Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 10

 

 

 

           

 

 

 

 

 

 

Төрийн банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаар шийдвэртэй.

Увс аймаг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, бага тойруугийн 7/1-00-д байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5341469 регистрийн дугаартай, Төрийн банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 12-42б тоотод оршин суух, Гарьд овогт Д.Дхолбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямдолгор, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үүдэгдэл 1.933.875 төгрөг, зээлийн хүү 732.435 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 2.671.810 төгрөгийг гаргуулах тухай

Нэхэмжлэлийн агуулга: “Зээлдэгч Д.Д нь Төрийн банкнаас 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 162000044699-20150901 тоот зээлийн гэрээний дагуу 2.435.793 төгрөгийг 13 сарын хугацаатай, сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт болон үндсэн хүүний төлбөрийг 798 хоног хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 1.933.875 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 732.435 төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлдэгч Д.Д нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул 162000044699-20150901 тоот зээлийн гэрээний 2.2, 3-д тус тус заасны дагуу гэрээг цуцалж өгнө үү. 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, нотариатын зардал нийт 2.671.810 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 162000044699-20150901 тоот “Тэтгэврийн зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч Д.Даас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үүдэгдэл 1.933.875 төгрөг, зээлийн хүү 732.435 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 2.671.810 /хоёр сая зургаан зуун далан нэгэн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57.699 /тавин долоон мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Даас 57.699 /тавин долоон мянга зургаан зуун ерэн ес/төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгох” -оор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “.Хариуцагч Д.Д миний бие нь Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар 12-ны өдрийн 93 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь миний бие нь Төрийн банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан. хариу тайлбараа өгөх гэж байтал гэнэт Улаанбаатар хотод нагац ах нас бараад ар гэрийн гачигдалаар дуудагдан хот явснаас болоод би хариу тайлбараа тухайн үедээ гачигдлаас болоод шүүхэд өгч чадаагүй билээ.

Намайг Улаанбаатар хотод байхад гэнэт шүүх хурал зарлагдсан. Би тухайн үед тайлбараа ч өгч чадаагүй, шүүх хуралдаанд ч өөрийн биеэр оролцож чадаагүй билээ.

Би 2015 оны 8 сард Төрийн банкнаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр барьцаалан зээл авахаар хүсэлтээ гаргасан. Зээлийн ажилтан миний хүсэлтийг хүлээн авч барьцааг судлан надад зээл олгосон юм.

Би тухайн үед тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн хугацаа дуусч байсныг мэдээгүй. Надад олгож байгаа зээлийг Нийгмийн даатгалын сангаас төлөгдөн гэж тухайн үед ойлгож байсан.

Тухайн үед банкны ажилтан тухайн зээлийн хугацаа шалгасан бол би зээл авахгүй байсан. Би ийм их хэмжээний зээл авч өрөнд орохгүй байсан.

Өрх толгойлсон эмэгтэй, хувиараа ажиллаж амьдралаа залгуулж байгаа. Төрийн банкны ажилтан нарт үнэхээрийн гомдолтой байна. Би иргэн хүний үүргээ ойлгон тухайн үед авсан үндсэн зээл 1,933,875 төгрөгөө төлнө.

Харин зээлийн хүүг яагаад ч төлж чадахгүй, банкны буруу үйл ажиллагаанаас би өрөнд орсон гэдгийг өөрсдөө ч мэдэж байгаа. Тухайн үед банкинд өөрсдөд нь хүртэл хэлж байсан. Иймд сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар 12-ны өдрийн 93 дугаар шийдвэрт заагдсан банкны ажилтаны хариуцлагагүйгээс олгогдсон зээлийн хүү-732,435 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодит байдалтай нийцүүлэн үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулинд заасан үндэслэл журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангажээ.

Хариуцагч Д.Д Төрийн банкны салбараас урьд авсан зээлийн үлдэгдэл 2.060.993 төгрөг дээр 374.800 төгрөгний зээл авч нийт 2.435.793 төгрөг 2016 оны 09 дүгээр сарын 01-нд төлж дуусгахаар 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар,зээлийн гэрээгээр тус тус тогтоогджээ.

Хариуцагч Д.Д зээлийн хүү төлөхгүй гэх боловч татгалзлын үндэслэлээ нотолсон баримтаа шүүхэд гарган өгч шүүх хуралдаанд мэтгэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргаагүй байна. 

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр барьцаалан зээлийн гэрээ сунган зээл олгох үедээ зээлдэгч болон зээлдүүлэгч нар тэжээгчээ алдсаны тэтгэвэр хэдийд дуусахыг зээл төлөлтийн хугацаатай уялдуулан судлаж үүргийн гүйцэтгэл хангуулах арга хэрэгслээ үндэслэлтэй тогтоогоогүй гэж үзэхээр байна..

Хариуцагч Д.Д 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эрх, үүрэгтэйгээ танилцан нэхэмжлэлийг гардан авч шүүхээс тогтоосон 14 хоногийн хугацаанд тайлбар өгөөгүй ба 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралтай болохыг Д.Дд утсаар мэдэгдэхэд “за ойлголоо” гэсэн хариу өгч байжээ. 

Давж заалдах гомдолд тусгагдсан Улаанбаатар хот руу хүндэтгэн үзэх шалтгаанаар хариуцагч явсан болохоо нотлоогүй ба шүүх хуралдаан хойшлуулах болон шүүх хуралдаанд хариуцагч биечлэн оролцох талаар хүсэлтээ шүүхэд гаргаагүй байна.

Хариуцагч Д.Д давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57.699 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Д.Дашнямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.699 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН