| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/107 |
| Огноо | 2023-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
Улсын яллагч Г.Баясгалан,
Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 104 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******од холбогдох эрүүгийн 2307001130162 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* трөсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух хаягтай,
урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзасан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 6 сарын хугацаагаао хорих ялаар,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн,
******* овогт *******ы ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 03 дугаар сарын 19-20-ны өдөрт шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******,******* тоот дахь иргэн Г.ий гэрт зочилж ирсэн иргэн Н.тай “хэн бэ гэж асууж, яс үндсээр доромжилсон” гэсэн шалтгаанаар нүүр, бие рүү нь хөлөөрөө олон удаа өшиглөн халдаж, эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, зүүн дээд зовхи, ташаа, хэвлийн зүүн хэсэгт цус хуралт, баруун зулайд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Н.гийн мэдүүлэг /хх-21-22/, /хх-6-8/, гэрч н.ий мэдүүлэг /хх-6-8/, /хх-28-32/, гэрч н.гийн мэдүүлэг /хх-9-11/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-12-14/, /хх-28-30/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №125 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-41-42/, иргэний нэхэмжлэгч Ж.ын мэдүүлэг /хх-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөнгөө ахынд орохдоо нэг юм аваад орсон. болон нар байсан. ах намайг хэн бээ гэж асуухаар нь байна гэхэд ямар гэсэн тэгэхээр нь гийн хүү байна гэхэд манай аавыг хасаг Монголоор нь дуудсан тэгээд муудалцсан. Манай аав өнгөрөөд удаагүй байсан болохоор хасаг гэх мэтээр дуудах нь надад таалагдаагүй тухайн үед би өөрөө бага зэрэг уусан байсан тийм учраас би ахыг цохисон...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Т.*******од холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******,******* тоот дахь иргэн Г.ий гэрт зочилж ирсэн иргэн Н.тай “хэн бэ гэж асууж, яс үндсээр доромжилсон” гэх шалтгаанаар нүүр, бие рүү нь хөлөөрөө олон удаа өшиглөн халдаж, эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, зүүн дээд зовхи, ташаа, хэвлийн зүүн хэсэгт цус хуралт, баруун зулайд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-21-22/
/хх-6-8, 32-33/
/хх-9-11/
/хх-12-14, 28-30/
/хх-38/
/хх-41-42/
/хх-61/
/хх-66-81/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Т.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Н.гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь хохирогч О.ын нүүр, бие рүү нь хөлөөрөө олон удаа өшиглөсөн болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 125 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...шүүгдэгч Т.*******од холбогдох өнөөдрийн шүүх хуралдаанд улсын яллагчийн байр сууринаас оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна гэв. Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байна. 2023 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө ******* усан сангийн 2-7 тоотод иргэн Г.ий гэрт дараах үйл явдал болдог. Хохирогч болон түүний найз нар ирсэн байдаг. Эдгээр хүмүүсийг амарж байхад гаднаас шүүгдэгч ******* нь мэнд мэдэхээр орсон байдаг. Энэ цаг хугацаанд хохирогч шүүгдэгчээс хэн бээ гэж асуусан байдаг улмаар яриа цааш лавширч үргэлжлэх үед түүний аав болон ******* нарыг яс үндсээр нь доромжилсон үг маягаар хасаг гийн хүүхэд үү гэх мэтээр асуусан байдаг. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан шүүгдэгчийн зүгээс санаатай халдаж довтолсон байдаг Хохирол төлбөрийн хувьд хохирогчоос баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 43,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр хийдэг сард 2,000,000 орчим төгрөгийн цалин олдог талаараа хэлсэн байгаа. Гэвч өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаагаа мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн. Эрүүгийн хариуцлагын хувьд согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нэг нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогчийн зүй бус үйлдлээс болж энэ гэмт хэрэг гарсан гэж үзэж байгаа. Монгол улсын үндсэн хуулиар аливаа хүнийг нийгмийн гарал үүсэл, яс үндэс, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах нь хуулиар хориотой гэтэл тухайн үед өөрийг нь болон түүний эцгийг яс үндсээр гадуурхсаны улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл би болсон гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох хариуцлагыг оногдуулах нь зүйтэй. Үүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна гэв. Энэ хэрэгт шүүгдэгчийн хувьд цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Тиймээс шүүгдэгч Т.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Т.******* нь хохирогч Н.гийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй,
харин иргэний нэхэмжлэгч Ж. нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 43,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгчээс 43,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдөөгүй байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Т.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.*******оос 43,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй, хохирогч Н. нь хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ