаж хэлэх гээд очиход нүүр рүү гараараа цохиод дух нүүрийг маань гараараа маажаад, үсдээд элэг дэлүү рүү өшиглөсөн. Мөн нүүр ам руу нулимсан... гэх мэдүүлэг /хх 5, 10 тал/,

Гэрч Д.Гантулгын өгсөн: Д.Бямбасүрэн бол миний эхнэр, Г.Батцэцэгийг манай ажлын газрын хүний найз гэдгээр танина. 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр урьд нь намайг Капитал банкинд ажилладаг байхад хамт ажилладаг байсан Мосгэрэл эгч залгаад өвс ачаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд очиход Г.Батцэцэг аавынхаа машинтай өвч ачих гээд очсон байсан. Тэгээд өвсөнд яваад орой 21 цагийн үед ирсэн. Ирээд Мосгэрэл эгчийнд хоол, цай уугаад харих болоход Г.Батцэцэг хүргэж өгөхөөр болсон. Тэгээд хүргүүлээд гэрт ороод цай уугаад яв гээд гэрт ороход Алтайбаатар согтуу хэвтэж байсан. Алтайбаатар манай гэрт 7-8 хоног хамт байсан юм. Тэгээд цай уугаад талх вариана идээд сууж байхад хаалга тогшихоор нь эхлээд хэн гэдгийг нь мэдээгүй. Хаалга тогшиж байгаад Тулгаа гээд нэрээр дуудахаар нь Намнан гээд эхнэрийн хүргэн ах гэж таниад архи уух гэж яваа юм болов уу гэж бодоод хэсэг хаалгаа онгойлгоогүй. Тэгээд цонх тогшоод байхаар нь буруугаар ойлгож магадгүй гээд Батцэцэгийг дээд мансарт руу гаргаад байж байхад эхнэр Бямбасүрэн цонхоор орж ирээд хаалга онгойлгоод гаднаас Намнан ах эхнэртэйгээ орж ирсэн. Тэгээд Бямбасүрэн хэнтэй байгаа юм, яагаад хаалгаа онгойлгохгүй байгаа юм гээд дээшээ мансарт руу гарахаар нь араас нь гарах гэхэд Намнан ах намайг бариад чи байж бай гээд хэсэг зогсооход дээр ноцолдоод орилолдоод ирэхээр нь гараад харсан чинь Батцэцэгийн нүүрнээс цус гарчихсан Бямбасүрэн үснээс нь зулгаачихсан зогсож байхаар нь би салгахад Намнан ах намайг дахиж барьж аваад Батцэцэг гараад явсан. Тэгтэл Бямбасүрэн дагаж гараад дахиад үсдэж аваад зодохоор нь би Намнан ахыг тавиулаад очиж дахин салгаад Батцэцэгийг явуулсан... гэх мэдүүлэг /хх 11-12 тал/,

Гэрч Г.Намнангийн өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 28-ны орой заал авч тоглож байгаад гэртээ харихад Бямбасүрэн манайд байсан. Би цаг хэд болж байсныг сайн санахгүй байна. Тэгээд Улаанбаатар хотоос хүн утсаар яриад гэрээс нь хүүхдийн форм авахаар гэр рүү явсан юм. Очиход тэдний гэрт хүн байхгүй бололтой гэрэл нь унтраатай, хаалга нь цоожтой байсан. Хэсэг хаалгыг нь нүдээд хаалга онгойлгож өгөхгүй болохоор нь явдаг юм уу гээд бодоод байж байтал Бямбасүрэн гэрийнхээ хойгуур урдуур цонхоо онгойлгож ордог ч юм билүү гээд тойрч явсанаа хүн байгаа юм шиг байна, утасны гэрэл асаад унтарчихлаа гээд хүрээд ирсэн. Тэгээд цонхнуудаа түлхэж үзэж яваад урд талд нэг цонх түлхэж байгаад онгойлгосон. Тэр цонх нь нарийнхан учраас би багтахгүй Бямбасүрэн өөрөө ороод хаалгаа онгойлгосон. Тэр үед Гантулга дээрээс бууж ирээд хэлж байгаад ирэхгүй яасан юм бэ гээд уурлах үед Бямбасүрэн дээшээ гараад явчихсан. Тэгээд удалгүй бөөн орилолдоон болоход Гантулга дээшээ гүйгээд гарсан. Араас нь гарахад Бямбасүрэн нэг хүүхэнтэй үсдэлцээд зогсож байсан. Би Гантулгад хандаж за чи чинь ингээд гэр орондоо хүүхэн шуухантай байж байдаг юм уу гэж загнахад тийм юм болоогүй юм аа гэхээр нь тэгээд зүгээр хаалгаа онгойлгоод хэлэхгүй яасан юм гэж хэлсэн. Тэгээд Гантулга эхнэрээ тэвэрч авч салгаад нөгөө хүүхнийг доош нь буулгасан. ...Бямбасүрэн юм л бол тэр хүүхэнтэй үсдэлцэж аваад байсан. Гантулга салгах гээд эхнэрийнхээ хоолой, амыг боогоод байсан. Бямбасүрэн гадаа гарч нэг удаа зууралдаж авсан. Тэр хүүхэн дээрээс бууж ирэхдээ үс нь сэгсийчихсэн бууж ирсэн. Хумсаараа маажилцаад нүүр амнаас нь цус гарсан байж магадгүй... гэх мэдүүлэг /хх 13 тал/,

Гэрч Б.Номинчимэгийн өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн орой зааланд тоглочихоод 23 цаг өнгөрч байхад гэртээ харихад Бямбасүрэн байсан. Бямбасүрэн гэртээ байхаар нөхөртөө зодуулна гээд манайд байж байсан юм. Тэгээд Бямбасүрэнгийнхээс хүүхдийн форм авах хэрэг гараад бид нар шөнийн 24 цаг өнгөрч байх үед очсон. Тэр үед манай нөхөр Намнан, Бямбасүрэн бид гурав хамт очсон юм, гэрт нь очиход байшин харанхуй хүн байхгүй юм шиг байхаар нь бид нар гэрийн хаалгыг нь нүдсэн, бараг 30 минут орчим нүдээд онгойлгохгүй болохоор нь Бямбасүрэнг араар тойроод цонхоо үзээдэх гээд явуулсан чинь дээд давхарт гэрэл гараад байна гээд гүйгээд ирсэн. Тэгэхээр нь хүн байгаа юм байна гээд ахиад нүдээд онгойлгож өгөхгүй болохоор нь чи цонхоо үзээдэх, поорчиг нь онгорхой байна уу, үгүй юу гэж хэлсэн. Тэгээд эхнээс нь поорчигнуудаа түлхэж үзээд явж байтал том өрөөний нэг поорчиг нь онгорхой байна гэхээр нь очиход туранхай хүн л багтахаар поорчиг байсан. Манай нөхөр багтахгүй болохоор чи ороод хаалгаа онгойлгоодох гэж Бямбасүрэнд хэлээд оруулах гэхэд дээд давхарт хүмүүс дуугараад байна гэж байсан. Тэгэхээр нь чи ямар ч байсан ороод хаалгаа хурдан тайл гээд Бямбасүрэнг оруулсан. Тэгээд Бямбасүрэн орж гэрийн гэрэл асаангуут дээрээс нь хүн пижигнээд буугаад ирсэн. Гантулга дээгүүрээ нүцгэн, жинсэн шорттой бууц ирээд оруулахгүй хаалган дээр шахчихаад яах гэж байгаа юм, юун дураараа юм гээд байхаар нь юу гэсэн үг юм гэж хэлээд түлхэж орсон. Тэр үед Бямбасүрэн дээд давхар руу гарсан, удаагүй дээр эмэгтэй хүмүүс хашгираад эхлэхэд Гантулга хүүхэд аллаа гээд дээшээ гарсан. Араас нь гарахад Бямбасүрэн нэг хүүхэнтэй барилцчихсан зогсож байсан. Гантулга Бямбасүрэнг орон дээр дарж боогоод байхаар нь би нөхрийгөө салга гээд салгуулсан. Намайг дээшээ гарахад хоёулаа барилцчихсан, хоёулаа үснээсээ зууралдчихсан байсан. Яг намайг харж байх үед бол зодолдсон, цохилцсон зүйл байгаагүй. Бямбасүрэн чи манайд юу хийж байгаа гэж хэлээд байж байсан. Тэгээд би тэр хүүхнийг чи энд юу хийгээд суугаад байгаа юм яваач ээ гэхэд явахгүй суугаад байсан. Тэр үед Гантулга чи яваач гэхэд тэр Батцэцэг гээд байгаа хүүхэн доошоо буугаад явсан.  Би араас нь буухад тэр хүүхэн би Булганых биш ээ, найзыгаа дуудахаар нь ирсэн юм гэж хэлж байсан. Тэгээд би чи тэгээд яаваач гэсэн чинь явахгүй байж байхад нь дээрээс Бямбасүрэн бууж ирээд чи яваач гээд ахиад үсдээд авсан чинь тэр хүүхэн би эндхийнх биш ээ, уучлаарай гэж хэлж байсан боловч явахгүй байсан. Тэгсэн чинь Гантулга бууж ирээд эхнэрээ барьж аваад тэр хүүхнийг чи яваач ээ гэхэд Гантулгын улавчийг өмсөөд явсан. Тэгсэнээ ахиад би тайлбарлая гээд ороод ирэхэд нь Бямбасүрэн чи яах гээд гэр оронд орж ирчихээд байгаа юм, яваач гэхэд явахгүй байсан. Бямбасүрэнг Гантулга тэвэрчихээд хөдөлгөхгүй байсан. Тэгээд Гантулга чи яв гэж байж явуулсан юм... гэх мэдүүлэг /хх 14-15 тал/

Гэрч Ц.Золжаргалын өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шөнө 12 цаг өнгөрч байхад над руу утсаар яриад ирсэн. Ирэхдээ өвсөнд явж ирээд Гантулгынд очсон чинь эхнэр нь араас нь ирээд зодчихлоо гэж хэлсэн. Ирэхэд нь харахад нүүр нь цус болчихсон, духны орчимд хөмсөгний дээд талд нь нилээн том зүсэгдсэн шархтай, хамарны угалзны хажууд мөн маажуулсан гэмээр шархтай орж ирсэн. Тэгээд манайд шархаа угаагаад явсан. Яг ямар асуудал болсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх 16 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 292 тоот:

Магадлуулагч Г.Батцэцэгийн биед духанд шарх, хацар, уруул, цохонд зулгаралт, зүүн зовхи, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.    

Цаашид    энгийн    хөдөлмөрийн    чадварын    тогтонги    алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 19 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол /хх 27-29 тал/ болон хувийн байдлын талаархи  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд Д.Бямбасүрэн, Г.Батцэцэг нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган сумын 6 дугаар багийн нутагт Д.Бямбасүрэн нь Г.Батцэцэгийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл  санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Г.Батцэцэг, гэрч Д.Гантулга, Г.Намнан, Б.Номинчимэг, Ц.Золжаргал нарын өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 292 тоот дүгнэлт, шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн дээрхи үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх боловч хохирогч Г.Батцэцэг нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй хэн нэгний дарамт шахалтгүйгээр, сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа талаараа хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэжээ.

Иймд шүүгдэгч Д.Бямбасүрэн нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч байх тул шүүгдэгч Д.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                           

ТОГТООХ нь:

1. Баатад овогт Дагвадоржийн Бямбасүрэнг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Д.Бямбасүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бямбасүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг  баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.                            

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНДУЛАМ