Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 109/ШШ2022/0007

 

 

 

 

 

 

                      

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Иргэн Д.М-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжийн Д.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М-гийн гаргасан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжийн Д.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Мөн нэмээд хэлэхэд өмнө бас н.Э гэж хүнд энэ газар байхад хүчингүй болгоод шүүх дээр ирээд хариуцагч зөвшөөрч байсан юм билээ. Нэхэмжлэгчийн хувьд намайг Улаанбаатар хотоос өмгөөлөгчөөр аваад явж байна. Цаашдаа захиргааны байгууллага маань шийдвэрээ үндэслэлтэй гаргаасай гэж хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Тус шүүх иргэн Д.М-гаас Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

3.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжийн Д.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.

            4.Маргааны үйл баримтаас дүгнэхэд: Иргэн Д.М нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн С.Э-тэй Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан Овоо багийн халуун усанд байрлах 15000м2 газрыг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийжээ. /х.х-н 149/

            5.Улмаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/30 дугаар захирамжаар тус газрыг эзэмшиж эрхийг Д.М-д 15 жилийн хугацаагаар олгож, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. /х.х-н 6, 8-10, 87/

            6.Гэтэл Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01/427 дугаартай албан бичгээр “ ... Алтан Овоо багийн халуун усанд байршилтай 1,5 га газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн тул хүчингүй болгох шийдвэр гаргах болсон  ...” талаар мэдэгдэж, 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 11 цагаас Засаг даргын тамгын газрын иргэний танхимд хүрэлцэн ирэх буюу хариу тайлбар цахимаар хүлээн авах талаар дурджээ. Иргэн Д.М-гаас 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр тайлбар гаргасан байна. /х.х-н 96, 140/

            7.Улмаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.2., 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн хавсралтын 2 дахь заалтаар иргэн Д.М-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

            8.Ийнхүү нэхэмжлэгч Д.М-гаас шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.

            9.Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нь 2022 оны 3 дугаар 31-ний өдрийн 01/153 дугаар албан бичгээр Д.М-гийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хууль зүйн мэргэжилтэн Ч.О-г томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эрх үүргийг бүрэн эдлүүлж оролцуулахыг мэдэгджээ.

10.Шүүхээс хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргасан байна. Тодруулбал, нэхэмжлэгч Д.М-гийн гаргасан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжийн Д.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 28 дугаар зүйлийн 28.2.2.-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

12.Иймд хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн Д.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

13.Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1., 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсгийн 40.1.6., 60 дугаар зүйлийн 60.2., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.5.                                        дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Д.М-гийн “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжийн Д.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Д.М-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Архангай аймгийн Цэнхэр сумын  Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгосугай. 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА