Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/02

 

Э.Тэнгист холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч:

                           Ерөнхий шүүгчийн үүргийг

                           түр орлон гүйцэтгэгч шүүгч         Б.Батзориг

                            Шүүгчид                                       Д.Буянжаргал

                                                                                 Г.Давааренчин                               

                                Оролцогчид

                               Прокурор                                        Б.Эрхэмбаатар

                               Цагаатгагдсан этгээд                  Э.Тэнгис

                               Цагаатгагдсан этгээдийн  өмгөөлөгч  С.Сувдаа

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/154 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнд овогт Энхбаатарын Тэнгист холбогдох эрүүгийн 1932001280165 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөдөө аж ахуйн техникч инженер мэргэжилтэй, ам бүл 5, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1 хороо, 2 хороолол, Замчидын гудамж 48-25 тоотод орших суух бүртгэлтэй, одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар дугаар баг спиртын 5 дугаар байр 125 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цэнд овогт Энхбаатарын Тэнгис /РД:МЭ90123053/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Тэнгис нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 03-ны өглөөний 06 цагийн үед "Хино" маркын 15-20 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр баталгаажуулаагүй, хугацаа нь дууссан гарал үүслийн гэрчилгээгээр 148 ширхэг 25.32 м3 шинэс мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Э.Тэнгист холбогдох хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 154 дугаартай цагаатгах тогтоолоор:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнд ургийн овогт Энхбаатарын Тэнгисд холбогдох 1932001280165 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Тэнгисийг цагаатгасугай.

2. Энэ хэргийн улмаас битүүмжилсэн хөрөнгө болох Б.Мөнхбаатарын эзэмшлийн 15-20 УНХ улсын дугаартай “Хино” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 148 ширхэг 25.32 м3 шинэс модон палкыг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, Сэлзнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 15-20 УНХ улсын дугаартай “Хино загварын тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Морингийн 515 тоотод оршин суух хаягтай, Харцагууд ургийн овогт Батсүхийн Мөнхбаатар /РД:МЬ75090314/-д, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 148 ширхэг 25.32 м3 шинэс модон палкыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртийн 5-127 тоотод оршин суух Цэнд ургийн овогт Энхбаатарын Тэнгис /РД:МЭ9012303/-д тус тус буцаан олгосугай.

3. Э.Тэнгисийн 559728 дугаартай жолоочийн үнэмлэх, Б.Мөнхбаатарын 01654222 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус буцаан олгосугай.

4. Э.Тэнгис нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжпэгч нэхэмжпэл гаргаагүй болохыг дурьдсугай.

5. Э.Тэнгисд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаар эсэргүүцэлдээ: ...гэмт хэргийн бүрэлдхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг хангаагүй болох нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

1.Хууль тогтоогч нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн обьектив талын шинж байхаар хуульчилж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгааг шүүх анхааран үзээгүй. Шүүгдэгч Э.Тэнгисийг гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилго байгаагүй гэж дүгнэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, яллах талын дараах нотлох баримтыг бүрэн дүүрэн судлаагүй, гэмт хэргийн шинжийг эсхүл гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолсон цагаатгах нотлох баримтыг хэрэгт ямар ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, улсын яллагчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд ойлгомжтойгоор дурьдаагүй байна. Э.Тэнгис нь мод модон материал тээвэрлэхээр 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарал үүслийн гэрчилгээг 1 хоногийн хугацаатайгаар авсан болох нь хэрэгт авагдсан гэрч Баршагүл, М.Ганбаяр нарын мэдүүлгээр нотлогдсон ба тухайн мод модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн А/153 дугаар тушаалаар батлагдсан байна. Шүүх шийдвэртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Тэнгисийг гэмт буруутайд тооцоход өөрөөр хэлбэл Эрүүгийн хууль хэрэглэхэд ямар эргэлзээ гарсан талаар дурьдаагүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “...эрүүгийн хууль хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталсан нь ойлгомжгүй болжээ.

2. Шүүх шүүгдэгч Э.Тэнгист холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдхүүнгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан “Шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасныг зөрчжээ. 2015 оны шинэчилэн найруулсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжийн талаар шинээр хуульчилсан ба шинэчилэн найруулсан эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдхүүний талаарх ойлголтыг хуульчлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ. Гэтэл шүүх эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр Э.Тэнгист холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Э.Тэнгист холбогдох хэргийг цагаатгасан Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 154 тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичлээ гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... Шүүгдэгч Э.Тэнгист холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж цагаатган шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж эсэргүүцдэг. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс дүгнэхэд шүүх дурдахдаа гэмт хэргийн шинжгүй гэхийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн техникийн алдаатай бичсэн гэж үзэж байна. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй анхан шатны шүүхийн 154 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Цагаатгагдсан этгээд Э.Тэнгист холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүний үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурорын эсэргүүцэлийн дагуу Э.Тэнгист холбогдох эрүүгийн 1932001280165 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.4-д ...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно..., 34 дүгээр зүйлийн  34.5-д ...Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, түүнийг олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална... гэж, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15 ны өдрийн А-153 тоот тушаалын 1 хавсралтаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6-д ...Мод, модон материалыг тээвэрлэх зайнаас хамаарч гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг тогтооно. Тогтоохдоо Монгол улсын батлагдсан авто замын сүлжээний километрээр тооцон 300 километр тутамд хоногийн 24 цагаар тооцон 1 удаа, төмөр замаар тээвэрлэж байх хугацаа 7 хоног байна...” гэж заажээ.

Э.Тэнгист олгосон мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өглөөний 06 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт "Хино" маркын 15-20 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр баталгаажуулаагүй, хугацаа нь дууссан гарал үүслийн гэрчилгээгээр 148 ширхэг 25.32 м3 шинэс мод тээвэрлэж явсан  боловч уг мод, модон материалыг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэсэн гэх хангалттай үндэслэл хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1-д “...Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно:”, 1.1-д “гэмт хэргийн шинжгүй...” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн үзэл баримтлалыг үндэслэл болгон шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт Э.Тэнгисийн дээрхи үйлдэлд “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн дүгнэлт хийж улмаар “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтаар “1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнд ургийн овогт Энхбаатарын Тэнгисд холбогдох 1932001280165 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Тэнгисийг цагаатгасугай...” гэж шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 154 дугаартай цагаатгах тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтад өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 154 дугаартай цагаатгах тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтыг доорхи байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд

1 дүгээр заалтыг:

 “1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 1.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнд ургийн овогт Энхбаатарын Тэнгисд холбогдох 1932001280165 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Тэнгисийг цагаатгасугай” гэж өөрчлөн найруулж шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ