Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Б.Балжидмаа,

Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Х.Мандах,

Шүүгдэгч Г.*******а, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн *******а нарт холбогдох эрүүгийн 2107000000211 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, ******* аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, д ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт *******,*******, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/,

 

  1. Монгол улсын иргэн, аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуурийн мэргэжилтэй, д ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн *******а /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын гадна Г.*******атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж үснээс нь зулгааж, унагах зэргээр хүч хэрэглэн түүний биед тархи доргилт, баруун дээд зовхи, дээд уруулд цус хуралт, нүүрэнд зулгаралт, буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Г.*******а нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын гадна Б.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж үснээс нь зулгааж, унагах зэргээр хүч хэрэглэн түүний биед тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.*******а нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Хэрэг явдал Б.******* эгчийн ярьж байгаагаар зураг авсан үндэслэлээс бид хоёрын маргаан үүссэн. Өмнө нь ямар нэгэн өш хонзон, атаа чөлөө байгаагүй. 2021 онд бид нар зугаалгад явсан. Орос улс руу явах гэж байгаагаа мэдэж байсан тул тухайн зугаалгыг зохион байгуулсан хүн нь би өөрөө. Тухайн үед уур амьсгал бүгдээрээ сайхан харьцаатай байсан. Орой гүүрэн дээр очиж дуулж, хуурдаж суусан нь үнэн. Нэлээн харанхуй болсон үед Б.******* эгч бид хоёр сугараад үлдчихсэн байсан. Та дүүгийнхээ зургийг яагаад хүн амьтанд үзүүлсэн юм бэ гэж хэлсэн. Тэр талаар би ажлын газрынхаа эгчээс сонссон. Тухайн үед би юм бодчихсон байсан. Зугаалгад явахаас өмнө энэ асуудал үүссэн. Бид хоёр нүүр, нүрээ харж яриагүй. Утсаар ярьсан. Тухайн үед Б.******* эгч над руу ярьсан. Тухайн үед би ажлынхаа компьютер дээр хийдэг бүх ажлыг хийдэг байсан. Тэгсэн Г.*******а эгчийн дүү чи эгчийнхээ нэг зүйлийг хийгээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би та нүүрэн дээр инээчхээд яагаад ардуур муулаад байдаг юм бэ гээд утасны ард маргаан үүссэн. Гэтэл чи намайг тэгж ярьсан тул би чамаас хариугаа авч байна гэсэн. Ажлын байрны дарамт надад байсан. Найзуудтайгаа ууж идээд түр хурхын тэнд явж байсан нь үнэн. Гэхдээ тэр нь ажлын бус цаг байсан. Нэг дэх өдөр ажилдаа яваагүй минь үнэн. Тэргүүн ахлагч Г.*******а гэж хүүхэн хаана байна. н.Наран-Тунгаа, Б.******* бид хэдийг групп секс хийдэг гэж ярьсан байна гэсэн. Хоёр дахь өдөр нь намайг сахилгын хороогоор оруулсан. Ямар ч ор үндэслэлгүй зүйлээр намайг гүтгэсэн. Маргаан амралтын газар миний зургийг авсан үйл явцаас үүссэн. Тухайн үед би Б.******* эгчийг та яагаад миний зургийг дарж байгаа юм бэ гэхэд уучлаарай эгч нь тухайн үед тэгээд дарсан юм аа гээд хэлсэн бол бид хоёрын асуудал дуусчих байсан. Гэтэл би тэр зургийг чинь дараагүй манай үеэл эгч дарсан гэж хэлсэн. Үеэл эгч нар чинь надтай нэг газар ажилладаггүй байхад яагаад миний зургийг дарж байгаа юм бэ?. Дарсан байлаа гэхэд та яагаад миний зургийг хүмүүст үзүүлж байгаа юм бэ гэсэн үндсэн дээр маргаан үүссэн. Бид хоёр үсдэлцсэн. Ажлын газрын хүмүүс ирж салгасан. Маргааш нь манай найзын нөхөр ирж аваад би гэртээ харьсан. Тэгээд гэрийнх нь мэдээд цагдаа, сэргийлэх болсон...”  гэв.

 

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Бид нар тэр өдөр хамт олноороо амралтад явсан. Г.*******а түрүүлээд ирсэн байсан. Би хэсэг эмэгтэйгээ аваад сүүлд хоёроос гурван цагийн дараа очсон. Амралтад очсон хүмүүс хоол унд хийж идээд ууж, идэцгээсэн. Бид нарын байрлаж байсан гэрт гаднаас хуучин ажиллаж байсан хавдартай хүн ирсэн. Бид хэд жийрхээд голын эрэг орсон. Тэр үед Г.*******а бид хоёрын дунд муудалцсан зүйл байгаагүй. Сайн уу эгчээ сайн гэсэн л харилцаатай байсан. Тэнд очиж гитар тоглож, дуулж хуурдаж суусан. Г.*******а над дээр ирсэн. Над дээр ирээд та яагаад миний архидан согтуурсан байгаа зургийг хамт олонд үзүүлж нэр төрийг минь гутаагаад байгаа юм бэ? тэр талаараа надаас уучлалт гуй гэсэн. Би чи хэзээний юм яриад байгаа юм бэ? гэж асуухад та хамт олонд үзүүлчихсэн байсан гэсэн. Тэгэхээр нь би тэр асуудал чинь болоод өнгөрсөн гэж хэлсэн. Харин чи яагаад хамт олны дунд намайг ор үндэслэлгүй зүйлээр гутаан доромжилж байгаа юм бэ?. Тухайн үед тэргүүн ахлагч надаас гадна өөр нэг эмэгтэй бид хоёрыг өрөөндөө дуудсан. Тэгээд та хоёрыг надтай явалддаг гэж Г.*******а тараасан байна гэсэн. Г.*******а хаана байгаа талаар асуухад тэр өдөр ажилдаа ирээгүй байсан. Группийн ахлахаасаа Г.*******а яагаад ирээгүй талаар асуухад өвчтэй гэсэн. Яагаад өвчтэй байсан талаар нь би мэдэж байсан. Урд өдөр нь хамаатныхаа хүмүүстэй уул руу алхаад бууж байхад Г.*******а найзуудтайгаа нэлээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байхыг нь харсан. Маргааш нь Г.*******а дээр очоод өчигдөр хаачсан талаар талаар ярих үүднээс зургийг нь дарсан байсан. Маргааш нь асуудал үүсээд Г.*******ын өвчтэй гэхээр нь би гайхаад яахаараа өвчтэй байдаг юм өвчтэй байх ёсгүй. Өөрөө ийм яриа үүсгэчхээд яахаараа байхгүй байдаг юм бэ?. Өчигдөр архи уучихсан явж байсан талаар нь яриад зургийг нь өрөөнд байсан хоёр хүнд харуулсан. Энэ талаар Г.*******а юм бодчихсон байсан юм байна лээ. Амралтад явах асуудал нэлээн олон хоногийн дараа үргэлжилсэн. Тэр үед Г.*******а бид хоёр маргалдсан. Та надаас уучлалт гуй гээд элдэв бусаар хэлээд байхаар нь чи ахмад хүний өмнөөс яагаад ингээд байгаа юм бэ? хоёулаа гүүрнээс буугаад ярья гээд гүүрнээс буусан. Ширгэн дээр очиход Г.*******а над руу дайрсан, би ч Г.*******а руу чи миний өмнөөс дайрлаа гээд хоёулаа зууралдсан. Миний үснээс зулгаахаар нь түүнийг нь тавиулах гэж хөл алдаад унасан. Тэгээд манай хамт олон бид хоёрыг салгаад аваад явсан. Маргааш нь Г.*******атай гэрт таарсан. Тухайн үед гэрт ярилцах боломж байсан ч хажууд өвчтэй хүн дуу дуулаад байхаар нь дараа больё гэж бодсон. Тэгсэн манай хамт олон одоо та хоёр юу ярих вэ дээ гээд тэр газраас явсан. Г.*******атай өмнө нь муудалцаж байгаагүй. Нэг өрөөнд хамт суудаг адилхан эмэгтэй дуучид. Нэгнийхээ гэрээр орж гардаг эгч, дүүгийн  харилцаатай байсан. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна...”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Г.*******ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-/, хохирогч Г.*******ын мэдүүлэг /хх-10-11/, хохирогч Б.*******гийн мэдүүлэг /хх-14/, гэрч Э.гын мэдүүлэг /хх-21/ гэрч Г.ийн мэдүүлэг /хх-23/, гэрч С.ын мэдүүлэг /хх25-26/, шинжээчийн дүгнэлт /хх28-29/, 8230 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-33-34/,

Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгчийн зүгээс: хохирогч Б.*******гийн мэдүүлэг /хх-/, Б.*******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-/, гэрч Э.гын мэдүүлэг /хх-21/, гэрч С.ын мэдүүлэг /хх-25/, Г.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-51/,

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгчийн зүгээс: хх-4-7/, /хх-21, 22,23/, /хх-29/, Г.*******ын Гэмтэл согог үндэсний төвд үзүүлсэн баримт /хх-38/, томографт харуулсан баримт /хх-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх хуудас /хх-61/зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Г.*******а, Б.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.*******, Г.*******а нар нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт амрах явцдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж “үснээс нь зулгааж, унагаах” зэргээр бие биедээ хүч хэрэглэн хохирогч Г.*******аагын биед “тархи доргилт, баруун дээд зовхи, дээд уруулд цус хуралт, нүүрэнд зулгаралт, буйланд зөөлөн эдийн няцрал” бүхий, Б.*******гын биед  “тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт” бүхий тус тус эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.*******ын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн театрт ажилладаг хамт олноороо Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж рүү зугаалахаар явсан. Бид нар хоол унд хийж идэцгээгээд 0,75 литрийн хараа нэртэй архи 24 ширхэг, сэнгүр нэртэй лаазтай пиво 2 хропыг хувааж ууцгаасан. Тухайн үед би ******* эгчтэй амралтын газрын жижиг модон гүүрэн дээр ярилцаж зогсож байгаад бид хоёрын дунд үүсч байсан таарамжгүй асуудлын талаар маргалдсан. Би Б.******* эгчид “та надаас уучлалт гуй” гэхэд “би уучлалт гуйхгүй” гэж хэлээд миний нүүр рүү хуруугаараа чичлээд байхаар нь би гарыг нь цохиж “та битгий хүний нүүр рүү хуруугаараа чичлээд бай” гэсэн чинь намайг түлхэж унагаагаад би унахдаа гүүрний модыг нүүр хэсгээрээ хүчтэй мөргөж цохиж унасан. Үүнээс болж миний баруун шанаа, хамар, уруулын дотор завьж хэсгээс цус гарч хөхөрч хавдсан. Намайг орилох чимээгээр манай ажлын , , га нар ирж бид хоёрыг салгасан. Удалгүй амралтын газрын гэр дотор Б.*******тай дахиж муудалцаж түүний үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлэг,

/хх-10/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******гийн өгсөн: “...*******а над руу хүрч ирээд “та яагаад хүний зураг бусдад үзүүлж байгаа юм бэ, хүний муу үзэх гээд байгаа юм шиг” гэж дайрсан. Тэгэхээр нь “тэр асуудлыг яриад дуусчихсан, тухайн үед чи өөрөө байгаагүй, угаасаа би харсан зүйлээ л үзүүлсэн” гэж хэлсэн чинь надад “тэгсэн ч гэсэн та бусдад миний зургийг үзүүлсэн, миний мууг үзэх гээд байгаа юм уу” гээд байхаар нь би *******ад “хоёулаа хүмүүсээс зайдуу очиж байгаад ярилцъя” гэж хэлээд модон гүүрнээс буугаад 1-2 метрийн зайд зүлгэн дээр очоод “чи яагаад хүн тайлбарлаад байхад ойлгохгүй байгаа юм бэ, ахмад хүний өөдөөс яагаад ингэж орилоод байгаа юм бэ” гэж хэлэхэд *******а налтай ойлголцохгүй өөдөөс ямар ч хүндлэлгүй харьцаад байхаар н би түүн рүү гараа чичлээд “чи одоо больчих” гэж хэлсэн чинь *******а миний үснээс зулгаахад би түүний энгэрээс зуурч хоёулаа тэнцвэр алдаж газарт унасан...үүний дараа 1-2 цагийн дараа амралтын гэр дотор *******а “чи муу балай авгай минь миний нүүрийг ийм болгочихлоо, муу бэлэвсэн авгай минь” гээд над руу дайраад миний үснээс зулгааж, цээж хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

/хх-14/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.гын өгсөн:”...Г.*******а, Б.******* хоёр хоёулаа нэг нэгнээсээ үсдэлцээд зууралдсан байдалтай байхаар нь бид хоёр тэр хоёрыг салгах гээд гүйгээд очих хооронд хоёулаа газар унаад өгсөн. бид хоёрыг очиход тэр хоёр газар уначихсан нэг нэгээсээ зууралдаад салахгүй байхаар нь арай гэж салгаад байж байтал ирээд Г.*******ыг амралтын гэр рүү дагуулаад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-21/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.ийн өгсөн: “...Г.*******а, Б.******* хоёр хоорондоо үсдэлцээд зууралдчихсан байдалтай хоёулаа газар уначихсан байхаар нь га, бид гурав салгасан. Г.*******ааг гэрт ороод харсан чинь нүүр нь халцарчихсан, цус гарчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

/хх-23/

 

  1.  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.ын өгсөн: “...Г.*******а, Б.******* хоёр хоёулаа газар уначихсан байсан. Г.*******а нүүрээрээ, харин Б.******* баруун талаар газар уначихсан байсан. Тэр хоёрыг салгаад Г.*******ыг дагуулаад гэр рүү явсан. Тэгээд байж байтал Г.*******а амралтын гэрээс гарч ирээд “чи муу бэлэвсэн авгай минь надтай хэрүүл хийдэг юу вэ” гээд дахиад хэрүүл хийх гээд байхаар нь би тэр хоёроос төвөгшөөгөөд өөр газар руу явсан...” гэх мэдүүлэг,

/хх-25/

 

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Төгсбуяны 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 449 дугаар: “Г.*******ын биед тархи доргилт, баруун дээд доод зовхи, дээд уруулд цус хуралт, нүүрэнд зулгаралт, буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт,

/хх-28-29/

 

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 8230 дугаар: “Б.*******гийн биед тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, эрүү, баруун бугалга, гуя, өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт,

/хх-28-29/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-60-61/

 

  1. Шүүгдэгч Б.*******, Г.*******а нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-78-96, 161-164/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.*******, Г.*******а  нар хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, бие биедээ хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, тус тусдаа эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт мөн шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан хохирогч Г.*******а, Б.******* нарын мэдүүлэг, гэрч Э.га, С., Г. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч нарыг харилцан бие биенийхээ эсрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэдэг үйл баримт тогтоогддог. Дээрх үйл баримтыг үндэслэн прокурорыг зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь би санаатай түлхээгүй болгоомжгүйгээр түлхсэн гэж гэм буруу дээрээ маргадаг боловч гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.*******гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байсан нь тогтоогддог. Мөн хохирогч энэ талаар тогтвортой мэдүүлэг өгсөн байдаг. Иймд шүүгдэгч Б.*******г хохирогч Г.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.*******ын хувьд гэм буруу дээрээ маргадаггүй боловч мөн адил хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу шүүгдэгч нарт тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулж хохирол төлбөрийн асуудал яригдана. Хохирол төлбөрийн хувьд хэн аль нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн учраас шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дурдах үндэслэлтэй байна...” гэх,

 

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Б.Балжидмаа нь нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт багтаж байгаа буюу хүний эрүүл мэндийн эсрэг халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байгаа. Шүүгдэгч Г.*******ын тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас дүгнэлт хэлэхэд илүүц байна. Хохирогчийн тухайд тухайн хэрэг явдал болсон цаг хугацаанаас хойш хэд хоногийн дараа Г.*******а компьютер томографт харуулсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд эрүүл мэндийн үйлчилгээ авсан. Энэ нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр түүний биед тархи доргилт, зулгаралт гэмтэл үүссэн тогтоогдож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нотолбол зохих байдлыг хавтаст хэргээс харахад хангалттай тогтоосон байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ нь улсын яллагчийн хэлсэн гэрч Э.га, С. нарын мэдүүлгээр хоорондоо үсдэлцсэн байсан гэх мэдүүлэг. Шинжээчийн дүгнэлтэд авагдсан түүний биед учирсан гэмтэл эрүүл мэндийн байгууллагад үзлэг оношилгоогоор Г.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон. Харин энэ гэмт хэргийг хэн үйлдсэн бэ буюу 16.2 дугаар зүйлд зааснаар харилцан бие биетэйгээ үсдэлцэх явцад газар унаснаас болж энэ гэмтэл учирсан. Тэгэхээр гэмт хэргийн шалтгаан нөхцөл юу байсан бэ гэхээр хувийн таарамжгүй харилцаа болон гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас өмнө үүссэн гэрэл зургийг зөвшөөрөлгүй дарсан, тэр зургийг бусдад түгээж, тарааж, харуулсан. Хамт ажиллаж байгаа ажилчдадаа Г.*******а согтуу явж байна гэдгийг харуулж байгаа нь хүн ёсны зүй ёст нийцэх юм уу? Ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэж байгаа зургийг бусдад тарааснаас Г.*******а эмзэглэсэн. Хэн аль нь дотроо бодож явж байгаад хоорондоо маргалдсаны улмаас гэмт хэргийн шалтгаан нөхцөл гарсан. Уг таарамжгүй харилцаанаас үүдэж хэн хэнийхээ эрүүл мэндэд халдсан. Халдсанаас үүдэлтэй энэ хүмүүсийн аль алиных нь биед гэмтэл учирсан. Тэрнээс унах явцдаа бэртсэн гэх зүйл байхгүй. Хүний эрүүл мэндэд санаатай халдах ёстой юм уу?. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Хэл амаараа ойлголцож болох зүйл дээр заавал бие биеийнхээ үснээс зулгаах ёстой юм уу?. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс Б.*******г гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдсан. Нэмж хэлэхэд Б.*******гийн өмгөөлөгч Г.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шинжлэн судалж байна. Тэгэхээр яллагдагчийн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглахгүй. Г.*******а тухайн үед хууль зүйн туслалцаа аваагүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн. Тэр үед хөл алдаад унасан гэсэн яллагдагчийн өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглахгүй учраас дүгнэлт хэсэгт дурдах нь ач холбогдолгүй гэж үзэж байна. Тэгэхээр манай үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ маргаагүй. Б.*******гийн хувьд миний үйлчлүүлэгч хохирогчийн хувьд энэ гэмтлийг Б.******* учруулсан нь хангалттай тогтоогдсон учраас гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирол төлбөрийн хувьд хэн хэн нь нэхэмжлэх зүйлгүй байна...” гэх,

 

Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Х.Мандах нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судалсан. Б.*******гийн хувьд удаа дараа цохисон, зодсон зүйл байхгүй гэдэг талаар мэдүүлдэг. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан гэрч С., Э.га нарын мэдүүлэгт зодсоныг нь хараагүй гүйгээд очиход унацгаасан байсан гэж мэдүүлсэн байсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан Г.*******ын мэдүүлэгт болохгүй гэж байснаа гэнэт хөл алдаад газар унасан, би Б.*******д ямар нэгэн гэмтэл учруулаагүй, санамсаргүй зууралдсанаас болж унасан гэмтэл байгаа юм гэж байснаа шүүхийн хэлэлцүүлэгт би хүн зодсоноо хүлээж байна гээд байна. Нотлох баримтаас харахад Б.******* нь Г.*******ыг санаатай зодож гэмтэл учруулаагүй. Муудалцах явцдаа хөл алдаад унаж гэмтэл үүссэн. Гэмтлийн зэрэг дээр маргахгүй гэдэг. Энэ байдлаас харахад санаатай гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх нь тогтоогдохгүй байна. Б.******* нь Г.*******ын биед санаатайгаар учруулсан гэдэг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Тиймээс шүүгдэгч Г.*******а, Б.******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Х.Мандахын “...Нотлох баримтаас харахад Б.******* нь Г.*******ыг санаатай зодож гэмтэл учруулаагүй. Муудалцах явцдаа хөл алдаад унаж гэмтэл үүссэн. Гэмтлийн зэрэг дээр маргахгүй гэдэг. Энэ байдлаас харахад санаатай гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх нь тогтоогдохгүй байна. Б.******* нь Г.*******ын биед санаатайгаар учруулсан гэдэг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн “...Хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд нэг нэгнийхээ үснээс зулгаасан. Тухайн үед гадаа харанхуй байсан. Тэгээд нэг мэдэхэд газар унасан байсан. Г.*******а миний үснээс зулгаасан болохоор би түүний үснээс зулгаасан. Г.*******ыг зүгээр байхад нь гэмтэл учрахгүй. Тиймээс надаас болсон байх... Унаснаас болж гэмтсэн гэж ойлгож байгаа.” гэх,

шүүгдэгч Г.*******ын “...Намайг чичилсэн. Уучлалт гуй гэж шаардсан. Би гарыг нь цааш түлхэхэд намайг түлхэж унагаасан. Тэгээд би хариу үйлдэл үзүүлсэн. Түлхэж унасны дараа үснээс зулгаасан. Намайг түлхэж унаснаас болж биед шарх үүссэн...” гэх,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.гын өгсөн “...Г.*******а, Б.******* хоёр хоёулаа нэг нэгнээсээ үсдэлцээд зууралдсан байдалтай байхаар нь бид хоёр тэр хоёрыг салгах гээд гүйгээд очих хооронд хоёулаа газар унаад өгсөн....” гэх,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.ийн өгсөн “...Г.*******а, Б.******* хоёр хоорондоо үсдэлцээд зууралдчихсан байдалтай хоёулаа газар уначихсан байхаар нь га, бид гурав салгасан...” гэх,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.ын өгсөн “...Г.*******а, Б.******* хоёр хоёулаа газар уначихсан байсан. Г.*******а нүүрээрээ, харин Б.******* баруун талаар газар уначихсан байсан...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Б.*******, Г.*******а нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр харилцан бие биеийнхээ “үснээс зулгааж, газарт унасан” гэх үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Х.Мандахын гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

 

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.*******а, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.*******а нь хохирогч Б.*******гийн биед халдаж хөнгөн хохирол, Б.******* нь хохирогч Г.*******ын биед халдаж хөнгөн хохирол тус тус учруулсан ба хохирогч нар хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагчийн зүгээс: “..Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заахдаа Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж хуульчилсан. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэн. Гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.*******гийн буруутай үйлдлийн улмаас буюу хохирогч Г.*******ын зургийг түүний зөвшөөрөлгүйгээр дарж, бусдад үзүүлсэн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг гарах шалтгаан бий болсон. Учирсан хохирол, хор уршгийн хувьд хэн хэнийх нь биед хөнгөн гэмтэл учирсан боловч хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр хохирогч Г.*******ын нүүрэн хэсэгт учирсан шарх, гэмтэл, сорви учирсан байсан. Учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдлын тухайд хэн аль нь хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хувийн байдлын тухайд өнөөдрийн байдлаар хэн аль нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэж байгаа боловч тодорхой хэмжээний хөдөлмөр эрхэлдэг. Энэ нь юугаар нотлогдож байна гэхээр шүүгдэгч нарын мэргэжил нь өөрөө чөлөөт уран бүтээлч гэж улсын яллагчийн зүгээс харж байгаа. Шүүгдэгч Г.*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Үүнд тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг Б.******* өөрөө эхлүүлсэн байдаг. Хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.*******гийн хувьд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт торгуулийн ялыг оногдуулах боломжтой гэж үзэж байна. Учир нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хэмжээний тухайд 450 нэгжээс 1,250 нэгж байдаг. Шүүгдэгч тус бүрээр нь торгуулийн ялын хэмжээг өөр, өөр ялгамжтай оногдуулах дүгнэлтийг гаргаж байгаа. Шүүгдэгч Г.*******ын хувьд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.*******гийн хувьд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг үндэслэн түүнд 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргаж байна” гэх,

 

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Б.Балжидмаа нь нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгчийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат хүртэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ямар нэгэн байдлаар хэргийн зүйлчлэл гэм буруу дээрээ маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал авагдсан. Улсын яллагчийн хэлж байгаагаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Урд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Эрхэлсэн тодорхой ажилтай. Олон жил дуулаачийн ажил хийсэн. Түүний хувийн байдлын тухайд нөхөр, 6 настай охины хамт амьдардаг. Өөрөө Оросын холбооны улсын НовоСибирск хотод 100 хувийн тэтгэлгээр Монгол улсаа төлөөлөн дуурийн дуучны ангид магистраар сурч байгаа. 1 жил 7 сар сураад амралтаа аваад ирсэн. Үргэлжлүүлээд жил хагас сурахаар байгаа. Энэ гэмт хэрэг нь өөрөө 450 нэгжээс 1,350 буюу 450,000 төгрөгөөс 1,350,000 төгрөгийн хооронд ялын интервал нь байдаг. Улсын яллагчийн гаргасан торгох ялыг дэмжиж байгаа. Хэмжээний хувьд өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Урд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Монгол улсынхаа нэрийг гаргаад гадаад улсад дуулаач мэргэжлээр сурч байгаа. Эдгээр хувийн байдлууд нь энэ торгох ялын санкцитай тохирохгүй байна. Магистрын ангид сурч байгаа нь оюутан гэж явж байгаа. Оросын холбооны улсаас степэнт гэж зүйл авч байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хамгийн бага нэгж буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү. Нийгмийн аюулын шинж чанарын тухайд энэ гэмт хэрэг яагаад үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлөөс харахад зүгээр явж байсан хүнийг очиж үсдээд тархи доргилт үүсгээгүй. Өөрийнх нь эвгүй байдалтай байсан дүр зургийг нь дарснаас болоод эмзэглэсэн. Тэр үүднээс хүний эрх чөлөөнд халдсан. Үүнийхээ бурууг чин санаанаасаа ухаарчихсан, гэмшчихсэн явж байгаа. Шударга ёсны зарчимд нийцүүлэн ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү. 900 нэгжээр торгох нь миний үйлчлүүлэгчийн хувьд нэлээн өндөр байна. Шүүхийг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу хамгийн бага нэгж болох 450 нэгжээр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлд заасны дагуу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэх,

 

Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Х.Мандах нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар ярьж байх шиг байна. Г.*******ын зургийг дараад хэн нэгэн хүнд үзүүлчихсэн юм шиг байна. Энэ асуудлын өмнө Г.*******ын зүгээс асуудал гаргасан нь бас нэг шалтгаан нөхцөл байх. Зураг үзүүлэхээс өмнө өөр нэгэн асуудал болсон нь хавтаст хэрэгт авагдсан байна лээ. Ганцхан Б.*******гийн үйлдлээс болж уг гэмт хэрэг гараагүй. Ам бүл 2. Хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Өнөөдрийн байдлаар 1,000,000 төгрөг өгөх боломжгүй. Улсын яллагч юм чинь дуулаад мөнгө олох байх. Энэ бол өрөөсгөл ойлголт. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэж  хүсэж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдөөгүй байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч Г.*******а, Б.******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Г.*******а, Б.******* нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн *******а нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр,

шүүгдэгч Г.*******д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг торгох ялыг 3/ гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  2. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ